Бодлогыг ингэж хийдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Зүүн Хойт Азид жинхнээсээ интеграци болж байгаа тухай цуврал мэдээлэл өгч байгаа боловч манайд ухаарч сэхээрч байгаа юм огт алга. Интеграци буюу монголоор “ойртон нягтрах” гэж орчуулж байсан энэ үйл явцыг зүгээр нэг худалдаа наймаа мэт ойлгох нь дэндүү өрөлдөлтэй. Тэрийг чинь шинжлэх ухааны тооцоо судалгаатай асар олон эрдэмтдийн хүч оролцоотойгоор хийдэг юм. Манайхтай адил улс төрд дөнгөж орсон саяхны Эрээний наймаачингууд хийдэггүй л байхгүй юу. Бүр аргаа бараад бодлогыг яаж хийдэг, түүнийгээ яаж хэрэгжүүлдэг талаар өгүүлэх гэсэн юм.

Кокошины судалгаа

Оросын ШУА-ын Нийгмийн Ухааны салбарын нарийн бичгийн дарга, Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн Дэлхийн улс төрийн бодлогын факультетын декан, ОХУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дарга байсан, академич Андрей Кокошины удирдлагын дор “Ази-Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн динамикийн дэвсгэр дээр Оросын Сибирь, Алс Дорнодыг 2030 он хүртэл хөгжүүлэх хувилбарууд (сценари)” гэсэн аналитик илтгэл саяхан гаргасан юм.
Энэ ланжгар илтгэлийг бэлтгэхэд оросын ШУА-ийн Нийгмийн салбарын бүх институт, мөн ШУА-ийн Сибирийн болон Алс Дорнодын салбарын бүх хүрээлэнгийн судалгаа шинжилгээний үр дүнг ашиглажээ. Түүнчлэн уулын-металлургийн цогцолбор, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, машин бүтээлт, хөдөө аж ахуй, ой болон мод боловсруулах аж үйлдвэрийн хөгжилтэй холбоотой бүх үндсэн төслүүдийг авч хэрэглэжээ. Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёлын холбогдолтой бүх төслүүдийг хамж үзсэн байна. ИЖ БҮРЭН гэж үүнийг хэлдэг юм.

Ингээд тэд “Инерцээс сааталд” гэсэн хамгийн энгийн хувилбар, “Хавцалд унах нь” гэсэн хамгийн муу хувилбар, “Шинэ боломж” гэсэн хөгжлийн хувилбаруудыг боловсруулсан байна.

С.Баярцогтын “хэлээр” бол ёстой жинхнээсээ 20.000 хувьсагчтай матриц бодсон байна. Ингээд 2030 он гэхэд Алс Дорнод, Сибирийн бүс нутгийн ДНБ 5-6 дахин өсгөж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 48 мянган ам.долларт хүргэж, хүн амын тоог 16,8 сая болгоно гэжээ.

Оросууд шинжлэх ухааны ийм нарийн тооцоотой учраас Орос Сибирь, Алс Дорнодоо хөгжүүлнэ гэж яриад байгаа юм. Тэгээд аль хэдийн эхэлчихлээ.
Гэтэл манайхан, манайхан ч гэж дээ, Баабар үүнийг өдөр болгон харааж загнах бөлгөө. Баабарт ямар тооцоо судалгаа байгааг би мэдэхгүй. Би л хувьдаа Баабарыг эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллуулсан гэж сонсоогүй.

Алс Дорнод, Сибирь бол Хятад, Япон, Солонгос, Америкийн “ирээдүйн нутаг” гэж Баабар “нотолж” байгаа. Гэтэл Оросууд тэр нутаг дээр ирээдүйн сансрын буудал барьж байна. Оросууд бусдад зориулж сансрын буудал барьж байгаа хэрэг үү…

Давхар хийх нь

Оросууд ганцхан Кокошины үгэнд ороод Сибирь, Алс Дорнод руугаа давхиад байна уу гэвэл тийм биш л дээ. Оросын МГИМО буюу Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургууль гэж нэг том сургууль байх. Дэлхийд нэртэй сургууль л даа. Манай нэлээд олон дарга нар төгссөн юм.

Тэнд “Евроазийн клуб” гэж байх. Тэд евроазийн чиглэлээр ажиллаж евроазийн интеграцийн улс төр, эдийн засгийн онолын асуудлыг судлах. Крупнов гэж нэг аварга байх. Энэ талаар тэр мөн ч их юм хийж байна.

Путин сүүлийн үед Евроазийн хамтын ажиллагаа, интеграци гэж их яриад байгааг олон хүн анзаарч байгаа байх.

Путин манай аваргууд шиг толгойдоо орсныг донгосчихоод тэрийгээ “төрийн бодлого” гэдэг мангуу амьтан биш л дээ. Тэр эрдэмтдийнхээ боловсруулсан үндэслэлийг л төрийн бодлого болгон ярьж байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан Кокошины төсөл, Евроазийн үзэл санаа хоёрыг нийлүүлж төрийн бодлого болгож байна. Үүнийг давхар хийж буй жинхэнэ төрийн бодлого гэдэг юм.

Хятадын мэдээлэл их хомс. Гэхдээ л хэсэг бусаг мэдээллээс үзэхэд тэдний бодлого боловсруулах систем ёстой “галзуутай” юм билээ. Ер нь бол тооцоо судалгаагүй манайх шиг харанхуй шаадаг улс гэж хаа ч байхгүй л дээ…

Манайх

Энэ талаар ярих ч ичмээр л дээ. Манайд үнэн хэрэг дээрээ эрдэм шинжилгээ, зураг төслийн ганц ч хүрээлэн байхгүй. Нэрэн дээрээ бол байгаа л байх. Нидэр дээрээ худал чалчдаг нь байна уу гэхээс ажил хийдэг нь байхгүй.

Хүн харахад телевизээр дүүрэн эдийн засагч, бодит байдал дээр бол монголоо мэддэг эдийн засагч гэж бараг байхгүй дээ.

Улс төрчид нь бүгдээрээ эдийн засаг мэддэг юм шиг ярих боловч тэдний мэдлэг Итгэлт баянаас ч долоон дор. Итгэлт баян ядахдаа цээжний бан сайтай байсан…
Эрдэм шинжилгээний хүрээлэн байхгүй, судалгаа шинжилгээ гэж байхгүй, бүх тоо нь “буруу” болохоор монголын улс төрчдөд цээжээрээ буудахаас өөр арга байдаггүй юм. Ингээд “төрийн бодлого” гэж юм нь лөөлөө болдог юм.

Жишээ бол үй түм: Манайх 2005 онд Мянганы Хөгжлийн Цогц бодлого боловсруулав. Гэтэл Н.Энхбаярын сонгууль дөхсөн тул “Мянганы хөгжлийн цогц бодлогод суурилсан Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого” 2008 онд нэмж боловсруулав. Ингэх ямар ч шаардлага байгаагүй атал 360 мянган ам.доллар салхинд хийсгэв. Мань мэт хэлэхээрээ нэг болсон боловч нохой хуцсан чинээ тоохгүй байгаа юм чинь. Энэ ажилд Хан-Уулын IQ Дэмбэрэл, Батмэнд, Цэдэндамба нарын “агуу эрдэмтэд” оройлон зүтгэсэн юм.

Тэгээд тэд энэ баримт бичигтээ “Хүн бол оюун ухаан, сэтгэл хөдлөлийн нийлбэр мөн” гэсэн тодорхойлолт энэ дэлхийд анх удаа хийсэн билээ. Энд хүн гэдэг амьтныг биегүй болгосонд тэдний “ид шид” оршиж байгаа юм. Би тэр хэдээс биеэ нэхсэн чинь “философийн хүрээлэн”-ээс “асуух” болж таараад салсан юм. IQ нь хэтэртлээ хөгжихөөр ийм “аймаар” болдог юм билээ л дээ…

Тэд өөрсдөө ердөө л “оюун ухаан, сэтгэл хөдлөл хоёр” байдаг болохоороо өвддөг, өлсдөг бие махбодтой ард түмнээ ойлгодоггүй байх…

Манай төрийн бодлогын баримт бичиг гэж нэг иймэрхүү юм байдаг, манайд бодлогыг ингэж хийдэг юм…

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
rжамбаа(49.0.191.198) 2013 оны 04 сарын 18

яг голыг нь олж хэлжээ. арай дэндүү бүдүүлэг байгаа. Энэ Засгийн газар шинэчлэл хийх гэж байвал үнэхээр бодитойгоор юм хийж чаддаг дэлхийн шилдгүүдээр шинэ технологийг л оруулна гэдэгт найдаа л байж байя.

0  |  0
zochin(122.201.18.211) 2013 оны 04 сарын 18

unee bayartsogt 2oooo huvisagchaar bodsonoos yamar bna

0  |  0
Top