Оросууд сурсан зангаараа худлаа судлаж байвал яах вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 27

Манай хоёр хөршийн тэргүүнүүд нефтийн салбарт харилцан ашигтай хэлцлийг хийгээд байгаа. “Роснефть”, CNPC хоёрын хамтарсан компани Тянжины нефть химийн үйлдвэрийг барих бөгөөд түүхий эдийн нийлүүлэлтийг Оросууд хариуцахаар болж байна. Тэгвэл манай тухайд нефтийн бүтээгдхүүнээ хоёр хөршөөсөө царайчлаад л байж байна. Тэрдундаа газрын тосны бүтээгдэхүүний хангамж импортын эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хамааралтай тул  эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа талаар ярихгүй биш ярьж байгаа. Харин үр дүн нь ямар вэ гэдэг нь тусдаа асуудал юм.  Уул уурхайн яамны зүгээс бол Роснефть компанитай хангамж, үнийг тогтворжуулах талаар идэвхтэй хамтран ажилласаны үр дүнд нь “Роснефть” компаниас бүтээгдэхүүний үнийг олон улсын зах зээлийн үнэд суурилсан аргачлалаар тооцох саналаа ирүүлсэн гэж байгаа юм. Роснефть компанийн үнэ сүүлийн хэдэн саруудад бусад нийлүүлэгчтэй харьцуулахад өндөр байсан бөгөөд үүний улмаас нийлүүлэлтийн хэмжээ нь огцом буурахад хүрсэн. 2013 оны эхний улиралд “Роснефть” компаниас гэрээний дагуу хамгийн багадаа 135 мянган тонн бүтээгдэхүүн авах ёстой боловч үнэ өндөр байсан тул дотоодын аж ахуйн нэгжүүд тус компаниас худалдан авах бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулж, нийтдээ 65 мянган тонн бүтээгдэхүүн импортоор авсан гэж байна.

Энэ он гарсаар ийнхүү үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан, Роснефть компанитай 2013 оны 1, 3 дугаар сард уулзаж, үнэ болон хангамжийн талаар яриа хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний гол зорилго нь Роснефть компаниас ирүүлсэн үнийн томъёоллын талаар хэлэлцэх явдал байсан бөгөөд манай талаас Роснефть компанийн зүгээс тавьсан үнийн томъёололд өөрчлөлт хийн үнийг тодорхой төвшинд буулгах саналаа албан бичгээр тавьжээ. Харин Роснефтийн талаас манай саналыг судлан үзэж, хариу өгөхөөр тохиролцоод байна гэж буй. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход Оросын тал судлаж байна гэх хариуг өгөхдөө сурамгай гэдгийг манай нөхдүүд сайн мэдэж байгаа биз ээ. Тэд манай шатахууны  жижиглэнгийн зах зээл болоод болоод үйлдвэрлэлийн төслүүд дээр орж ирсэн тохиолдолд илүү боломж олгох талаар ярина гэдгээ нуудаггүй.

За харин бусад эх үүсвэрийн тухайд аваад үзэхээр “Чайна Ойл” компанийн Хөх хотын боловсруулах үйлдвэрийн өргөтгөл өнгөрсөн оны 10 дугаар сард дууссан бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн сар бүр импортоор авах талаар хэлэлцээ хийжээ.  “Чайна Ойл” компанитай бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх гэрээг “НИК”, “Магнай трейд”, “Шунхлай” ХХК-уудтай байгуулжээ. Гэрээний нэг онцлог нь “Чайна-Ойл” компаниас нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг Монгол Улсаас БНХАУ-д экспортолж байгаа түүхий тосны үнийг суурь болгосон томьёолол дээр үндэслэн харилцан тохиролцсон. “Чайна-Ойл” компаниас сард авах бүтээгдэхүүний хамгийн доод хэмжээг 4000 тонн ба улмаар 10 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхээр гэрээнд тусгасан гэж байна.

Тэгэхээр  “Петрочайна Дачин Тамсаг” ХХК,  “Доншен Газрын тос (Монгол)” ХХК-иудын олборлон, экспортлож байгаа түүхий тосны үнийг суурь болгоно гэдэг дээр тодотгоход Тамсагийн сав газраас олборлож буй газрын тосыг Сингапурын бирж дээр борлогддог “Дачин 33” маркийн, Дорноговийн сав газраас олборлож буй түүхий тосыг Лондонгийн бирж дээр борлогддог “Брент” маркийн тосны тухайн үеийн борлуулах үнээр тус тус борлуулж ирсэн байгаа.

 Ямартай ч энэ сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 31 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 37, Аи-92 автобензин 32, дизелийн түлш 20 хоногийн нөөцтэй, ирэх саруудад шатахууны үнэ бууна  гэх мэдээллийг албаныхан өгч байгаа. Гэхдээ манай тухайд шатахууны үнийн өсөлт дийлэнхидээ  цаад талын эрх ашгаас хамаарч тогтоогдоод байгаа учраас ирэх саруудад хойд хөршийнхний ааш аяг хэрхэхээс хамаарах биз.

Болор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top