Киприйн банк иргэдийн “хадгаламжийн хүүний хэсгийг хураах” болсон нь дэлхий дахиныг шуугиулж байна. Өөрийнхөө тулгын чулуу болсон “хувийн өмчийн халдашгүй байдлыг” капитализм өөрөө устгаж эхлэв. Энэ бол дэлхийн банкны системийн, улмаар капитализмын хямралын нэг том шат, үргэлжлэл юм. Энэ талаар дэлхий дахинд “олон зүйл” гарч байна. Энэ удаад С.Ф.Шараповын нэрэмжит Оросын эдийн засгийн нийгэмлэгийн дарга, эдийн засгийн ухаан доктор, профессор Катасоновын өгүүллийг орчуулан хүргэж байна. Миний ойлгосноор Катасонов дэлхийн банкны системийн ялзарлыг тун сайн системтэй, ойлгомжтой бичжээ. Сүүлийн үед банкныхан гангстерүүдийг санагдуулам ил цагаан луйвар дээрэм хийх болсон учир “банкстерүүд” хэмээн нэрлэх болжээ. Манайд бол О.Чулуунбат “сонгодог банкстер” болох нь ямар ч эргэлзээгүй. Энд өгүүлэх үзэгдлийн олонхи манайд байгаа нь бас л эргэлзээгүй. Харин энэ тухай бичих нь “миний ажил” бөлгөө…
Дэлхийн мөнгө хүүлэгчдийн олон зуун турш бүтээж ирсэн банкны сонгодог систем удахгүй түүхийн хүртээл болно гэдэгт итгэлтэй байна. Ийм итгэлтэй байгаагийн хэдхэн шалтгааныг дурдая.
“Банкны социализм” буюу “хуульчилсан сангийн хөрөнгө тоногч”
Банкны систем нь “зах зээлийн” институтын шинж чанараа бүрэн алдаад байна. Үүнийг сүүлчийн санхүүгийн хямрал илт үзүүлсэн. Банкууд туйлын амьдрах чадваргүйгээ харуулсан. Хэрэв төрийн дэмжлэг байгаагүйсэн бол өнөөдөр магадгүй Барууны орнуудад банкууд бүгдээрээ дампуураад бараг алга болсон байх биз. АНУ, Баруун Европт санхүүгийн хямралын ид үед эргэлзээтэй буюу “хогийн” актив худалдан авах, дүрмийн капитал дахь хувийг олж авах, түүнчлэн янз бүрийн тогтворжуулах зээл өгөөмөр тараах замаар улсын мөнгийг банкууд руу шахаж эхэлсэн юм.
Зөвхөн АНУ-д улсын хэд хэдэн аврах хөтөлбөрийн хүрээнд банкны сектор руу татвар төлөгчдийн хөрөнгөнөөс хоёр триллионоос багагүй долларыг шахсан юм. Энэ бол АНУ-ын депозит-зээлийн томоохон байгууллага, юуны өмнө Уолл-Стрит банкыг улсын болгосон (национализаци) хэрэг байлаа. Их Британид банкуудыг улсын болгосон нь багагүй шуугиан дэгдээсэн юм. Гэхдээ Баруунд явуулсан улсын болгох ажиллагаа нь стратегийн шинж чанартай байгаагүй юм. Үүнийг “тактикийн хувьд улсын болгох” гэж нэрлэж болно.
2010 оноос хойш төр банкны сектор рүү оролцоогоо сэмээрхэн чиглүүлж, өнөөдөр хувийн капитал 208-2008 оны анхдагч байдалдаа эргэж ирээд байна. Гэхдээ төрийн ивээл дор тусгай банкууд үлдсэн бөгөөд эрх баригчид тэднийг “муу” гэж хэлэхээсээ ч ичихгүй байгаа юм. Тэднийг хувийн банкнуудын муу активыг “улсын болгохын” тулд зориудаар байгуулсан юм. Баруунд иймэрхүү төрлийн “тактикийн хувьд улсын болгохыг” угаасаа “банкны социализм” гэж нэрлэдэг юм. Төр зүгээр л томоохон хувийн банкуудыг бид аврах үүрэгтэй гэсэн санааг татвар төлөгчдөд суулгаж байна.
Хөшигний арынхан улсын санг өөрийн ашиг сонирхолд цаг ямагт ашиглаж ирсэн юм. Ленинизмын сонгодгууд үүнийг “хуульчилсан сангийн хөрөнгө тоногч” гэж нэрлэдэг. Өмнө нь үүнийг эдийн засгийн бодит сектортой голдуу холбоотой цэргийн нийлүүлэгчид, захиалагчид, бусад капиталистуудын ашиг сонирхолтой холбож хэлдэг байсан юм. Одоо бол “хуульчилсан сангийн хөрөнгө тоногч” бодлогын үндсэн бөгөөд бараг цорын ганц шахам “эзэн” нь банкирууд болж байна. Дурын банкир биш, дэлхийн хорь гучаадхан томоохон банкууд болж байна. Бүх хүн “Too Big To Die” буюу “үхэхэд хэтэрхий том” гэсэн хэлц үгийг мэднэ. Энд Уолл-стрит болон Лондон Сити зэрэг банкны аваргуудыг ярьж байна. Түүний хамт бүх нийтийн эдийн засгийн либерализмын дэвсгэр дээр “банкны социализм” хэтэрхий давилуун харагдаж, нийгмийн гишүүдийн 99 %-ийн эсэргүүцэл, дургүйцлийг төрүүлж байна.
“Банкны нууц” өглөөний манан шиг арилж байна.
Капиталист мөнгө-зээлийн системийн чухал атрибут болсон банкны нууц алга болж байгаагийн гэрч нь бид болж байна. Хэдэн зуун жилийн турш янз бүрийн орны мөнгө хүүлэгчид банкны нууцын тухай хуулийг лоббидож ирсэн билээ. Энэ нууцыг барууны ардчилал, капитализмын мөнгө-зээлийн системийн тулгын чулуу гэж үзэж ирсэн юм. Гэтэл энэ зууны эхээр “мөс хайлж эхлэв”. АНУ-ын мөнгөн зохицуулагчид (юуны өмнө үнэт цаас, биржийн комисс) АНУ-ын хууль зүйн яам, татварын албатай хамтран хэдэн жилийн өмнөөс Швейцарийг “бүсэлж” эхлэв.
Швейцарийн банкууд банкны нууцыг “төмөр мэт” хадгалдгаараа ямагт алдаршиж ирсэн билээ. “Бүслэлт” АНУ-ын санд татвар төлөхөөс зайлсхийсэн америкийн биет болон хуулийн этгээдийн тухай мэдээллийг Вашингтонд өгөх шаардлагад оршиж байв. Энэхүү хүнд хэцүү “бүслэлтийн” нарийн ширийнийг энд ярихгүй.
Швейцарчууд буун өгч, америкийн мянга мянган татвар төлөгчдийн банкны дансны тухай мэдээлэл Вашингтонд шилжих болов. Европын энэхүү оффшор бүгд найрамдах улсад банкны нууцын институт нуран унав. Энэ амжилт АНУ-ын эрх баригчдыг хөөргөжээ. 2010 онд гадаадын дансанд татвар ногдуулах тухай (Foreign Account Tax Compliance Act – FATCA) хууль гаргав. Энэ хуулиараа Америк дэлхийн бүх банкнуудыг АНУ-ын татварын албаны агент болохыг шаардав. Энэ хууль АНУ-ын зүгээс бүх дэлхийн банк, санхүүгийн институтуудэд захиргааны шууд дэглэм тогтоох оролдлого болсон юм.
2013 оны 1 дүгээр сарын 1-нээс энэ хууль бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхлэв. Бүх дэлхийн банкууд Сэм авгад тайлагнах ёстой болов. Вашингтоны энэ оролдлого даяар хэмжээнд юугаар төгсөхийг хэлэхэд бэрх. Гэхдээ хэд хэдэн орон америкийн энэ хуулинд баяр хүргэж, даян дэлхийн “санхүүгийн тунгалаг байдлын” төлөө тэмцэлд нь Вашингтонд бүх талын дэмжлэг үзүүлэхээ боолын байдлаар мэдэгдсэн юм.
Үүнийг харгалзвал бүх дэлхийд банкны нууц алга болсныг үгүйсгэж болохгүй юм. Америкчууд болон АНУ-д өөрт байгаа гадаадынхны банкны дансны тухай мэдээллийг энэ жилээс эхлэн ТТГ-ыг оролцуулан америкийн бүх тусгай алба авч байх болно. Энэ бүхнийг “санхүүгийн терроризмтэй тэмцэх” нэрийг дор хийж байгаа юм.
Маргааш Вашингтон өөр ямар нэг хууль гаргаад, дэлхийн бүх банкыг ТТГ-ын агент болгож, америкийн тагнуулд анхны шаардлагаар дурын мэдээлэл өгдөг болгохыг би л лав үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл банкууд манай гаригийн хүн амын дээр байгаа дэлхийн хөшигний цаадах хяналтын чухал элемент болон хувирч болох юм.
Мөнгө хүүлэл дэлхийн активыг шууд худалдан авахаар солигдож байна.
Банкууд зээлийн институтын хувьд ашигтай байхаа больсон. Энд хямралын үе шатны тухай биш, эдийн засгийн ердийн, хэвийн гэдэг үе шатны тухай ярьж байна. Энэ үзэгдлийн шалтгаан энгийн. Сүүлчийн санхүүгийн хямрал дууссаны дараа АНУ-ын Холбооны Нөөцийн систем, Европын Төв банк, Английн банк, Японы банк зэрэг томоохон төв банкууд өөрийнхөө “хэвлэх машиныг” бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан. Өмнө нь үүнийг гэмт хэрэг гэж үздэг байсан. Одоо бол үүнийг сайхан, ухаалаг “тоон зөөлөвч” гэсэн нэр томъёогоор илэрхийлж байгаа.
Жишээлбэл, АНУ-д 2012 оны 9 дүгээр сард “тоон зөөлөвчийн” гуравдугаар үе эхэлж, америкийн банкуудаас сар болгон дунджаар 80 миллиард долларын бүхий л төрлийн “хогийн” үнэт цаас худалдан авсан. Мөнгө хэт хүрэлцээтэй, хэт хямд болов.
Хэрэв Японы банк, Холбооны Нөөцийн системийн тооцооны хүү “захдаа” ойртож (жилийн -25%-ийн түвшинд) байхад яаж хямд байх юм ? “Мөнгө” нэртэй таваар ийм их “элбэг дэлбэг” байхад арилжааны банкуудын зээлийн хүү хэт нам, бэлэгдэл төдий байх нь мэдээж хэрэг. Ялангуяа хүүг тооцоход үндсэн валютын хурдан үнэгүйдлийг харгалзах юм бол. Банкны зээлийн операцаас олох ашиг хязгааргүй. Банкууд ердийн депозит-зээлийн институтээс нэр ч өгч болмооргүй байгууллага болон хувирч байна.
Тэд ямар нэг дамжуулан хуваарилагч пунктын үүрэг гүйцэтгэж, “хэвлэлийн машины” “бүтээгдэхүүнийг” байгалийн нөөц, үл хөдлөх хөрөнгө, компани гэх мэтийн бодит актив болгон худалдан авахаар дэлхийн янз бүрийн өнцөг булан руу дахин хуваарилж байна.
Энд ХНС-ийн 2007-2010 онуудад явуулсан зээлийн нууц операцийн тухай ярьж байна. Энэ тухай гадаадын болон оросын ХМХ-ээр бичиж байсан. Зарим зүйлийг сануулъя.
Дурдсан хугацаанд ХНС америкийн болон гадаадын тэргүүлэх банкуудад (энэ жагсаалтад дэлхийн томоохон хориод банк бий) 16 триллион долларын зээл олгожээ. (энэ нь АНУ-ын жилийн ДНБ-нээс давна.) Энэ бол сэтгүүлчдийн таамаглал биш.
Энэ бол 2011 оны зун нийтлэгдсэн аудитын шалгалтын дүн юм. Энэ үед дурдсан зээлийн операци ХНС-ийн балансад тусаагүй байсан. Түүнээс гадна гадаадын банкуудад олгосон зээлийг америкийн хууль зүйн шаардлагын дагуу АНУ-ын конгрессын зөвшөөрөлгүй олгосон байсан. Эцэст нь аудит явуулах үед өгсөн зээлийн өрийн нэг ч центийг дараагүй байсан. Энэ бүхнээс үзэхэд энэ асар их мөнгийг ХНС-ийн гол хувь нийлүүлэгчид, юуны өмнө Рокфеллерынхэн болон Ротшильдийнхний эрх ашгийн үүднээс эрс хямдарсан актив худалдан авах гэж дэлхийн янз бүрийн булан руу явуулсан байна.
Ерөнхийдөө бол ХНС хийгээд дэлхийн тэргүүлэх банкнуудын үйлдэл нь “тахлын үеийн найр”-ыг санагдуулж байна. Эдгээр банкууд депозит-зээлийн ажиллагааг хэвийн гольдрилд оруулж чадсангүй.
Банкууд хөрөнгө хураах хэрэгсэл болох нь.
Дэлхийн мөнгө хүүлэгчид өөрийн үйлчлүүлэгчдийн хөрөнгийг ил бөгөөд улайм цайм хураан авах болжээ. Тэд үүгээр цаг ямагт ажилладаг байсан л даа. Ингэж хураах явдлаа голдуу “банк дампуурсан” нэртэй жүжгийн дор явуулдаг юм. Үйлчүүлэгчдийн мөнгийг хэл амгүй, хүрч болшгүй “алсын алсад” аваачихаад банкирууд гараа дэлгэж: зах зээлийн эрсдэл, яалтай нь билээ, бид яагаа ч үгүй гэдэг юм. Өнөөдөр тэд ил тод хураан авах аргад шилжиж, үүнийгээ ил болгох гэж оролдож байна. Чухам үүнийг Киприйн банкны системийн үйл явдал харуулж байна. Дэлхийн банкстерүүд ёстой галзуурч байна. Сүүлийн үед банкирууд гангстерүүдийг санагдуулах болсон учир тэднийг ингэж нэрлэх болсон байна.
Үндэсний хууль, олон улсын эрх гэх мэт “урьдач бодолд” хүлэгдэхээ байсан тэд өөрийн үйлчлүүлэгчдийн халаасанд савраа шургуулж байна. Үүнийг тэд өмнө хийж л байсан, гэхдээ хулгайн үйлдлээ хэзээ ч ингэж зарлаж байгаагүй юм.
Жишээлбэл, үйлчлүүлэгчдийн хөрөнгийг хулгайлахдаа банкстеруудад “трастын удирдлага” гэж нэрлэх зүйлийг дамжуулан өгчээ. Эрхийн үүднээс бол өнөөдөр Киприйн банкны депозитод “татвар” оруулж байгаа нь үйлчлүүлэгчдийн хувийн өмчид халдсан хэрэг юм. Энэ бол “вашингтоны мужийн намын хорооны” суртал нэвтрүүлэгчдийн байнга нотолдог “хэн ч халдашгүй” хувийн өмч шүү дээ. Энд депозитын орлогоос татвар авах тухай биш (ийм татварыг олон оронд авдаг), чухамхүү депозитийн гэрээгээр үйлчлүүлэгчид 100 % хамаарах мөнгөний хэсгийг хураан авах тухай ярьж байна.
Европын Холбооны ямар нэг ойлгомжгүй бүтцээс ингэж хураах тухай тушаал иржээ. Ийм тушаалын анхдагч сурвалж нь дэлхийн банкны системийн жинхэнэ эзэд болсон дэлхийн банкстерүүд л байж болох юм.
Кипр дэх депозитыг хураах өнөөгийн кампани нь дэлхийн түүхийн өөр явдлыг санагдуулж байна. Жишээлбэл манай оронд иргэний дайны үед большевикуудын явуулсан хүнсэн татвар байна. Эсвэл тэд заводуудыг хураасан явдал байна.
