Арванхоёр оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд 5 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий 137 төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн ажил тусгагдсан аж. Гэтэл тэдгээр 137 төсөл арга хэмжээний 30.7 хувь буюу 3 арга хэмжээ тутмын нэг нь ТЭЗҮ байхгүй, газрын зөвшөөрөлгүй, инженер геологи болон геодезийн дүгнэлтгүй, техникийн нөхцөл аваагүй, боловсруулсан зураг төсөлгүй болон зураг төсөлд магадлал, экспертиз хийгдээгүй, батлагдсан төсөвгүй, сонгон шалгаруулалт хийгдээгүй, ажил эхлэх зөвшөөрөл аваагүй гэхчлэн Барилгын тухай хууль, Сангийн сайдын баталсан журмыг зөрчсөн зөрчилтэй байсан нь тогтоогдсон байна.
5 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий нийт 905,705.0 тэрбум төгрөгийн тэдгээр төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийн ажлыг хариуцан хэрэгжүүлэгч ТЕЗ, тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд аудитад хамрагдсанаар зөрчлүүд илэрсэн аж. Хөрөнгө оруулалтын төслийн төсөвт өртгийг Засгийн газрын 2010 оны 336 дугаар тогтоолыг баримтлан бодитой тооцолгүй баталснаас графикт хугацаандаа хэрэгжих боломжгүй болсон, ажлын тоо хэмжээ адил ч хэрэгжих хугацааг жил бүр өөр өөр байдлаар төлөвлөсөн зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.
Мөн хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүд, төсөл, арга хэмжээнүүдийг уялдуулан төлөвлөх, судалгаа, шинжилгээ хийх, төсөв зохиох, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох, бүртгэж мэдээлэх үйл явцыг үе шат бүрт нь хариуцан зохицуулах эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалт хангалтгүй байна гэж үзжээ.
Улс, орон нутаг, салбарын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөргүйгээс хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг үр өгөөжийн тооцоо, хэрэгцээ шаардлагын дагуу эрэмбэлээгүй, томоохон хөрөнгө оруулалтын арга хэмжээг салбарын норм, норматив, стандартыг баримтлан үндэслэлтэй төлөвлөөгүйн зэрэгцээ санхүүжилтийг олон төсөл арга хэмжээнд “хүртээх” зарчмаар хуваарилан, зэрэг эхлүүлж байгаагаас нөөц тарамдах, хэрэгжилт удаашрах эрсдэлтэй байгаа нь эндээс харагдаж байгаа юм.
Түүнчлэн аудитаар 10.1 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах албан шаардлагыг холбогдох 11 албан тушаалтанд хүргүүлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд зөвлөмж өгч, ТЭЗҮ, зураг төсөв, техникийн нөхцөл бэлэн болоогүй төсөл, арга хэмжээг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахгүй байхыг УИХ-ын анхааралд хүргэсэн гэж байна.
Энэ арвангурван оны төсвийн тухайд эхний улирлын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 83.7 тэрбум төгрөгийн ашигтай гараад байгаа нь хэд хэдэн томоохон эрсдэл бүхий төсвийн зүгээс ирж буй таатай мэдээлэл юм. Энэ жилийн төсвийн тухайд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бүрэн хэрэгжиж эхэлсэн анхны жилийн төсөв. Хуульд зааснаар төсвийн алдагдлыг 2 хувьд барина гэж байгаа ч бодит байдал дээр хэтрүүлчихсэн. Төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж, зарлагыг тэлэх байдалтайгаар төлөвлөсөн нь хуулиа ч гажуудуулж, эрсдэл ч дагуулж байгаа юм.
За нэгэнтээ төсөв батлагдсан байлаа гэхэд гүйцэтгэл тал дээр нь сайтар хяналт тавигдах ёстой. Тэгэхгүй бол хэдэн улстөрчид дуртай тоогоо бичиж нэмээд гаргачихсан юм шиг замбараагүй байж болохгүй. Тэгэхээр 137 төсал, ажлын 3 арга хэмжээ тутмын нэг нь зөрчилтэй байна гэдэг нь улстөрчид асуудалд дэндүү түүхий хандаж байгааг баталгаажуулж байгаа юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )