Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 4817 суралцагч хичээлдээ ороод байгаа билээ. Эдгээр суралцагчид эхний хоёр сар танхимын сургалтанд хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-нээс тус тусын гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд дээрээ очиж дадлагын хичээлээ эхлэх юм байна. Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг нь Оюу толгойн хөрөнгө оруулалтаар мэргэжилтэн бэлтгэж, цаашид ажлын байраар хангах хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, хөдөө орон нутагт 38 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа юм.
Тиймээс Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа Ражив Гандийн нэрэм¬жит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийг зорьлоо. Тус сургуульд оёдол, барилгын цахилгаан, авто, уул уурхайн гэсэн дөрвөн чиглэлийн мэргэжлээр 58 суралцагч одоогоор суралцаж байгаа аж. Үдээс өмнө тус сургуулийн үндсэн анги хичээллэдэг учраас 12.40 минутаас 18.30 минут хүртэл хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хичээллэдэг юм байна. Ер нь хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээгээ нарийн тооцож, судалсаны үр дүнд мэргэжилтэн бэлтгэх нь чухал юм. Тиймээс хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүс нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдээр суралцаж байгаа юм. Одоогоор 15 ажил олгогч байгууллага хүмүүсээ захиалан сургаж байгаа аж. Тус сургуулийн оёдлын ангиар орлоо. 12 суралцагчтай бөгөөд долоо хоногт 32 цаг хичээллэдэг гэнэ.
Ингэхдээ эхний хоёр сар нь онолын хичээл орсон бол одоо дадлага гурван сар хичээллэх аж. Тэд өмд, цамц, ажлын хувцасыг сонирхсон загвараараа оёж байсан юм. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн нэг давуу тал нь төгсөөд ажлын байртай болох. Мөн суралцаж байх хугацаандаа 140 мянга 400 төгрөгийн тэтгэмж авч байгаа юм. Үүн дээр хоол, унааны мөнгө 50 мянга, дотуур байрны мөнгө 60 мянга, дадлагын хувцасны мөнгө 65 мянган төгрөгийг Оюу толгойгоос олгодог юм байна. Харин эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг Оюу толгойгоос 13 хувийг үлдсэнийг нь өөрөө төлдөг аж. Багш нарын хувьд Үйлдвэрлэл урлалын сургуулийн багш нар хичээл зааж цагийн 3000 төгрөгөөр цалинж¬даг гэж байлаа.
Харин суралцлагчдын хувьд төрөөс мөнгө авч мэргэжил эзэмшээд дараа нь ажлын байртай болж байгаадаа сэтгэл ханамж өндөр байсан юм. Их сургуулийн дөрвөн жилийг эцэг эхийнхээ мөнгөөр суралцаж төгссөн ч ажилгүй иргэд олон байдаг. Тиймээс олон залуучууд нийгэмд үр ашигтай мэргэжлээр суралцах хүсэлтэй байдаг гэнэ. Гэвч зарим нэг нь суралцахаар бүртгүүлсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас хичээлд суудаггүй аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс дараагийн ээлж хичээллэхээр суралцагчдын хариуцлагыг чангатгаж байгаа аж. Учир нь суралцагч дөрвөн талт гэрээ байгуулдаг бөгөөд шалтгаангүй нэгээс дээш өдөр хичээл таслах бол сургалтаас хасах хүртэл арга хэмжээ авах аж. Харин ажил олгогчдын зүгээс уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ажилтан хэрэгтэй гэсэн захиалга их ирүүлж байна. Тиймээс тэднийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр богино хугацаанд бэлтгэн ажлын талбарт гаргах юм.
Сэтгэгдэл ( 0 )