Хятадын удирдагчийн үг зах зээлд ихээхэн нөлөөтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Өнөөдөр дэлхийн хөрөнгийн захын өнгийг харахад азийн үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт, бууралтыг илтгэгч голлох индексүүд уналттай байгаа бол Америкийн Dow Jones, S&P 500, Nasdaq индексүүд уналттай байна. Европын хөрөнгийн захын голлох индексүүдийн үзүүлэлт холимог төлөвтэй байна. Харин бараа таваарын захыг харахад унц алтны ханш 1,581.10 ам.доллар буюу 0.20 хувийн өсөлттэй байгаа бол баррель түүхий нефтийн ханш 91.71 ам.доллар байна. Ер нь бараа таваарын захын мэдээг харахад уналт бууралт ээлжилсэн долоо хоногууд өнгөрч байна.

Улаан металлын ханшийн тухайд өнөөдөр Лондонгийн металлын бирж дээр  тонн нь 7,677 ам.доллар байна. Өнгөрөгч долоо хоногт ч зэсийн ханш дорвитой өсөлтийг үзүүлж чадаагүй. Америк, Хятадын эдийн засгийн мэдээллүүд эл металлын ханшид жин дарах нөлөөллийг үзүүлж байдаг. Тэр жишгээр Хятадын төрийн тэргүүний эдийн засгийн өсөлтийнхөө тухай хийсэн гэгээлэг мэдэгдэл зэсийн ханшид нөлөөлсөн ч, тэр нь урт хугацааны өсөлтийн хөшүүрэг байж чадаагүй юм. Учир нь тус улсын үйлчилгээний салбарын мэдээ уналттай гарсан нь зэсийн ханшид дарамт боллоо. Мөн тус улсын түүхий эдийн импорт хумигдсан мэдээлэл ч сөргөөр нөлөөлөв.

За харин шар металлын ханшийн тухайд өнөөдрийн ханшийн мэдээг түрүүн дуулгасан. Уг нь өнгөрөгч долоо хоногт манай өмнөд хөршийн удирдагчийн мэдэгдлийн буянаар өсөлтийг үзүүлсэн юм. Мөн АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээлэл сайн гарсан нь,  хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа авах итгэл, сонирхлыг дагуулсан нь шар металлын хашийн өсөлтөд сөрөг нөлөөллийг дагуулсан юм. Ер нь бол алтны ханш төдийлөн хүчтэй хэлбэлзлийг харуулахгүй байгаа.

Нүүрсний ханшийн тухайд манай хойд хөрш Орос болон Европын улс орнуудад хүйтний эрч нэмэгдэх төлөвтэй болсон нь нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн. Улмаар Европын зах зээл дээр нүүрсний ханш 89 ам.доллар болсон байгаа. Ер нь сүүлийн үед Европын нүүрсний зах зээлийн гол хөдөлгөх хүч нь Колумб улс болоод байгаа билээ. Түүнчлэн тус уурхайн эзэд болоод Үйлдвэрчний эвлэл ойлголцолд хүрч,  ажилчид нь ажил хаялтаа зогсоосон нь нүүрсний ханшид сөргөөр нөлөөлсөн үзүүлэлт тэмдэглэгджээ.

Харин хар алт буюу нефтийн ханш өнгөрөгч долоо хоногт овоо өсөлтийг үзүүлээд байсан. Үүнд мөн л Хятадын төрийн тэргүүний өөдрөг үгс нөлөөлсөн юм. Гэхдээ хөрөнгө оруулагчид хар алтны ханш 112 ам.долларт хүрч өгссөнд хууртаагүй. Хар алтны ханшид Евро бүсийн эдийн засгийн мэдээллүүд, нийлүүлэлтийн дарамт, АНУ-ын төсвийг тойрсон асуудлууд нөлөөлнө гэж харж байсан. Гэхдээ түүхий нефтийн ханшийн ойрын гурван сарын прогнозыг гэгээтэй хийсэн байсан. Гэхдээ тэгээд шинжээчдийн прогнозоос шууд хамаарсан бус зах зээлийн урсгалаар ханш хэлбэлзэж байдаг гэдгийг ч мартаж болохгүй юм. Хөрөнгө оруулагчид нефтийн зах зээлээс гарч хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа авах сонирхол нэмэгдсэн нь яах аргагүй нефтийн ханшид нөлөөгөө үзүүлсэн юм.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top