Төв банк мөнгөний хатуу бодлогыг барьж, бодлогын хүүгээ нэмэгдүүлж ирсэн цөвүүн цаг ард үлдэж, зөөлөн тийш замнаж байна уу гэж харахаар шийдвэрийг Монголбанк гаргаад байгаа. Хэдийгээр гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал давамгайлж байгаа ч, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл улсын төсвийн инфляцид үзүүлэх дарамт бага, улмаар эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасч, жилийн инфляци ирэх саруудад хүрэх гээд зориод байгаа хэмжээтэй нийцтэй байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжийг бүрдүүлж байна гэж үзээд 1.0 нэгж хувиар танаж, 11.5 хувь дээр барьж байна. Иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлдэг инфляцийн өсөлтийг хазаарлахын тулд арилжааны банкуудын хадгаламжийн хүү, зээлийн хүүнд өөрчлөлтийг дагуулдаг Бодлогын хүүг өсгөж хөдөлгөсөн шийдвэр арваннэгэн онд хэд хэдэн удаа гарч байсан. Тэгэхэд Бодлогын хүүгийн өсөлтийн шалтгаануудыг харахад гадны гэхээсээ илүүтэй дотоод эдийн засгийн байдал дотоодын улстөрчдийн шууд шийдвэр инфляцийн өсөлтөд аюул заналхийлж байгаатай холбон тайлбарлагддаг байсан.
Тэгвэл Төв банк энэ удаа бодлогын хүүг бууруулах болсон гол тулгуур хүчин зүйлээ тайлбарлахдаа улстөрөөс угшилтай дарамт багассан гэдгийг тодотгожээ. Уг нь бол энэ оны төсөв үзэглэгдсэнтэй зэрэгцээд дахиад л данхар төсөв батлачихлаа гэх шүүмжүүд дагасан. Харин төв банкны байр суриас харахад тийм биш бололтой. Ямар ч байсан төсвийн инфляцид үзүүлэх дарамтыг бага гэж үзэж буй тэд банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг Бодлогын хүүг хөдөлгөн инфляцийн эсрэг авах арга хэмжээндээ зогсолт хийж байна гэж харахад болохоор байна. Эргэн санахад өмнөх Засгийн газар 2011-2013 он хүртэл “Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж инфляцийн түвшинг 2011 онд нэг оронтой тоонд, 2012 онд 8 хувь, 2013 онд 5 хувьд хүргэнэ гэсэн тааламжтай зүйлсийг ярьдаг байж билээ. Гэсэн ч яг тийм зүйлийг ярьж байхдаа төсвийн бодлогоо хамжааргагүй тэлж, иргэдээ хэт “халамжилсан” нь эргээд тэднийгээ зүдрээх гол шалтгаан болсон байгаа.
За харин энэ он гарсаар инфляцийн мэдээллийг харвал инфляцийн өсөлт хадгалагдсан хэвээрээ байгаа юм. Засгийн газар, Төв банк хамтран үнэ тогтворжуулах чиглэлээр хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа мэдээллийг бид байнга авч байгаа. Гэхдээ үр дүн нь иргэд халаасаа тэмтэрч байгаа эсэхээр л тодорхойлогдох учиртай. Ямар ч байсан Төв банк болоод Засгийн зүгээс бол төсөв, мөнгөний бодлогын уялдаагаа өмнөхөөс хавьгүй илүү байгаа гэж харж байгаа нь ойлгомжтой юм. Тэрчлэн Монголбанкны Ерөнхийлөгч асан Д.Моломжамц эрхмийн мөнгөний бодлогын талаарх хэвлэлд байр сууриа илэрхийлснийг ишлэхэд: Энэ онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд «…макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлнэ» гэж заасан нь улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар тавигдаж байгаа шинэ зорилтуудтай нийцсэн байна гэж би хувьдаа үзэж байгаа. Мөнгөний бодлогыг макро эдийн засгийн бусад зорилтуудтай нягт уялдуулж чадвал түүнд тусгасан зорилтуудыг биелүүлэх боломж улам нэмэгдэнэ. Энэ оны эхний саруудын мөнгөний тойм, эдийн засгийн бусад үзүүлэлтүүдээс харахад мөнгөний бодлого зөв гольдролдоо орсон гэж хэлж болохоор байна.” гэсэн байгаа юм.
Ерөнхийдөө манай нөхдүүд эдийн засгийн одоогийн нөхцөл байдалдаа гайгүй сайн дүн тавих янзтай байна. Тэгвэл эдийн засгийн тогтвортой байдлын хэтэд анхаарсан шиг анхааръя гэвэл өөр бусад асуудлуудыг ч ярих, шийдэх ёстой гэдгийг судалгаа харуулж байгаа юм.
Сангийн яам, Дэлхийн банк, Олон салбарыг хамарсан техник туслалцааны төслөөс манай улсад ойрын хугацаанд учирч болзошгүй макро эдийн засгийн эрсдэлүүдийн талаар хийсэн судалгаанд анхаарал хандуулъя. Тэрдундаа Институцийн доройтлын талаар авч үзсэн нь анхаарал татаж байна.
