Засгийн газрын мэдээллийн “11-11” төвд ирсэн Татварын хуулиуд, татварын үйлчилгээ, татварын албатай холбоотой асуултуудад Татварын Ерөнхий Газрын Татвар Төлөгчдөд Үйлчлэх Газрын Татварын зөвлөгөө өгөх төвөөс дараах хариултыг өгчээ.
ААН-үүд орлогын албан татварын тайланг улирал бүрт өгдөг. Тус тайлангаа татварын алба дээр өгөхөөс гадна дүүргийн санхүү дээр өгөх ёстой байдаг. Ингэхдээ заавал аудитаар буюу аудитын компаниар орсон байх ёстой бөгөөд түүнд бас төлбөр төлдөг нь илүү зардал гаргаж байгаа хэрэг биш үү. Яагаад заавал тайлангаа давхар өгөх ёстой юм бол? Үүнийг болиулах эрхзүйн гаргалгаа байна уу?
Монгол улсын Аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлд
“50 сая ба түүнээс дээш актив хөрөнгөтэй аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар заавал баталгаажуулна” гэж заасны дагуу дээрх шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайланг аудитаар шалгуулж дүгнэлт гаргуулан харьяа дүүргийнхээ санхүүгийн албанд тушаана гэж заасан байдаг. Татварын алба санхүүгийн тайланг online хэлбэрээр хардаг болсон тул татварын албанд татварын санхүүгийн тайланг давхардуулан авахгүй байгаа.
Хувь хүний орлогын албан татварын дагуу шинээр орон сууц, хашаа байшин худалдан авч байгаа үед татварын хөнгөлөлт 3,0 сая төгрөг эдэлнэ гэж заасан байдаг. Яаралтай энэ хуулийн үр ашгийг хүртмээр байна. Хэзээнээс хөнгөлөлтийг олгох вэ?
Монгол улсын ХХОАТ-ын тухай хуулийн дагуу хөнгөлөлт эдлэхээр тайлан, материал өгсөн татвар төлөгчдөд хөнгөлөлтийг нэгдсэн журмаар хянаж, баталгаажуулан Төрийн сангаас тухайн оны эхний хагас жилд багтаан олгодог.
Төв шууданд илгээмжийн газар байдаг. Гадаадаас ачаа ирэхээр татвар авна гээд байх юм аа. Дээр үед авдаггүй байсан. Хүмүүс авлига өгөөд сургачихсан гэсэн. Нярай хүүхдийн тэжээл задлаад сар дуусахаар хугацаа нь дуусдаг. Тэгээд татвар нэхээд өгөхгүй болохоор бүгдийг нь задлаад ямар ч хэрэгцээгүй болгочих юм. Иргэдийг ингэж хохироож байна. Олноор авчирч байгаа бараанаас татвар аваад байгаа юм шиг байгаа. Ойр зуурын өмсөх хэрэглэх юмнаас хүртэл татвар аваад байх юм аа. Энэ зөв үү?
Илгээмжээр гадаад улсаас ирж буй ачаанд гаалийн албан татвар, НӨАТ-ыг хуулийн дагуу гаалийн байгууллага ногдуулдаг. Иймд дээрх асуултын хариултыг гаалийн байгууллагаас тодруулах нь зүйтэй.
Би тэтгэврийн насны хүн. “Эрдэнэставантолгой” ХК-д ажил хийдэг. Байр худалдаж авсан. Татварын хөнгөлөлтөнд хамрагдах уу?
Анх удаа байр авч буй иргэн тухайн жилд орлого олж ХХОАТ төлсөн тохиолдолд хөнгөлөлт эдэлж болно.
Татварын хөнгөлөлтийг жил бүр өгөх юм уу? Одоо зөвхөн 2013 онд л өгөх юм уу?
Монгол улсын ХХОАТ-ын тухайн хуульд 30 сая төгрөг хүртэл орлогын хөнгөлөлт үзүүлнэ гэсний дагуу 3 сая төгрөг хүртэлх татварыг буцаан авах боломжтой. Тухайн жилийн орлогоос хамаарч хөнгөлөлтийг жил жилд нь эдлэнэ.
Байр авсны 10% -ийн татварын хөнгөлөлтийг татвараас өгнө гэсэн. Энд ямар иргэд хамрагдах боломжтой вэ? Ямар бичиг баримт хэрэгтэй вэ? Тэтгэврийн насны хүмүүс авч болох уу?
ХХОАТ-ын хуулийн дагуу амьдран суух зориулалтаар анх удаа байр орон сууц худалдаж авсан, барьсан 30 сая төгрөг хүртэлх орлогыг хөнгөлнө гэж заасны дагуу 3 сая төгрөг хүртэлх хөнгөлөлт эдлэх боломжтой. Харин хөнгөлөлт эдлэх иргэн тухайн жилдээ ХХОАТ төлсөн байх ёстой. Бүрдүүлэх материалын жагсаалтыг www.mta.mn сайтын “Үйлчилгээ” цэсний “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт” хэсгээс татаж авна уу. Тэтгэврийн орлого хуулийн дагуу ХХОАТ-аас чөлөөлөгддөг тул тэтгэврийн орлого бүхий иргэд байр худалдан авсны хөнгөлөлт эдлэх боломжгүй.
Үйлдвэрээс нь шинэ автомашин оруулахад оногддог ямар татвар байдаг вэ? Үйлдвэрлэсэн оноос хамааруулж хэрхэн татвар оногдуулдаг вэ?
Гаднаас автомашин оруулж ирж байгаа иргэн хуулийн этгээд тухайн барааны өртөг дээр тээврийн зардлыг нэмээд гаалийн татвар, онцгой албан татварыг нэмсэн дүнгээс НӨАТ-ыг 10%-иар ногдуулна. Иймд татвар төлөгч нь гаалийн татвар 5%, онцгой албан татвар, НӨАТ гэсэн татваруудыг төлнө. Онцгой албан татварын хэмжээ нь үйлдвэрлэсэн он, ашигласан жил, моторын багтаамжаар өөр өөр байдаг тул www.legalinfo.mn сайтаас Онцгой албан татварын хуулийг харна уу.
Сэтгэгдэл ( 0 )