\эхний хэсэг\
Америкт суралцаж байгаа монгол оюутнууд, ийм нэртэй илтгэлийн уралдаан зохион байгуулдаг болсоор 3 дахь жилийн нүүрийг үзэж байна. Гурван жилийн өмнө Лос-Анжелос хотын Монгол Оюутны Холбооноос санаачлан анх эхлүүлж байсан бол, өнгөрсөн жил Сан-Франциско хот дахь Монгол Оюутны Холбоо буухиалж, энэ жил Чикаго хот дахь Монгол Оюутны Холбоо үргэлжлүүллээ. Ямар нэгэн сайн санаачлагыг чин сэтгэлээсээ дэмжин үргэлжлүүлж байвал аажим аажимдаа туршлагажин сайжирч, өөрийн гэсэн өнгө аяс, зарчимтай болж үр дүнд хүрч эхэлдгийг энэ жилийн арга хэмжээнд оролцохдоо анзаарч суув.
Америкийн ахлах болон коллеж, их дээд сургуулиудад суралцаж байгаа монгол оюутнууд эрдэм мэдлэгийн шимийг хүртэж, дэлхийн хэмжээний сэтгэлгээнд суралцаж байхдаа, эх болсон Монгол орныхоо хөгжил дэвшлийг анхааралтай ажиглаж, олон зүйлтэй харьцуулан дүгнэж өөрийн санаа бодлоо илэрхийлэн бусад олонтой хуваалцаж байгаа нэг хэлбэр нь "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА" нэртэй энэ арга хэмжээ юм. Энэ бол эрдэм шинжилгээний хурал биш, судлагдахуун дээр тулгуурласан эрдмийн бүтээл биш, зүгээр л тэдний сэтгэлд эргэлдэж байгаа зовинол юм. Гэхдээ тэд өөрсдийн суралцаж, мэдлэгжиж, дадлагажиж байгаа чадвар дээрээ түшиглэж "үгээ хэлж" байгаа болохоор "дэмий хоосон мөрөөдөл" бол огт биш.
Би жил болгон энэ арга хэмжээнд оролцож байхдаа тэднээр бахархдаг. Бидний хуучирч үжигэрсэн, хайрцаглагдсан, албархуу, ёсорхуу сэтгэлгээнээс шал өөр мэдрэмжээр, тэд өөрсдийн санаа бодлоо илэрхийлдэг юм. Энгийн хүүрнэлтэй хэрнээ харьцуулалт сайтай өгүүлэмж дээр тэдний "эх оронч" сэтгэлгээ нэмэгдэхээр бүх зүйл нь маш амттай, цогц байдлаар ойлгогддог. Эрдэм мэдлэгтэй, эх оронч сэтгэлтэй тэр залуусыг харахдаа, "Монгол орон минь хэзээ ч мөхөхгүй, улам дэгжин хөгжих юм" гэдэг итгэл сэтгэлд минь асна. Яагаад гэвэл, тэдний өөрсдийн оюуны баялгаа гагцхүү Монгол орныхоо хөгжилд зориулах гэсэн хүсэл тэмүүлэл, чин зорилгод хэн ч саад болж чадахгүй. Тэд дэлхийн хэмжээнд "нүд, сэтгэлгээгээ нээж байгаа" Монголын шинэ үеийнхэн. Тэд олуулаа болж хүчирхэгжихийн хэрээр ирээдүйгээ итгэл төгс харж байна. Тийм болохоор тэд жил бүр Америк орноос Монгол эх орон руугаа хандаж "НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА" гэж заавал хэлдэг.
2013 оны 3 сарын 30 ны өдөр Чикаго хотод болж өнгөрсөн уламжлалт 3 дахь удаагийн арга хэмжээнд нийт 10 илтгэл хэлэлцэгдлээ. Илтгэл бүрийн товч агуулгыг сонирхуулбал:
1. Ч.ӨНӨБОЛД \Illinois Institute of Technologi. Chicago, IL\ "МАНАЙ ГЭРИЙН ХАЯГ"
"Танай гэр хаана байдаг вэ?" гэсэн асуултаар илтгэлээ эхэлсэн тэрээр Улаанбаатар хотын хаягжилтын талаар тодорхой үндэслэл, зарчмуудыг санал болгов. Америкт амьдардаг хаягаа шууд хэлсэн тэрээр, Улаанбаатар хотод хүмүүс хаягаа зааж өгдөг жишээг "Баянгол дүүргийн 3-р хорооллын 1000 нэрийн барааны ард байгаа 9 давхар цагаан байшингийн дундах байр. Эхний орцны 4 давхарт гараад баруун гар талд байгаа улаан өнгөтэй бүргэд хаалга" гэж нэрлэсэн нь оролцогчдыг чамгүй хөгжөөлөө.
*Гудамж хаяглалт яагаад хэрэгтэй вэ? гэсэн асуултдаа:
-Иргэд оршин суугчдад амьдарч буй хот нь амьдрахад илүү дөхөм, ойлгомжтой болох
-Шуудан, улсын бүртгэл, хот зохион байгуулалтай болоход тус болно гэж хариулсан юм.
*Хаягтай болох гурван алхам:
1. Гудамж бүрийг нэрлэх, замын уулзваруудад тод, нэгдсэн стандартын хаяг байршуулах
2. Барилга бүрийг тоон системд оруулах
3. Байнга арчлах, засварлах, нөхөж сэлбэх
Ч.Өнөболд эдгээр асуудлаа Монголын одоогийн байдлын харьцуулсан судалгаан дээр дэлгэрүүлэн тайлбарлалаа. Гудамжны нэршилд -хэлэхэд, хэрэглэхэд, бичихэд амархан, түүхийн эсвэл орон нутгийн ач холбогдолтой нэр сонгох, -эсвэл цифр ашигласан нэр сонгох, -цифр болон нэр хольж сонгох, -хороолол доторх жижиг гудамжуудыг нэрлэх боломжуудыг санал болгов. Гудамж, замын уулзварын тэмдгүүдийг нэг удаа хийгээд орхих биш, байнга арчилж засварлаж байх талаарх санал нь бодууштай зүйл байв.
*Гудамжны шинэчилсэн тооллогын системд барилга байгууламжийг хамруулахдаа
-Замын баруун хэсэг нь зөвхөн тэгш тоотой, зүүн хэсэг нь сондгой тоотой байх
-Тодорхой гудамжны эхлэл төгсгөл хэсэгт нэршсэн хаягийг заавал байрлуулах
-Хашаа болон байшингийн тоог гудамж эхлэх хэсгээс тоолж байх талаар саналаа тавилаа. Үүн дээр нэмээд -албан газрууд болон нийтийн үйлчилгээний газрууд хаягаа бүтнээр нь тавьж байх, -Иргэд өөрсдөө хаягаа заавал хэрэглэж хэвших нь үр дүнд хүрэх боломж гэдгийг учирласан юм.
*Өөрийн илэрхийлж байгаа энэ саналаа хэрэгжүүлэх бололцоог дурдахдаа:
-Дэлхийн банкнаас сүүлийн 20 жилд явуулсан хаягжуулалтын төслүүдээс харвал, сая гаруй хүн амтай хотын бүтэн хаягжуулалтын дундаж зардал нь 623 000 $ буюу 876 сая төгрөг болно
-Улаанбаатар хотын 2012 оны төсөвт багтсан "Улаанбаатар хотыг хаягжуулах "төсөлд 1, 250 сая төгрөг төсөвлөснийг дуулгав. Энэ төслийг хэрэгжүүлэхээр тендерт ялсан "Арилдал" ХХК нь одоогоор тодорхой ажил хийгээгүй байгааг ч дурдсан юм.
2. С.СҮРЭНМАА \Albany High School. Albany, CA\ "ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ МИНИЙ НҮДЭЭР"
*Эх орон гэж юу вэ?" Уудам талаар дүүрэн билчсэн мал сүрэг үү? Гишгэж буй газар нутгийг тань цусаа урсган байж өвлүүлж үлдээсэн хаад уу? Эсвэл 2 том гүрний дунд хавчигдсан буурай орон уу? Энэ асуултын хариуг хүний нутагт ирэх хүртлээ ер бодоогүй явжээ. Харин энэ асуултад яг одоо хариулах гээд үз дээ? гэж тэрээр илтгэлээ эхэлсэн юм. Аливаа улс орны хөгжилд золиосгүй үе гэж байдаггүй. Магадгүй бид тэр зааг дээр төрсөн хүмүүс. Гэхдээ өөр өнцгөөс нь харвал бид маш азтай. Учир нь бид нэг зуун нөгөө зуун руу шилжих шилжилт, хоёр өөр нийгмийг ялгаж харж байгаа болохоор тэр бүр тохиохгүй цаг үед төржээ.
-Одоо бидний яаж хөдлөхөөс эх орны минь ирээдүй ихээхэн шалтгаална. Бүх юм нь бэлэн нийгэмд төрсөн бидэнд зөв сонголт, зөв бодлого, хатан зориг, үнэнч сэтгэл, эв нэгдэл хэрэгтэй. Монгол орон бусад дайнд нэрвэгдэж, өлсгөлөнд автсан улсуудыг бодоход зовлон үзээгүй ард түмэн билээ. Хүн өөрт байгаа аз жаргалаа үгүй болохоос өмнө хэзээ ч үнэлдэггүйтэй адил Монголдоо суугаа ах дүүс маань өөрийн эх орондоо элэг бүтэн, тайван амьдарч буй аз жаргалаа ер үнэлдэггүй бололтой. Би ч тэдний нэг байсан үе бий. Харин нутгаасаа хол амьдарснаар олон зүйлийг эргэцүүлэн бодож байна. Монгол орон минь хөгжиж буй орон гэж хэлэгдсээр удлаа. Авилгал хээл хахууль, алтан дээр суусан ядуус. Үүнийг би тэдгээр үеийнхэнтэй нь хамт үлдээхийг хүсч байна. Бид энэ асуудлыг ярьсаар ирсэн ч гарах гарцыг нь хэзээ ч олж чадаагүй, чадах ч үгүй байх.
-Харин манай үеийнхэн юу хийж чадах вэ? Монголдоо амьдраад Монголынхоо хүрээнд сэтгээд байвал бид төдийлэн их зүйл хийж чадахгүй л болов уу? Би Монголын залуусыг гадаадад сурах бололцоог нэмэгдүүлээсэй гэж хүсч байна. Гадаад явж хэл сурахдаа биш, гадаадад соёлтой цэвэрхэн амьдрахдаа биш, харин гадаадад сурсан бүхнээ Монголдоо авчирч хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ зорилгыг хүн болгон дотроо өвөрлөн явдаг ч, өөр улс орны сайн сайхан тав тухтай байдалд автаж, эх орноо умартах хүмүүс цөөнгүй болжээ. Өдөр бүр англи хэлээр бие биентэйгээ харьцаж, монгол хэлээрээ жилд ганц удаа бичихдээ үгнээсээ их алдаа гаргадаг залуус олон болсон нь харамсалтай. Монгол залууст минь эх оронч сэтгэлгээ дутаж байна. Гэсэн ч эх орон чинь та нараас хэзээ ч нүүр буруулахгүй, та бүхнийг зорилгоо биелүүлээд гэртээ эргэж ирэхийг хүлээсээр байдаг.
-1, 564 000 х.д.км газар нутгаараа дэлхийд 19 дүгээрт бичигддэг хэрнээ 2,8 сая буюу маш цөөн хүн амтай улс хөгжихгүй байгаа нэгэн шалтгаан нь гэр бүл салалт, хүүхэд өнчрүүлэх явдал ихэсч байгаатай холбоотой. Аав ээжийн хайр энэрлээр дүүрэн, элэг бүтэн гэр бүлээс, бусдыг хайрлаж чаддаг, эрүүл саруул хүүхэд төрдөг билээ. Бие биенээ үнэнч сэтгэлээр хайрлаж, тогтвортой гэр бүлтэй болж, үр хүүхдээ саруул ухаантай, эх оронч, боловсролтой нэгэн болгож хүмүүжүүлэн эх орныхоо хүн амын өсөлт болон ирээдүйд хувь нэмрээ оруулах нь ард иргэд бидний үүрэг юм. Гэтэл хувийн ашгаа бодож, өөр улсад амьдрах эрхийн төлөө, эсвэл өөрийн толгойг биш бусдын толгойг ашиглан баян тансаг амьдрах гэсэн өчүүхэн бодолдоо автан, энэ насны амьдралаа сүйтгэж буй залуус олширсоор байгаа нь хамгийн аймшигтай.
-Эх орны хөгжил гэхээр хэзээ ч биелэгдэхгүй том зүйл мэтээр төсөөлдөг залуус бий. Гэтэл эх орны хөгжил маш жижигхэн зүйлээс эхэлдэг. Өнөөдөр бид "монгол хүн" гэж цээжээ дэлдэхдээ биш, сурч буй мэргэжлээ 100 хувь эзэмшихийн төлөө хичээн зүтгэж, дор бүрнээ өөрийнхөө үүргийг ухамсарлан хөдөлмөрлөж чадваас сая та эх орныхоо төлө цохилох зүрхтэй, хүрэх зорилготой, түүнийхээ төлөө хийж буй нэгэн үйлтэй нэгэн болноо. Эх орныхоо төлөө зүтгэцгээе залуус аа!
3. Г.УУГАНБАЯР \St. Louis Community College St. Louis, MO\ "МОНГОЛ УЛСЫН ШАТАХУУНЫ ДАРАМТ"
- Дархан хотод амьдардаг байсан тэрээр бага насны дурсамжаасаа яриагаа эхэллээ. Хичээлээсээ ирэхэд нь талх худалдаж авахад зориулж ээж нь 350 төгрөг үлдээсэн байдаг байж. Түүгээр нь дэлгүүр орж талхаа худалдаж авна. Сар жилүүд өнгөрсөөр 11-р ангиа төгсөх үед нь талхны үнэ 550 төгрөг болон өссөн гэнэ. Зөвхөн талхны үнэ ч биш өргөн хэрэглээний барааны үнэ тасратгүй өссөөр байсны үндсэн шалтгаан нь, шатахууны үнийн өсөлт гэдгийг мэдсэн байна. Шатахууны үнийн өсөлттэй уялдан өсч буй бүх л хэрэглээний үнийн өсөлт нь ард олны бухимдлын шалтгаан болж байгааг ч анзаарч.
-Өнөөдрийн Монголын нийгэм шатахууны хомсдолоос үүдэлтэй маш том дарамт дор байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хотын хорт утааны хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 14-17 дахин их байна. Аймаар үзүүлэлт. Зүйрлэвэл, давчуу өрөөнд 3 хүн зэрэг тамхи татан суухтай адил юм. Амьсгалах боломжгүй гэж тогтоогдсон энэ хотын дүр зураг нь жирийн өдрүүдэд бол асар олон машины урсгал л байдаг. 2011 оны статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод нийтдээ 209 791 автомашин бүртгэгджээ. Үүнээс 147 999 нь суудлын автомашин байгаа бөгөөд нийт машины 70,5% юм. Харамсалтай нь Монголд явж байгаа автомашины ихэнх хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байдаг. Бидэнд үнэхээр шатахуун хэрэгтэй юу?
-Г.Ууганбаяр энэ асуултынхаа хариуд Франц улсын Nice хотын Guy Negre, Cyril Negre хэмээх аав хүү хоёрын бүтээсэн агаарын даралтат хөдөлгүүртэй машиныг санал болголоо. Аав хүү Negre нар 1990 оноос жижиг үйлдвэрт оролдлогоо эхлэн, 1996 онд анхны агаарын даралтат хөдөлгүүртэй машины загварыг бүтээжээ. 2000 оноос хойш MDI үйлдвэр нь энэхүү машиныг зах зээлд гаргахаар оролдож байгаа юм байна. Г.Ууганбаяр энэ машины хөдөлгүүрийн бүтэц зарчмыг бидэнд зураг дээр тайлбарлан ойлгуулсан юм. Энэхүү машин нь одоогоор 5 төрөл ба ямарч хорт утаа гаргадаггүй, учир нь үндсэн шатахуун нь цэвэр агаар болохоор яндангаас гарах хий нь цэвэр агаар аж. Энэ машины дундаж үнэ нь 10 000-20 000$, төгрөгөөр бол 14 саяас 28 саяын хооронд байна гэсэн үг.
-Энэтхэгийн машин үйлдвэрлэлийн "мангас" болох ТАТРА компани нь MDI агаарын хөдөлгүүрт машины үйлдвэрлэгчдийн нэг. MDI компани нь жилд нэг үйлдвэр дээрээ 3000 машин үйлдвэрлэх хүчин чадалтай ба үйлдвэрт 140 ажилчин өдөрт 4-5 цагаар ажиллахад л хангалттай. Монголын зах зээлд энэ үйлдвэрийг оруулж ирвэл хүмүүсийн амьдрал ба нийгмийн байдал орвонгооро өөрчлөгдөх боломжтой гэж тэрээр тайлбарлав.
1. Цөөхөн ажилчинтай, чанартай, нийгэмд болон байгальд ээлтэй машин үйлдвэрлэх энэ үйлдвэр нь Монголын машин үйлдвэрлэлийн эхлэл болох ба цаашдаа ч үйлдвэржилтийн шинэ эринг Монголд авчрах бүрэн боломжтой.
2.Монголын хүн ам цөөхөн байгаа нь шинэ зүйлийг нэвтрүүлж оруулахад, бас танилцуулахад дөхөмтэй. Юуны түрүүнд өөрчлөлт оруулж болох салбар нь олон нийтийн тээврийн хэрэгслэл буюу такси байж болно. Өнөөдөр такси баазуудад ашиглагдаж буй хуучин солонгос, япон автомашинуудыг энэ машинаар солиход өөрчлөлт болон үр ашиг нь нийгэмд шууд тусах болно.
3.Машин үйлдвэрлэлтийн тоо өсөх тусам Монголын автомашины зах зээлийг аажим аажмаар агаараар цэнэглэгч машинаар солих бүрэн боломжтой. Хямд үнэтэй, хямд зардалтай машин уу? эсвэл өдөр ирэх тусам үнэ нь өссөөр байгаа бензин их зарцуулдаг машиныг сонгох уу? гэдэг сонголт дээр хүмүүс сонголтоо хийх болно.
4. Дийлэнх машинууд бензин ашиглахаа больсон үед бензины хэрэглээ багасч, улмаар бензины үнэ унах болно. Улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин багасч, хүмүүсийн авч буй цалин амьдралд хүрэлцээтэй болох боломж бүрдэх юм. Ингэснээр монголын мөнгөн тэмдэгтийн ханш чангарах боломжийг би харж байна.
5. Монгол улсын нийслэл хорт утаанаас салах нэгэн боломж. Мэдээж гэр хорооллын утааг шийдэхгүй ч Монголын том асуудал болох машины түгжрэл, хорт хийн асар том ачааг нуруунаасаа авч чадах юм.
Эдийн засаг, техник технологи, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчныг хамарсан энэ том дарамтыг давах арга нь 21-р зууны хүн төрөлхтөнд нээлттэй байна. Технологийн уралдаан эхэлчихсэн. Монголчууд бидэнд одоо ч гэсэн бусад том гүрнүүдтэй хамт алхах боломж байгаа. Зөв цагт зөв сонголт хийх нь бидний ирээдүйг тодорхойлох болно.
4. Н.СЭЛЭНГЭ \Oakton Community College. Skokie IL\ "ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ"
Гадаад худалдааны тэнцэл гэдэг нь экспортолсон барааны үнийн дүнгээс дотогш нь оруулж ирж байгаа импортын үнийн дүнг хассан зөрүүг хэлдэг байна. Үндсэндээ тэнцэл алдагдалтай гарч байна гэдэг нь бид бага юм үйлдвэрлэж доллараар гадагш зарсан бол, түүнээс ээ их доллараар гаднаас юм худалдаж авснаас үүддэг. Монгол улсын гадаад худалдааны тэнцэл 2013 оны 1-р сарын хагасын байдлаар 70,5 сая ам долларын алдагдалтай гарчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 27,0 хувиар буурсан үзүүлэлт юм.