Ер нь бол макро эдийн засгийн ямар бодлого хэрэгжихийг шийдвэрлэхийн тулд макро эдийн засагт ямар эрсдлүүд байгааг ойлгохын тулд институцийн өнөөгийн байдлыг ойлгох ёстой аж. Байгалийн баялгийн арвин нөөцтэй улсууд авлига өндөртэй байхаас эхлээд дотоод улс төрийн тогтворгүй байдалтай байх нь элбэг. Тэрчлэн энэ асуудал өнөөдөр Монголын хувьд ч маш чухал болоод байгаа бөгөөд засаглалын сул талууд өмнөх үеэсээ илүү тод харагдах болж авилга, орлогын тэгш бус байдал нэмэгдэх хандлагатай байгаа нь үнэн.
Монгол улс дэлхийд тэргүүлэх хэмжээний ашигт малтмалын ордууд нээгдэж түүн дээр тулгуурласан эдийн засагтай болсон. Энэ нь өөрөө асар их хэмжээний улс төрийн эрсдэлийг дагуулж байдаг бөгөөд Монгол улс нөөцийн рентийн хяналтын төлөөх сонирхлын бүлгүүдийн тулааны талбар болон хувирч магадгүй юм гэсэн дүгнэлтийг арваад жилийн өмнө Fish-ийн судалгаа харуулж байсан байдаг. Өдгөө нөхцөл байдлаа харахаар хэдийнээ тэр хэмжээнд хүрсэн байж ч мэдэхээр билээ.
Ер нь тэгээд институцийн чанар нөөцийн хараалаас зайлсхийх гол хүчин зүйл гэдгийг бусад улсуудын туршлага харуулдаг. Харамсалтай нь Монголын хувьд маш чухал институцийн чанарын илэрхийлэл болох авилгалаас ангид байх болон өмчийн эрхийн хамгаалалт гэсэн үзүүлэлтүүд сүүлийн үед доройтох болсон талаар ч өгүүлжээ. Тэгэхээр манай улсад авлигын цар хүрээ хумигдахгүй байгаа төдийгүй, төрийн байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн хэмжээгээр бугшсаар байгааг авлигын индексийн судалгаанаас харж болно гэдгийг энд тодотгоё. Манай улс авлигаас ангид байдал гэдэг үзүүлэлтээр 2002 онд дунджаас арай дээгүүр буюу эхний 57 хувьд байдаг байсан бол 2012 онд хамгийн бага 30 хувьд орсон бөгөөд өөр ямар ч улсын энэ үзүүлэлт ийм хэмжээгээр буурч байгаагүй байх юм. 1996 онд харьцангуй чөлөөт хууль, зохицуулалтуудынхаа ачаар Монгол улс Испани, Ирланд, Чили зэрэг улсуудтай авилгын хяналтаар эн тэнцүү зэрэглэлд, харин өмчийн эрх хамгаалагдсан байдлаараа Швейцарь, Франц, Швед зэрэг улсуудтай ижил хэмээгддэг байв. Түүнээс хойш эдгээр авлигын хяналт асар хурдан алдагдсан цөөн хэдэн улсуудын нэг болсон байгаа юм. Өмчийн эрхийн хамгаалалт суларсан үзүүлэлтээр өмнөх байсан түвшингээсээ хамгийн их доройтсон улсад Белизийн дараа Монгол Улс орж байх юм.
Мөн институцийн чанарын илэрхийлэлтэй зайлшгүй холбогдох нэг зүйл буюу өөрчлөлт нь сонгуулийн тогтолцоо мажоритар системээс холимог системд шилжсэн явдал гэсэн байгаа юм. Институцийн чадавхи болон сонгуулийн дүрмийн талаар эмпирик судалгаанууд хангалттай хийгдсэн бөгөөд жишээ нь Эдийн засгийн хөгжлийн сэтгүүлд нийтлэгдсэн Anderson J.J, Aslaken S нарын “Институци ба баялгийн хараал” гэх нийтлэлд байгалийн арвин их баялагтай улсуудын сонгуулийн тогтолцоо нь мажоритар биш пропорциналь байгаа үедээ эдийн засгийн урт хугацааны өсөлтөд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг гэжээ. Түүнчлэн Британий Улстөрийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн Kunikova, Rose-Ackerman нарын нийтлэлд өгүүлснээр пропорциональ болон холимог сонгуулийн систем авилга архагших болон рентийн төлөөх тэмцлийг бий болгодог болохыг нотолсон байдаг гэжээ.
Тэгэхээр макро эдийн засгийн аюулгүй байдлаас сэргийлэхийн тулд ярих ёстой зүйл нь зөвхөн төсөв, мөнгөний бодлого бус гэдэг нь эндээс харагдаж байгааг онцлох байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 2 )
Наймаа худалдаа эрхэлдэг иргэд байгууллага зах зээлийн мэдлэг судалгаа тооцоогүйгээр бараа эд зүйл импортоор оруулж ирчихээд тэгээд нөгөөх нь зарагдахгүй болмогц зээлээ төлж чадахаа байлаа гээд засгийн газрыг буруутгаад унадаг зан бас л их гай болж байдаг ш дээ
Áîëîðõàæèäàà ÷è íààä ñýäâýý ººðºº îéëãîæ áàéíà óó?