ҮХААЯ-наас Хөнгөн үйлдвэрийн салбарт дараах ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж байна. Хөдөлмөрийн багтаамж ихтэй энэ салбарыг бодлогоор дэмжиж Үйлдвэр технологийн паркууд байгуулан кластераар хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс ширний түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оёмол, сүлжмэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх бодлого барьж байна. Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгө, техник, технологийн шинэчлэл хийх санхүүгийн эх үүсвэрээр дэмжих зорилгоор Засгийн газрын бонд гаргах асуудлыг шийдвэрлэж эхлэсэн. Энэхүү хүчин чармайлтыг бодит ажил хэрэг болгох үйлст ноос, ноолууран утас, давуу ээрэх, нэхэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол ноолуурын тансаг “брэнд” бий болгох, гадаад зах зээлд гаргахад Итали, Япон, Герман, арьс ширний боловсруулах үйлдвэрийн салбарт Итали, Турк, Солонгос, Чех зэрэг улс орнуудтай хамтран ажиллах, оёмол, бэлэн хувцас, бүтээгдэхүүний гадаад зах зээлийг бий болгох гээд олон асуудлууд шийдвэрээ хүлээж байна.
Харин Мал аж ахуйн салбарт: Мал аж ахуйн салбарт шинэчлэл хийх хүрээнд 155 мянга гаруй малчин өрхийг хоршоолох нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх, ялангуяа төвлөрсөн хот суурингийн хүн амын мах, сүүний хангамжийг сайжруулах, мал сүргээ эрүүлжүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана. Хөдөө аж ахуйн хоршоо, эрчимжсэн фермийн аж ахуй өндөр хөгжсөн Герман,Франц Япон, БНСУ, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг орны арга туршлагаас суралцах, тэдний дэвшилтэт технологийг Монголд нутагшуулахыг зорьж байна.
Тэгвэл Хүнсний салбарт: Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хангамжийг нэмэгдүүлэх, өндөгний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах, импортыг орлох хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Монголын малын болон ургамлын гаралтай “органик” хүнсний бүтээгдэхүүнийг бий болгон экспортлох, хүнсний бүтээгдэхүүний логистикийн сүлжээг сайжруулах зэрэг олон зорилтыг дэвшүүлээд байна. Дээрх зорилтын хүрээнд Франц, Япон, АНУ, БНСУ зэрэг органик хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулалт, үйлдвэрлэлээр тэргүүлдэг улс орнуудтай хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсч байна.
Газар тариалангийн салбарт: Өнгөрсөн жилүүдэд улаан буудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ хангасан амжилтаа ахиулан тариалангийн үйлдвэрлэлийг баруун, зүүн бүсэд сэргээн хөгжүүлэх, төвийн бүсэд эрчимжүүлэн тогтворжуулах, улмаар экспортын баримжаатай хөгжүүлэх, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилт тавиад байна. Энэхүү зорилтын хүрээнд үр тарианы үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон дэлхийн шилдэг технологийг бүрэн нэвтрүүлэх техникийн боломжийг нэмэгдүүлэх, усалгаатай тариалан, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд гадаадын улс орнуудын шилдэг, тэргүүний техник, технологийг нэвтрүүлэхэд газар тариалангийн салбарт дэлхийд тэргүүлдэг Канад, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Голланд, Израйль зэрэг орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна.
Сэтгэгдэл ( 0 )