Сайншандын дараа Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны зүгээс  гадаад, дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан дэд бүтцэд ойр орших орд газруудыг түшиглэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын тулд шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ мэдэгдэж буй. Түүнчлэн хүнд үйлдвэрийн салбарт хийж хэрэгжүүлэхээр хүлээгдэж байгаа ажлуудыг эрэмбэлэхээр юуны өмнө Сайншандад аж үйлдвэрийн анхны цогцолборыг барьж байгуулах асуудал яригдана. Засгийн газрын хуралдаанаас  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад  “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг  даалгаад байгаа. Тус цогцолборын 2013 онд хийгдэх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 100 сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн. Ил уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор байгуулж байгаа аж үйлдвэрийн анхны цогцолборын эхний энэ хөрөнгө оруулалт болоод хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг мөн Х.Баттулга сайдад даалгасан.

Тэгвэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өгч буй мэдээллээр эхний ээлжинд Сайншандад цогцолборыг  байгуулчихвал, цаашлаад Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник, технологи бүхий төмөрлөгийн цогцолбор байгуулах, нүүрснээс хий, шингэн түлш гаргах төслүүдийг хэрэгжүүлэх гэнэ.

Дээрх  зорилтын хэрэгжилт нь  дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч зэрэг бусад салбараас шууд хамаарах тул Герман, АНУ, Япон, Солонгос зэрэг үйлдвэржсэн орнууд болон сүүлийн үед үйлдвэрлэлийг цогцолбор байдлаар эрчимтэй хөгжүүлж буй Тайланд, Вьетнам зэрэг орнуудын арга туршлагаас судлах, хөрөнгө оруулалт, техник, технологи, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ байгааг талаар ч ярьж байна.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top