Канад, Хятадын хэлцлийг зогсоож гавьяа байгуулсан гэх хуулийг тордох нь...

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 18

Хөрөнгө оруулагчдыг айлгасан гээд байдаг бас нэг урт нэртэй хуулийг өөрчлөх асуудлыг түшээд эцэслэн хэлэлцэх нь тодорхой боллоо. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хийхээр болоод байна. Ер нь яагаад энэ хуулийг өөрчлөх гээд байгаа гэхээр Эрдэс баялаг, банк санхүү, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид оруулах гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас дээш байх тохиолдолд УИХ-аас зөвшөөрөл авахаар заасан нь хөрөнгө оруулагч үүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалтыг саналаараа хийх хүсэл эрмэлзлийг багасгаад байна гэж нөхдүүд үзээд байгаа юм. УИХ-аас шийдвэрлэх тухай хэлцэл нь салбараасаа шалтгаалаад хэт жижиг, тухайлбал, уул уурхайн салбарт өрөмдлөг эсхүл тээвэрлэлт зэрэг асуудал байж болохоор байгаа бөгөөд тэр бүрт УИХ хэлэлцэж шийдвэр гаргах нь ажлын ачаалал болон бизнесийн орчны хувьд таагүй, тохиромжгүй нөхцөл байдал үүсгэж байна гэдгийг ярьж байгаа. Тиймээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4.7 дугаар заалтыг өөрчлөн найруулж, 100 тэрбум төгрөгийн босгыг арилгах, УИХ-аас 49 хувиас дээш зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлцлийг шийдвэрлэж байхаар өөрчлөлтийг оруулж ирээд байна. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд Сайд Н.Батбаяр, Хууль батлагдаад эдийн засгийн орчин, гадаад нэр хүнд муудсан юм биш. Өөр өөр нөхцөл байдлууд нөлөөлсөн. Монгол Улс бие даасан бодлого явуулж буйд дургүйцэх нэгэн ч байгаа. Ер нь ийм хууль дэлхийн бүх улсад бий. Зарим улсууд ийм, ийм салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно гэсэн заалттай. Харин энэ хуульд тэгж хориглоогүй. Гадаад зах зээлд хуулиа сурталчлан, таниулаагүй нь бидний алдаа. Чингис Бондыг сурталчилж байх үеэр энэ хуулийнхаа талаар танилцуулахад гаднын хөрөнгө оруулагчид ийм хууль бүх улсад л байдаг гэж ойлгон хүлээн авч байсан. Бид хуулиа сайн сурталчилахад анхаарах хэрэгтэй юм байна. Түүнээс биш хуулиас болоод тэдэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зогссон гэсэн тоо байхгүй гэсэн зүйлийг ярьж байв. Ер нь энэ хуулийн төсөл  хаврын чуулганаар хэлэлцэж батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтад тавигдаж буй зөвшөөрөл авах үйл ажиллагаа тодорхой болж, илүү шуурхай шийдэгдэх боломж нээгдэнэ гэж нөхдүүд үзэж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эрхэм “Манай улс төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хувьд тогторгүй байдал үүсч байна. Ганцхан жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурна гэдэг том асуудал. 2009 онд ийм нэг төсөл Засгийн газарт орж ирж байсан. 24 саналыг хууль санаачилсан хүмүүст нь өгч байсан. Тооцоо судалгааг нь үз гэсэн. Сонгуулийн өмнө энэ хууль батлагдаад явчихсан. Ер нь сонгуулийн өмнө ийм хууль баталдаг чинь зөв үү гэсэн. Сүүлийн үед эдийн засагтай холбоотой зүйл анхаарал татаж эхэллээ. Энэ хуульд ингэж өөрчлөлт оруулах биш, эсвэл энэ хуулийг байхгүй болгох. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ давах хэрэгтэй байна шүү дээ” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Дэлхий ямар байдалтай байна тэр нь Монголд мэдрэгдэх нь ойлгомжтой. Тиймээс өөрсдийнхөө хувь заяаг гадныханд даатгах хэрэггүй. Өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй байна. Хамтран ажиллах саналыг хүлээж авна. Бид Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж нэгдсэн нэг хуультай болохоор төсөл дээр ажиллаж байна” гэсэн бол Ерөнхийлөгч асан П.Очирбат эрхэм энэ талаар  “Мэдээж, хөрөнгө оруулагчдад ямар нэгэн эрсдэлтэй тулгарах вий гэсэн айдас бий. Хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхож буй гол зүйл нь өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль юм. Тэгэхээр хууль нэгэнт гарсан хойно хэрэгжүүлэх л ёстой.Хуулийг шүүмжлэх, эсэргүүцэхээсээ өмнө яаж хэрэгжүүлэх вэ, яаж ажил хэрэг болгох вэ гэдгийг анхаарах нь чухал. Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчдад аль алинд нь хүндрэл бэрхшээл гаргахгүй байх боломжийг хайх хэрэгтэй.Хуулинд дутуу боловсруулсан, зарим чухал заалтууд нь тодорхой биш, засаж залруулах юм бий. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хуулийг боловсронгуй болгох, засаж сайжруулах зүйлүүд байна. Үүнд томоохон төслүүд дээр оролцож буй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид санал бодлоо хэлээрэй. Та бүхний санал бодлыг хүлээн авч хуулинд тусгах зүйлийг нь оруулъя. Гадаадын хөрөнгө оруулагчдад шууд саад болохоор зүйл байвал авъя” гэж тодорхой хэлсэн гэж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гадны хөрөнгө оруулалтыг төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн гэж ялгахгүйгээр хуульд тусгах санал гаргасан боловч олонхийн дэмжлэг аваагүй. Мөн гадны хөрөнгө оруулалтад тогтоосон 100 тэрбумын босгыг арилгах биш, 500 тэрбум болгон нэмэгдүүлэх санал гаргасан ч дэмжлэг аваагүй. Улмаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр болсон. Тэгэхээр мэндлээд жилийн нүүр үзэх гэж байгаа энэ хуулийн төсөлд капитал засвар оруулах асуудлыг шийдвэр гаргагчид нэг тийш болгох ёстой болж байна.

Ямартай ч мэндэлснээсээ хойш зөндөө асуудал дагуулж байгаа энэ хуулийн төсөлд нь өөрчлөлт хийх нь тодорхой байна гэхэд болох юм. Гэхдээ өнгөрөгч оны тавдугаар сард батлагдахдаа тодорхой ач холбогдлыг дагуулсан гэдгийг үгүйсгэх боломгүй. Учир нь Саус Гоби ресурс компани өмнийн говийн нүүрсний ордуудын лицензүүдийг  Хятадын төрийн мэдлийн Чалко компанид дамлах гэж байсан тэр үед мэндэлсэн. Түүнчлэн Канад, Хятадын хэлцлийг зогсооход нөлөөлсөн гэж олон улсын хэвлэлүүд бичиж байсан юм.

Б.Билэгт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top