Бандихүүгийн Болормаа бол ард түмнийхээ хайр хүндэтгэл хүлээсэн энэ он цагийг эзэлсэн энгүй их хүчтэний гэргий байж, тогоог нь барьж, цайг нь дээжлэн суух ховорхон хувь тохиосон бүсгүй билээ. Аваргын гэргий Б.Болормаатай уулзаж ярилцлага авахсан гэж олон жил бодож явсан ч сурвалжлагч, сэтгүүлч нарт ярилцлага өгөх нэг их дуртай биш гэдгийг сонссон болохоор зориглон уулзаж чадалгүй өдийг хүрлээ. Харин “Монгол улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ” номныхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамжууд”хэмээх бэсрэг бүлгийн хойморт аваргын гэргийг урьж хуучлах завшаан тохиов. Сайхан инээмсэглээд, даруухан хүүрнэх нь хөдөө нутгийн эгэл даруухан Монгол бүсгүйг санагдуулам.
Б.Бат-Эрдэнэ аварга нутаг ус, бага нас, аав ээжийнхээ тухай дурсан ярих нас ахих тутам улам сайхан болох юм гэж билээ.Ярьж байгаа хүнд битгий хэл,сонсож байгаа надад хүртэл сайхан байсан.Тэхээр та бид хоёр бас төрж өссөн нутаг ус, аав ээж, хүүхэд ахуйн нас гээд эргэн дурсахгүй байхын аргагүй тэр сайхан дурсамжаар яриагаа эхлэх үү?
Би айлын өргөмөл охин.Улаанбаатарт төрж өссөн, нийслэлийн унаган иргэн. Миний бага нас 120 мянгатад өнгөрсөн. Яг эхээс гэвэл есүүлээ.Өргөж авсан аав минь Бандихүү гэж хүн байсан.”Хөхөө гэрлэх дөхлөө”киноны Хөхөөгийн бригадын дарга, цэрэг саравчтай малгайтай, бор хүн чинь миний аав шүү дээ. Азтай учралаар аав минь идэр залуу үеийнхээ дүр төрхийг кино дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн. Энэ киног үзэж суухад их сайхан байдаг юм.
“Атар газар эзэмших эхэн үеийн он жилүүдийн амьдралыг харуулсан “Хөхөө гэрлэх дөхлөө” уран сайхны киноны Хөхөөгийн дүрд тоглосон нэрт кино жүжигчин Б.Дашдаваагийн ДТ-54 гинжит трактор жолоодож”үзүүлэн дээ, үзүүлнэ” хэмээн “бужигнуулж ”байгаа бригадын дарга Б.Бандихүү гуайн “Чи чаддаг юм байна,үзлээ, харлаа”хэмээн авъяаслаг нь аргагүй жүжиглэж буй дүр зургийг Монголчууд бид тодхон санаж буй бизээ.
Аав хатуу талдаа, их зарчимч, нилээд олон төрлийн ажил эрхэлж явсан, нийгмийн идэвхи өндөр хүн байсан.Одоо бодож байхад олон найз нөхөдтэй, бөхчүүдийг сайн таньдаг хүн байж. Наадмаар бөхийн шүүгчээр ажиллаж байсныг мэднэ.Одоогийнхоор бол хөлийн цэцээр ажиллаж байсан юм болов уу.Улсын засуул Ш.Лүгдэв гуайтай их найз. Аав минь намайг багад нас барсан. Ээж минь Төв аймгийн Дэлгэрхааны хүн, У.Хоролсүрэн гэдэг. Ноосны үйлдвэрт насаараа ажилласан. 1990 онд бурхан болсондоо.Ээж минь хоёр том охиныг минь өсгөж өгсөн.
Төрүүлсэн ээж Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат Ц.Норжмаа гэдэг хүн бий. Ц.Бадамсэрээжид арслангийн төрсөн дүү дээ. Харин хүмүүс аавыг Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Дамдинсүрэнгийн Барамсай гэж улсын заан цолтой хүн байсныг сайн мэддэг.
“Б.Бат-Эрдэнэ аварга энгүй сайхан бөх юм даа. Баяраа ах гээд явж байдаг, их даруу залуу даа. Эхнэр нь манай нутгийн, сумын удмын хүн шүү дээ” гэж Д.Баяраа заан ерээд оны эхээр нэг ярилцлагандаа дурдсан байдаг. Д.Баяраа заан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүрийнх байдаг. Заан яагаад ингэж ярьдаг билээ гайхаж явсан удаа бий.
Б.Бат-Эрдэнэ аваргын гэргийн ээж Ц.Бадамсэрээжид арслангийн төрсөн дүү гэдгийг хожим мэдэж билээ. Их аваргын гэргийг эцэг эх аль аль талаасаа бөхийн удамтайг тэр бүр хүн мэдэхгүй байж болох юм.
Өргөж авсан аав ээж хоёр минь намайг мэдээ орсон цагаас төрсөн аав, ээжтэй минь уулзуулж, цагаан сараар очуулж золгуулдаг байсан. Гэхдээ би чинь өөрийгөө өргөмөл гэдгийг 10-р анги хүртлээ мэдэхгүй явсан. Жил болгон очиж золгодог хүн миний төрсөн ээж болж таарсан. Миний төрсөн ээж гэж л мэдэхгүй явсан болохоос би тэр хүнд хэдийнээ дасчихсан байсан. Их ухаантай, холын бодолтой улс байжээ гэж боддог. Аав ээж нартайгаа элэг бүтэн байсан хүүхэд ахуй насны тухай олон сайхан дурсамжууд сэтгэлд мөнхрөн үлдэж дээ.
Та заан аавтай, арслан нагацтай хүн болохоор бөх хүнтэй амьдарлаа холбочих юмсан гэж бодож явав уу.Эсвэл ёстой нөгөө хувь тавилан, заяа төөрөг гэдэг нь хөтөлж бөх хүнтэй ханилуулсан юм болов уу?
Хэдий миний аав улсын заан цолтой бөх ч, бөх хүнтэй гэр бүл болчихно гэж бодох байтугай зүүдэлж ч явсангүй. Ангийнхаа охидуудад хүртэл хэлж ярьж байсан удаа ч бий байх. Ер нь тийм хүнтэй суучих юмсан гэж бодож явсангүй. Ээж минь ч ийм тийм хүнтэй суу гэж хэлж зөвлөж байсангүй.Түшигтэй сайн хүнтэй суугаасай гэж хүсэж явсан л байх. Гэвч амьдрал өөрийн жам хуультай байдаг хойно, Б.Бат-Эрдэнэ бид хоёр зураг төөргөөрөө учирсан хоёр доо.
Ж.Мөнхбат аварга “Тамир надад дурласан ч юм уу, дурлаагүй ч юм уу бүү мэд.Үйлийн үрээр л бид хоёр учирсан байх. Намайг бөх гэж тоож суугаагүй золиг шүү. Мөнхбат гэж залууг л сонгосон” гэж ярьсан байдаг.Түүн шиг би Бат-Эрдэнэ гэж илүү дутуу зангүй, эгэл даруухан залууд сэтгэл алдарч амьдралаа холбосон. Тэр үед Б.Бат-Эрдэнэ улсын цолгүй залуу бөх байсан.
Д.Дамдин надад “Би баян хөрөнгөтэй ч хүн биш, тэгэхдээ хүний бүсгүй үрийг гомдоож, сэтгэлийг нь гундаахгүй аваад явж чадна”гэсэн утгатай зурвас өгч хайр сэтгэлээ илэрхийлж байсан гэж Д.Дамдин аваргын насных нь хань Н.Цэрэндулам гуай дурсан ярьсан байдаг.Б.Бат-Эрдэнэ аварга Д.Дамдин аварга шиг танд захиа зурвас өгч байв уу.Е р нь хайр сэтгэлтэй болсноо яаж илэрхийлсэн бол...
Б.Бат-Эрдэнэ Испанид болсон самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн, би болейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлд гарсан үе. Урьд нь бие биенээ зүс танина.Энэ чинь 1985 оны хавар шүү дээ. Ёстой нөгөө миний нүдээр хардаг ч болоосой гэдэг шиг нүдэнд дулаахан, тайван дөлгөөн даруухан залуу байсан. Заяаны минь хань болохоор тэгж олны дундаас онцолж харагдсан юм болов уу. Б.Бат-Эрдэнэ Спортын төв ордны урьд телевизийн сурвалжлагчид ярилцлага өгч, зургаа авахуулах болоод өмсөх бэлтгэлийн цамц эрээд гүйж явснаа намайг хараад миний цамцыг гуйж өмссөн. Тэр үед бидэнд улсаас биеийн тамирын хувцас тавьж өгч өмсүүлдэг байлаа. Миний цамц бүр томдчихсон. Харваас том цамцтай юм гээд гуйсан байлгүй. Ингэж л бид хоёрын хайр сэтгэл, амьдралын эхлэл тавигдсан даа. Түүнээс хойш утсаар ярин, үе үе уулзана, ингэж явсаар надыг ч өөртөө дасгасаар, надад ч өөрөө дассаар суучихсан улс. Миний анхны хайр. Б.Бат-Эрдэнийн миний цамцыг өмсч авахуулсан тэр дурсгалтай зураг одоо ч манайд байдаг.
Аваргын зан төрх нь амьдралын явц дунд өөрчлөгдсөн болов уу?
Ер нь хүүхэд ахуйгаас олж авсан тэр хүмүүжил, зан төрх бараг өөрчлөгддөггүй нэг насных байдаг юм байна. Ийм сайхан хүмүүжилтэй болгож өсгөж бойжуулсан аав ээж, ах эгч нартаа баярлахгүй байхын аргагүй. Тэд нарын маань ач даа.
Амьдарлын ханиа сонгоход зан аашаараа ижил төстэй чанарууд олон байж, түүгээрээ ч зохицож нийлдэг гэцгээдэг. Аварга та хоёрыг адилхан зан ааштай улс гэж найз нөхөд, хамаатан садан нарын тань ярихыг сонсож явлаа?
Бага залуугаасаа гэр бүл болж, амьдралын нэг урсгалд ороод ирэхээрээ бие биеийнхээ зан аашинд уусаж, шингээд ааш нь хүртэл адилхан, дуртай дургүй юм нь хүртэл ижил болж, харцаараа хэн хэнээ ойлгож мэдэрдэг болчих юм даа. Гэр бүлийн хоёр бие биендээ итгэл өгч, ойлгож, дэмжиж тулж түшиж, дутууг нь гүйцээж явах шиг жаргал хаа байхав.
Бөхөө хайрлан хүндэлдэг ард түмэн нь аваргыг бөхийнх нь хувьд сайн мэднэ. Харин ямархуу өрхийн тэргүүн, хань, аав гэдгийг төдий л сайн мэдэхгүй.Бид аваргыг дэвжээнд байгаагаар нь төсөөлдөг улс шүү дээ?
Тиймдээ ард түмэн маань Б.Бат-Эрдэнийг бөхийнх нь хувьд наадмын зүлэг ногоон дэвжээнд байгаагаар нь сайн мэднэ. Манай хүний байгаа байдал төрх тэр. Ер нь их дөлгөөн, тайван хүндээ. Надад бол уул шиг түшигтэй сайн хань,хүүхдүүддээ үлгэр дууриалалтай сайн эцэг. Сайн ч хүн, сайхан ч хүн. Их дөлгөөн, зөөлөн сэтгэлтэй, хүний сэтгэл зүйг маш нарийн ойлгодог, хүнтэй зөв харьцдаг, худал хуурмаг зангүй, хар буруу санаагүй, ямар ч зүйлд ноён нуруутай, хүлээцтэй ханддаг ийм л хүн дээ. Харин Б.Бат-Эрдэнэд зав ердөө гардаггүй. Би гэр орны бүх ажлыг зохицуулж аль болох сэтгэл санааг нь зовоохгүй, амар амгалан байлгахсан гэж хичээдэг. Ер нь тамирчид, бөхчүүдийн гэр бүлүүд бүгд л адил даа. Б.Бат-Эрдэнэ гэртээ байх тэр ховорхон олдох цаг мөчүүдийг охидуудтайгаа тоглож, хичээл номонд нь тусалж өнгөрүүлнэ. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал их тавина. Өөрийгөө боловсруулж их ном уншина. Гэртэй байхдаа гурилтай хоол их сайхан хийнэ, дуртай хоол нь байгаа юм. Загас тахианы мах шарах дуртай. Махыг гурил ногоотой хольж сайхан чанана шүү дээ. Одоо хүүхдүүд өсөөд, тэгээд ч аавыгаа гэр орны ажилд оролцуулаад яахав гэдэг болж. Ер нь тун ажилласаг хүн. Тэр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж үр хүүхэд, ахан дүүс биднийгээ цаашилбал ард түмнийгээ баярлуулж яваа гэж боддог.
Хөдөө гадаа, нар салхинд явж байх үедээ хамт яваа хүмүүсээ гарын доорх байгаа материалуудыг ашиглан аятай, таатай хоол хийж дайлах дуртай. Хөдөө бол элэг, сэмжээр сайхан сорс хийнэ, шорлог мах шарж өгнө. Харин гэртээ байх үедээ сайхан гурилтай хоол хийж, мах чанана, хийцтэй цай чанана. Охидууд маань зарим үед “ааваар сайхан цай чануулья”гэдэг юм.
“Б.Бат-Эрдэнэ аварга үнэхээр сайхан ч бөх, сайхан ч эр хүн. Бүх юм нь тэгширч байж тийм хийморьтой явдаг байх. Эр хүний эрхэм шинж чанарыг шингээсэн хүн учраас Б.Бат-Эрдэнэ аваргыг ихэд хүндэлж явдаг. Би Монголд ганцхан од байдаг гэж боддог. Тэр од Б.Бат-Эрдэнэ аварга. Цагийг эзэлсэн хосгүй их хүч чадал, төгс хүн гэсэн утгаар жинхэнэ од гэж боддог”гэх мэт бөх сонирхогч олон аваргын тухай сэтгэлийнхээ үгийг илэрхийлсэн байдаг. Б.Бат-Эрдэнэ аваргын тухай ярихлаар бөхдөө хайртай ард түмнийх нь сэтгэл сэргээд ирдэг билээ. Ийм нэр хүндтэй, олны танил хүний эхнэр байх нэгэн бодлын сайхан ч, бас хэцүү үе тохиолдох уу?
Ханийнхаа буянд сайхан ч хүмүүстэй танилцаж, ханийнхаа хамт ард түмэндээ хайрлагдан хүндлэгдэж явдагтаа их баярладаг. Б.Бат-Эрдэнэд хүмүүс тун элгэмсэг, хүндэтгэлтэй ханддаг. Тэр хэмжээгээрээ надад хандаж байгаа нь мэдрэгддэг. Харин хүмүүс сониуч болохоор аваргын гэргий гэж арай өөр нүдээр харах гээд байдаг юм. Гэтэл би чинь бусдын л адил амьдрах гэж, ханийнхаа төлөө, гурван охиноо төлөв төвшин хүмүүжилтэй хүн болгохын төлөө зүтгэж яваа Бат-Эрдэнийх гэдэг айлын ачаанаас үүрэлцэж яваа жирийн нэгэн эмэгтэй шүү дээ.
Айлын гэрийн эзэгтэй нь тэр айлын нүүр царай байх учиртай. Гэр бүлдээ, хань нөхөртөө, үр хүүхэддээ өөрийгөө зориулж явах явдал бол тэр хүний гэрийн эзэгтэй гэж нэрлэгдэх гол үнэлэмж юм. Ёс заншлаа мэдэж дагах, эр нөхрөө хүндэтгэх зэргийг өтгөс буурлууд маань сургаж ирсэн. Ер нь эмэгтэй хүн эр нөхрөө хичнээн их хүндэлснээр тэр хирээрээ сэтгэлээрээ баян тансаг явдаг. Өөрийгөө, нөхрийгөө, үр хүүхдээ сайн сайхан амьдрал руу хөтөлж явах нь эмэгтэй хүнээс л шалтгаална.
Бөх хүний гэргий байна гэдэг бөхийг ёс жаягийг дагаж хүндэтгэхээс авахуулаад илүү үүрэг хариуцлага хүлээдэг ч гэдэг. "Би ч гэсэн эд нарынхаа адил хазгай гишгэх эрхгүй улс шүү дээ” гэж Ж.Мөнхбат аваргын гэргий Ө.Тамир ярьж байж билээ?
Монгол үндэсний бөх агуу юм. Ардын ёс заншлаас бөхчүүдэд маань уламжлагдаж ирсэн байдаг. Эр нөхрөө яаж хүдэтгэхээс эхлээд зодог шуудгаа хаана тавих хүртэл энгийн хүнд төдий л үл анзаарагдам хирнээ тун нарийн ёс жаяг, журамтай зүйл шүү дээ. Бөхчүүдийн гэргий биднийг үеийнхнээс маань зааглаж байгаа зүйл ч энэ байх. Манай ард түмэн бөхийг үүх түүхтэй нь хайрладаг. Тэр их хайр хүндэтгэлийг дааж явах учиртай. Бид ч гэсэн хазгай гишгэх эрхгүй улс. Надад хаана ч явсан би чинь аварга цолтой бөхийн гэр бүл шүү дээ гэж юуны түрүүнд бодогддог. Намайг Болормаа гэхээс илүү “Аваргын гэргий” гэдэг болохоор ханийнхаа нэр хүндийг хайрлаж хүндэлж явдаг юм.
Монгол улсны Гавъяат жүжигчин, дуучин Ц.Түвшинтөгсийн гэргий Б.Нарантуяа “Манай Монголын хамгийн эрийн тэнгэртэй бүсгүй бол их аварга Бат-эрдэнэ ахын гэргий Болормаа эгч дээ” гэж нэг ярилцлагандаа тэмдэглэсэн байдаг. Уурлаж уцаарлаж, айлгаж ичээнэ гэж байхгүй ийм сайхан хүний эхнэр болно гэдэг бас ховорхон тохиох аз шүү?
Би өөрөө сайхан ханьтай учирсан азтай л хүн гэж бодож явдаг. Ер нь бөхчүүдийн эхнэрүүдийг ард түмэн маань эрийн тэнгэртэй хүүхнүүд гэж ярьдаг юм билээ. Өөрийнхөө хайрлаж дурласан хүнтэйгээ сайн сайхан амьдарч байгаа бүсгүй бүхэн эрийн тэнгэртэй дээ.
Аваргын нутгийн дуучин бүсгүй Д.Энхзул “Миний нөхөр аргамаг хүлэг шиг сайхан эр учир бусдаас харамлаж явдаг”гэж өгүүлсэн байдаг. Түүн шиг танд аваргыг харамлах сэтгэл төрдөг үү?
Надад ч, Бат-Эрдэнэд ч бие биенээ хардах, харамлах явдал тохиолдож байсангүй. Бид хоёрын өсөх багаас олж авсан хүмүүжил маань ч энэ байх. Харин миний хань ийм л сайхан хүн гэж улам хайрлах, бахархах сэтгэл төрдөг юм.
Бөх хүний гэргийд даваа унааны үнэ цэнэ илүү ойрхон байдаг гэдэг. Аваргын барилдахыг үзэж суухдаа сэтгэл догдлох уу? Таны санаанаас гардаггүй наадам аль жилийнх байв?
Наадам, цагаан сарынх гээд тоотойхон хэдэн барилдааныг тогтмол үздэг. Сэтгэл догдлолгүй яахав. Учиргүй айхтар орилж хашгирч босч харайлгаад байхгүй ч дотроо түгшиж л суудаг юм. Улсын цолонд анх хүрсэн, заан арслан, аврага болж алдар цолоо ахиулсан олон сайхан наадмуудыг нэрлэж болно доо. Том охин минь аавыгаа улсын заан цол хүртдэг жилийн наадмын урьд өдөр 1986 оны долдугаар сарын 10-ны өдөр төрж үрийнхээ дууг сонсож ээж болж баярлаж суутал хоёр хоногийн дараа аав нь улсын заан цол хүртэж баяр дээр баяр нэмсэн. Тэгэхэд өнгөрсөн жилийн наадмаар түрүүлсэн Б.Ганбаатар арслантай долоогийн даваанд барилдах болсныг сонсоод чих тавьж догдолж л суусан. 1988 оны наадмын үзүүр түрүү булаалдахаар шалгарч үлдэхэд нь сэтгэл их хөдөлсөн. Д.Цэрэнтогтох аваргыг орхиж анх түрүүлсэн шүү дээ. Урьд хоёр жилийнх нь наадмаар хоёуланд нь Д.Цэрэнтогтох аваргад өвдөг шороодож явсан болохоор яах бол гэж...
Би өөрөө тамирчин хүн учир спортын ялалт амжилт бүхэн асар их тэсвэр тэвчээр хатуужил шаардаж, нөр их хөдөлмөрийн үр дүнд ирдэг гэдгийг мэддэг болохоор орчин үеийн бөхийн спортын төрлөөр үзүүлсэн ялалт амжилт бүхэнд нь баярладаг. Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аваргаар Америкийн Хавайн арлын том бөхийг ялчихаад ирэхэд нь их баярласан. Тэгэхэд Х.Баянмөнх аварга “Үнэхээр сайн барилдаан болсон. Танай хүн үнэхээр сайн барилдсан” гээд баяр хүргэж байсан даа. Тэр үед одоогийнх шиг сумо шууд дамжуулдаггүй байлаа. Сүүлд зурагт, видео бичлэгийг үзээд тийм том хүнийг ялсанд нь их баярласан.
Бөхчүүд наадам дөхөөд ирэхлээр сэтгэл нь их хөдөлдөг гэдэг. Аварга өвдөг шороодоно гэдгийг мэддэггүй явсан ч гэсэн бас сэтгэл хөдөлнө биз?
Их тайван хүн болохоор ер нь гайгүй шүү. Б.Бат-Эрдэнэ бага залуугаасаа л Сүүж уулын амралтанд гарч наадмын бэлтгэл, солиогоо хийж ирсэн. Наадмын бэлтгэлд хамт гарч хоол ундыг нь хийлцэж, дэргэд нь байж анхаарал халамж тавьж, аль болох сэтгэл санааг нь тайван байлгахыг хичээдэг юм. Ер нь манай гэр бүлийн доторх уур амьсгал тэр чигээрээ наадамд чиглэгдсэн байдаг.
Та 1990 онд “Спортын ертөнц” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Б.Бат-Эрдэнэ Х.Баянмөнх аваргаас олон удаа түрүүлэх болов уу” гэсэн сурвалжлагчийн асуултанд “Тэр амжилтыг эвдээсэй гэж боддог” гэж хариулсан байдаг. Таны олон жилийн өмнөх гэгээн сайхан хүсэл биелж Х.Баянмөнх аваргын амжилтыг ахиулсан даа?
Х.Баянмөнх аварга “Тамирчин хүн шинэ дээд амжилтанд үргэлж тэмүүлж байх ёстой. Дээд амжилт тогтооно гэдэг хэн нэгний сувдаг сэтгэл биш юм шүү. Энэ бол тамирчин хүний хойч үеийнхнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай үүрэг” гэж залуу хойч үедээ сургамжлан захисан байдаг. Ахмад аваргын маань ч ийм захиас байна, сайн барилдаж ард түмнээ баярлуулж яваасай л гэж бодож явсан, бодож ч явна.
Аварга ч нэг үе өвдөг шороодоно гэдгийг мэддэггүй явсан. Пунцагийн Сүхбатад өвдөг шороодсоныг эс тооцвол 12 жил төрийнхөө их баяр наадам, сар шинийн баяраар хэнд ч тахимаа өгөлгүй, баяр наадамтай эн зэрэгцэх даншиг наадмуудын түрүүг авч “хаанчилж” явсан. Гэтэл залуу бөхчүүдэд ганц нэг өвдөг шороодоод ирэхээр танд хүнд санагддаг байсан биз?
Үгүй дээ. Баяр наадмын дэвжээн дээр чинь хэний ч хүү унаж босч л байдаг шүү дээ. Б.Бат-Эрдэнэ өөрөө залуу бөхчүүдийг их дэмждэг, спортын талбар дахь ялалт ялагдал гэдгийг сайн мэддэг хүн болохоор огт тоодоггүй юм. Харин ч залуучуудыг дэмжих ёстой. Шинээр гарж ирж байгаа залуусыг сайн барилдах ёстой гэж ярьдаг учир Б.Бат-Эрдэнэд ч хүнд тусдаггүй. Миний хувьд ч ялгаагүй. Миний нөхөр давах ёстой гэсэн бодол огт төрж байгаагүй дээ.
Аваргыг цагаан сараар ч, наадмаар ч түрүүлчихээд ирэхэд танай байрныхан орцныхоо үүдэнд, зарим нь тагтан дээрээсээ, цонхоороо баяр хүргээд тун элэгсэгээр угтдаг гэдэг. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн хүн яах аргагүй их аварга маань ч юм. Бөхөө дээдлэн хүндлэнэ гэдэг монгол хүний эрхэм чанарын нэг ч юм даа?
Тиймээ түрүүлчихээд ирэхэд нь манай байрныхан бүгдээрээ баяр хүргээд их л хүндэтгэлтэй сайхан угтдаг юм.Найз нөхөд маань хүрч ирчихээд хүлээж байдаг. Манай хэдэн өрөө бараг дүүрчихнэ. Өглөөний гурав, дөрвөн цаг хүртэл, заримдаа бүр үүр цайтал ярьж хөөрч баярлаж сууна шүү дээ.
Үргэлжлэл бий ...
Эх сурвалж:”Монгол Улсын Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ”-номноос...
Сэтгэгдэл ( 9 )
атаархал гэж эдгэдэггүй өвчин энэ өвчин бас халдвартай гэнэ шүү. Гайхалтай хос тамирчид гэр бүл болсон юм нэг нь бөхийн оргил нөгөө нь Волейболын тамирчдын оргил байлаадаа.Болормаа Дэлхийн аврагад олон удаа оролцож шилдэг 24 тамирчдын нэгээр шалгарч явсан бүсгүйд атаархах сэтгэл төрөхөөс өөр аргагүй юмдаа.Хорсоод шатаад явж байхаас тролл бичихээ ичих хэрэгтэй яа даа
mongol hun mongolooroo bgaa hun mongoliin toloo hun
сайхан Монгол эр хүн л ерөнхийлөгч болох ёстой шүү бүх талаараа тэгш сайхан эр хүн
mundag ger bul ataarksan kumuus l iimerkuu comment bichij suugaa ta bu too bgaa chigeeree l baikad bolno amjilt kusie tanai ger buld
nuhruu hardaj tsagdaj bai bolormaa egchee ovoo heden hvntei ner holbogdoodl bsan shv
baya unen heljee kkkk
TENEG AVGAI. ENE AVGAI NAR INGEED TENEGTEED EXELDEG YUM!
Араараа тавиулах тоолондоо бас ингэж бодож бсн бол уу кккккк