Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдсон чөлөөт бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд Канад улсын багийг ахлан оролцсон дасгалжуулагч,ОУХМ Найдангийн Лхамсүрэнтэй тэмцээний үеэр цөөхөн хэдэн хором уулзаж ярилцав.
-Сайхан хаваржиж байна уу? Юуны өмнө танд Канад улсын баг тамирчдыг ахалж нутагтаа ирсэнд чинь баяр хүргэе.
-Баярлаллаа. Урд нь тамирчины хувиар Монголынхоо нэрийн өмнөөс гадаад дотоодын тэмцээнд зодоглодог байлаа.Харин одоо дэлхийд тэргүүлэгчдийн нэг Канад улсын шигшээ багийг ахлаад эх орондоо ирнэ гэдэг сайхан байна.
-Гэхдээ зочины хувиар шүү дээ? Холын хүний үгийг сонс гэдэгдээ.
-Тэр тусмаа сонин байна.Канадын бөхийн клубуудын олон шилдэг дасгалжуулагчдаас надад итгэл хүлээлгэн дэлхийн цомын нэр хүндтэй тэмцээний багийн ахлагчаар томилсонд туйлын баяртай байна.
-Та Канадын нэрийн өмнөөс олимп, дэлхийн тэмцээнд дасгалжуулагчаар оролцож байсан байхаа.Ер нь тэнд хир удав даа?
-Тиймээ.Бээжин-2008,Лондон -2012 олимпийн наадам, хэд хэдэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. Канадад 10 жил ажиллаж амьдарч байна даа.
-Хир амжилттай оролцож байв?
-Бээжингийн олимпоос яг манай клубын тамирчин олимпийн аварга болж байсан. Лондонд 2 бөх айрагдсан.
-Канадад шигшээ багийн дасгалжуулагчийг ямар шалгуураар сонгодог юм бэ?
Энэ хирийн өндөрлөгт хүрэхэд хэлний бэрхшээл, мэргэжлийн дадлага туршлага дутах зүйл байв уу?
Мэдээж хэлний бэрхшээл жаахан байлгүй яахав. Ази аялгуу энэ тэр гээд л.Гэхдээ мэргэжлийн хувьд ёстой гологдоогүй.Би чинь Монголдоо шигшээ багийг ахлах хэмжээнд яригдаж байсан дасгалжуулагч хүн шүү дээ. Чөлөөт бөхийн техникийг биеэрээ үзүүлж таниулсан гэх үүдээ.Тэгээд ч ажил хэргийн яриа хэлцэлээ би ямар ч төвөггүй ойлгож бас ойлгуулж чаддаг гэж боддог.Бахархалтай нэг зүйлийг хэлэхэд Канадчууд Монголын бөхийн сургалтыг өндөр үнэлдэг юм шүү дээ.
-Чөлөөт бөхийн техник гэснээс та багадаа их уран барилддаг байсныг санаж байна. Голдуу техникийн 12 оноогоор цэвэр ялдаг байсан даа.
-Тийм байх шүү.Тэр үед МПБ-ын тэмцээн ,олон улсын хүүхдийн тэмцээн гээд өсвөр үеийнхний дунд олон сайхан тэмцээн болдог байсан. Олон тэмцээнд түрүүлсэн. Улсын начин Н.Түмэннаст бид хоёр нэг жинд өрсөлдөж байлаа.
Одоо ч оролцсон тэмцээн болгонд медаль олгодог болж дээ.
-“Хүч”-ийн Лхамсүрэн гээд томчуудыг айлгадаг хүүхэд байсан даа. Багаасаа насанд хүрэгчидтэй хүч үзэх хэцүү байв уу?
“Хүч” нийгэмлэгийн бөхийн дугуйланд гавьяат тамирчин Ц.Нацагдорж багшийн удирдлаганд бөхийн гараагаа эхэлж байсан. Нийгэмлэгийн аваргын тэмцээнд олон цэргүүдтэй барилддаг байсан шүү.Улсын аваргаар ч жинхэнэ шилдгүүдтэй хүч үзэж явлаа. Ер нь хүүхдийг төлөвшиж өөрийн байр сууриа олтол нь томчуудтай барилдуулах дэмий юм байна гэж боддог шүү.
-Нацагаа багштайгаа уулздаг уу? Юу гэж захиж байх юм.-Уулзаж золгодог.Гадаадад тэмцээн дээр ч таарч байсан.Багштайгаа уулзах сайхан шүү дээ. Надад нэг их захиж хэлээд байдаггүй.Магтаж, зэмлэхгүй байхыг бодоход болж байгаа юм байлгүй гэж бодоод л явдаг даа.
-Дасгалжуулагчийн ажлаасаа гадна өөр ямар ажил эрхэлж байна?
Монгол-Японы хамтарсан “MJ” компани Монголд үйл ажиллагаа явуулдаг.Бид зөвхөн чөлөөт бөх гэлтгүй жүдо бөхийн хэрэгслэл татами, кимоног өсвөр залуу тамирчдаа хандивлан жүдо бөхийн тэмцээнийг хэдэн удаа зохион байгуулж ирсэн. Жүдо бөхийн сургалт, гадаадад зохиогдох тэмцээнд оролцоход ч манай компани дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн.
Олимпийн аварга Н.Түвшинбаярыг ч дэмжиж байсан юм байна. Ер нь бөхийнхээ төлөө их юм хийхсэн гэж боддог доо.
Харамсалтай нь жүдо бөхийн зүтгэлтэнүүд бидний өчүүхэн тус дэмийн хариуд ядаж компаний нэрийг дурдаад” баярлалаа” гэж хэлчихээгүйд нь жаахан гомдолтой явдаг.Тэглээ бид сунгасан гараа буцаан татах гээгүй юм шүү.Хүний хийж бүтээж байгаа сэтгэлд урмын бүлээн үг багаддаггүй л байхгүй юу.
Дараа Монголдоо тухтайхан ирж их спортын төлөө хийх юм багагүй байна.
-Олимп,дэлхийн тэмцээнд тамирчдаа дэвжээн дээр авч гарч байхад эсрэг талаас Монголын бөх гарч ирж байхад хэцүү байдаг уу?
-Хэцүү байлгүй яахав.Тэмцээн дээр тийм тохиолдол таарч байсан. Спорт бол тэмцэл шүү дээ.
. Буруу хараад залбирана гэгчээр хөлс хүчээ урсган байж бэлдсэн тамирчнаа сэтгэлээсээ дэмжилгүй яахав.
Гэхдээ л Монгол зүрх цохилж байгаа болохоор элэг нь цаанаа л өөр шүү дээ.
Шудрага хэлэхэд аваргын төлөө биш л бол бүү таараасай гэж боддог шүү.
Монголоо байтугай Ази хүнээ харахаар омогшино гээч.Бээжингийн олимпид Канадын багаас олимпийн аварга төрөхөд Ази төрхтэй нь бид хоёр байлаа.Ямар их баярласан гээч.
-Тэгвэл билэг дэмбрэлтэй нэг асуулт асууя.Таны анхаас нь гардан бэлдсэн Канад шавь олимпийн аваргын төлөө Монголын бөхтэй барилдах болжээ.Манайх анхны олимпийн аваргатай болох гээд байдаг.Та хэнийг дэмжих вэ?
-Наадах чинь яасан айхтар хэцүү асуулт вэ? Монголоо гэхээр миний бүх насны хөдөлмөр бас талаар болчих гээд...байна шүү дээ... Шавиа гэхээр бүүр...
Ёстой мэдэхгүй ээ. Спорт өөрөө цаг хугацааг цэгнэдэг
-Та Монгол,Канадын багийн халз барилдаанд дэвжээн дээр яагаад гарсангүй вэ?
-Өмнөх асуултын хариулттай ижилхэн юм байна.
-Та хариулаагүй шүү дээ.
-Инээв.
-Манайд олимпийн аварга бэлтгэсэн дасгалжуулагчдаа хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.Канадад шагнал урамшуулалын ямар тогтолцоо байна?
-Гэрээний хугацааг уртасгаж сунгана.Цалин нэмэгдэнэ. Энэ чинь өөрөө том урамшуулал биз дээ.Одон тэмдэг мэдэхгүй ээ.
Л.Мөнхбат
Сэтгэгдэл ( 1 )
Mundag yumaa bayr hurgiy mongoliin neriig delhiid gargaj yavaad