“Масктай Матар” цуврал “Анод” банкийг дампууруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан нэр бүхий эрхмүүдийн талаар хүргэж байгаа. Гол нь хариуцлагаас хол үлдэж чадсан хүмүүсийн талаар гэдгээ тодотгох нь зөв болов уу. Чухам яагаад Анодыг гэж уншигч та асуумаар байгаа бол хариулъя. 2008-2009 онд манай улсад Зоос, Анод банкууд төлбөрийн чадваргүй болж, үүдээ барьсан. Эдгээр банкуудын хадгаламж эзэмшигчдэд “Банкны мөнгөн хадгаламж баталгаа гаргах тухай” хууль батлагдсаны дагуу арваннэгэн оны байдлаар 225 тэрбум төгрөгийн зардал гарган хохирлыг барагдуулсан байдаг. Энэ үед Монгол Улсын ДНБ өмнөх оноос 1,6 хувиар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17,4 хувьд хүрсэн гээд үзэхээр эдгээр банкуудын дампуурлын үнэн учиг шалтгааныг тодруулж, хариуцлага хүлээх ёстой субьектүүдтэй хуулийн хүрээнд тулж, шийдвэрлэх ёстой гэж үзнэ. Тиймээс ч дампуурахгүй байж болох байсан, олон хүнийг хохироохгүй байж болох байсан Анод банкны хэрэгт холбоотой эрхмүүдийн талаар цувралаар хөндөөд байгаа юм.
Өмнөх цувралуудад Монголын Хөрөнгийн Биржийн захирал асан Р.Содхүү, Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайханы талаар өгүүлсэн. Тэгвэл одоо Монгол банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан Б.Энххуягийн талаар өгүүлэх гэж байна. Чухам яагаад түүнийг Анодын дампуурлын ард нуугдаж байгаа гол хүмүүсийн нэг гэдэг юм бэ?
Ямартай ч Анодын хэрэгт өдгөө ял сонсоод байгаа зургаан эдийн засагчаас гадна Монголбанкны нэр бүхий удирдлагууд хариуцлага хүлээх ёстой ч, Монголбанкныханд хамаарах зүйл ангийг прокурорын шатанд Өршөөлийн хуульд оруулчихсан байдаг. Тэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх зүйл ангиуд байв. Ерөнхийлөгч асан А.Батсүх, Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ж.Ганбаатар, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал гээд тухайн үед яригдаж байсан бүхий л хүмүүс энд яригдах ёстой. За харин Б.Энххуяг эрхмийн тухайд үнэхээр өршөөгдөх ёстой хүн мөн үү гэдэг асуултын хариулт хэцүүхэн.
Тэрээр “Анод” банкийг дампуурсныг мэдсээр байж “Анод”ХК-аас хувьцаа арилжих зөвшөөрөл олгох ажлын хэсэгт голлон ажиллаж байсан нэгэн. Гэхдээ үүнээс өөр бас нэг чухал асуудал байдаг нь дампуурсан Анод банкинд хувьцаа арилжих зөвшөөрөл олгож, 1200 гаруй харилцагчдыг хохироохоос өмнө Анодыг дампууруулахгүй байх боломж бас байсан байдаг. Малайз улсын Лабуаны “RSLE Holdings” компанийн бүрэн эрхт төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгч Мухаммад Аднан Ал Атас 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Төв банкинд хаягласан хүсэлтдээ “Анод”-ыг худалдан авах албан хүсэл, саналтай байгаагаа бичиж ирүүлсэн байдаг.
Тэрхүү албан бичигт “Бид Малайз улсын Лабуаны “RSLE Holdings” компанийн бүрэн эрхт төлөөлөгчид бөгөөд энэхүү албан хүсэлтээр дамжуулан Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар санхүүгийн хүндрэлд орсон, цаашид үйл ажиллагааг нь сэргээн явуулахад бүтцийн шинэчлэлт, нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэх шаардлагатай байгаа “Анод” банканд хөрөнгө оруулалт хийх шугамаар худалдан авах тухай тус группийн хүсэлтийг Монголбанкны хүндэт Ерөнхийлөгч танд уламжилж байна. Тус групп үүсэн байгуулагдсанаас хойш 100 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Бид банк, санхүүгийн үйл ажиллагаагаа дэлхийн олон оронд олон жилийн турш амжилттай явуулж ирсэн юм. Тус группийн удирдлага зохион байгуулалтын шинэлэг арга барил, банк санхүүгийн үйл ажиллагааны олон улсын стандартыг хатуу баримтлан ажилласны үр дүнд ашигтай үйл ажиллагаа явуулах баталгааг бий болгосоор ирсэн юм. 2009 оны наймдугаар сарын 4-ний мягмар гаригт “Анод” банканд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалтай болон Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Ж.Ганбаатар нартай хийсэн ярилцлагуудын үр дүнд “Анод” банкны өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл авсан билээ. Ноён Ж.Ганбаатарын зөвлөсний дагуу бид албан хүсэлтээр дамжуулан “Анод” банкны өнөөгийн санхүүгийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүсч буйг хүлээн авна уу. Энэ нь бидний хийх шаардлагатай судалгаа шинжилгээний нэг хэсэг болох юм хэмээгээд тодорхой мэдээллийг хүссэн байдаг. Бүр тэгээд “Анод” банкийг шууд эрх мэдэлдээ авах санаа зорилгоо баталгаажуулах манай эрх бүхий санхүүгийн группээс гаргасан 100 сая еврогийн тогтсон үнэлгээ бүхий банкны баталгааг барьцаа болгон Монголбанкинд шууд байршуулахад бид бэлэн байгаагаа уламжилсан байдаг.
Харин манай төв банкны зүгээс Анод дампуурах гээд байгааг мэдсээр байж 100 гаруй жилийн настай “RSLE Holdings”-д хариу өгөөгүй орхисон аж. Уг нь хөөрхий Анод болоод цаад талаас аль аль нь дампуурахаас нь урьтаад арга хэмжээ авчих гээд үзсэн ч Монгол Улсын Төв банк зөвшөөрөөгүй аж. Тэгвэл үүний цаана нь Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Энххуягийн үүрэг ихээхэн байсан гэдэг. Тодруулбал, тухайн үед хэвлэлийнхэнд ирж байсан мэдээллээр 2008 оны сүүлийн хагас жилд “Анод” банкинд нээгдсэн гэгддэг “Иточу”-д төлөх 100 сая ам.долларын өрийн асуудал яригддаг. Энэ өрөнд Б.Энххуяг эрхмийг холбон ярих эх сурвалжууд байдаг байсан. Хэрэв “Анод” -ыг дампууруулахгүй зарвал “Иточу”-д төлөх өр босох байсан гэх. Гол нь “Иточу” компанид төлөх ёстой 100 сая ам.долларын цаана улс төр, бизнесийн олон хүний эрх ашиг байгаа талаар яригдаж байв. Түүнчлэн энэ өр болон томоохон зээлдэгчдийн эрх ашгийн өмнөөс Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Энххуяг ажиллаж байсан талаар мэдээллүүд дотор хүрээнээс гадагшилж байлаа. Хэдийгээр тэрээр АН угшилтай ч МАН-ын томилолттой дарга нартай эвсэгээр хамтарт 2010 оныг хүргэсэн байдаг юм.
За харин Анод банкны удирдлагуудын нэг Д.Энхтөр Анод банкийг хүндрэхэд нөлөөлсөн зарим хүчин зүйлсийн талаар өгүүлэхдээ Иточутай холбоотой асуудлыг дараах байдлаар тайлбарласан байдаг. Тэрээр “Солонгосын ЛЖ, Японы Иточу корпорациуд Монголын зарим банкуудад ЛС нээсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн мэдээлэгдэж байсан. Энэ ЛС нь Анод банкны алдагдалд жинтэй хувийг эзэлнэ. Төв банк нь Анод банкны өмнөөс Лондон хот дахь ICC Commercial Crime Services-д дамжуулан LG болон Itochu компаниуд руу зарга үүсгэвээс алдагдлыг төлүүлэх магадлалтай. Анод банк нь LG болон Itochu корпорацтай харьцаж байсан гэсэн ойлголттой байснаас бус, LG - гийн түнш Nomarang болон Иточугийн Монголын салбарын захирал Энхбаттай харьцаагүй билээ. Сонин хэвлэлд гарсан шар мэдээнүүдээс харахад LG - гээс 110 сая доллар, Иточугаас 500 сая долларын ЛС- гийн санхүүжилт Монголд хийгдсэн гэдэг. Анод нь банк нь Солонгосын ЛЖ - гээс 24 сая долларын ЛС- гийн санхүүжилт авсанаас 10 орчим сая долларын алдагдал хүлээсэн. Иточу компаниас 200 орчим сая долларын санхүүжилт авснаас Монгол газрын 110 сая доллар, Алтан дорнод компаны 40 сая доллар төлөгдөөгүй. Энэ нь эргээд Анод банкны лизенцийг зарах замаар алдагдлыг хаахад сөргөөр нөлөөлж байгаа.” Хэмээн арваннэгэн оны арван сарын 11-ний өдөр өгүүлжээ.
Тэгэхээр эдгээр мэдээлэлд тулгуурлаад харахад Анод банкийг дампуурахаас аврах боломж Төв банкинд байжээ. Д.Энхтөрийн хэлсэнчлэн Төв банк Анод банкны өмнөөс Лондон хот дахь ICC Commercial Crime Services-д дамжуулан LG болон Itochu компаниуд руу зарга үүсгэж алдагдлыг төлүүлдэггүй юм аа гэхэд хөрөнгө оруулаад хөгжүүлээд өгье гээд байсан Малайзын компанитай арай найрсаг харьцсан бол асуудал өөр байж болохоор байж. Гэсэн ч тэгээгүй бөгөөд дампуурахыг зөвшөөрчихсөн байгаад л асуудлын гол байгаа юм.
“Масктай матар” цувралаар танд хүрнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
2002 онд л дампуурчихсан байсан юм бол 2008 он хүртэл ажиллаад монголын тор 5 банкны нэг болоод яваад байх уу. Та ямар ч ологогүй ийм олон жил өөрийнхөө болоод өрхийнхөө ходоодыг цатг****ан аваад явж чадах уу? Жаахан логиктой бодвол ямар вэ хө