Тос “урсаж” ирэх суваг хаана байна?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 05

Жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулна гээд байгаа Дархан Газрын тос боловсруулах үйлдвэрийг газарт буулгахад Япон улсын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгийг  Ерөнхий сайд нь хэлээд буцсан. Тэгвэл түүнийг монголд ирэхээс нэг өдрийн өмнө Төрийн Өмчийн Хорооны удирдлагууд “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан үйл ажиллагааных нь  явц, төлөвлөлттэй танилцаж бэлтгэл хангасан аж. Ярьж ярьж байж байгуулсан энэ компанийн 40 хувийг төрийг төлөөлөн Төрийн өмчийн хороо, харин 60 хувийг нь хувийн хэвшлийг “Петровис”, “Магнай трейд”, “Жаст групп” ХХК болон, Монголсэкию компаниудын оролцоотой байгуулаад байгаа аж. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах шав тавигдсан. Япон-Монголын хамтын ажиллагааны хүрээнд уг төсөл хэрэгжсэнээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдах юм.

Тус үйлдвэрийн тухайд, жилд 2 сая тн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк, Марубени корпорациуд хамтран урт хугацааны хүү багатай эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр санхүүжүүлэх юм. Харин цаашдаа 100 хувь Монголын үндэсний компани болно гэх гэгээтэй үгсийг улстөрчид хэлдэг. Ер нь бол энэ үйлдвэрийн тухайд мэргэжилтнүүдийн байр суурь янз бүр л дээ. Гол нь боловсруулах түүхий тосоо хаанаас авах вэ гэдэг дээр л асуудал үүсдэг. Хэдийгээр энэ үйлдвэр Тамсаг, Тосон-Уулын ордоос жилдээ 500 тонн нефть авах бололцоо бий ч үйлдвэр хүртэл машинаар тээвэрлэхэд 1000 орчим км тул эцсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй гарна гэдгийг салбарын мэргэжилтэн хэлж байсан. Хэдийгээр ОХУ-аас түүхий тос авах талаар яриад байдаг ч, тэр нь тодорхой шийдэлд хүрээгүй байгаа. "Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК-ийн  ерөнхий захирал, академич Т.Намжим хэлэхдээ  " “Эхний жилдээ гаднаас түүхий тосоо импортоор авч байгаад цаашид Монголын нутаг дэвсгэрт Тамсаг булагт ч юм уу хангалттай их хэмжээний олборлолт явагдвал дотоодоосоо түүхий тосоо авах чиглэлтэй”  хэмээн ярьдаг л юм.

За ямартай ч манай нөхдүүдийн хэлж буйгаар газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар улсын хэмжээнд бензин шатахуун, дизель түлш, нисэх онгоцны түлш, түлшний мазут, авто замын асфальт, битум зэрэг 7 төрлийн бүтээгдэхүүнүүдийг  дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангах  боломжтой болно гэнэ. Арвантаван оноос үйл ажиллагаагаа эхлэх энэ үйлдвэр монголчуудын өнөөдөр хэрэглэж буй  80, 92-ын октантай  бензин үйлдвэрлэхгүй. Харин Евро-4 стандартын шаардлагыг хангасан 95-100-гийн октантай бензинээр дотоодын зах зээлээ хангах аж. 600 хүнийг ажлын байраар хангах үйлдвэрийг байгуулахад 685 сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК  нь  Японы Тоёо Инженер, Марубени корпорацитай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, барьж байгуулах  гэрээг байгуулна. Харин дараа нь Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк, Марубени корпарацитай санхүүжилтийн хэлэлцээр хийх  юм байна. Ингэж санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлсэний дараа  үйлдвэрийн барилгын ажил эхлэнэ. “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Сумитомо Мицүи банктай Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яам, “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК байгуулах гэж байгааг тус үйлдвэрийн удирдлагууд Төрийн өмчийн хорооны даргад танилцуулаад байгаа юм.

Гэхдээ асуудал бүрэн тодорхой болж эцэслэгдээгүй байгаа. Үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн, үйлдвэр барих газрын асуудал болон оюуны өмчтэй холбоотой асуудлуудыг нягталж  холбогдох хууль журмын дагуу, шийдвэрлэх, ашиглалтын өмнөх захиргааг яаралтай байгуулж ажлын төлөвлөгөө гарган  компанийн ТУЗ, Гүйцэтгэх удирдлага шуурхай ажиллуулах шаардлага байгаа аж. Мөн зээлийн гэрээний явцыг шуурхайлж, дүрмийн санг бүрдүүлэх  болон үйл ажиллагааны зардал, 15 хувийн хөрөнгө оруулалтын асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж ойрын хугацаанд шийдвэрлүүлэх үүргийг компанийн удирдлагад өгөөд байна. Түүнчлэн Японы талаас өгсөн Зээлийн гэрээний төслийг судлаж саналаа бэлтгэж байгаа бөгөөд  Японы Олон улсын Хамтын ажиллагааны банкнаас болон Сумитомо Мицүи банкнаас авах зээлийн баталгааг Засгийн газрын өмнөөс Монгол Улсын Сангийн яам гаргахаар болсон аж. Жилд  1 их наяд гаруй нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 470 тэрбум  төгрөгийн орлого оруулж ДНБ-ий өндөр өсөлтийг хангахад дорвитой   хувь нэмэр орууллах эдийн засгийн томоохон ач холбогдолтой  тус үйлдвэр 4.5-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх ашигтай ажиллах тооцоо судалгааг төслийнхөн  гаргаад байгаа аж.

Мэдээж тооцоо судалгааны хувьд асуудалгүй байж байж л компанийг байгуулах шийдвэр гарсан нь тодорхой. Харин үйлдвэр байгуулагдсан хойно түүхий эдийн асуудал нь гацаа үүсгээд байвал таагүй явдал тэр болох билээ. Тэгэхээр эхлэхээсээ өмнө тос авах сувагаа тодорхой болгох шаардлага л байна даа.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top