Улстөр, эдийн засгийн шилжилтийн үед тээврийн салбар бусад салбарын жишгээр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, нийслэлийн төвлөрсөн тээврийн тодорхой хэсэг нь хувьчлагдаж төрийн мэдэлд Автобус-1 компани, Автобус-2 компани, Автобус-3 компани, Цахилгаан тээвэр компаниуд үлдсэн юм. Харин одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхээр нийслэлийн хэмжээнд 24 компанийн 894 их багтаамжийн автобус, троллейбус үйлчилгээ үзүүлж буй. Түүнчлэн нийтийн тээврийн салбар дахь төр болоод хувийн хэвшлийн эзэмшлийн харьцааг харвал хувийн хэвшил давамгайлсан энэ салбарт тулгамдсан асуудлууд олон байгаа талаар мэргэжилтнүүд хэлж ярьж байгаа. Хувийн хэвшлийн компаниудын олонхи нь тарифийн зөрүүнээс хамаарч алдагдалтай ажиллаж байгаагаа хэлж байгаа бол, нөгөө талд төрийн өмчит тодотголтой дээрх компаниуд төрөөс олгох нөхөн олговрын ихээхэн хувийг авч, нийгмийн даатгалын сангийн өр зээлээ даруулан “цэвэр” ажилласны балгаар өнөөдөр энэ салбар толгойгоо олигтой дааж чадахгүй байгаа хүүхэдтэй жишмээр дүр зурагтай байж байна.
Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2009 онд 38.4 тэрбум төгрөг зарцуулж БНСУ-аас 400 автобус худалдан авч нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлснээс хойш ямар үр дүнд хүрснээс дүгнэлт хийж үзэхэд аливаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хангалттай хөрөнгө мөнгө зарцуулах нь хангалтгүй бөгөөд зөв бодлого, зохион байгуулалт, менежмент дутуугуй чухал болох нь харагдаж байгааг “Зөв тусгал” ТББ-ын зүгээс хэлж байсан юм. Улаанбаатар хотод орчин үеийн, их багтаамжтай, шинэ автобусны тоо харьцангуй хангалттай болсон мэт ч нийтийн тээврийн үйлчилгээний асуудал бүрэн шийдэгдээгүй нь үүний нотолгоо гэдэгтэй салбарын нөхдүүдийн олонхи нь санал нийлдэг юм.
Энэ онд тус салбарын шинэчлэлд зориулж 28 тэрбум 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаад байгаа бөгөөд 25 тэрбумыг нь том, дунд оврын автобусны парк шинэчлэлд зориулах юм билээ. Харин үлдсэн мөнгөний дөрвөн тэрбум орчимыг нь автобусны 5 эцсийн зогсоол тохижуулахад, 100 сая төгрөгийг таксины зориулалтын 5 зогсоол байгуулахад, 2.1 тэрбум төгрөгийг “Цахилгаан тээвэр”-ийн арван ширхэг дуобус, монбус угсарч үйлдвэрлэхэд, 300 сая төгрөгийг “Цахилгаан тээвэр” компанийн автобус, троллейбусны угаалгын цехийн барилга барихад, цахилгаан суудлын таван автомашин угсрахад 100 сая төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ. Ерөнхийдөө төрийн өмчит “Цахилгаан тээвэр” компани хөрөнгө оруулалтын дийлэнхийг татаж чадсан дүр зурагтай харагдаад байгаа юм. Бүр 24 компанид нөхөн олговор байдлаар хуваарилдаг 46 тэрбум төгрөгийн дийлэнхийг мөнөөх л “Цахилгаан тээвэр” авч байгаа гэх мэдээлэл байгаа юм. Энэ мэт мэдээлэлтэй зэрэгцэн “Цахилгаан тээвэр” компанийн удирдлага .Жаргалсайхан төрийн мэдлийн компанийг ашиглан хувь эрх ашгаа тэтгэж ирсэн талаар баримтууд хөврөх боллоо. Ер нь бол түүнтэй холбоотой мэдээллүүд сүүлийн саруудад гарч байгаагийн дотор АТГ-аас шалгаж байгаа талаар ч яригдаж байв. Харин тэр өөрөө байр сууриа илэрхийлэхдээ “Намайг АТГ шалгаагүй” гэж байлаа. Тэгвэл одоо эх сурвалжуудын өгч буй мэдээлэл өөр байна.
Нийслэлийн нийтийн тээврийн салбарт монопольчилсон тус компанитай холбоотой гомдол санал ч тасардаггүй аж. Улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт авч ирсэн “Цахилгаан тээвэр” компани давуу байдлаа ашиглаж байна. Тус компанийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэсэн байр суурийг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын зүгээс ШӨХТГ-т хүргүүлсэн байгаа юм. “Цахилгаан тээвэр” компани хотын төвийн ачаалал ихтэй гол шугамуудад троллейбус үйлчилгээнд гаргадаг. Харин энэ салбарынхны мэдэж хэлж яриад байгаа зүйлсэд анхаарал хандуулбал “Цахилгаан тээвэр”компани төрөөс хэрхэн мөнгө саах аргаа сайтар хэрэгжүүлдэг бололтой. Учир нь тус компанийнхан троллейбус цахилгаанаар ажилладаг учир 200 төгрөгөөр үйлчилж байна гэх сурталчилгаа хийдэг ч, цаанаа бол нэг зорчигчоо 300 төгрөгөөр тээвэрлэнэ гэж тооцоолж, төрөөс 400 төгрөгөөр нөхөн олговор авдаг аж. Тэгэхээр үүнийг нь шударга ариун явдал уу гэдгийг ШӨХТГ-аас хянаж, шалгаад тогтоох биз ээ.
Мөн тус компанийн захирал Д.Жаргалсайханы эрх ашгийн зөрчлийг илэрхийлэх нэг баримт бол төрийн өмчит компанийн дэргэд хувийнхаа компанийг байгуулсан явдал аж. Тодруулбал, тэрээр 2009 онд н.Лхагвасүрэнтэй хамтран “Цахилгаан тээвэр” төрийн өмчит компанийн дэргэд “Аз сервис” компанийг байгуулжээ. Тэгээд болоогүй троллейбус үйлдвэрлэхээр “Эрдү” нэртэй компанийг байгуулж, охиноороо энэ компанийг удирдуулсан гэх мэдээлэл бий. Нэгэнтээ төрөөс “Цахилгаан тээвэр” компанид дуобус, троллейбус үйлдвэрлэ гээд хөрөнгө мөнгө гаргаж өгөөд ирсэн байхад захирал нь өөрөө улсын компанийн хашаан дотроо улсын компанийг дагасан хувийн “Эрдү” компаниа байрлуулдаг гэхээр анхаарал татахаас өөр аргагүй юм. Гол нь төрийн өмчит “Цахилгаан тээвэр” болоод Д.Жаргалсайханы өмчит “Эрдү” болоод бусад компаниудын орлого, зарлага гээд бүхий л нарийн ширийн асуудал нийлчихсэн явдаг аж. Ямартаа ч эдгээр компаниудын нөхцөл байдлыг Нийслэлийн Аудитын газраас шалгаж эхэлжээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл ( 0 )