Гэхдээ тэр үед энэ бүхэн нь логиктой, дэс дараатай байсан юм, яагаад гэвэл большевикууд анхнаасаа “мөлжигчдийн өмчийг хураана” гэсэн зорилготой байсан. Өөр нэг тод жишээ бол 1933 оны Ерөнхийлөгч Ф.Рузвельтийн бүх биет болон хуулийн этгээд сарын хугацаанд алтаа улсад тушаах тухай зарлиг байна.
Тэр үед энэ нь хөрөнгөт байгууллын “төгс эрхэмлэл”, хувийн өмчийн “халдашгүй байдалтай” хэрхэн уялдаж байгааг ард түмэнд тайлбарлаагүй. Энэ бол сонирхолтой сэдэв бөгөөд манай ярианы хүрээнээс халин гарна. Тэр үед алт хурааснаараа АНУ-ын эдийн засаг, улс төрийн дэг журмыг эрс өөрчлөх ёстой өөр үйл явдлыг төлөвлөж байсныг тэмдэглэж байна.
Өөрийн диктатурыг тогтоох гэсэн санхүүгийн олигархийн хөшигний цаадах хорон төлөвлөгөө байсан бөгөөд олон шалтгааны улмаас тэр үед хэрэгжээгүй юм. 1933 оны энэ хөрөнгө хураалтыг олонхи түүхчид ойлгодоггүй юм.
Өнөөдөр 2013 онд бид “банкны большевизм” хэмээх парадокс үзэгдэлтэй тулгарч байна. Энэхүү “банкны большевизм” нь нэг талаас улсын мөнгийг банкны бүтэц рүү (дээр бидний хэлсэнчлэн) санхүүгийн аргаар элбэг дэлбэг юүлнэ. Түүний нөгөө тал нь депозитыг хураан авах явдал болно. Одоохондоо Кипрт байна. Гэхдээ энэ бол ердөө л “туршилтын бөмбөлөг”. Кипр дэх банкны өмч хураалт бол ердөө өчүүхэн юм. Түүний боломжит үр дагавар нь өнөөдөр оросын олигархуудын тооцож байгаа миллиард долларын алдагдлын хүрээнээс хамаагүй хол халин гарах юм.
Кипр бол дэлхийн мөнгө хүүлэгчдийн “туршилтын бөмбөлөг” мөн.
Банкны депозитэд “татвар” тогтоох тухай хуулий төслийг Киприйн парламент хойшлуулсан боловч дэлхийн банкны системийн эрс өөрчлөлтийн асуудал зайлшгүй хадгалагдан үлдэж байна. Иймэрхүү төрлийн “татвар” авах оролдлого ахин давтагдана гэж бодож байна. Магадгүй Кипрт биш байж болно, гэхдээ өөр аль нэг оронд. Туршилтын бөмбөлөг аль хэдийн хөөрсөн.
Депозитын тухай яръя. Олон зуун жилийн туршид банкирууд депозитын данснаас банкныхаа нөөцийн баазыг бүрдүүлээд сурчихсан байсан юм. Хувь нийлүүлэгчдийн төлсөн хүүгийн тусламжтайгаар мөнгөн хэрэгслээ татан оруулдаг. Хараад байхад өнөөдөр энэ практик төгсч байгаа бололтой.
Жишээлбэл, швейцарийн томоохон банкууд өнгөрсөн жилээс депозитын дансандаа хөрөнгө байрлуулсны төлөө захиалагчдаас комисс суутгал авах болжээ. Швейцарчуудын араас бусад орны банкирууд дагана гэж бодож байна. Энд дурдсан комисс нь бас л өвөрмөц маягийн татвар бөгөөд зөвхөн улс биш, харин улсаас зохих ёсны бүрэн эрх авсан хувийн бүтэц (депозит-зээлийн байгууллага) авч буй хэрэг юм.
Киприйн цаашдын үйл явдлаас үл хамааран дэлхийн банкны системийг ноцтой донсолгоо, шилжилт (трансформаци) хүлээж байна.
Дэлхий дээр банкны институтэд итгэх итгэл эрчимтэй буурч байна. Зөвхөн бидний дээр дурдсан үзэгдлийн үр дүнгээс ч болсон юм биш. Банкны бизнесийн луйврын, улайм цайм гэмт хэргийн шинж чанарыг илчилсэн иймэрхүү төрлийн өөр олон баримт, үзэгдэл тоо томшгүй олон байгаа юм.
Жишээлбэл, 2012 онд мандсан ЛИБОР-ын (лондонгийн зах зээл дээрх банк хоорондын зээлийн хүү) хүүг луйвардсан томоохон банкуудыг тойрсон будлиан байна. Эсвэл англи, америкийн томоохон банкууд дэлхийн наркомафитай холбоотой нь илэрсэн явдал байна. (харилцан “үйлчилгээ үзүүлж: банкууд наркомафийн “бохир” мөнгийг “угаадаг”, наркомафийн бэлэн мөнгийг банкны депозитэд байршуулдаг гэх мэт.)
Хэн ч банкстерүүдтэй сайн дураараа хамтрахыг хүсдэггүй. Өнөөгийн нөхцөлд дэх банкны сектор бол үндэстэн дамжин салаалсан холбоо харилцаа бүхий, төрийн эрх мэдлийн бүх салаа мөчрийг хянадаг гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл гэдгийг бүгдээрээ сайн ойлгодог юм.
“Банкны капитализм” “хуарангийн социализм” болон өсч байна.
Банкинд итгэх итгэл газар сайгүй унана гэдэг чинь дэлхийн банкны систем мөхөж байна гэсэн үг үү ? Тийм гэж итгэхгүй байна. Учир нь хүмүүс банктай сайн дураараа биш, албадмал харилцаанд орж болдог. Энэ сүүлчийнхийг үгүйсгэж болохгүй.
Немцийн нэрт эдийн засагч, социалист Рудольф Гильфердингийн “Санхүүгийн капитал” гэсэн бүтээл байдаг. Зуун илүү жилийн өмнө бичсэн юм.
Тэрээр банкны зохион байгуулах үүргийг тунхаглаж, банкны ачаар дэлхий дахинд “зохион байгуулалттай капитализм” тогтох цаг ирнэ, банкууд нийгмийн бүх үйлдвэрлэлийг удирдах төв нь болно, капиталист үйлдвэрлэлийн аргын бүхий л урсгал байдлыг устгана, тухайлсан үйлдвэрийн газрын хэмжээнд ч, нийт нийгмийн хэмжээнд ч хөлсний ажилчдын дунд “төмөр мэт” сахилга бат тогтооно гэж бичиж байсан юм.
Гильфердингийн бодлоор банкны диктатурын үед хөрөнгөтний парламентаризм болон ардчиллын аливаа илрэл огт илүү бөгөөд хортой зүйл болох аж. Ер нь бол түүний үзлээр “зохион байгуулалттай капитализм” болон социализм хоёрын хоорондох ялгаа нөхцөлт шинжтэй аж.
Зарим шинж тэмдгээр нь үзвэл Гильфердингийн социализм Лев Троцкий-Бронштейны мөрөөддөг байгууллыг санагдуулдаг. Өөрөөр хэлбэл “хуарангийн социализм” бол хөдөлмөр болон хэрэгцээг хатуу хянаж, насанд хүрсэн бүх хүн амыг “хөдөлмөрийн армид” зохион байгуулах явдал байдаг.
Өнөөдрийн банкстерүүд дэлхий нийтийн шинэ дэг журмын эрэлтийн дор дэлхийн банкны системийг эрс өөрчлөн байгуулахыг яаран оролдож байна гэж үзэх ноцтой үндэслэл байна. Дэлхийн шинэ дэг журмыг “зохион байгуулалттай капитализм” хэмээн нэрлэж болно. Эсвэл “хуарангийн социализм” гэсэн ч болно. Таалагдсанаараа л болно биз.
Киприйн банкны ертөнцөд болсон сүүлчийн үйл явдал ийм л бодол төрүүлж байна даа…
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл ( 1 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272