Хөгжлийн банк хэрээсээ хэтэрсэн мөрөөдөлтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

Хөгжлийн банк анх удаа Засгийн газрын баталгаатайгаар, Монгол Улсыг дэлхийн зах зээлд төлөөлөх үнэт цаасыг Сингапурын бирж дээр гаргаж байх үед үйл ажиллагаанд нь амжилт хүсэхийн зэрэгцээ Улсын өрийн хэмжээг өсгөх эрх Хөгжлийн банкинд хуулийн дагуу бүрэн байгаа талаар бичиж байв. Учир нь  Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг сэлтийг Улсын өр гэж авч үзнэ гэдгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар баталгаажуулчихсан байгаа. Тэгвэл өдгөө Засгийн газрын тогтоолоор баталсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн нийт үнийн дүн 2.75 их наяд төгрөгт хүрээд байгаа нь Хөгжлийн банкны одоогийн хөрөнгөөс давчихаад байгаа бөгөөд цаашид нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлагыг бий болгож байгааг засгийн эрхмүүд хүлээн “зөвшөөрч” байна. Хөгжлийн банкинд шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлнэ гэдэг нь Засгийн газрын болзошгүй өр, төлбөр тэр хэмжээгээр нэмэгдэнэ  гэсэн үг юм. Хэдийгээр улсын, засгийн өр гэдэг нь  иргэдийн хоорон дахь хэдэн төгрөгний өгөө аваатай адилтгах зүйл бус ч,  өр ширийн хэмжээнд хувь хэмжээ гэж барих ёстой. Улсын өр  40 хувиас хэтрээд ирвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх талаас нь ярих ёстой гэдэг нь олон улс даяарх хандлага юм.

Ер нь тэгээд манайханд төлөх ёстой өр гэж жигтэйхэн бий. Тухайлбал, арванхоёр онд Хөгжлийн банкны олон улсын зах зээлд нээлттэй хэлбэрээр арилжаалсан 580.0 сая ам.доллар бүхий өрийн бичигт Засгийн газраас баталгаа гаргасан. Жилийн 5.75%-ийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатай гаргасан уг бондын хүүгийн эргэн төлөлтөнд Хөгжлийн банк жилд 33.35 сая ам долларыг төлж байгаа бөгөөд үндсэн өрийн эргэн төлөлт 2017 онд хийгдэнэ. Энэ бондын үндсэн өр болон хүүгийн эргэн төлөлттэй холбоотойгоор үлдсэн хугацаанд Хөгжлийн банкны төлөх 730.1 сая ам.доллар нь Засгийн газрын баталгааны хүрээнд болзошгүй өр гэж тооцогдож байгаа юм.

Мөн эхэнд өгүүлсэнчлэн Хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зээлдүүлсэн 200.0 сая ам.долларын зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсний нэмэгдэл төлбөрт Засгийн газраас баталгаа гаргаад байгаа. Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор баталсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн нийт үнийн дүн 2.75 их наяд төгрөг болчихоод байж байна. Мэдээж зөв хөрөнгө оруулалт болж очиж байгаа бол болж байна л даа. Гэтэл манай тухайд хөрөнгө оруулалт байгаа олж очиж байгаа эсэх дээр эргэлзэхүйц мэдээлэл олонтаа билээ.

Ямартаа л Чингис бондын тэрбум таван сая ам.доллартай холбоотой асуудал ид яригдаж байна. Олон улсын зах зээл дээр гаргаж арилжаалаад байгаа Засгийн газрын бонд гээд байгаа “цаас” чинь эцсийн бүлэгт өр гэдгийг ач холбогдол өгч ярихаас өөр аргагүй юм. Төрийн сангийн дансанд орж ирээд дөрвөн сарыг элээчихээд байгаа 1,5 тэрбум доллараар өртөг зардлаа хурдан хугацаанд эргүүлэн нөхөх чадамжтай төслүүдийг л хөдөлгөе гэж хэлэх талууд олон байгаа юм. Харин салбарын сайдын хэлж буйгаар энэ мөнгийг бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтуудад зориулахаар болж буй бөгөөд макро эдийн засгийн тогтворжилтыг хангах зорилгоор ашиглаж байгаа гэсэн. Ерөнхийдөө ам хаасан зүйлийг яриад л байгаа. Чингис бондын хүүгийн төлбөрт эхний 5 жилд хагас жил тутамд 50,0 гаруй тэрбум, сүүлийн 5 жилд хагас жил тутамд 36 орчим тэрбум төгрөг төлөх ба 5 жилийн дараа 500,0 саяа, 10 жилийн дараа 1,0 тэрбум ам.доллараа төлөх ёстой юм. Тэгэхээр энэ өрийг тулахын тулд үнэндээ 10 жилийн хугацаанд хэрэндээ л чардайж таарна.

 Ер нь бол Монгол Улсын өрийн дээд хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гээд заачихсан.  Манайхтай ойролцоо эдийн засагтай улс орнуудтай харьцуулахад  40 хувь гэдэг боломжийн үзүүлэлт гэж салбарын яамны эрхмүүд хэлдэг байсан. Энэ онд  өрийн хэмжээ  өсч 50-60 хувьд хүрлээ гэхэд, 40-өөс илүү гарч нэмэгдэж байгаа хэсэг нь зөвхөн Хөгжлийн банкинд гаргах Засгийн газрын баталгаа байж болно гэж байсан. Тэгвэл УИХ зөвшөөрсний дагуу Засгийн газар өрийн бичиг гаргаж 1.5 тэрбум  ам.доллар босгосонтой холбоотойгоор манайхны өр ширийн хувь хэмжээ бүр нэмэгдчихээд байгаа нь тодорхой. Мэдээж өр тавьж болно л доо. Гол нь эргээд тэрэндээ эзэн байж чадах эсэх нь л чухал...

Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top