Манай улс дотооддоо нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох арга зам хайсаар багагүй хугацаа өнгөрч байна. Хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах үйлдвэрт Герман улсын технологийг нэвтрүүлэх талаар яригдаж, өнгөрсөн сард ҮХАА-н сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид тус улсад очиж уг үйлдвэрийн үйл ажиллагаа, технологитой танилцаад ирсэн. Төрийн ордонд өчигдөр болсон Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа талууд илэрхийллээ.
Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийг Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Германы талаас Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Др.Б.Хайцер нар тэргүүлэн тус хуралдааныг удирдан явуулав.
Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдаанд Монголын талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам тээврийн яам, Уул, уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Эрчим хүчний яамны төлөөлөгчид, Германы талаас Холбооны Эдийн засаг, технологийн яам, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төлөөлөгчид болон Монгол-Германы Эдийн засгийн хорооны төлөөлөгчид тус тус оролцов.
Ажлын хэсгийн хуралдаанаар 2011 оны 10 дугаар сард гарын үсэг зурсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн болсон хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтарсан төслүүд болон хөрөнгө оруулалтын орчны талаар харилцан мэдээлэл солилцон, хамтын ажиллагааны цаашдын зорилт, хийх алхмуудын талаар ярилцаж хэлэлцэв.
Засгийн газар хооронд байгуулсан дээрх хэлэлцээрт тусгагдсан нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, коксжих үйлдвэр байгуулах, газрын ховор элементийг хайх, олборлох, боловруулах тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий хоёр орны хувийн хэвшлийн Монгол-Германы Эдийн засгийн хорооны 3 дугаар хурлын тайланг тус хуралдаанаар сонсон, тэдний санал санаачлагад хоёр улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх бодлого, боломжийн талаар санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )