Гадаадын хөрөнгө оруулалт цорын ганц зам огтхон ч биш ээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

  Манайд хэдийнэ орж ирээд монголын олон нийтийн мэдээллийн орон зайн хойморт маань гарч суусан “Блүүмберг” агентлаг өнгөрсөн мягмар гаригт “Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл хамгийн дээд хурдаараа урагшлах бөгөөд үүний “шатахуун” нь Оюутолгой байх юм” гэсэн барууныхны хийсэн “гүн гүнзгий” дүгнэлтээ ээлжит удаагаа цацлаа. Өөрөөр хэлбэл, монголчууд Оюутолгойгүй л бол, Рио тинто-гүй л бол ДНБ гэсэн нэгэн шидэт үзүүлэлтийн өсөлтийн улаан шугамнаас нь алдуурах гээд байна шүү гэсэн далд утгыг энэхүү мэргэн оношдоо ”шигтгэж өгчээ”. Гэвч энэ ДНБ гэгч үзүүлэлт бол манай улсаас хичнээн хэмжээний хөрөнгө баялаг гадагш урсаж байгааг л тооцож байгаа дүн - “хошгируулах даллага" болохоос юмны эзэн, сумны занги монголын ард түмэнд энэ өсөлтөөс нь тусч наалдах юм бараг байхгүй байгааг, цаашид ч ийм байсаар байхыг монголын олон нийт эрхбиш ядаж зөнгөөрөө ойлгож эхэлсэн байгаа...

Байзаарай, ер нь ингэхэд Монгол Улсад байгаа нь гадаадын хөрөнгө оруулалттай Оюутолгой, Таван толгой хоёр гэж үү. Энэ утгаараа монголчуудын орлогын нэг л эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулагчид болохоос биш харин дотоодын үндэстний үйлдвэрлэгчид гэж байхгүй, тэдэндээ тулгуурласан бие даасан эдийн засаг гэж байх боломжгүй гэсэн нэг үзэл суртлыг л дээхнэ үеэс зүтгүүлээд ухуулаад сурталчлаад байгаа билээ. Монгол улсын Засгийн газрын үе үеийн эрх баригчид хэдийгээр өөр өөр улстөрийн үзэл баримтлалтай гэдэг боловч тэдний явуулж ирсэн эдийн засгийн бодлого, үйл ажиллагаа нь нэг л үзэл сурталыг чухамдаа тодруулж хэлбэл неолиберал үзэл номлолыг үг дуугүй баримталж дан ганц түүнийг л газар сайгүй ухуулж сурталчилж ирсэн болохоор монголын олон нийтийн дийлэнх “үүнээс өөр арга зам байхгүй юм байна” хэмээн хүлээн авдаг болчихсон нь одоохондоо бол үнээн! Гэвч энэ бол аюултай хялбарчлал, ноцтой төөрөгдөл гэдгийг “арьсаараа” ойлгох цаг нэгэнт ойртон ирж байна.

Гаднаас хараат байлгах ашиг сонирхол 

БНХАУлс саяхнаас нүүрсний импортоо зогсоочихлоо. Монголын дотоодын үндэстний үйлдвэрлэгчдийн экспортод бэлдсэн сая сая тонн нүүрс Хятадын хил дээр үхмэл хөрөнгө болон хувирч тэдэнд учирч байгаа алдагдлууд өдөр хоногоор өссөөр байна. Үндэстний томоохон лобби хөрөнгө оруулалтын жишээ болсон “Энержи ресурс” хүртэл ухаж гаргасан нүүрсээ урд хөршид арилжиж чадахгүй байдалд ороод байна. Ийм нөхцөлд улсын төсөв улайчих гээд Засгийн газар хүнд байдалд орж байгаа. Монгол улс сүүлийн 20 гаруй жилийн турш гаднынхны зөвлөгөөгөөр явуулж ирсэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүдийн үр дүнд цөөхөн нэр төрлийн түүхий эдүүдийг л экспортод гаргадаг бүтэцтэй болж хоцорсон бөгөөд одоо манай нийт экспортын 80 гаруй хувийг зөвхөн нүүрс бүрдүүлж байгаа нөхцөлд улсын төсвийн орлогын талаас илүү хэсгийг чухамдаа нүүрсний экспорт л оруулж ирж байгаа нь бодит үнэн билээ.

Өнгөрсөн хэдэн сард төмөр замын шинэ трассыг хааш нь ямар царигаар тавих вэ гэдэг дээр гэж баахан улстөржиж мунгинасан жинхэнэ эмгэнэлт жүжгийн сүүдэр одоо экспортод тусч эхэлсний гор ийн гарч байгаа юм. Манай улсын байрлаж байгаа бүс нутагт том гүрнүүдийн геоулстөрийн өрсөлдөөн улам хурцдаж байгаа энэ нөхцөлд манайд хэд хэдэн дээд хэмжээний айлчлалууд болсон нь өнөөгийн энэ манай эдийн засагт нүүрлээд байгаа экспортын хориг саадуудын угтвар нөхцлүүд болсныг манай эрх баригчид ухаарч байгаа болов уу. Манай улсын эдийн засгийн гадаад харилцаа гагцхүү том гүрнүүдийн геоулстөрийн эрх ашгаар л нөхцөлдөж байгаа гэдгийг одоо эрхбиш ойлгож тооцож байх шаардлагатай болсоон.

Манайхны төөрөлдсөн олонх ОХУ, БНХАУ л манай жижигхэн эдийн засгийн ашиг сонирхлыг хааж боогоод байна гэж том мунгинан муйхарлахын оронд манай эрх баригчдын явуулж буй гадаад бодлого энэ хоёр том мөнхийн хөршийнхөө гадаад геоулстөрийн бодлоготой нь ямар харьцаатай, ямар чиглэл баримжаатай байгаад дүгнэлт хийх хэрэгтэй байгаа юм. Хоёр том хөрш маань Монголтой харьцахдаа юуны өмнө эдийн засгийн ашиг хонжоо бус харин геоулстөрийн ашиг сонирхлоо л өмнөө тавьж байгаа болов уу.

Үүнээс гадна ер нь манай улсын эдийн засгийн хөгжлийн загвар стратеги, иргэдийн амь амьдралын түвшинг дээшлүүлэх бодлого гэж байна уу, аль эсвэл ээлжит "хоноц" - улстөрчид дөрвөн жил эрх мэдлийг өөрсөддөө ашиглаж засаглахыг л “хорхойссоор” байна уу.

Неолиберал хөлсний суртал ухуулагчид, үүнд нь төөрөлдсөн зарим ухвар мөчид хүмүүс одоо биднийг Кремль шатахууны үнээрээ далайлгаж байна гэж сурталддаг боловч үнэндээ үүнийг батлах нотлох баримтууд одоо болтол байдаггүй бөгөөд харин үнэндээ бол манай тухайн үеийн эрх баригчид л өөрсдөө гаднын зөвлөхүүдийнхөө шахалтаар газрын тосны бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнээр авч байх санаачлагыг ОХУ-д эхэлж тавьсан шүү дээ. Мөн визтэй зорчих асуудлыг ч энэ үед өөрсдөө тавьсан, тэд ч энэхүү “чухал” хүсэлтүүдийг маань ёсоор болгосон юм. Харин ОХУлс найрсаг харьцаатай хөрш улс орнуудад газрын тос, байгалийн хий нийлүүлэхдээ тус тусад нь хямдруулсан үнээр тохиролцож ирснийг бидэнд "мэдүүлэхгүй" байгаа....

Ер нь дэлхийн зах зээлийн үнийг жишээлбэл, газрын тосыг олборлодог оросууд, нүүрс түүхий эд олборлодог монголчууд шиг улс орнууд өөрсдөө тодорхойлдоггүй ийм л санхүү-эдийн засгийн шударга бус дэглэмд амь зууж байгаа гэдгийг ойлгуулдаггүй ийм зах зээлийн эдийн засгийн боловсрол гэгч, “чөлөөт” олон нийтийн  мэдээлэл гэгч хэнд хэрэгтэй юм бэ?!

Мөн Бээжин нүүрсний үнийг санаснаараа “хайчлахад” Монголд санхүүгийн “зуд” нүүрлэчихдэг гэж санагдсанаараа хялбаршуулж бичихээ болих цаг болсоон! Үүнийхээ оронд энэ бүхнийг нөхцөлдүүлээд байгаа цаад геоулстөрийн, манай эдийн засгийн хэв загварын уг шалтгаануудыг нь олж харж засаж залруулаагүй цагт Монголын авсаархан эдийн засаг нь экспорт-импортын дэлхийн хамгийн том боломжуудын дэргэд байрлаж байгаа мөртлөө хэзээ ч энэ ядуу, сул дорой байдлаасаа гарах үндэсгүй юм.

Бид дэлхийн том гүрнүүдийн геоулстөрийн шатрын тавилд сул хүү нь болсоор байх ёстой гэж үү? Үүнээс аль болох ангид цэвэр прагматик бодлого явуулж улс эх орныхоо хөгжил, ард түмнийхээ амь амьдралын түвшинг нэн тэргүүнд тавих цаг аль хэдийнэ болсоон.  Бид сүүлийн 20 гаруй жил дэндүү нэг талаар үзэл сурталжиж дэндүү нэг талын мэдээлэлтэй байгаагаа ухаарах сэрэх ёстой цаг нэгэнт ирээд байна.

Алс холын "гурав дахь хөрш" Барууны мөнгө санхүү - үзэл суртлын бүрэн эрхшээл доор, харин түүний хамгийн том геоулстөрийн сөргөлдөгч болох яг хажуугийн "нэг дэх" ба "хоёр дахь" хөршүүдэээсээ эдийн засгийн ийм хүчтэй хамааралтай байгаа нь зүйрлэж хэлбэл хоёр тийшээ ангайн зүтгэх “хайч”-ны дунд Монгол улсыг оруулсан байгаа. Монгол улс, монголын ард түмний язгуур эрх ашгийн талаас авч үзвэл ийм балай явуургүй нөхцөл байдлыг цэвэр гаднын үзэл суртлын болон Барууны геоулстөрийн стратеги бодлогын хүрээнд бий болгон тулгасан ба энэхүү "том тоглоом" нь манай улс эх орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаас ч дээгүүр тавигдаж байгаад л хамаг учир нь оршиж байгаа юм. БРИКС-ын орнууд шал өөр эдийн засгийн загвар, харилцааг байгуулаад эхэллээ. Монгол улс л энэ бүс нутагт ганцаараа шахуу “сонголтондоо үнэнч”, “баян улсын том нэр хүнд уначих вий” гэдэг үлгэрт нь  итгээд л хар буурийг нь сахин үлдэж байгаа. Бид, иргэд одоо яасан ч болох "эрх чөлөөтэй" болсон гэж хөөрцөглөн муйхарлаж байгаа боловч Төр, Улс Эх орны хамгийн амин чухал асуудлууд дээр бол Монгол улс улам эрх мэдэлгүй, гэхдээ бас хайр найргүй колоничлогчдын харгис саварт орчихоод байгаагаа бид хэзээ ойлгох ухамсарлах юм бол оо?Энэхүү Барууны экспортын “ардчиллын” доторхи цаад санаа, мөн чанарыг нь монголчууд бид л ойлгоогүй байгаагаараа бүс нутагтаа доог тохуу болсоор байгаагийн нэг баталгаа нь дээрх бодит байдал юм.

ОХУлсаас авдаг манай шатахуун, шатах тослох материалын хэмжээ нь энэ улсын жилийн экспортынх нь 1 хувьд ч хүрдэггүй байтал юун Монголыг эдийн засгийн талаас нь боож хаах, эндээс том ашиг унагах вэ, гол шалтгаан нь  тэдний гадаад улстөрийн бодлого, манай барьж байгаа "гурав дахь хөршийн" бодлогын зөрчилд, манай эелдэг гаднын зөвлөгчдөд л байгаа болов уу. Судлаж үзээгүй байж толгойд орж ирж байгаагааграа - санагдаж байгаагаараа хамаагүй бурж энэ байдлын учир шалтгааныг өөрсдөөсөө бус заавал бусдаас хайх араншин бол тэнэглэх эрх чөлөөний нэг хүнд хэлбэр юм...

1991 оноос хойш хэрэгжүүлж ирсэн неолиберал бүтцийн өөрчлөлтүүд нь манай эдийн засгийн аж үйлдвэрлэлийн суурь бүтцүүдийг эвдэн нурааж харин одоо 94%-ийн зөвхөн түүхий эдийн экспорттой, хэрэглээний бүтээгдэхүүний 89% -ийн цэвэр импортлогч орон болгож орхисон нь одоо нууц биш ээ. Харин үүнийг манай эрх баригч намууд ханцуй шамлан хийж бид харсаар суугаад хийлгэсэн буруутай. Ийм улс орны ирээдүй тун бүдэг байдаг. Одоо манай улс бараг бүх зүйлээ Хятадаас авч хангаж байна, хүн ард нь улам бүр хийж бүтээх ур чадвар, туршлага мэдлэгээ гээж ажил хийж чаддаг хүмүүс улам бүр ховор хомс болсоор байна.

Жилийн дөрвөн улиралд монголчууд төгрөгөөрөө сольж авсан сая сая юанийг тэндхийн дамын наймаачдын халаасанд сайн дураараа аваачиж эндээ тэдний ашгаа хийсэн барааг хэд нугалан төгрөгөөрөө зардаг эдийн засагтай болсон байгаа. Ийнхүү хэрэглээний экспорт улам бүр их болж монголын эдийн засгийг шавхаж хоосолсоор байна...

Өнгөрсөн улирлын дүнгээр авч үзэхэд хоёр их наяд төгрөгийн гадаад худалдаа хийсэн байна. Үүний дөнгөж найман тэрбум нь экспорт бол 1.2 их наяд төгрөг нь цэвэр импорт болж байна. Ингэхээр зөвхөн өнгөрсөн улирлын хэмжээнд манай гадаад худалдааны алдагдал 167.4 сая ам.доллар боллоо. Энэ дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал манай улсын нийт экспорт 7.8 хувиар буурсан байна. Нийт экспорт маань ийм багахан бас түүнд гол нөлөө үзүүлж байгаа нь гадаад, дотоодын уул уурхайн компаниуд байгаа. Гэхдээ үндэсний компаниудын тоо дэндүү цөөн болохоор энэ салбарыг олон нийт мөнгө гэж хардаг ба тэгэх тэгэхдээ бүр америк мөнгөн дэвсэрттэй ижилсүүлж ойлгодог.

Гадаадын хөрөнгө оруулагчид өөрсөддөө таатай болгож авсан манай эрхзүй, татварын орчинд тарвалзаж эндээс олсон бүх ашгаа оффшор бүсүүд рүүгээ аваад гардаг бол харин үндэстний цөөхөн экспортлогч компаниудын авчирч байгаа валютын орлого л монголын эдийн засгийн төгрөгийн цорын ганц өөрийн эх үүсвэр юм. Үндэстний цөөхөн энэ хэд үрүү маань төөрөлдөж мунгинасан олонхийг турхирч “тамын тогоонд” татан унагах тусам Монгол улс валютын орлого олж биш харин гаднаас валют зээлж амь зуух л зам үлдэж байгааг ойлгох шаардлагатай байна. Бид ийм “дэлхийн жишиг” гэгчид ороод 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Зээлэхэд хүний мөнгийг түр авч хэрэглэдэг бол харин эргүүлээд хүүтэй төлөхөд өөрийнхөө мөнгийг үүрд өгдөг гэдгийг ухаарах цаг аль эрт болсоон.

Ийм явуулгын үр дүнд хамгийн эмгэнэлтэй нь манай улсын экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ улам буурсаар, улс эх орон мааань улам их өрөнд орсоор, ард түмэн улам ядуурсаар байгаа явдал юм. Одоо нийт экспортын 93 –аас илүү хувийг зөвхөн уул уурхайн ашигт малтмал эзэлж байгаа. Дэлхийн жишиг ийм юм чинь гэж гэж зарим нэг хүмүүс өөрт санагдаж байгаагаараа хэлж болох боловч тэндхийн эдийн засгийн бүтэц, хөгжлийн түвшин, чадавх шаал өөр, бас өөр учир зүйн шалтгаантай билээ...  Бас энэ 93%-ийн түүхий эдийг олборлож экспортонд гаргаж байгаа компаниудын дунд үндэсний аж ахуйн нэгж гэж гарын таван хуруунд багтахаар цөөхөн байгаа. Ингэхээр энэ салбарыг гадаадынхнаар төсөөлөн харж буй нь олон нийтийн ч буруу биш юм.

Өнгөрсөн 20 гаруй жил эрх баригчид хоёр нам Монголын эдийн засгийн салбарт хамтран явуулж ирсэн - улс орныг аж үйлдвэрлэлгүй, гаднын хөрөнгө оруулалтаас хараат болгосон харийн неолиберал бодлогыг бор зүрхээрээ сөрөн гарч ирсэн үндэстний уул уурхайн аж үйлдвэрлэлийн энэ цөөхөн хэдээ ч нугаслаж тэр чигт нь “булшлахад” бэлэн байгаа өнөөгийн ардчилсан Монголын төрийн бодлого хэнд ашигтай, харин хэнд ашиггүй байсныг ард түмэн ойлгох цаг гарцаагүй ирэх ба тэр үед энэ бодлогыг явуулж ирсэн энэ хэсэг хувь хүмүүсийн эрх ашиг чухам юутай холбоотой байсныг ухаарах болноо...

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2010 онд Төв банкинд хоёр тонн хүрэхгүй алт тушаажээ. Энэ нь өмнөх оноосоо 2,3 тонн буюу 57 хувиар бага байгаа юм. Гэвч 2011 онд 3,3 тонн алт олборлосон байх юм. Энэ нь алтны олборлолт багасаагүй гэдгийг харуулж байна. Мөн өнгөрсөн онд гэхэд л ашиглахад бэлэн 23 алтны ордыг нэмж бүртгэсэн байдаг. Энэ бүх дүр зураг чухам юуг хэлээд байнаа гэвэл Монгол улс, монголын ард түмний төлөө байж чадахгүй байгаа энэ төрийн бодлого, гадаадынхныг хэт шүтсэн мансуурлын балгаар Монголын бүх эдийн засаг гадагшаа нүүж өвөг дээдсийн үлдээсэн энэ баялаг, эх нутаг минь өнөөгийн бидэнд болон ирээдүй хойч үед маань улам бүр хүртээлгүй, өгөөжгүй болж бид үеийн үед бусдын эрхшээлд байх үүд хаалгыг нээж байна.

Энд мөн цэвэршүүлэх нэрээр гаргасан Монголбанкны алт нь ч биетээрээ бус зөвхөн цаасан дээр л “байгаа” гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ийм хоёр “янзын” алтны хооронд бодит байгаа хөрөнгө эсвэл “өгнөө” гээд хэлчихсэн амлалт хоёр шиг ялгаа байдгийг бас олж харах ёстой…

Тэд Монголд мөнгө авчирдаггүй, харин аваад гардаг

НҮБ-ын “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх” тайланд Монгол Улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалт нь голдуу уул уурхайн салбарт чиглэж буйг онцолсон байгаа. Энэ тайланд дурдсанаар 2021 он гэхэд Монгол Улсад үүсч болох эдийн засгийн хоёр таамгаар бол нэг бол тогтвортой хөгжинө, үгүй бол баялгийн хараалд өртөж эдийн засаг бүрэн уналтанд орно гэжээ. Хөгжлийн стратегиа хангаж чадвал эдийн засаг төрөлжиж, дэд бүтцийн томоохон ахиц дэвшил гарна. Харин эсрэг хувилбараар бол хээл хахууль, авлига даамжирч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт саармагжин, ажилгүйдэл, гэмт хэргийн тоо ихэсч, тэгш бус байдал улам давамгайлна гэжээ.

Одоо тэгвэл эрх баригчид Монгол улсыг чухам аль зүг рүү нь “жолоодоод” байна вэ. Монголд харийн ганцхан үзэл суртал бүрэн ноёрхож дундаа эдийн засгийн ганцхан номлолтой 2 нам ээлжлэн төр барьж байгаа нөхцөлд үнэхээр том өөрчлөлт дэвшил гарч улс орны хөгжлийн стратегиа хангаж эдийн засгаа төрөлжүүлж дэд бүтцийн томоохон ахиц дэвшилүүд хийж чадах уу.  Хариулт нь ойлгомжтой шүү дээ. 

Ашигт малтмалын тухай хууль өөрчлөлт оруулна гэхээр өнөөх гаднын уул уурхайн компаниуд нь гараад явчихъя, танайхыг орхиод явчихъя гээд л баахан айлгаж манай неолибералчид тэдний энэ “дууг” хөлсөөр зарим нь тэнэгээсээ найрал дуугаар дуулцгааж байна. Гэвч тэд хөрөнгө баялагийн үнэр л авсан бол хөөгөөд туугаад ч гардаггүй, бүр зэвсэглэн орж ирдгийг өнгөрсөн түүх болон одоогийн үйл явдлууд харуулж байна. Тэд одоо өөрсдөө түр гараад явж байгаа нь манай дотоод нөхцөл байдлаас шалтгаалж байгаа бус харин дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын 2 дахь давалгаа эхэлж байгааг хэлж байгаа дохио ба үүн дээр АНУ-Хятад хоёрын геоулстөр-эдийн засгийн улам бүр хурц болсоор байгаа өрсөлдөөнтэй шууд холбоотой юм...

ЭНЭ БҮХЭН НЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАНД ТУЛГУУРЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ЗАГВАР ХИЧНЭЭН ЭМЗЭГ СУЛ ДОРОЙ БАЙДГИЙГ ХАРУУЛЖ  ҮНЭНДЭЭ ТЭД ЭНЭ УЛС ОРНЫ "ЖИНХЭНЭ ЭЗЭД - ЭРХШЭЭГЧИД" БОЛСОН БАЙГААГ ГЭРЧИЛЖ БАЙГАА БУС УУ.

Тэдний “татгалзах аргагүй зөвлөгөөг” нь авсан манай “оффшор” улстөрчид нийт ордуудын стратегийн ба стратегийн бус гэсэн ялгааг үгүй болгож шинэчлэхээр хуулийн шинэ төсөл ч санаачилсан байгаа. Оффшор бүсүүдийг байгуулж ашиглаж ирсэн улсууд тэнд дансанд нь хийж өгдөг хээл хахуулиа, мөн тийш нь зувчуулж гаргуулсан дефоцитийг "оффшор" бизнесмэн улстөрчдөд өгөхгүй ч байж чадна гэдгээ саяхан Кипрт харуулсныг тэд ер нь ойлгосон болов уу…

Монгол улс Үндсэн хуульдаа газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж заасан билээ. Тэгсэн хир нь өнөөх уул уурхайн баялаг нь гадаадынхны дамын наймаачдын гарт бусдын мөнгийг завших хэрэгслүүд болж эцэст нь Монгол улс тэдний өмнөөс хөрөнгө оруулагч хувь эзэмшигчдийн өмнө асар том өрөнд унаад үлдэх гэж байгааг харсаар байж дуугарах “ард түмний дуу хоолой”-нууд эрх баригчдын дунд лав алга байна. Ингэхдээ улстөрчдийн өөрсдийгөө өмөөрдөг бамбай нь “Уул уурхай дахь хөрөнгө оруулалт гадаадаас л 100 хувь орж ирнэ” гэдэг маани залбирал нь билээ. Чин үнэндээ гаднын хөрөнгө оруулагчдын ихэнх нь Монголд багц багц өөрсдийн “ногооноо” өвөртлөөд орж ирдэггүй юм. Харин Монголын уул уурхайгаар “хоширгооны даллага” хийж хувьцаа эзэмшигчдээс мөнгийг нь зээлж авчихаад түүнийгээ өөрсдийн хөрөнгө оруулалт хэмээн бидэнд томордог тогтсон жишигтэй болсон юм.

Үүнтэй зэрэгцээд манай 4 жилийн түр сайд дарга нар юу ч хийж бүтээлгүйгээр хурдхан баяжиж авах хүсэл эрмэлзэлтэй болохоор өөрсдөө баялгаа сурталчилж өөрсдөө мөнгө босгож өөрсдөө олборлож хамгийн гол нь өөрийн улс орондоо мөнгөтэй болно гэхийн оронд бэлэнчлэх сэтгэлгээ, шунал тачаал, хөлс хүч гаргаж хөдөлмөрлөх хүсэлгүйгээсээ болоод харийнхны аманд багтаж, хуумгай гэрээ хэлцлүүдийг хийсээр ирлээ. Үүний хамгийн тод жишээ нь “Рио тинто”, “Чалко” компаниудтай холбогдсон паянгууд. Өнгөрсөн сонгуулиар мөнгө тараах гэж л урьдчилгаа нэртэй зээл авсан гэдэг. Гэтэл тэр мөнгө нь ч тараагүй… Өнөөгийн эрх баригчид өмнөх эрх баригчдын үрэгдүүлж шамшигдуулсан энэ их мөнгө хөрөнгийн төлөө хариуцлага тооцохгүй, зөвхөн “урагшаа харж ажиллана” гэж байгаа нь “нэг гар нь нөгөө гараа угаадаг” гэгч болж л байна.

Барууны “ардчиллын” энэ 20 гаруй жилийн турш ОУВС, ДБанкнаас явуулж ирсэн бүтцийн өөрчлөлтүүдээрээ эдийн засгийн суурь бүтцүүдийг эвдэн нурааж  дотоод нөөц боломж, чадавхи гарцгүй болгож үүний дараагийн шат нь гадаадын хөрөнгө оруулалт нэрээр дотоодын бүх байгалийн нөөц баялагийг нь цөлмөх бодлого хэрэгжсээр байна. Ийм байдалд орж хариуд нь “ардчилсан, чөлөөт зах зээлтэй” үзэл номлолыг нь л авсан байгаа Монгол улс Хятад руу нүүрсээ гаргаж худалдаж чадахгүй болохоор төсвийн алдагдал өснө, үүнийг түр зуур нөхөхийн тулд ОУВС, ДБанкнаас өндөр хүүтэй богино хугацаатай зээлүүд авна, дараа нь энэ зээлүүд, хүүгээ төлөхөөр иргэд, дотоодын бизнесмэнүүдээс авах татвараа өсгөнө, үндэстний үйлдвэрлэгчид өндөр татварын дарамтан доороос нь өндийж босож чадахгүй сөхрөн унана… ингээд чөтгөрийн тойрог битүүрч байгаа нь тэр ээ. Энэ бүхнийг дэлхийн олон оронд туршсан, эдийн засгийг нь “алдаг” тэдний дархан мэх нь билээ.

Үндэсний эрх ашиг хаана байна? Ер нь байна уу...

“Хятадад үйлдвэрлэв” хэмээх ном барууны ертөнцөд шуугиан тариад удаж байгаа. Яагаад гэхээр угаасаа Хятадад гадаадынхан хөрөнгө оруулах хийгээд үйлдвэрлэл эрхлэх боломж бусад улсыг бодвол хамаагүй хатуу чанга дүрэм дор захирагддаг. 2008 оны санхүүгийн их хямралын үед Ерөнхий сайд асан Вэн Зябао дотоодын үйлдвэрлэлдээ дөрвөн их наяд юань оруулж, үндэсний эрэлтээрээ дамжуулан эдийн засгийнхаа тогтвортой байдлыг ханган үлдэж чадсан юм. Харин тэр үед Монгол Улс яасныг эргэн санавал, гадаад эдийн засгаас шууд хамааралтай болохоор хятадууд нүүрс худалдан авахаа больчих вий гэсэн айдсаас болж улстөрчид нойртой хонохоо байсан нь нууц биш. Тэгэхдээ хуруугаа ганц ч хөдөлгөөгүй, харин сонгууль угтсан хоосон амлалтуудаа “тэрлэж” байлаа.

Гэтэл одоо ч Бээжинд гадаадын хөрөнгө оруулалт ороход өндөр шалгууртай, асар их өрсөлдөөнийг туучиж гарч ирэхийн тулд барууныханд данс дүүрэн мөнгө нь биш харин овсгоо самбаа, чанартай үйлдвэрлэл, ажлын байр бий болгох гээд эдийн засгийн хөшүүргүүд нь хүч болдог. Түүнээс биш Монгол шиг сайдад нь сая ам.доллар атгуулаад бүх асуудал шийдэгдэнэ гэвэл лөөлөө болно. Хувийн хэвшлийнхнээ дэмжсэн Хятадын төрийн өндөр босго нь энэ улсад хөрөнгө оруулах гадаадынхны зүрхэнд орчихсон гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн 2010 онд “Рио тинто”-гийн ажилчид авлигын хэрэгт холбогдсоныг Бээжин илрүүлж чадсанаараа хуулийн хэрэгжилт нь хэчнээн өндөр байгааг дэлхийд тунхагласан юм. Гэтэл Монголд “Рио тинто” шиг том “гарууд” алга. Ёстой л бурхангүй газрын буг галзуурна гэгч болоод байгаа нь энэ.

Энэ бүхний эцэст эрх баригчдаас, улстөрчдөөс монголын үндэстний эрх ашиг хаана байна, ер нь байна уу гэдгийг л асуух үлдэж байна. Экспортын цөөхөн нэр төрлийн түүхий эд үйлдвэрлэж баялаг бүтээн гадаад зах зээлээс валют оруулж ирж буй цөөн хэдхэн компани байдаг ч тэдгээр нь муу нэртэй, луу данстай. Яагаад гэвэл дотоодын компаниуд учраас тэр юм. Бас энэ цагийн дарга, түшмэд нарт авлигыг нь өгөхгүй л бол өндийлгэхгүй гэж байгаа учраас тэр.

Өнөөгийн “ардчилсан”, “чөлөөт зах зээлийн” Монголд ийм л хачин жигтэй нөхцөл байдал ноёрхсон байгаа учир нь өнөөдрийн Монголын улстөрчдийн дунд энэ бүхнийг өөрчлөх гэсэн сэтгэлтэй зоригтой, мэдлэгтэй боловсролтой, энэ байдлыг өөрчилж болно, өөрчлөх ч ёстой, үүнээс өөр арга зам, ирээдүй бидэнд байхгүй гэдэгт итгэдэг хүмүүс дэндүү цөөн байгаа учраас тэр юм. Итгэлгүй хүн бол үндэсгүй мод, жигүүргүй шувуу гэдэг билээ...

Монголын эдийн засгийн тулгуур үндэс бол манай улс эх орны эдийн засгийн өөрийн дотоодын чадавх мөн бөгөөд харин үүний багана бол үндэстний аж үйлдвэрлэгчид л байх болноо...

Өөрөөр байх боломжгүйг өнгөрсөн бүх түүх, өнөөгийн бодит байдал харуулж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.131.225.197) 2013 оны 04 сарын 23

Xen gedeg etgeed deerx niitleliig bichee ve. Tagnuul bish bol neree taviachee.

0  |  0
Top