Нийслэлийн удирдлагууд худлаа ярьсан бололтой юм. Эрчим хүчний V дугаар эх үүсвэрийг барих гээд үзээд байгаа Хөлийн голын хөндий дэх 43 га газрыг өмнө нь “Льюкс Нью Проперти Солюшн” ХХК эзэмшиж байсан бөгөөд тухайн компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэх мэдээллийг өгөөд байсан. Гэтэл Ерөнхий сайд өөр юм хэлэв. Засгийн тэргүүн энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “-ТЭЦ5-ын асуудлыг Засгийн газрын хурлаар 7 удаа хэлэлцсэн. Нийслэлийн удирдлага, Байгаль орчны яамнаас үнэлгээг нь асуусан. Аль аль нь бололцоотой гэсэн. Гэтэл одоо нийслэлийнхэн хувийн компанид өгчихсөн юм байна яана аа гэж байна. Нийслэлийн зүүн талыг дулаанаар хангах “Амгалан” дулааны станцын талаар мөн ийм яриа гарсан. Газар чөлөөлөхөд 10 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Байдал ийм л байна. Нийслэлийнхэнд ажлаа хий, наад газраа чөлөөл гэж үүрэг өгсөн байгаа.” гэж байх юм.
Тэгэхээр хэдийнээ хувийн компанийн эзэмшилд байгаа газрыг л чөлөөлчихсөн болж яриад л, Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтдаг, улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулчихвал л болоод явчихна гээд л Засгийн газрын тогтоол энэ тэрт тусгаад байсан болж таарч байна.
Ер нь тэгээд эрчим хүчний шинэ эх үүсвэрээс гадна барих газрынх нь асуудал ёстой тулгамдсан асуудал болчихоод байгаа нь харагдаж байгаа юм. Орос, Хятад, Япон, Монголын NewCom гээд дөрвөн талаас санал ирээд байгаа гэгдэж байсан энэ станцын төслийг газарт буулгахын тулд эхлээд газрыг нь шийдэх хэрэгтэй.
Өмнө нь III станцын баруун талд барихаар болоод тендер зарлаад 6 оролцогч цуглуулаад овоо явах гэж байтал, тэр газар нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг болох нь гэнэт илрээд үлгэр болсон. Компаниудаас газрыг нь авахын тулд төр 55 тэрбум төгрөг гаргах ёстой болсон тул бууж өгсөн. Тэгээд л Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “Ургах наран” хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газарт л байгуулъя гээд дайрсан. Тус газрыг дулааны цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яамд газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаж баталгаажуулна л гээд байсан. Гэтэл ингээд эзэнтэй байсан байж таараад байна.
Яадаг ч байсан манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүйгээр угтах жилүүдийнхээ эрчим хүч, дулаан хангамжийн хэрэглээгээ шийдвэрлэж чадахгүй. Энэ янзаараа бол Улаанбаатар хотын дулаан хангамж 2013-2014 оны өвлийн их ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй. Тиймээс Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барих шийдвэрийг засгаас гаргасан. Мөн шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл IV цахилгаан станцыг цахилгаанаар 100 МВт-аар, дулаанаар 188 Гкал/ц-аар өргөтгөх тухай засгаас шийдвэрлэж байсан. Тэгэхийн тулд Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаад ирэх оны 6 дугаар сард багтаан дуусгана л гээд байсан.
Хэрэв тэгээд V станцын ажил энэ онд эхэлж дийлэх юм бол арванзургаан онд эхний хэсэг нь ашиглалтад орно гээд байгаа. Ер нь энэ янзаараа бол газрынх нь асуудал арванзургаан онд шийдэгдвэл гайхах юм үнэндээ алга.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 3 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. дэлгэрэнгүйг 88226272
Хуурсаар хуурагдсаар байгаад насыг барах юм бна л даа
Худлаа ярилгүй хурдан хийгээчээ гэж хүсэж байна