Энэ хавар улстөрийн байдал тогтворгүй эдийн засгийн өнгө сайнгүй байна. Улстөрчид энэ хаврыг угтан өрийн бичиг гаргаж 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, төрийн дансыг овоо зузаатгасан ч, дагаад үүсэх асуудал бишгүй байгаа. Өр дагасан хариуцлагын асуудал улстөрийн түвшинд “тоглолт” болон яригдаж байхтай зэрэгцэн манай улсын зээлжих зэрэглэлийг олон улсын рейтингийн Стандарт энд Пүүрс компанийн зүгээс унагасан мэдээлэл бидэнд ирэв. Тэдний зүгээс өмнө нь манайд BB- “тогтвортой” гэсэн үнэлгээ өгөөд байсан бол үүнийгээ өөрчилж "ВВ сөрөг" гэсэн дүнг тавьжээ. Сангийн сайд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “...Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсон гэдэг мэдээллээс үүдэж ийм үнэлгээ өгсөн юм байх. Гэхдээ энэ нь Монгол Улсыг дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг амьд эд эс болсныг харуулж байна. Бидний өчүүхэн жижиг хөдөлгөөн дэлхийд мэдрэгддэг болчихсон байна. Тэгэхээр бид хариуцлагатай байх хэрэгтэй" хэмээн мэдэгдэв. Ер нь бол Чингис бондыг тойрч буруу зөв баахан юм яриад байгаа нь улсын нэр хүндэд сөргөөр нөлөөллөө л гэж тэрээр хэлээд байгаа юм.
Тэгвэл олон улсын Стандарт энд Пүүрс, Фитч, Мүүдийз гэсэн гурван компани Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн онд хэрхэн тогтоож байсныг бас цаашдын төлөвт хэрхэн прогноз хийж байсныг авч үзье. Стандарт энд Пүүрс-ийн тухайд өнгөрөгч оны 11 дүгээр сард манай улсын зээлжих зэрэглэлд BB- “тогтвортой” гэсэн үнэлгээ өгсөн бол Мүүдийз / B1 “тогтвортой”/, Фитч / B+ “тогтвортой”/ гэсэн үнэлгээнүүд тогтоосон юм. Тэгээд манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг дараах байдлаар авч үзсэн.
Улс төрийн тодорхой бус байдал,
Банкны салбарт доголдол үүсч болзошгүй байдал /Банкны салбарын хэмжээнд зээл хэт хурдацтайгаар өсч байгаа нь зээлийн чанарын эрсдэлийг дагуулж байна/,
Төсвийн зардлыг хэт өсгөх, эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг хэрэгжүүлж буй явдал /Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бодитоор хэрэгжиж эхлээгүй/,
Гаднаас хэт хараат эдийн засгийн бүтэцтэй /экспортын орлого буурч, гадаад тэнцвэргүй байдал үүсэх эрсдэл өндөр/,
Улсын гадаад өр хэт их хурдацтайгаар өсөх хандлагатай /төсвийн гадуур Засгийн газрын шууд баталгаатайгаар Хөгжлийн банк 600 сая ам.долларын үнэт цаас гаргасан болон дахин 1.5-2.0 тэрбум ам.долларын ЗГ-ын бонд гаргахаар төлөвлөж байгаа/,
Валютын ханшийн тогтворгүй байдал болон ханшийн эрсдэлээс үүсэх эдийн засаг, санхүүгийн эрсдэл зэрэг нь сөрөг нөлөөлөл үзүүлж магадгүй байгааг анхааруулсан.
Тэгвэл эндээс харахад манай нөхдүүд эсрэг дүн дагуулж мэдэх нөхцлийг бүрдүүлсэн байгаа юм. Улстөр тогтворгүй байна. Улсын гадаад өрийг хурдацтайгаар өсгөж байна гэхчлэн аваад үзэхээр манай рейтинг хилийн чанадад саарахад нөлөөлсөн байх магадлалтай шалтгаанууд байж байна.
Уг нь зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэхийн тулд анхаарах ёстой зүйлсийг дээрх рейтингийн компаниудын зүгээс бидэнд сануулж байсан. Гэхдээ тэдгээр нь сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн эсрэг авах ёстой хамгийн зохистой арга хэмжээнүүд мөн биш гэдэг дээр байр сууриуд өөр байх биз. Ямар ч байсан:
Эдийн засгийн халалт үүсч болзошгүй эдийн засгийн эрсдэлийг хаах бодлогын орчинг сайжруулах,
Эдийн засгийн мөчлөгөөс хараат бус/мөчлөгийн эсрэг бодлого хэрэгжүүлэх,
“Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийг тууштай дагаж мөрдөх, төсвийг экспортын бүтээгдэхүүний үнийн бууралтаас хамгаалах,
Уул уурхайн салбараас орж ирэх их хэмжээний орлогыг зөв зохистой зарцуулах тогтолцоог бүрдүүлэх,
Гадны нөхцөл байдлаас хэт хараат, савалгаа ихтэй жижиг эдийн засгийн хараат байдлыг багасган тогтворжуулах, төрөлжүүлэх,
Хөгжлийн банкны бие даасан, хараат бус байдлыг сайжруулах
Инфляцийг нэг оронтой хэмжээ рүү буулгах,
Гадаад тэнцлээ сайжруулах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар эдийн засгийг гадаад цочролоос хамгаалах гэхчлэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлбэл манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад нэр хүндэд сайнаар нөлөөлөх боломж бий талаар тэд бидэнд зөвлөсөн юм.
Яахав, Засгийн нөхдүүдийн зүгээс бол дарьтай торх шиг л эдийн засгийг хүлээж аваад, бүсээ чангалаад дайраад өдий зэрэгт хүрлээ л гээд байна. Ер нь бол манай эдийн засгийн өсөлтийн тухай цаасан дээрх тоон мэдээлэлд Оюутолгой төсөл түлхүү нөлөөллийг үзүүлж байгаа. Хэдийгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Төсвийн тэлэлт инфляцийг хөөрөгдөж, эдийн засгийг хүндрүүлж байсан ч Оюутолгойн бүтээн байгуулалтыг дагасан эерэг урсгал эдийн засагт гэрэл нэмж, өсөлт дагуулж байв. Харин одоо бол энэ төслийн бүтээн байгуулалтын бус үйлдвэрлэлийн “эрин” эхлэх гэж байна. Манайх руу орж ирж байсан урсгал эсрэгээрээ гадагшлах тал руугаа хандлаа гэсэн үг билээ. Гэхчлэн харвал манай улстөрчид өнгөрсөн жилүүдийнхээ арга барилаас татгалзах шаардлага зүй ёсоор гарч ирчихээд байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 1 )
БУГАТЫН АРМАТУР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ЗАРНАСорьцын нэр марк: Төмөрбетон бүтээцийнган арматурD20SD (//) (4Ex20)... D22SD (//)D25SD(//) (4Ex25)D28SD(//) (4Ex28)D16SD(//) (4Ex16)D18SD(//) (4Ex18)D10SD (//) (..)D12SD (//) (4x12)Сорьц хүлээн авсан огноо: 2013 оны 03 сарТуршилтанд мөрдсөн стандарт: MNS JIS 4856 1999Утас: 96098429