Манай улсын эдийн засгийн бодит өсөлт өнгөрсөн онд 12.3 хувьтай гарсан хэдий ч, улсын төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч өссөний дотор нийгмийн хавтгайрсан халамжид 1 их наяд төгрөгийг зарцуулжээ. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 65 хувийг төгрөгийн ба гадаад валютын хадгаламж эзэлдэг ч, банкны системийн хадгаламжийн дундаж хугацаа ердөө 3 сар, нийт зээлийн 17 хувийг иргэдийн хэрэглээний зээл эзэлж, энэхүү хувь хэмжээ нь өнгөрсөн 3 жилд 3 дахин өссөн байна. Ийм нөхцөлд халамжийн зардлыг 2012 оны эхний хагаст огцом нэмэгдүүлж, хэрэглээг ирээдүйн экспортын орлогыг барьцаалсан гадаад худалдааны зээлээр голчлон санхүүжүүлсэн нь макро эдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлж, нийт эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэдгийг албаныхан баталжээ.
2012 онд гадаад худалдааны нөхцөл 18 хувиар муудсан нь экспортын орлого 9 хувиар буурах, импорт 2 хувиар өсөхөд нөлөөлж, улмаар гадаад худалдааны алдагдал 2.3 тэрбум ам.долларт хүрч 40 хувиар өсөх, макро эдийн засгийн суурь үзүүлэлт болох урсгал тэнцлийн алдагдал 3.3 тэрбум ам.доллар болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 32 хувьтай тэнцэх хэмжээнд хүрэхэд нөлөөлжээ. Гэтэл урсгал тэнцэл, гадаад худалдааны алдагдлыг санхүүжүүлж байсан эх үүсвэр болох хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг, тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалт 800 орчим сая ам.доллараар буюу 17 хувиар огцом буурсан нь төлбөрийн тэнцэл, валютын хямралын эрсдлийг өдөөж, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байсан юм. Үүнтэй уялдан эдийн засаг дахь нийт мөнгөний нийлүүлэлтийн өсөлт саарч, эдийн засгийн идэвхжил удааширсны зэрэгцээ бодит эдийн засгийн өсөлт сүүлийн 6 улирал дараалан буурсан байна.
Гадаад секторын эрсдэл эрс өссөн, макро эдийн засгийн орчин муудсан, эдийн засгийн бодит өсөлт удааширсан үед Монголбанк болзошгүй хямралаас урьдчилан сэргийлсэн, эдийн засгийн мөчлөгийг сөрсөн, санхүүгийн болон макро тогтвортой байдлыг хангасан бодлого хэрэгжүүлж, Засгийн газартай хамтран шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлсний үр дүнд 2013 оны макро эдийн засгийн харьцангуй тогтвортой суурийг бүрдүүлээд байгаа аж.
Макро тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, дундаж давхаргыг дэмжих, бодит эдийн засгийн удаашрал, уналтыг сөрсөн, эдийн засгийн идэвхжилийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхийн тулд инфляцийг нэн даруй бууруулж, нам түвшинд нь тогтвортой байлгах шаардлагатай бөгөөд инфляцийг зорилтот түвшинд нь хүртэл бууруулах, улмаар тогтвортой байлгах зорилтын хүрээнд зах зээл дэх гажуудлыг арилгах, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах зорилготой “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд инфляци сүүлийн 6 сарын хугацаанд 5.2 хувь болж, өнгөрсөн оны мөн үеэс 6.4 нэгж хувиар буурчээ. Өнгөрсөн оны эхний улиралд инфляци 7.5 хувьд хүрч огцом өсөөд байсан бол энэ оны мөн үед 3.6 хувь болж 2.1 дахин буурсанаж. Жилийн инфляци 2012 оны эцэст 14.0 хувь байсан бол гурван сарын дотор 9.8 хувь болж нэг оронтой тоонд орлоо. Мөн суурь инфляцид ч буурах хандлага гарч, 2013 оны 2 дугаар сард 8.7 хувь болсон байна.
Инфляцийг ийнхүү бууруулсан, эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт багассан, инфляцийн хандлага зорилтот түвшинтэй нийцтэй байсан нь мөнгөний бодлого, түүний арга хэрэгслээр бодит эдийн засгийн идэвхжилийг дэмжих боломжийг бүрдүүллээ. Иймд, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл оны эхнээс бодлогын хүүг 2 удаа, нийтдээ 1.75 нэгж хувиар бууруулан 11.5 хувьд хүргээд байна.
Мөн хүүний корридор нэвтрүүлж, банк хоорондын захын дундаж хүүг мөнгөний бодлогын хүүний ойролцоо хэлбэлзэх, банк хоорондын зах илүү үр ашигтай ажиллах, улмаар эдийн засгийн идэвхжилд эерэгээр нөлөөлөх нөхцлийг бий болгов. Ингэснээр банкуудын Монголбанкнаас авах санхүүжилтийн хүү 17.5 хувиас 12.0 хувь болж буурсан бөгөөд энэ нь цаашид зээлийн хүүг бууруулахад ч эерэгээр нөлөөлөх юм. Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, эдийн засагт орж ирсэн валютын хэмжээ цэвэр дүнгээр 48 хувиар буурсан үед Засгийн газраас олон улсын зах зээлд үнэт цаас арилжаалан эх үүсвэр бүрдүүлж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэв. Энэ нь 2012 онд төлбөрийн тэнцэл, валютын ханшийн хямралын эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чухлаар нөлөөлсөн юм.
Монголбанк Засгийн газартай байгуулсан “Санхүүгийн зуучлалын гэрээ”-ний хүрээнд зээл өсдөг улирлыг угтан банкуудад 850 тэрбум төгрөгийг 7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар байршуулаад байна. “Санхүүгийн зуучлалын гэрээ” болон “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийтдээ 1.1 их наяд төгрөгийг эдийн засагт нийлүүлж, эдийн засгийн удаашралын мөчлөгийг сөрсөн, бодит секторыг дэмжсэн, зээл, хөрөнгө оруулалтыг урамшуулахад чиглэсэн, илүү урагш харсан, эрсдлээс урьдчилан сэргийлсэн бодлогыг хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )