Хаягдсан нийгэм буюу харааны бэрхшээлтэй хүүхдүүд

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд бусдын л адил сурч, боловсорч байгаа ч тэдний танин мэдэхүйн төсөөллийг хөгжүүлэх орчин тусгаарлагдмал байна.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль д жил бүр 8-10 хүүхэд элсэж мөн өдий тооны хүүхэд төгсдөг байна. Одоогоор нийт 80-аад сурагч, 10 гаруй багштайгаар хичээллэж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль тэдний хичээлийн хэрэгслэл тусгайлан зориулагдсан байдгаараа онцлогтой байдаг.

Гэвч цөөхөн хүүхэдтэй манай ганц сургуульд товгор үсгээр хэвлэсэн ном, төсөөллийг хөгжүүлэх тэмтэрч мэдрэх тоглоом, дүрс зэрэг чухал хэрэгсэл дэнлүү хомс байна. Тус сургуулийн ганц согог зүйч Д.Хорлоо багшийн ОХУ-д сурч байхдаа авч ирсэн амьтдын хэдхэн товгор зураг нь  өдгөө 30-аад жил тэмтрүүлсээр элэгдэж, цоорсон байсан юм.

Хүүхдүүд тэмтэрч мэдрэх маш их сонирхолтой юм билээ. Гэтэл энд багшийн урласан эсгий гэр, чоно үнэг гэх мэт цөөхөн хэдэн үзүүлэн, зарим эцэг эхчүүдийн гэрээсээ авч, ирж өгсөн шаазан сувинерээс өөр олигтой тоглоом ч байсангүй.

Төрөлхийн хараагүй хүүхэд тоглоомноос дүрс, хэлбэр, шинж, арзгар, барзгар, гөлгөр, үслэг гээд цаашлаад хүрээлэн буй орчныг танин мэдэхэд нь чухал ач холбогдолтой байдаг. Гадны улс орнуудад харааны бэрхшээлтэй хүүхдийг тусгай цэцэрлэг, сургуульд, тусгай мэргэжлийн багш нараар дамжуулан хүрээлэн буй орчны талаар төсөөлөл олгоход маш их анхаардаг байна.

Тэмтэрч  мэдэрдэг зурагтай үлгэрийн ном, байгалийн бүхий л юмс үзэгдлийн талаар төсөөлөл олгох гарт мэдрэгдэх товгор болон жижигрүүлсэн загвар байдаг юм билээ. Зөвхөн  цэцэрлэгт нь гэхэд л байгалийн жижигрүүлсэн загвар бүхий анги  танхим байх бөгөөд уул ус, мод, гол горхи, далай гэх мэтийг бодитоор хийж, усны хоржигнох чимээ, далайн давалгаа, төрөл бүрийн шувууд, ан амьтадын жижиг чихмэлийг тэмтрүүлж, дуу авиагаар нь сонсгож, амьд байгалийг тэмтрүүлэн мэдрүүлж, төсөөлөхөд нь тус болдог байна.

Мөн үгийн урлгаар юмс үзэгдлийг маш дэлгэрэнгүй ойлгомжтойгоор тайлбарласан хүүхэлдэйн кино, сонсдог ном, товгор үсгээр гаргасан дэлхийн сонгодог зохиолуудтай тусгай номын сан байх жишээтэй. Гэтэл манайд хүүхдийн тоо цөөн учраас тусгай цэцэрлэг битгий хэл зарим энгийн цэцэрлэг ч авдаггүй гэсэн. Хүүхдээ энгийн цэцэрлэгт арай ядан гуйж байж оруулахаар багшийн хараа хяналт дутаж, хүүхдүүд шоглоод хэцүү байдаг учир долоон нас хүртэлээ гэрийн асаргаанд байж байгаад тус сургуульд ирдэг байна.

Гадаад орчноос тусгаарлагдсан эдгээр хүүхдүүд дотуур байрнаасаа хичээлийн танхим хүртэл хана тэмтэрхээс өөр зүйлгүй. Зуны амралтаараа зусланд амарч, байгалийн талаар төсөөлөл мэдлэг олж, авч чаддаггүй байна. Мөн багшийнхаа яриагаар л хичээлийг ойлгон тогтоож байгаа нь нэг л сонин.

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй айлын санхүүгийн байдал тэр чигтээ уналтанд ордог шүү дээ. Байнгын асарч сувилахын тулд эцэг эхийн хэн нэг нь ажилгүй суухаас өөр аргагүй. Тэгээд л багад нь эмчилж, хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө дутагдах гэх мэт асуудал их байдаг. 

Наанадаж л амьдралын боломж тааруухан байдгаас эцэг эх нь хүүхэддээ янз бүрийн тоглоом авч өгөөд байж чадахгүй. Жирийн хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын хангамж муу байгаа тухай эцэг эхчүүд байнга шүүмжилдэг. Гэтэл энд хараагүй хүүхдүүдэд зориулсан юу байгаа юм бэ?

Улсдаа ганцхан байгаа сургуулийн 80 орчим хүүхэд, тэр тусмаа бага ангийн 30 хүрэхгүй бяцхан хүүхдүүдэд нэг л өрөөг танин мэдэхэд нь зориулан тохижуулж чадахгүй байхад зуу зуун хүүхдийн тоглоомыг хангаж чадахгүй нь ойлгомжтой. Хараагүй хүүхэд ч бусдын  адил тоглох эрхтэй биш гэж үү? Сонсголоороо л амьдралыг туулж, яваа харааны бэрхшээлтэй иргэдээ харанхуй ертөнцтэй

эвлэрхээс өөр аргагүй гээд зөнд нь орхиж болохгүй юм. Тэдний оронд өөрсдийгөө тавиад хэсэгхэн зуур нүдээ аниад үзээрэй. Юуны түрүүнд яаж, хэрхэн юм хийж, явах тухай л бодогдохоос бүх зүйлийг төсөөлж, нүдээ анисан ч дотроо харж чадаж байгаа биздээ. Гэтэл төрөлхийн хараагүй хүн бүгдийг мэдэж, ойлгож, байгаа ч огт төсөөлөлгүй байна гэдэг ямар хүнд байх нь ойлгомжтой. Зааны зөвхөн сүүлийг нь тэмтэрч үзсэн хараагүй хүн “ заан яг л нарийхан олс шиг амьтан юм байна шүү дээ” гэснийг бид онигоо болгоод л ярьж, инээцгээдэг. Үнэндээ бол аливааг гүйцэт таниагүй байж мэдэмхийр ч болохгүйг сургасан үлгэр аж.

Харааны бэрхшээлтэй хүнд заан гэж ямар амьтан болохыг төсөөлүүлэхийн тулд жижиг тоглоомон зааныг тэмтрүүлж, үгээр маш дэлгэрэнгүй тайлбайрлаж, асар том гэдгийг нь  ойлгуулж байж л сая зааны тухай төсөөллийг олж авах боломжтойг судлаачид тогтоосон байдаг. Иймээс л төсөөллийг багад нь хөгжүүлэхэд тоглоом маш чухал үүрэгтэй юм. Бид харааны бэрхшээлтэй иргэдийг энгийн зүйлийг сурч, нийгэмд зөвхөн өөрөө өөрийгөө авч явах хэмжээнд юум сурвал боллоо гэж үздэг. 1970-1980 аад оны үед харааны бэрхшээлтэй иргэдийг улсаас маш их анхаарч ОХУ-д хөгжим болон бусад мэргэжлээр сургаж байсан нь өнөөдөр тэдгээр иргэд хэнээс ч дутахааргүй нэг нэгэндээ зааж, сурган амьдралаа аваад явж байгааг бид бүхэн мэднэ.

Гэтэл өнөөдөр хэдхэн хүүхдүүдэд төсөөлөл олгох тоглоом байхгүй байгааг хэтэрхий ядуу хоцрогдсоных гэхүү? Тус сургуулийг Жилд дунджаар наймаас арван хүүхэд төгсдөг байна. 10 жилийн дараа 80 харааны бэрхшээлтэй иргэн нэмэгдэнэ гээд тооцоод байвал тийм ч бага тоо биш юм. Цөөхөн хэдхэн хүүхдэд төсөөлөл олгох дэлхийн жишгээр тохижуулсан ганц цэцэрлэг байгуулж чадахгүй байгаа улсаа чамлаад ч яалтай билээ. Тус сургуулийн багш нараас энэ тухай асуухад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдүүд маань сонсгол хэл ярианы бэрхшээртэй хүүхдүүдтэй нэг дор 45 жилийн турш хичээллэдэг байсан.

Таван жилийн өмнө хүүхдүүдийн санал гомдол, хэсэг багш нарын тэмцлээр  ад шоо үзэгдэн хүүхдүүдийг турхирсан хэмээн цалингаа хасуулан байж 116-р сургуулийг тусад нь салгаж өгснийг их юм” хэмээн ярьцгааж байсан. Хуучин хичээлийн байрыг нь тусгаарласнаас биш яг харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шинэ сургууль бариад өгчихөөгүй аж.

Хараагүй байтугай хараатай хүн ч бүдэр ч ойчмоор догол бүхий нарийн хавчиг хаалга, мөргөж бэртмээр багана гээд л шүүмжлэх зүйл ч их байсан. Гэсэн ч багш нар нь сургуулиа тусгаарласандаа их баярлаж, цаашдаа улам хөгжүүлэх  тал дээр нь БШУЯ анхаарах байх гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан. Харин  авъяасыг нь хөгжүүлэх тал дээр тус сургууль маш сайн ажилладаг юм билээ. Хөгжмийн дугуйланд хүүхэд тус бүр төгөлдөр хуур дарж сурахад зориулсан жижиг хөгжим дээр мэргэжлийн багшаар хичээл заалгаж байсан юм. 

Авъяаслаг сурагчдийн урлагийн тайлан тоглолт, янз бүрийн уралдаан тэмцээнд амжилттай оролцдог учраас БШУЯ-аас энэ тал дээр нь анхаар ч байгаа гэсэн юм. Мөн энэ жилийн ЕШ-ийг харааны бэрхшээлтэй сурагчдийг сургуулиас нь очиж авахаар болсонд талархаж байлаа. Энэ жилийн 11-р ангийг найман хүүхэд төгсөх юм байна.

Сул хараатай болон хараагүй эдгээр хүүхдүүд хөгжим, компьютер технологи, бариа засал, талх нарийн боов, нийгмийн ажилтан зэрэг мэргэжил эзэмших сонирхолтой байгаа аж. Энэ талын боловсролын байгууллага хүүхдүүдийг маань харж үзэж сургаасай гэж ярьж байсан. Өмнөх жилүүдэд сэргээн засах эмнэлгээс  бариа заслын мэргэжлийн сургалтанд нэлээд хэдэн хүүхдийг сургаж одоо ажлын байраар хангасан аж.

Энэ мэт нийгэмд өөрийгөө авч явахаас гадна ажиллаж, бүтээж, амьдрахын төлөө тэмцэж яваа харааны бэрхшээлтэй иргэдээ анхаар ч, харааны бэрхшээлтэй хүүхдээ бага насанд нь өшөө илүү танин мэдүүлэх, төсөөлөл олгох тал дээр нь анхаарахад эцэг эх болон нийгмийн оролцоо тус дэм их байгааг хэлж байсан юм.                                  

Т.Дуламжав

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш (103.212.117.139) 2025 оны 03 сарын 13

Хараагүй хүүхдүүд манай ангид орж ирээд тэмтэрч үзэх тоглоом хэрэгсэл тодорхой хэмжээнд байдаг байсан. Одоо том болсон, төгссөн хүүхдүүд танай ангид ороод таны шүүгээгээнд байдаг тоглоомоор мөн ч их тоглодог байсан гэж ярьдаг юм. Би өөрийнхөө мөнгөөр ч тоглоом авч, хүүхдүүдэд тэмтрүүлж мэдрүүлэх гэж зорьдог байсан. насаараа хараагүй хүүхэдтэй ажилласан багшийг ингэж бичиж болохгүй байх. юу мэдэж ингэж бичиж байгаа юм бэ? Харин ч хараагүй хүүхдүүдэд тэмтрэхүй гэж ямар чухал болохыг ойлгохын дээдээр ойлгоно. хуучирсан ганц нэг зүйл байсан. мэдээж хуучирна гэдэг хүүхэд хэрэглэж байсны баталгаа.

1  |  0
Zochin(202.9.42.185) 2025 оны 03 сарын 13

Buun zahialgat commentuud.

1  |  0
Зочиэ(103.26.195.97) 2025 оны 03 сарын 13

Шинэ захиралтай болсноос хойш шал дордсон шүү энэ сургууль. АН-хан чадвартай хүмүүсээ чадваргүй хүиүүсээр солихоо болиочээ. Энэ сургуулийн захирлыг солимоор бнаа

1  |  0
зочин(103.26.193.18) 2025 оны 03 сарын 13

Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль 2007 оноос хойш маш эрчимтэй хөгжсөн тусгай хэрэглэгдэхүүн ч хүрэлцээтэй хичээлийн болондотуур байр ч тохтдог сайхан болсон шүү энэ Энхтуяа захирлын ач гэж боддог

1  |  0
Top