З.Түмэн-Өлзий: Залхуу, ухаан муутай хүн л тоглох дургүй байдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Оньслох ухааны хосгүй бүтээлүүд 

Монгол ардын уламжлалт тоглоом наадгайн өв сан тун ч арвин. Биеийн тамир, оёх сүлжих, гэр барих, тооцоолох, чамабалын хүрд, сүүдэр, гогодоо, эвлүүлж өрөх, ээдрээ тайлах, эвхэх хайчлах, шагайн болон хөлөгт наадам, оньсон наадам, оюунтүлхүүр наадам, ахуйн төрлийн наадам зэрэг сонирхох зүйл ихтэй. Тиймээс бид уламжлалт тоглоом наадмын талаар сонирхож “Оюун ухааны олон улсын музей”-д зочилсон юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий гуайн 1990 оны наймдугаар сарын 13-нд үүсгэн байгуулсан энэхүү музей монгол ардын уламжлалт тоглоомын гайхамшиг болсон олон сайхан бүтээлээр дүүрэн. Багагүй цаг хугацаа, оюун ухаан, хөрөнгө мөнгө шаардагдсан болов уу гэмээр эдгээр бүтээлийн дундаас бог малын далны ясаар урласан шатар нэн түрүүнд анхаарлыг минь татсан. Сүмо бөхийн дэвжээг дүрсэлсэн 2*2 метрийн хэмжээтэй шатрын хөлгийн хоёр талд монгол, японы сүмочдыг яг л амьд мэт гоёмсгоор урлажээ. Шатрын хүүгээр монгол япон бөхчүүдийн ёс жаягийг дүрсэлсэн аж. Бод бог малын далны ясаар урласан энэхүү шатрыг З.Түмэн-Өлзий гуай 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан зураг загвараар хийж, шавь нартайгаа хамтран хоёр жил гаруй хугацаанд бүтээсэн аж. Зөвлөхөөр нь хакухо М.Даваажаргал ажилласан юм билээ.

Үүний зэрэгцээ тус музейн хосгүй бүтээлүүдэд тооцогдох 18 төрлийн 1022 чулуу шигтгэсэн алт мөнгөн шармал оньсон шатрыг ширээ сандлын хамт танхимын голд байрлуулжээ. Хөлгийн суурин дээр монголын ард түмний бичиг үсгийн соёлыг харуулсан 12 жилийн дүрс бичиг сийлээстэй байгаа. Олон төрлийн үнэт эдлэлээс гадна нэлээд ур чадвар, оюун ухаан зарцуулсан уг шатрыг 1996 онд АНУ-ын Нью-Йорк хотын Байгалийн музейн зохион байгуулагчид 500 мянган ам.доллараар худалдаж авах санал тавихад нь З.Түмэн-Өлзий гуай зөвшөөрсөн гэдэг. Дээрхи мөнгөөрөө өөрийн гэсэн музейн байртай болж, алт мөнгөн шармал шатраа дахин хийх бодолтой байжээ. Гэвч гэрээнд нь энэхүү шатрыг дахин хийх эрхгүй болохыг тусгасан учир тэрбээр шийдвэрээсээ буцаж, дэлхийд ганцхан буй уг шатраа авч үлдсэн гэнэ. Энэ тухайгаа ч ихэд ярих дуртай юм билээ. “Музейд минь дахин давтагдашгүй, сонгодог бүтээл олон бий. Дэлхийд ганцхан байдаг учраас үнэ цэнэ ихтэй. Мөнгөний гачигдлаас болоод алт мөнгөн шармал шатраа 500 мянган ам.доллараар худалдана гэдэг үнэхээр хайран. Хэдийгээр энэ мөнгө бидний хувьд, их юм шиг санагдаж байгаа ч америкчуудад 500 ам.доллар л гэсэн үг. Бараг л манай 500 төгрөгтэй адил үнэлэгдэх биз. Мөнгийг ямар ч үед, хаанаас ч олж болно. Харин дэлхийд ганцхан хувь байгаа сонгодог бүтээлээ хэрхэн, яаж олох билээ, би. Тиймээс одоо энэ шатраа 500 битгий хэл, нэг сая ам.доллар амласан ч худалдахгүй. Цагийн эрхээр бүтээлийн минь үнэ цэнэ улам өснө шүү дээ. Магадгүй, сонгодог бүтээлүүд минь эх орны минь түүх соёл, өв уламжлалыг илэрхийлсэн нэрийн хуудас болох ч юм бил үү” хэмээн хуучилсан.      

Бас үүнтэй ижил төстэй нэгэн сонин явдлын тухай ярьж өгсөн шүү. Тухайлбал 1998 онд Дэлхийн шатрын холбооноос Халимагийн Элистэйд зохион байгуулсан 33 дахь олимпиадын үеэр шилдэг зохион бүтээгч маань хооронд нь ялгахын аргагүй адилхан урласан хоёр шатрынхаа нэгийг Монгол Улсын нэрийн өмнөөс бэлэглэсэн аж. З.Түмэн-Өлзий гуай хамгийн сүүлд 2,41 см урт, 1,26 см өргөн, 21 төрлийн 889 ширхэг үнэт чулуу бүхий оньсон хөлөг бүтээжээ. Хоёр жил гаруй хугацаанд урласан уг шатрын дүрсийг цагаан, ногоон хаш чулуу, суурийг нь оньс, хөлийг нь зөвхөн Хөвсгөл нутагт байдаг өнгөт кварц, себтентинит гэдэг үнэт чулуугаар хийжээ. Шатрын хөлгийг Монголын нутаг дэвсгэрийг аймгуудаар хиллэн сайн чанарын хээтэй шир, аймгийн төвүүдийг үнэт чулуу шигтгэн ялгагдахуйц тоногложээ. Найман ширхэг хөлийг нь бат бөхийн бэлгэдэл Очироор бүтээхдээ 406 ширхэг модны хоёр төрлийн оньсоор бүтээсэн байна. Энэ мэт материаллаг талын үнэ цэнэ, оюун ухааны ур хийцийг нэгтгэж үзвэл дэлхийн эрдэнэсийн санд багтах дахин давтагдашгүй бүтээл болохыг эрхэм зохион бүтээгч маань өгүүлсэн.


“Бөгж нийлүүлэх” тоглоомоор бэрийн ухааныг шалгадаг байжээ

Дэлхийн 52 орны 80 гаруй үзэсгэлэнд оролцож байсан “Оюун ухааны олон улсын музей”-д Герман, Итали, Америк, Зимбаби, Киргизстан, Япон, Энэтхэг, Орос, Мадагаскар, Грек, Египет, Хорват, Хятад зэрэг орны түүхийн дурсгалт зүйл болон спорт, дайны үйл явдлаас гадна ан амьтдыг дүрсэлсэн 350 шахам төрлийн шатар, 180 гаруй төрлийн загвартай оньсон тоглоом байдаг аж. Энэ ч утгаараа, тус музейн зохион байгуулагчид зочиддоо сонирхолтой тоглоомоор сюрприз барихын сацуу өндөр болзол тавих болж. Тэд зургаан талдаа ботгоны зурагтай шоог нэг минутын хугацаанд эвлүүлж чадсан хүнд мянган ам.долларын шагнал өгөх юм байх. Гэхдээ зөвхөн гадаадын үзэгчдэд шүү. Учир нь, монголчуудад оньслох ухааны ген байгаа учраас тэрхүү шоог нь ядах юмгүй эвлүүлчихнэ гэж эмээдэг гэсэн. Энгийн мэт харагдах атал үл мэдэгдэх холбоосоор бүтсэн тус шоог ердөө л есөн үйлдлээр салгах юм билээ. Харин эвлүүлэх юмуу салгахаар оролдсон хүмүүс шооны гадна талын зургийг л анхаарч, дотор талд нь байгаа оньсны байрлалыг нэг их ойшоож үздэггүйгээс болж алддаг гэнэ. Үүний зэрэгцээ, эвхэх хайчлах наадамд багтах ваар хэлбэртэй цаасан хайчилбарыг өмсч үзэхэд яг л нарны малгай шиг харагдана. Нөгөө тал руу нь харуулж өмсөхөөр бортгон хэлбэртэй Монгол хатдын малгай болчихсон шүү. Хэвшмэл сэтгэлгээнээс салгаж, аливаа зүйлийг маш олон талаас нь сэтгэж харах боломж олгодог тоглоомын нэг нь энэ.

Малгайны орой (сампин), дээлнийхээ товчийг хүртэл зангидаж урладаг байсан оюунлаг ард түмэн маань улс орныхоо хөгжлийн явцад хөдөлгөөнт тоглоом олныг зохиожээ. Үүний нэг нь, ээдрээ тайлах наадам юм. Малын яс, шагайг утсаар холбосон “Бөгж нийлүүлэх” тоглоомоор бэр болох бүсгүйнхээ ухааныг шалгах зорилгоор найр хуримын өдөр хадам эцэг эх нь өгдөг байжээ. Түүгээр утсыг нь дамжуулж тоглоод хоёр шагайг нийлүүлсэн тохиолдолд айлын гэрт бэр болох тохирох хүнд тооцогдоно. Үүгээр ч зогсохгүй хүргэн болох хүнийхээ оюун ухаан, амьдралын холч харааг сорих тоглоом наадгай ч зохиохоо мартсангүй. Охид нь гэрлэх насанд хүрмэгц эцэг эхчүүд шагайн чөмөг хоёр ширхэгийг бэлтгэж эхэлнэ. Нэгийг нь сайтар мөлжиж жаахан хальс үлдээх бол, нөгөөг нь мах хальс зэргийг багагүй үлдээж хатаана. Ингээд хүргэн болох залуугаа бүх зүйлээр нь шинжиж тохиромжтой гэж үзвэл цэвэрлэсэн шагайн чөмгөө өгдөг. Шагайн чөмөгний шагайг хялбархан мулталсан залууг “Эр бие гүйцэж, эхнэр авах цаг нь болсон” гэж үзэж, хүсэлтийг нь хүлээж авна. Харин нутаг усандаа нэр муутай, удам судар нь тодорхойгүй хүнд ямар ч бөх хүн мулталж чадахааргүй хатсан хальстай шагайн чөмгөө өгчихдөг байж. Ингээд л хүргэн болох хувь тохиогоогүй залууд “Уламжлал ёсоороо шагайн чөмөг мултлах тоглоом тоглолоо. Гэвч эр бие чинь гүйцээгүй тул охиноо өгөх арга алга. Тиймээс эхлээд эр биеэ гүйцээсний дараа охиныг минь гуйгаарай” гэж дайлж цайлан буцаадаг байсан түүхтэй аж. Тэгэхдээ нүүдэлчин түмний соёл иргэншлийг харуулсан энэхүү түүхийг зөвхөн охидоо гэрлүүлэх гэсэн арга мэх гэж ойлгож болохгүй. Үүгээр дамжуулж, үр хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэхийг хичээж байсан нь дамжиггүй.


Байгалийн урлан буюу “Шархадсан бар”

Музейн танхимын үүдэнд байх модон бүтээлийн нэр нь “Шархадсан бар”. Мод боловсруулах комбинатын орлогч даргаар томилогдсон З.Түмэн-Өлзий гуай   хадлангийн ажлаар хөдөө явж байхдаа уг бүтээлтэйгээ анх “танилцсан” гэнэ.   Казах айлд цайлж суухдаа түлээн дээр байгаа модны ур харвал, яах аргагүй бартай адилхан сэтгэгдэл төрж. Тэгээд эзнээс нь гуйтал “Наад модны урыг чинь хоёр талаас нь хөрөөдсөн ч хувааж дийлээгүй. Хэрэгтэй бол ав л даа” гэж. Ингээд тэрбээр таван ажилчинтай хамт дамнуурга ашиглан байж өнөөх модоо арайхийн “Зил-130” машинд ачиж, хотод авчирчээ. “Шархадсан бар”-ынхаа зөвхөн нүд, шүд хоёрыг нь л нэмж тодруулсан бөгөөд үүнийгээ тэрбээр “Байгаль эхийн урласан бүтээл шүү дээ. Үүнийг нь би олж харсан” хэмээн тайлбарлах дуртай. Нэг тонн жинтэй хар мод үнэхээр л байгалийн урлан юм. Шарх нь хүртэл шинэхэн мэт. Аливаа зүйлийг харагдаж байгаа бодит төрхөөр нь бус өөрийнхөө оюун ухаанд тунгаан шүүж, олон талаас нь дүрсэлж чадвал ямар ч хэлбэр дүрстэй харагдах боломжтой гэдгийг энэ бүтээл сануулжээ.

Шилдэг зохион бүтээгч маань АНУ-ын Эрх чөлөөний хөшөөг хүртэл оньсоор бүтээсэн түүхтэй. Харин хэдэн жилийн өмнөхөн эх оронд минь айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушид Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мөнөөх бүтээлийг нь сонир­хуулжээ. Гэтэл АНУ-ын тэргүүн мөнөөх оньсон тоглоомыг өөрт нь дурсгав хэмээн эндүүрч, баярласандаа босч хүндэтгэл үзүүлсэн аж. Санаандгүй байдлаас үүдэж Н.Энхбаяр уг бүтээлийг нь түүнд бэлэглэчихсэн аж. З.Түмэн-Өлзий гуай чамгүй олон жил хөлс хүчээ шавхан байж урласан “Эрх чөлөөний хөшөө” ийнхүү төрийн тэргүүнүүдийн бэлгэнд багтсан гэнэ лээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнийг Жорж Бушид танилцуулж, тоглоомын тухай яриаг нь орчуулж өгсөн аж. 2006 оны дөрөвдүгээр сарын 25 буюу Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрөөр АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш “Оюун ухааны олон улсын музей”-н тэргүүнд хамтдаа авахуулсан зураг бүхий мэндчилгээ, гарын үсгээ илгээсэн гэдэг. Үнэндээ, түүний гарын үсэг 500 ам.долларын үнэтэй байдаг ажээ.

Хүүхэд залуусыг хөөр болон угтаж, уламжлалт тоглоом наадгайгаа сонирхуулж яваа З.Түмэн-Өлзий гуай “Нас минь хязгаартай ч хийх ажил минь хязгааргүй болж. Оньсон тоглоомыг зөвхөн хүүхэд багачууд л тоглох ёстой мэтээр ойлговол эндүүрэл. Өвгөд хөгшид хүртэл оюун ухаанаа хөгжүүлж, ой тогтоолтоо сайжруулах гэж тоглодог юм. Хүний оюун ухааныг хөгжүүлэх зүйл нь сургууль бус тоглоом. Оюун ухаан, хүч чадвараа тоглоомоор сорьж байдаг учраас залхуу эсвэл ухаан муутай хүн л тоглох дургүй байдаг” хэмээн өгүүлэв. Угтаа бол тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хүн юм билээ. Харин монгол хүний оюун ухааныг хөгжүүлж, шавхагдашгүй их авьяасыг нь илрүүлж байдаг ардын уламжлалт тоглоомыг хойч үедээ өвлүүлж үлдээх, орчин үеийн хэлбэрт зохицуулж хүргэх тал дээр түүнээс илүү анхаарал тавих хүн өнөө цагт ховор байгаа нь харамсалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан Монгол ёс заншлын талаар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулах болсон явдлыг тэрбээр ихэд дэмжиж байгаагаа дуулгасан. Мөн дэлхийн соёлын өвд Монгол шатрыг бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа ажээ. Хүний биед хоргүй, уламжлалт тоглоом наадмаар хүүхэд залуусыг хангах санаачлагыг олон жилийн өмнөөс бодитойгоор хэрэгжүүлж буй ганц газар нь “Мотү өв” ХХК болон түүний харьяа Оюун ухааны олон улсын музей яах аргагүй мөн билээ. Гагцхүү одоо тэдэнд дэмжлэг л хэрэгтэй буйг анхаарах цаг нь болсон байна. 

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
кккк (202.126.91.171) 2025 оны 03 сарын 13

манай Солонго дүү маань зогсож байна уу даа . тэр шар толгойт кккк

1  |  0
монгол хүн(203.91.112.202) 2025 оны 03 сарын 13

Түмэн-Өлзий гуай их мундаг хүн шүү. Би түүнийг их хүндэлдэг

1  |  0
б(202.21.113.138) 2025 оны 03 сарын 13

та энэ гоё юмнуудаа монголчууддаа заагаач дээ. багахан үнэ хөлсөөр жаахан сургалт явуулаач. зүгээр л ард түмнээ басаад гайхуулаад байх юм. аргыг нь заахгүй бол хүн сурахгүй штээ та ч гэсэн анх өвөг дээдсээсээ заалгаж авч хоцорсон л байж таараа

1  |  0
Top