*Экспорт нэмэгдэхгүй байгаа зарим шалтгаанууд:
-Гадаадын зах зээлд бие даасан борлуулалтын төв болон сүлжээ байхгүй
-Эцсийн бүтээгдэхүүний экспорт бага
-Хагас боловсруулсан бүтээгдэхүүн ихээр олборлодог
-Олон улсын чанарын стандартад нийцдэггүй
*Экспортлох боломжтой бүтээгдэхүүнүүд:
-Мах сүү, арьс шир болон малын гаралтай бүтээгдэхүүнүүд
-Сүлжмэл эдлэл буюу ноос ноолууран бүтээгдэхүүнүүд
-Хүнсний бүтээгдэхүүн
-Чацаргана болон чацарганы гаралтай хүнсний бүтээгдэхүүн
*Бүтээгдэхүүнээ экспортлох боломжуудаас:
АНУ-ын Хөнгөлөлтийн Ерөнхий Систем \ХЕС\ нь 3400 нэр төрлийн барааг гаалийн татваргүйгээр АНУ-д экспортлох замаар дэлхийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн хөтөлбөр юм. Монгол дахь АНУ-ын ЭСЯ, Үйлдвэр Худалдааны Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран АНУ-ын ХЕС-ийн хүрээнд Монголоос АНУ-руу татваргүйгээр экспортлох оёмол, сүлжмэл, гар урлалын баталгаажуулсан бүтээгдэхүүний тухай гэрээ байгуулжээ. Үүнд:
1. Гараар нэхсэн \цахилгаан нэхмэлийн машинаар бус\ гэрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн даавуу
2. Гараар хийсэн \оёдлын машинаар бус зөвхөн гараар эсгэж оёсон\ гэрийн үйлдвэрлэлийн гар нэхмэл даавуугаар хийсэн бүтээгдэхүүн
3. Гараар нэхсэн даавуугаар бүхэлд нь гараар хийсэн уламжлалт гар урлалын бөс даавуун бүтээгдэхүүн
* Гадаад худалдааны онолууд:
-Туйлын давуу талын онол. 1976 онд А.Смит "Үндэстний баялаг" хэмээх номондоо маркентализмыг шүүмжилсэн ба нэг улс ямар нэгэн бүтээгдэхүүнийг маш үр ашигтай үйлдвэрлэх давуу талтай байвал, түүгээрээ дагнаж бусад улс орнуудтай арилжаа хийх хэрэгтэй гэжээ.
-Харьцангуй давуу талын онол. 1817 онд бичигдсэн "Улс төрийн эдийн засгийн зарчмууд" номонд аливаа улс зөвхөн туйлын давуу талтай бүтээгдэхүүнээ дагнах биш, бусад харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнийг ч худалдаалж амжилтад хүрч болно гэж нотолжээ.
-Хекшер Олины онол. Шведийн эдийн засагч Хекшер Олин нар , харьцангуй давуу тал нь тухайн улс орны нөөцийн байдлаас газар, хөдөлмөр, капитал гэх мэт хүчин зүйл хамаарна гэж үзжээ. Тухайн улсад ямар нөөц хамгийн их байна, тэр хэмжээгээр зардал нь бага байдаг. Тиймээс тэр нөөцөөс бүтдэг бүтээгдэхүүнээ илүү ихээр экспортолж, ховор буюу хомсдолтой бүтээгдэхүүнээ импортлох хэрэгтэй гэж үзсэн байна.
Эдгээр онолуудаас Хекшер Олины онол хамгийн сайн тохирох юм гэж Н.Сэлэнгэ үзлээ.
* Дүгнэлт:
Монгол улсын гадаад худалдааны тэнцэл нь жил бүр алдагдалтай гарч байгаа. Үүнээс бид гадаад худалдаа ба экспортыг илүүгээр хөгжүүлэх хэрэгтэйг харж байна. Хекшер Олины онолын дагуу хамгийн их ннөөцтэй бүтээгдэхүүнээ илүү ихээр экспортолж, ховор буюу хамсдолтой бүтээгдэхүүнээ импортлох хэрэгтэй юм гэж үзэж байна.
*Санал:
-Гадаадын зах зээлд бие даасан борлуулалтын төв болон сүлжээг байгуулах
-Гадаад зах зээлд Монгол улсын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бөөний болон жижиглэнгийн дэлгүүрийн сүлжээг үүсгэх хууль эрх зүйн орчныг тухайн улс орнуудын хувьд ЗГ-ын хэмжээнд авч үзэн шийдвэрлэх
-Мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтан , боловсон хүчинг бэлтгэх
-Зах зээлийн судалгааг эрчимтэй явуулж техникийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй
-Маш хүчтэй маркетингийн стратеги ашиглан томоохон хэмжээний бренд болон гадаад зах зээл дээр гарч ирэх
-АНУ-ын зах зээлийг судалж, илүү өргөн хэрэглэгчтэй зах зээлд нэвтрэн орох
-Үйлдвэр болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
Н.Сэлэнгэ илтгэлийнхээ явцад Монголын "Гоёо" компаныг жишээ болгон авч тайлбарлаж байсан нь сонирхолтой байв.
5. Д.МАГНАЙ \Indiana University. Bloomington, ID\ "ХҮНИЙ НӨӨЦ БУЮУ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР"
Тэрээр Монголын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд их хурдацтай хөгжиж байгааг баримтаар дурдаад, гол нь чадварлаг ажиллах хүчний эрэлт хэрэгцээ дагаж өсч байгааг сануулав. Institute for Higher Education Policy-н 2009 оны судалгаагаар Улаанбаатар хотод орших 144 хувийн хэвшлийн байгууллагуудын 80 % нь ажилд орох өргөдөл өгөгчидийн "ажлын чадвар нь хангалтгүй" гэж үзсэн бол 67 % нь "ажлын туршлагагүй" гэж үзсэн байна. Монголд дутагдаж буй олон улсын түвшинд нийцсэн чадварлаг, ажлын туршлагатай боловсон хүчнийг хангах бодлогоор Монгол Улсын ЗГ, 16 оронтой хамтран ажиллаж байгаа аж. 2011 оны 12 сарын байдлаар дээрх 16 оронд нийтдээ 3000 орчим оюутан сурагчид тухайн орны ЗГ-ын тэтгэлгээр сургаж байгаа тооцоог Боловсролын Яам мэдээлжээ.
Монголд дутагдаж буй хөгжлийн түлхүүр болсон чадварлаг боловсон хүчнийг хангах талаар АНУ-д суралцаж буй монгол оюутнууд бид юу хийж чадах вэ?
-Америкт буй боловсон хүчний нөөцийг Монголд дутагдаж буй боловсон хүчний нөөцтэй холбох. Үүний тулд Америкт буй монгол оюутан залуусаа Монголд буй албан газруудтай холбосон Job Fair буюу "Ажлын байрны өдөрлөг" зохион байгуулах боломжтой гэж үзэж байна.
-Амөрикт суралцаж буй монгол оюутнуудын хоорондын холбоог сайжруулах хэрэгтэй байна. Үүний тулд АНУ-ын хот бүрд байгуулагдсан Монгол Оюутнуудын Холбоонууд нэгэн нэрийн дор нэгдвэл сайн. Хэрвээ ингэж нэгдэж чадваас:
1.Монгол Оюутны Холбооны гишүүдийн тоо эрс нэмэгдэнэ
2. Шинээр ирж буй оюутан залуусыг болон ямар нэгэн холбоонд элсэж амжаагүй оюутан залуусыг холбооны сүлжээнд оруулахад илүү хялбар байх болно.
3. Гишүүдийн тоогоо олшруулж, хэдэн оюутан хаана ямар мэргэжлээр суралцаж байгааг тогтоосноор Монголын болон Америкийн олон байгууллагуудтай хамтран ажиллаж өөрсдийгөө санхүүжүүлэх боломж бүрдэнэ.
4. Монгол оюутнуудын хоорондын холбоо эрс сайжрах бөгөөд Оюутны холбоонд буй боловч холбооны төвөөс хол ажиллаж сурч буй залуус өөрийн сургууль болон хотод буй оюутан сурагчдаа манлайлж, холбооны үйл ажиллагааг дэмжин, удирдах зөвлөлд оролцох боломжтой болно гэсэн үг юм.
-American Marketing Assocation \Мэргэжлийн Маркетингийн Холбоо \ нь 76 хотуудад 250 гаруй Их сургуулиудад салбартай бөгөөд одоогийн байдлаар 30 000 гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүний адилаар Монгол Оюутны холбоонууд хоорондоо нэгдэж, ирээдүйд олныг хамарсан хүчирхэг холбоо болж чадна гэдэгт итгэж байна. Монголчууд бид "Эвтэй байхдаа хүчтэй", тиймээс Америкт буй бүх монгол оюүтнуудыг нэгтгэсэн хүчирхэг холбоог бий болгож, эх орныхоо хөгжлийн түлхүүр болсон энд буй боловсон хүчнийг эх оронтойгоо холбосон гүүрийг хамтдаа бүтээцгээе.
\үргэлжлэл бий\
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail; gala_mn@yahoo.com 2013-04-10
Сэтгэгдэл ( 0 )