Дэлхийн хөрөнгийн зах дээрх Ази, Америк, Европын голлох индексүүдийн мэдээллийг харахад өсөлт давамгайлж байна. Ерөнхийдөө улс орнуудын эдийн засгийн мэдээллүүд алагтай цоогтой, хөрөнгө оруулагчдын итгэл сул талдаа байгаа ч, цаашдын төлөв нь гайгүй өнгөтэй харагдаж байгааг шинжээчид тэмдэглэж буй. Таваарын захын арилжааны талаарх мэдээллийг харахад шар металлын ханш сүүлийн 30 жилийн хамгийн том нэг өдрийн уналтыг долоо хоногийн эхний өдөр харууллаа. Уншигч та санаж буй бол Киприйн алтны талаархи шуугианаас үүдэлтэй уналтаар эхэлсэн билээ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдөр евро бүсийн Кипр улсын засгийн газар одоогийн нөхцөл байдлаас гарахын тулд өөрийн улсын нөөцөнд буй алтнаас 400 сая евротой тэнцэх хэмжээний алтыг зарах талаар яриа гарсан бол долоо хоногийн эхний өдөр БНХАУ-ын эдийн засгийн тоон мэдээнүүд сулхан гарсан нь дарамт болж эхэлсэн байна. Шинжээчид энэхүү уналтыг олон янзаар тайлбарлаж байгаа бөгөөд хамгийн эхний шалтгаан бол Евро бүсийн Кипр улсын мэдэгдэл. Тус бүс нутгийн эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед дээрхи арилжаа хийгдвэл Итали, Испани зэрэг эдийн засаг нь зогсонги байдалд байгаа орнууд алтны нөөцөөсөө зарж эхлэх магадлалтай юм. Хоёр дахь шалтгаан нь АНУ-ын улсын явуулж буй мөнгөний бодлого гэсэн байна. Учир нь Холбооны нөөцийн банкнаас баримталж буй эдийн засгийг дэмжих хөтөлбөрөө зогсоож мөнгөний бодлогоо чангатгаж магадгүй гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байгаа юм. Ингэснээр ам.долларын ханш чангарч хөрөнгө оруулагчид АНУ-ын засгийн газрын бондонд мөнгө байршуулах сонирхол нэмэгдэж эхэлсэн гэж шинжээчид үзэж байна. Долоо хоногийн дундаас шар металлын ханш бага зэргийн өсөлтийг харуулж эхэлсэн бөгөөд нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл дээрхи голлох индексүүд буурсан үзүүлэлтийг харуулсан бол Ази болон АНУ-д биет алтны хэрэглээ нэмэгдсэн талаар мэдээлж эхэлсэнтэй холбоотой байлаа. Харин шинжээчид шар металлын зах зээл дээрхи хөрөнгө оруулагчид урт хугацааны позицоо нэмэгдүүлж байгаатай холбон тайлбарлаж байна.
За харин нефтийн ханшийн тухайд сүүлийн хоёр долоо хоногийн туршид 10 орчим хувиар буураад байгаа түүхий нефтийн үнэ шинэ долоо хоног эхлээд мөн л буурсан байсан ба БНХАУ-ын ДНБ-ий өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өссөн хэдий ч хөрөнгө оруулагчдын хүлээлтээс доогуур үзүүлэлт байсан нь нөлөөлсөн. Энэ өдөр Брент түүхий нефть 100.02 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн 2012 оны 7-р сараас хойшхи хамгийн доод түвшин юм. Долоо хоногийн дунд АНУ-ын Эрчим хүчний агентлагаас тус улсын түүхий нефтийн нөөц буурсан, бензин болон дизелийн нөөц нэмэгдсэн гэж мэдэгдсэн нь зах зээлд ямар нэг дорвитой хөдөлгөөн авчирч чадаагүй ба Европын холбооны төвбанкны албаны хүн ойрын хугацаанд тус төвбанк бодлогын хүүгээ бууруулахгүй гэж мэдэгдсэн нь Брент нефть 97.69 ам.долларт хүрч буурах нөхцөл бүрдсэн байна. Харин Баасан гаригт хөрөнгийн зах зээлд индексүүд өсөх хандлага ажиглагдаж байсан ба Брент түүхий нефтийн ханш эргээд 101.00 ам.доларт хүрсэн байна. Ханшийн огцом бууралттай холбоотой Иран болон Венесуэл улсууд ОПЕК-н ээлжит бус хурлыг товлох хүсэлтэй байгаагаа энэ үеэр дурьдаж байлаа.
Нүүрсний ханшийн тухайл долоо хоногийн эхнээс бууралттай арилжаалагдаж байсан бөгөөд Лхагва гаригт Европын Амстердам боомт дээр Даваа гаригийн нээлтээс даруй нэг орчим ам.доллароор буурч 83.25 ам.долларт хүрсэн нь БНХАУ-н нүүрсний хэрэглээ буурна гэсэн хүлээлт зах зээлд байснаас гадна ХБНГ улсад эрчим хүчний үнэ буурч байгаа нь мөн нөлөөлсөн байна. Түүнчлэн түүхий нефтийн ханш буурсан нь нүүрсний үнэд дарамт учрууллаа.Дэлхийд томоохонд тооцогдох Өмнөд Африкийн Ричардс боомтоос гарч буй нүүрсний тэн хагас нь Европын орнууд руу гардаг бол үлдэх хэсгийг БНХАУ болон Энэтхэг улсын худалдан авагчид бүрдүүлдэг байна. Долоо хоногийн төгсгөлд Азийн бүс нутгийн хэрэглэгчид нүүрсийг тухайн үний түвшин дээр худалдан авах сонирхол нэмэгдэж байсан нь нүүрсний үнийг тус боомт дээр 2 ам.доллароор өсөхөд нөлөөлж улмаар 80 ам.долларт хүргэсэн байна.
Ер нь бол өмнөх долоо хоногийн сүүлийн өдөр эхэлсэн түүхий эдүүдийн үнийн уналт шинэ долоо хоногийн эхний өдөр мөн үргэлжилсэн. Дэлхийн эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэгэнт сул байгаа дээр нэмэгдэн гол эдийн засгийн төвүүдийн талаар таагүй мэдээлэл үргэлжилж байгаа нь түүхий эдүүдийн үнийн уналтыг улам бүр эрчимжүүлж байлаа. Тэргүүлэгч эдийн засагтай орнуудын талаар таагүй мэдээг Хятад улс эхлүүлсэн бөгөөд тус улсын эдийн засаг 1-р улиралд 7.7 хувиар өссөн нь өнгөрөгч оны сүүлийн улирлаас буурсан үзүүлэлт болсон байна. Эдийн засгийн орчин таагүй байгаатай холбоотойгоор зах зээл эерэг мэдээнээс илүү сөрөг мэдээлэлд хүчтэй хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд долоо хоногийн эхээр АНУ-д шинээр эхэлж буй орон сууцны барилгын ажил 2008 оны 6 сараас хойш хамгийн дээд түвшинд хүрч өссөн таатай мэдээ гарсан ч энэ нь үнийн уналтыг удаан зогсоож чадаагүй. Харин долоо хоногийн дундуур “Олон улсын санхүүгийн корпораци (IMF)”-ээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулсан мэдээ гаргаснаар зах зээлд дахин огцом уналт үүссэн. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд түүхий эдүүдийн үнийн уналт бага зэрэг намжиж холимог үр дүнг үзүүлж байсан ч зэсийн үнэ үргэлжлэн унаснаар 2011 оноос хойш 1 долоо хоногийн хамгийн их уналтыг хийсэн байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл ( 0 )