Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлын хүрээнд орон нутагт инженерийн шугам сүлжээ ямар байгаатай газар дээр нь танилцаж байгаа аж. Өнгөрсөн сарын сүүлээр Сүхбаатар, Хэнтий аймгуудын хот, төлөвлөлт шугам сүлжээ, цэвэр бохир усны хоолой зэргийг газар дээр нь очиж үзсэн бол Төв аймагт энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллажээ.
Орон нутгийн удирдлагуудын хэлж буйгаар Төв аймагт 1000 айлын орон сууц барихад 14,3 га газар шаардлагатай байгаа. Зуунмодод баруун талаасаа барилгажилт явуулна. Газар өмчлөх гэрчилгээгээ аваагүй, зөвшөөрөлгүй буусан 100 гаруй айлын газрыг чөлөөлж орон сууц барихаар төлөвлөсөн аж. Орон сууц барихдаа Сүхбаатар аймагт хэрэгжүүлж эхэлсэн бага кв метртэй орон сууц барихаар төлөвлөж байгаа гэв.
Энэ жил орон нутгийг хөгжүүлэх сангаас 491 сая төгрөг гаргаж, бохирын шугам татах ажлыг уг төлөвлөсөн газартаа эхлүүлнэ. Энэ ажилд нийтдээ 2,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухайгаа хэлж байлаа.
Энэ онд хийх ажлуудын нэг нь сум бүрт 4 айлын орон сууц барих хөтөлбөртэй. Сумын төвүүдэд барих орон сууцны зураг төсөл нь бэлэн болсон бөгөөд суурийн ажлыг энэ хавартаа эхлүүлнэ гэж ярилаа. Ирэх сард аймгийн хөрөнгө оруулалтын чуулган хийж, хямд өртөгтэй орон сууцны саналыг хөрөнгө оруулагчдаас хүсэх юм байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан аймгуудад ажиллаж байгаа зорилгоо хэлээд Төв аймгийн хувьд онцлогтой болохыг тодотголоо. Улаанбаатар хотын ойролцоо дээр нь Шинэ нисэх онгоцны буудал, Майдар гэх зэрэг олон төсөл бүтээн байгуулалт хэрэгжинэ. Тиймээс одооноос хот төлөвлөлт, барилгажилтыг зөв хийвэл иргэд Улаанбаатарт биш Төв аймагт амьдрахыг хүснэ. Энэ бүтээн байгуулалтыг хэрхэн ямар маягаар холбох вэ гэдгийг сайд орон нутгийн удирдлагууд хэллээ.
Төв аймагт баригдах 1000 айлын орон сууцны төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Түүнчлэн аймаг бүрт чулуу ангилан бутлах, бетон зуурмагийн узель, төмөр бетон эдлэлийн үйлдвэр баригдана. Энэ жил инженерийн шугам сүлжээнд зориулж салбарын хэмжээнд 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Эндээс Төв аймагт шийдвэрлэх боломж бий гэж салбарын сайд нь хэлж байв.
Төв аймгийн хувьд түгээмэл тархацтай ордын төлбөрт өөрчлөлт хийх шаардлага байгааг онцолсон. Орон нутгийн төсөвтөө ахиу мөнгө оруулах үүднээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өндөр төлбөр тогтоодог. Үүнээс болж орон сууцны үнэ өсөх хүчин зүйлс үүссэн гэдгийг хэлээд элс, хайрга, дайрга олборлох төлбөрийг бууруулах талаар анхаарахыг хүсэв.
Энэ онд барилга, хот байгуулалтын салбарт батлуулсан төсөвт 10 аймагт хэсэгчилсэн 4 аймагт ерөнхий төлөвлөлт хийгдэнэ. Бидний гол баримталж байгаа зарчим зураг, бүтээн байгуулалт зэрэг явах ёстой гэж Барилга, хот байгуулалтын сайд хэллээ.
Төв аймагт орж ирсэн хүнд гудамж, зам, гэрэлтүүлэгээсээ эхлээд хотод ороод ирлээ гэсэн сэтгэгдэл шууд буух төлөвлөлтийг бүтээн байгуулалттай хамтад нь хийх ёстой гэсэн юм.
Төв аймгийн хувьд уурын зуухаар галладаг хоёр аймгийн нэг. Цаашдаа дулааны цахилгаан станц барихгүй бол дулааны эх үүсвэр хүндрэлтэй болжээ.
Тиймээс аймаг орон нутгийн удирдлагуудад уурын зуухнаас салах арга зам эрэлхийлж, концесс бусад хөрөнгө оруулалтаар дулааны цахилгааны станцтай болох ёстойг зөвлөлөө. Уулзалт ярилцлагын дараа Төв аймгийн цэвэрлэх байгууламж, 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн газраа орон нутгийнхан үзүүллээ.
Засгийн газраас дэвшүүлсэн аймагт бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн дагуу яамны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймагт ажиллаад байна.
Сэтгэгдэл ( 0 )