Ерөнхийдөө Америкийн Нэгдсэн Улс дэлхийн эдийн засагт өнгөтэй мэдээлэл дагуулж байгаа гэдгийг шинжээчид хэлж байгаа. Хятадын эдийн засгийн хувьд таамагласан өсөлтдөө хүрч чадахгүй байдалтай байгаа бол Евро бүсийн тухайд байдал сайнгүй хэвээрээ л байна. Түүнчлэн өнөөдөр Америкийн хөрөнгийн захын мэдээг харахад үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдийг илтгэгч гол индексүүд өсөлттэй байгаа бол Европын STOXX 50, FTSE 100 уналттай DAX өсөлттэй байна. Харин Азийн Nikkei, S&P/ASX 200 уналттай, Hang Seng өсөлттэй тэмдэглэгдэж байгаа юм.
Энэ долоо хоногийн эхлэлийн нөхцөл байдлыг харахад АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд даваа гаригт сэргэж байсан нь түүхий нефтийн ханшинд эерэгээр нөлөөлж байлаа. Гэхдээ энэ өдөр арилжааны хэмжээ нь бусад өдрүүдийг бодвол бага байлаа. Даваа гаригт Брент түүхий нефть 74 центээр өсч, 100.39 ам.долларт хүрсэн ба долоо хоногийн төгсгөлд дэлхийн хамгийн том хар алтны хэрэглэгч орны нэг АНУ-ын түүхий нефть, түүнтэй адилтгах бүтээгдэхүүний нөөц буурсантай холбоотой Брент түүхий нефтийн ханш мөн 102 ам.долларт хүртэл өссөн байна. Мөн зуны улирал болж буйтай холбоотой АНУ-д түүхий нефтийн хэрэглээ өснө гэсэн хүлээлт нэмэгдэж байсан нь үүнд нөлөөлсөн. Зарим нэг хөрөнгө оруулагчдын дунд ОПЕК-ийн гишүүн улсууд ээлжит бус хурлын тов зарлаж бүтээгдэхүүн олборлолтондоо өөрчлөлт оруулна гэсэн хүлээлт байгаа бол зах зээлд оролцогчдын дийлэнх хэсэг дээрх байр сууринд зогсож чадахгүй байна.
За харин зэсийн үнийн тухайд энэ долоо хоногийн эхний өдрүүдэд бага зэрэг буурч байсан. Бууралтын шалтгаан нь гол хэрэглэгч болох Хятад улсын эдийн засгийн талаар таагүй мэдээ байсан бөгөөд тус улсын 3 дугаар сарын импорт өнгөрөгч оны мөн үеэс 36.7 хувиар буурсан, үйлдвэрийн менежерүүдийн дунд явуулсан урьдчилсан судалгаагаар тус улсын үйлдвэрлэлийн салбар экспортын захиалга бага байгаагаас шалтгаалан 4 дүгээр сард буурч байгаа, худалдан авалтын менежерүүдийн 4 дүгээр сарын индекс 50.5 гарсан нь 3 дугаар сараас буурсан гэсэн таагүй мэдээнүүд ар араасаа цувран гарч байлаа. Харин долоо хоногийн дунд үед зэсийн үнэ хоёр өдөр дарааллан өсөлттэй арилжаалагдсан бөгөөд эдгээр өдрүүдэд зах зээлд хүчтэй нөлөөлөхүйц эерэг мэдээлэл гараагүй ба харьцангуй техникийн шинж чанартай өсөлт болж өнгөрсөн. Олон өдрийн дараалласан бууралтын үр дүнд 18 сарын доод түвшиндээ хүрч унасан зэсийн эрэлт эргэн бага зэрэг өсч 7,000 ам.доллароос дээш гарч арилжаалагдсан нь спекулятив хөрөнгө оруулагчдын богино позицоо хааж эхэлсэн болон Хятад улсын худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой байлаа. Гэвч долоо хоногийн сүүлийн өдөр зэсийн үнэ эргэн буурч хаагдсан бөгөөд өсөлтийн гол шалтгаан болж байсан Хятад улсын олон хоногийн амралт болон АНУ-ын 1 дүгээр улирлын эдийн засгийн өсөлт эдийн засагчдын таамаглаж байснаас бага гарсан нь үнэ унах шалтгаан болжээ. Гэсэн хэдий ч Лондонгийн бирж дээр 3 сарын дараа нийлүүлэгдэх зэсийн үнэ долоо хоногийг 7,000 ам.доллароос дээш өндөрлүүлсэн байна.
Харин коксжих нүүрсний үнэ сүүлийн 10-аад жилийн хугацаанд цаг уурын өөрчлөлт, ажил хаялт, тээвэрлэлтийн зардал, БНХАУ-н үсрэнгүй эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан 320 ам.доллар хүртэл арилжаалагдаж байсан хэдий ч сүүлийн хоёр жилийн хугацаанд түүний ханш ихээхэн буураад буйг БНХАУ-н хэрэглээтэй шууд холбон тайлбарлах явдал их байна. Шинэ долоо хоног эхлээд Европын Амстердам боомт дээр трейдэрүүд нүүрсийг 85.50 ам.доллароор худалдан авч байсан нь өмнөх долоо хоногоос 2 ам.доллароор өссөн ба зах зээлд нүүрсний үнийг хангалттай буурсан гэсэн үзэл давамгайлж байсантай холбоотой байлаа. Долоо хоногийн төгсгөлд Европын зах зээл дээр нүүрсний үнэ тогтвортой 85 ам.долларт арилжаалагдаж байсан бол Азийн зах зээлд БНХАУ-н эдийн засгийн тогтвортой бус тоон мэдээллээс үүдэлтэй бенчмарк нүүрсний үнэ буурч арилжаалагдсан байна.
Алтны ханшийн тухайд өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэхүү өсөлтийг шинжээчид дүгнэхдээ хөрөнгө оруулагчид урт хугацааны алтны позицоо нэмэгдүүлсэн, олон улс орны төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Долоо хоногийн эхний өдрүүдэд АНУ-ын эдийн засгийн тоон мэдээнүүд сулхан үзүүлэлтийг харуулж эхэлсэн нь ам.долларыг бусад валютын эсрэг сулрахад голлох нөлөөг үзүүлсэн байна. Тухайлбал нэгдсэн улсын үйлдвэрлэлийн салбарын өсөлт хүлээгдэж байсан үр дүнгээс муу гарсан бол орон сууцны салбарын мэдээ тааруу үр дүнг харуулсан юм. Үүнээс гадна хөрөнгө оруулагчидад бага зэргийн болгоомжлол авч ирсан мэдээ гарсан нь Герман улсын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ерөнхий индексүүд буурсан бол БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын индекс мөн л сулхан үзүүлэлтийг харуулсан нь Европын эдийн засаг цаашид дахин хүндэрч болзошгүй гэсэн дохио байлаа. Долоо хоногийн сүүлээс буюу Пүрэв гаригт шар металлын ханш 2.5%-иар өссөн нь өнгөрсөн оны 6-р сараас хойшхи нэг өдрийн хамгийн том өсөлт боллоо. Олон улсын валютын сангаас Орос, Турк улсууд өнгөрсөн 3-р сард алтны нөөцөө нэмэгдүүлсэн тухай мэдээлсэн болон газрын тос, зэс зэрэг голлох түүхий эдүүдийн үнэ өссөн нь алтны ханш өсөхөд нөлөөлснийг шинжээчид тэмдэглэж буй.
Тэгэхээр АНУ-ын зүгээс тааламжгүй мэдээлэл гарах үед таваарын захад чамгүй хөдөлгөөн үүсч байгааг эндээс харж болж байна. Найман оны хямралыг эхлүүлсэн АНУ өдгөө харьцангуй дажгүй байдалтай байгаа нь дэлхий дахины эдийн засагт ээлээ дагуулж байгааг үгүйсгэж боломгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )