Английн New Economics Foundation (NEF) дөрвөн жилд нэг удаа Олон улсын аз жаргалын индексийг тооцож гаргадаг юм. Аль 2006 оноос эхлэн Happy Planet Index гэдэг энэ сонирхолтой үзүүлэлтийг гаргадаг болсон юм. Яагаад сонин гэхээр хүн гээч амьтан их мөнгөтэй бол сайн сайхан, аз жаргалтай байдаг гэсэн төсөөллийг энэ судалгаа цаг ямагт няцааж ирсэнд оршино.
Аз жаргалын индекс шиг амархан юм байхгүй. Амьдралдаа хэр сэтгэл хангалуун, удаа нь хэр урт наслана гэж бодож байгаа, хамгийн сүүлд экологийн үр дагавар буюу хүний байгальд нөлөөлөх нөлөө гэсэн 3-хан үзүүлэлтээр хэмжээд оноогоор гаргаад ирдэг юм. Ухаандаа аль ч тивийн ямар ч хүн аз жаргалтай эсэхээ мэдэхгүй байна гэж ёстой байхгүй.
Ингээд анх 2006 онд анх удаа аз жаргалын индекс бодоод гаргаад ирсэн чинь ёстой сүйд болов. Энэ дэлхийн хамгийн аз жаргалтай улс нь Номхон далайд байдаг бараг хэн ч мэдэхгүй Вануатау гэдэг улс байх нь тэр. Нөгөө их мөнгө нь багтаж ядсан Европ, Америкийн томчууд байдаггүй дээ. Тэд жигтэйхэн их уурласан юм. Өмнө нь өч төчнөөн ухаантан хэдэн зуун жил хэлээд үглээд байхад үнэмшихгүй явсан хэрэг шүү дээ. Энэ цагаас хойш аз жаргалын төсөөлөл эрс өөрчлөгдсөн юм.
Хүн ч бай, улс гүрэн ч бай ядуу мөнгөгүй байлаа ч аз жаргалтай байж болдог л байхгүй юу.
Ингээд Happy Planet Index 2012-ыг танилцуулж байна. Энэ жилийн судалгаанд нийт 151 улс орныг хамруулсан байна лээ. Энэ жилийн хамгийн аз жаргалтай улсаар Коста-Рика шалгарчээ.
Түүнийг удаалаад Вьетнам, Колумби, Белиз, Сальвадор, Ямайк, Панам, Никарагуа, Венесуэл, Гватемал, Бангладеш, Куба, Гондурас, Индонез, Израиль тус тус орж байна. Эд нар хамгийн аз жаргалтай улсууд юм.
Харин хамгийн аз жаргалгүй улсууд гэвэл энэхүү 151 улсын жагсаалтын сүүлийг мушгисан Бахрейн, Мали, Төв-Африк, Катар, Чад, Ботсван болж байна.
Манай Монгол 145 буюу сүүлээсээ 7 дугаарт явж байна лээ. Тэхээр хамгийн аз жаргалгүй улсын нэг болж таарч байна.
Энэ ч бас болоогүй. 2006 онд Happy Planet Index-ийг анх хэмжихэд манайх “аз жаргалаараа” 56 дугаар байранд байсан, 2009 онд хэмжихэд 106 дугаар байранд байсан. Одоо 145.
Би л бол өдөр болгон хэрэлдэж зодолддог баян айл байснаас аяга хоолоо инээд наргиан, баяр хөөртэй хувааж иддэг ядуу айл байхыг илүүд үзнэ.
Эндээс найр наадам, идэж уух, өмсөж зүүх бол аз жаргал мөн гэсэн дүгнэлт мэдээж гарахгүй. Манай энэ их найр наадам, наргиан цэнгээн нэг л худал хуурмаг юм шиг ээ. Бид өөрсдийгөө хуураад байгаа юм биш биз.
Манайхан мангасын өгсөн мөнгөөр наргиж цэнгээд байх шиг. Уг нь үлгэр домогт ч гэсэн эхлээд мангасаа дарчихаад дараа нь найрладаг биз дээ…
Х.Д. Ганхуяг.
Сэтгэгдэл ( 1 )
Eruul saruul eleg buten yavah az jarg**