Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд бизнесс эрхлэлтийг хялбарчилах талаар Монгол улс тэргүүлэх орнуудын нэг болж, бизнесийн зохицуулалтыг сайжруулж байгаа дэлхийн топ 10 орны эгнээнд орсон гэх мэдээ өнгөрөгч оны сүүлийн улиралд бидэнд ирж байсан. Жагсаалтыг БНСУ долоо дахь жилдээ дэлхийд тэргүүлж, Хонконг, БНХАУ удаалсан бол манайх ямар ч байсан дэлхийн топ 10 орны жагсаалтад орсныг Дэлхийн банкны группын Дэлхийн үзүүлэлт, дүн шинжилгээний Захирал Аугусто Лопез-Кларос мэдэгдсэн. Тэр хэлэхдээ "Монгол улс зохицуулалтын аливаа саад бэрхшээлийг цөөрүүлөх талаар шинэчлэл хийж, бизнесийн компаниудад бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбар болгосон” гэсэн юм.
Тэгвэл хоёр өдөр Төрийн ордонд үргэлжилсэн Эдийн Засгийн Чуулганы хаалтын нэгдсэн хуралдаанаар Монголын бизнесийн орчны асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Бизнесийн орчны шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газраас нийт 45 салбарт дорвитой шинэчлэл хийхээр зорьж байгаагийн дотор бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн багц ажил багтсаныг онцолсон юм. Тэр дундаа зөвшөөрөл лицензийн тоог цөөрүүлэх, татварын тогтолцоог боловсронгуй болгох, олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх, логистикийн нэгдсэн төв байгуулах, зээлийн хүүг бууруулах зэрэг олон шатанд шинэчлэлийн ажил эхлүүлээд байгааг дуулгав.
Тухайлбал, зөвшөөрөл лицензийн хүнд суртлыг халахаар нийт 1165 тусгай зөвшөөрлийг 300 болгон бууруулахаар ажиллаж байгаа гэнэ. Бизнесийн бүртгэл хийлгэхэд олон шат дамжин 13 өдөр зарцуулдаг байсныг 4 шаттай, цахим бүртгэлийн систем ашиглан богино хугацаанд амжуулах боломжтой болно. Цахимжсан системийг эд хөрөнгийн болон бүртгэлийн бусад төрөлд ч өргөн нэвтрүүлэх зохион байгуулалт хийж байгаа. Аж ахуйн нэгжүүд жилд 41 удаа санхүүгийн тайлан гаргадгийг халж, 12 удаа л цахим хэлбэрээр өгдөг байх эрх зүйн орчинг бүрдүүлж эхэлсэн гэх мэдээллийг өгч байна. Мөн гадаад худалдаа эрхлэхэд экспорт, импортод тус бүр 41 баримт бичиг бүрдүүлдэг байсан бол Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ тоо ердөө л 2-4 болж цөөрнө. Хилийн боомт дээрх давхардсан олон шалгалтыг нэгдсэн удирдлагад оруулж, гурван байгууллага л үйлчлэх эрх зүйн зохицуулалт хийж байгаа гэнэ. Эрчим хүчинд холбогдоход 8 алхамт хүнд сурталд нийт 156 өдөр зарцуулдаг байсныг 60 хоногт багтаадаг болгосон гэж байна.
Барилгын зөвшөөрөл авахад 19 дамжлага туулж, 121 гарын үсэг цуглуулахад 208 өдөр зарцуулдгийг Засгийн газраас саяхан гаргасан шийдвэрийн дагуу 36 гарын үсэг болгон цөөрүүлж, хоёр сар хүрэхгүй хугацаанд амжих нөхцөл бүрдүүллээ гэв. Ер нь бол бизнесийн орчинд төрийн зүгээс учруулдаг хүнд суртал, дарамт чирэгдлийг бууруулах тодорхой үр дүнтэй ажил эхлүүлж байгаа гэсэн байр суурьтай байна.
Тэгэхээр Дэлхийн банкнаас магтаал сонсоод байсан манайд хийж, хэрэгжүүлэх ёстой олон ажил байгаагийн нэг нь энэ. Өмнөх Засгийн үед хувийн хэвшил, бизнесийнхний санал, хүсэлтийн дагуу арван оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гээд сүрхий урт жагсаалт энэ тэр гаргаж байсан. Гэсэн ч тухайн жилийн хугацаандаа дорвитой зүйлс хийгдээгүй гэж МХАҮТ үздэг. Хэрэв дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсэн бол Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэх таатай нөхцөл байдлыг бий болгох, бизнесийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон чухал ахиц дэвшил гарах ёстой байсан ч, том үр дүн харагдаагүй нь үнэн. Яахав, өнгөрсөн хоёр жилийн хувьд Компанийн тухай хууль гэх мэт шаардлагатай зарим хуулиуд батлагдсаныг үгүйсгэж болохгүй ч, сайдын хэлээд байгаа багц ажлыг хийж чадвал үр дүн гарах юм.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )