Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны нэгдүгээр сард гаргасан захирамжаар Баялгийг арвижуулах сангийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох байгууллагуудын мэргэжлийн хүмүүс, Их дээд сургуулиуд, академийн байгууллагуудын эрдэмтэн мэргэдийг оролцуулан байгуулсан билээ. Энэ ажлын хэсгээс Монгол Улсын Баялгийг арвижуулах сангийн тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн эхний төслийг боловсруулан гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар өнөөдөр уг хуулийн төслийг олон нийтийн хэлэлцүүлэгт орууллаа.
Монгол Улс мөнгө болон төсвийн хэт тэлсэн бодлогыг олон жил дараалан явуулж байгаа. Их хэмжээний төгрөгийн урсгал эдийн засаг руу орж байгаа нь үнэ, инфляци хөөрөгдөх, макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх, хямралд хүргэх нигууртай.Энэ нь эдийн засгийг “хөөсрүүлж” улмаар “Голланд өвчин”-д нэрвэгдэх аюулын үүдийг үргэлжид нээлттэй байлгаж байна гэсэн үг. Одоо Монголд үйлчилж буй макро эдийн засгийн менежметийн иймбодлого, арга хэлбэрийг ойрын хугацаанд өөрчилж,уул уурхайд түшиглэсэн эдийн засаг бүхий Норвеги зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын макро эдийн засгийн удирдлага, менежментийн загвар шиг тийм өөрийн гэсэн загварыг бий болгон хэрэглэх шаардлага зүй ёсоор гарч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн шинэтгэлийн бодлогоо цаашид гүнзгийрүүлэн, үндсэн зарчмууд, үзэл баримтлалаа дахин нэг эргэцүүлэн харж, макро эдийн засаг, салбарын шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн зорилтуудын хоорондын уялдааг сайжруулах замаар шинэтгэлийг жинхэнэ агуулгаар нь хийх болно гэсэн үг.
Юуны өмнө өнөөдөр Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх ёс суртахууны үүрэг хариуцлага бидэнд байх ёстой. Энэ зорилгоор эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь болсон гэсэн зарчмыг баримталж байна.
Энэ зорилгоор Төрийн мэдлийн урт хугацааны хуримтлал, хадагаламж бүрдүүлэх зорилго бүхий Баялгийг арвижуулах сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэхүү санг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, сан хөмрөгийг хэрхэн арвижуулах, хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлагын ямар зарчмыг үндэс болгон баримтлах, уг санд хөрөнгө, эх үүсвэр хуримтлуулах үйл ажиллагаа ямар хугацаанд, эсвэл ямар шалгуур хангах хүртэл үргэлжлэх, Сангаас улсын төсөвтэй харилцах харилцааны зарчим, бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо, эрх бүхий байгууллагуудын хоорондын харилцааны статусыг зохицуулах тухай үзэл баримтлал, хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулан гаргалаа. Баялгийг арвижуулах сангийн тухай хуулийн төслийг дараагийн хаврын чуулганаар УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлыг зохион байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )