“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-1990-ээд оны шилжилтийн үед ганзагын наймаа хийж хөлөө олсон хүмүүс өдгөө том том компанийн захиралууд болжээ. Таны хувьд “Буян” компанийн суурийг тавих гэж тухайн үед чамгүй л зүтгэж байсан байх?
-Хүрз бариад, газар ухаж байгаад хар цай булаад л тавьчихгүй юу. Ядаж цөхөх юмгүй дээ.
-Компанийнхаа эргэлтийн хөрөнгийг яаж олсон бэ. Бизнесийн орчин ер нь ямархуу байв?
-Эргэлтийн хөрөнгийг өөрсдөө л олно шүү дээ. Тэр үед их хүнд, бас хэцүү байсан. Гэхдээ 21 жилийн хугацаанд бизнес хийж, хөрөнгө хуримтлуулна. Дараа нь тэр хуримтлуулсан хөрөнгөөрөө үйлдвэр барьж байгуулна шүү дээ.
-Та яагаад ноос ноолууртай холбогдчихов. Тухайн үед гаднаас машин зөөх, хойт хөрш рүү тарваганы арьс, булга гэх мэт зүйлсийг их зөөж хөлжсөн хүмүүс байдаг шүү дээ?
-Нэг тонн ноолуур маань 100 мянган ам.доллар. Нэг тонн нүүрс өнөөдөр арван ам.доллар шүү дээ. Харин нэг тонн зэс зургаан мянган ам.доллар. Тэгэхээр нүүрснээс ноолуур хэд дахин илүү үнэтэй байгаа биз дээ. Зөвхөн газар доорх алтыг ярихаас биш газар дээрх баялагаа сайн, чанартай бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэлийн зах зээл дээр гаргах хэрэгтэй. Нэг ёсондоо шавхагддаг баялагт дулдуйдаж биш нөхөн сэргээгддэг баялагтаа тулгуурлах хэрэгтэй юм.
-Тэр үеийн бизнесийн орчныг өнөөгийнхтэй харьцуулбал нийтлэг дутагдал ч юм уу аль эсвэл давуу тал нь юу байсан бол?
-Намайг бизнес эрхэлж эхлэхэд Монголын дэлгүүрүүдээр лаа, цагаан архи зэрэг л байлаа. Өөр юу ч байгаагүй. Харин орчин үед дэлгүүрүүдээр болсон болоогүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн, үнэ хямдарсан гологдмол хувцас, хуучин машин дүүрэн болжээ. Энэ бол бодит том ялгаа.
-Өнөөдрийн хувьд ноолуурын салбарын хувь заяа ямар түвшинд байна вэ?
-Хятадын Засгийн газар сүүлийн 23 жил их хэмжээний хөрөнгийг аж үйлдвэрийн салбартаа хөрөнгө оруулж байгаа. Харин манай Засгийн газар нийгмийн асуудал руу, арилжаанд хамаг мөнгөө аваачаад хийчихсэн. Тиймээс манайд тогтсон нэг ч аж үйлдвэр, олигтой үйлдвэр байхгүй. Гэтэл Хятад хөрөнгө мөнгөө дараад суух биш, ноолуурын салбартаа шингээж, олон ч үйлдвэр барьлаа. Гэвч манайх байхгүй хэвээрээ л байна. Энэ нь манай ноолуурын салбар ямар түвшинд байгааг нэг ёсондоо харуулчихаж байгаа юм.
-Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадал нь чанарын шаардлага хангахаар байж чаддаг уу?
-Яаж хангалттай байх вэ дээ. Манай ихэнх компаниуд мөнгөгүй учраас дандаа хуучин 20, 30 жил хэрэглэсэн машин, тоног төхөөрөмжөөр бараа бүтээгдэхүүнээ хийж байгаа. Нөгөөх нь хүчин чадал багатай байдаг. Тиймээс аж үйлдвэрийнхээ техник технологийг шинэчлэе гэдэг асуудал ярих нь зүйтэй.
-Манай нийт экспортын 70 хувь түүхий эд, харин 30-хан хувь нь бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ үүнийхээ 10 хувийг нь эцсийн бүтээгдэхүүн болгох чадамжтай гэсэн. Үндсэндээ манайх бол импортлогч орон. Энэ бүх таагүй дүр төрхийн үндсэн шалтгаан нь үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй, хөгжих хөрс суурь нь бүрэлдэж тогтоогүйтэй холбоотой гэж л ойлгоод байна. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Хятадууд манайхыг түүхий эдийн баазаа болгосон. Уул уурхай, мал аж ахуй зэргийн түүхий эдийг нь л авдаг. Яагаад манайхаас ноолууран бүтээгдэхүүн, хивс авч болдоггүй юм. Заавал ноос ноолуур, арьс ширийг авдаг болох нь хачирхалтай байгаа биз дээ. Монголд үйлдвэрлэсэн гутал хувцас, савхин бээлий авч болдоггүй хэрэг үү. Шалтгаан нь их гүрний дээрэнгүй үзэл, дээр нь манай ченжүүд гэж ухамсаргүй нөхөдтэй холбоотой. Тэд ч гэж Хятадын хөл гар болсон хүмүүс байх юм. Угтаа бол Хятадын эдийн засгийг босголцож өгч байгаа хэрэг. Удахгүй манай ченжүүдийг Бээжинд аваачиж, Хятадын дарга нар ч юм уу, Ардын их хурал нь Хөдөлмөрийн баатар цолоор шагнах юм шиг байна л даа. Яагаад гэвэл Хятад улсын эдийн засагт сүүлийн 23 жилийн хугацаанд асар их хандив, хувь нэмэр оруулсан. Мөн Хятадын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангасан болохоор тэр.
-Ер нь импортоор оруулж ирэх бараа бүтээгдэхүүний татварыг эрс нэмэгдүүлчихвэл дотоодын үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн худалдан авах тогтолцоо бүрдэнэ. Мөн бизнес эрхлэгчидээ дэмжсэн алхам болох юм биш үү?
-Монголд үйлдвэрлэж болох бүх бараа бүтээгдэхүүний татварыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд дотооддоо үйлдвэрлэгчид гарч ирнэ. Тэгээд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болно шүү дээ. Түүнчлэн чанарын асуудал ч хөндөгдөж, түүнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ. Ингэхгүй бол хятадын үнэ хямдруулаад хаясан барааг Эрээнээс асар ихээр нь оруулж ирдэг. Нарантуул зах дээр өлгөчихсөн байдаг бүтээгдэхүүнүүд байсаар л байна. Ер нь хятадын барааг хэрэглэж байгаа нөхцөлд бидний мөнгө тэдний хөгжил рүү л түлхэц болж байгаа шүү дээ. Харин бид тэр хэмжээгээрээ хоосорч байна гэсэн үг. Тиймээс Монголд үйлдвэрлэж болох бүх бараа бүтээгдэхүүний үнийг эрс нэмэх хэрэгтэй. Тэгвэл дотоод үйлдвэр сэргэнэ, хөгжинө. Мөн монгол хүн ажилтай орлоготой болно.
-Ер нь чанар гэж чухам юуг хэлээд байна вэ. Үнэтэй бүхнийг чанар гэж манайхан ойлгоод байх шиг?
-Тэр чинь ядуугийн зовлон. Ядуу учраас үүний мөн чанарыг таньж чадахгүй байгаа юм. Тиймээс хүмүүсийнхээ амьдралыг өөд нь татаж, өндөр орлоготой болгох хэрэгтэй. Наанадаж л хэрэглээ нь нэмэгдэнэ. Хэрэглээ нэмэгдэхээрээ юмны чанар гэж юу болохыг мэдэрч, таньдаг болж эхэлнэ.
-“Эдийн засгийн форум-2013” дээр та гадаадын улс орон үйлдвэрлэгчиддээ үйл ажиллагаагаа явуулах эргэлтийн хөрөнгө олгодог. Гэхдээ хүүгүйгээр 100 хувь гэж хэлж байсан. Энэ тухайд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Социализмын үед “Говь” компани ноолуураа авахдаа улсаас 100 хувийн санхүүжилт авдаг байсан. Түүнтэй адилхан шинэчлэлийн Засгийн газар өөрийнхөө үйлдвэрүүдийг дэмжиж, 100 хувь санхүүжүүлж байгаа. Тэгж байж л үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа явуулна. Гэтэл манайхан арилжааны банкаас санхүүждэг. Тэгээд л банкууд мөнгөөр нь бизнес хийдэг. Бизнес хийхэд хамгийн их, хялбар аргаар мөнгө олох арга бол арилжаа. Түүнээс үйлдвэрлэл эрхэлж биш.
-Манайд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүний чанар муу гэх шүүмжлэлийг иргэд их хэлэх юм. Яагаад тэр вэ?
-Хүн өдөрт нэг л хувцас өмсч байх ёстой. Гэтэл манайхан долоо хоног өмсч байна шүү дээ. Долоо хоног тайлахгүй өмсөхөөр чинь ямар ч чанартай хувцас муухай бололгүй яах юм. Соёл иргэншилтэй газарт өдөр бүр угаасан шинэ хувцас өмсдөг. Тиймээс хувцас нь амархан муухай болохгүй байгаа юм. Тэгэхээр хүмүүс хувцасаа үргэлж сольж өмсч байх хэрэгтэй. Үнэтэй, үнэгүйдээ хамаагүй. Тэгвэл хувцас амархан муухай болохгүй. Дээр нь ноолуур чинь өөрөө тансаг хэрэглээнд тооцогддог. Хар ажилд өмсөх хувцас биш. Мөн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж хоцорчихож, хуучирчихаж. Тэгээд тэндээс гарч байгаа хувцасны чанар бага зэрэг муу байгаа.
-Өнөөдөр дэлхийн зах зээл дээр монголын нүүрийг тахалдаг ганц бүтээгдэхүүн нь ноолууран бүтээгдэхүүн болчихоод байна. Үүнийг дэлхийд танигдсан брэнд болгон хөгжүүлэх боломж бий юу?
-Байлгүй яах вэ дээ. Социализмын үед валютынхаа нөөцийн 70, 80 хувийг бид ноолуураар олж байсан. Хуучин социалист улсад, бас Японд гаргаж. Дараа нь жуулчин болсон. Гэвч 1990 оноос хойш энэ хэдэн үйлдвэрийн бодлого алдагдаж эхэлсэн. Хүмүүс үйлдвэр хэрэггүй юм гэж ойлгон, зөвхөн бизнес л хийх гэж зүтгэсэн. Том наймаа хийнэ гэж бодоод үйлдвэрүүдээ хаячихсан гэсэн үг. Энэ нь үйлдвэрүүд үхлийн ирмэгт тулах бас нэг шалтгаан болсон шүү дээ. Жишээ нь, бид хүүхдийн гутлыг их сайхан хийдэг байлаа. Цэвэр ширээр хийдэг учраас хөлнөөс нь чийг татдаггүй. Гэтэл өнөөдөр монгол хүүхдүүд ямар гутал өмсч байгааг харж байгаа биз дээ. Дандаа резинен ултай муухай хятад гуталнууд өмсч тэр нь байнга чийг татаж хөл нь хүйтэн явж байгаа учраас төрөл бүрийн харшил, бөөр нурууны өвчтэй болж байна. Ер нь үйлдвэрүүдээ хувьчлах нэрээр л байхгүй болгочихсон хэрэг.
-Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17 хувьтай гарсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар таван хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Энэ байдлыг яаж сайжруулах ёстой юм бэ. Гарц нь юу байх бол?
-Хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Гадуур бензин шатаагаад дэмий тэнэж, машин унасан хүмүүс их байна. Чухамдаа шаардлагагүй шүү дээ. Түүнд зарцуулах мөнгөө хэмнээд үйлдвэр барьж болно. Түүнчлэн барилгын салбарт ч хэмнэлт хийх хэрэгтэй. Асар өндөр өртөгтэй барилга барьж байна. Хамгийн хямдхан байшин нь л гэхэд хоёр сая төгрөг. Тэр байшинд чинь хэн орох юм. Орох хүн байхгүй. Өвөлжингөө зүгээр сууж байгаад, зун өндөрхөн шиг үнээр амандаа багтсан үнээр барилга барьдаг жишгийг халах хэрэгтэй байгаа юм. Хамгийн чухал зүйл бол хэмнэлт л дээ. Төр үүнд анхаарч, хямд зардлаар орон сууц барьдаг, худалдаж авдаг болоход хяналт хандуулах хэрэгтэй. Гэтэл тэд дэндүү удаан байна. Дүлж дүлж төрөх гээд байдаг, тэгээд төрсөн үү гэхээр төрөөгүй ээ гээд л сууж байдаг шиг. Тиймээс жаахан хариуцлага, эрч хүч, хурдтай ажиллах хэрэгтэй шаардлагатай байгаа юм.
-Та бизнесийн салбарт олон жил ажиллалаа. Анхлан бизнес эрхлэгчид юун дээр анхаарч ажиллах ёстой юм бол. Энэ салбарт хөл алдахгүйн тулд хэрхэн хөдөлмөрлөх тухай туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Одоо бизнес эрхлэх гээд хэрэггүй дээ. Мэргэжил эзэмшээд ажил эрхлэх хэрэгтэй. Доншуур, дамын наймаачин хийх гээд яахав. Амьдрахад хэцүү болсон. Арван жилийн өмнө байсан бол болно. Гэвч өнөө цагт нийтээрээ сайн мэргэжил л эзэмших нь чухал. Мөн өөрийгөө болон үр хүүхэддээ хоол авч өгч чадахгүй байж бизнесийн компани байгуулна гэвэл дэмий зан шүү. Түүний оронд мөрөөрөө мэргэжил эзэмшээд, ахиухан цалинтай ажил хийвэл хэрэгтэй. Ажил хийнэ гэдэг чинь бас л бизнес хийж байна гэсэн үг шүү дээ.
-Бизнесийн салбарт амжилттай явахын тулд боловсон хүчний асуудал яригдах байх л даа. Ер нь ноолуурын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн чадвар ямар байдаг вэ?
-Яаж хангалттай байх вэ дээ. Улаанбаатар хотод нийтдээ 170 мянган оюутан сурч байна. Бүгд нийгмийн ухааны боловсрол хагас дутуу эзэмшсэн. Багш нар нь ч олигтой хичээл заадаггүй. Тиймээс төгсөгчид маань боловсролын хувьд сул дорой байна. Тэгээд ажилд гологдохоороо лангуу түрээслэгч, аль эсвэл үйлчлэгч хийдэг. Тэгэхээр үндсэн хэдэн том сургуулиудаа үлдээгээд “панаал”-тай сургуулиудыг яаралтай хаах хэрэгтэй.Тэгээд хэрэгтэй, хэрэггүй сургуулиудынхаа оронд техник мэргэжлийн сургууль бий болговол сайн. Тэгж л байж ажилчин ангиа бэлтгэж авна. Гэхдээ өнөөдрийн орчин үеийн үйлдвэрт ажилчин хэрэггүй. Операторууд л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл техникумын хэмжээний боловсрол шаардлагатай болчихоод байна. Яагаад гэвэл үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь тэр чигээрээ автомат, робот болчихсон байна шүү дээ.
-Төр засгийн зүгээс жижиг, дунд гэлтгүй хувиараа бизнес эрхлэгчидээ хэрхэн дэмжиж ажиллах ёстой юм бол. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийдэг, үнэхээр дэлхийн том компаниудтай өрсөлдөх хэмжээний үйлдвэр барья гэвэл энэ салбарт 400-500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгж чадвал маш хүчтэй үйлдвэр гарч ирэх төдийгүй энэ салбар маш эрчимтэй хөгжинө.
Сэтгэгдэл ( 3 )
mongolchuud ***** baisan odoo bvr soxorch bna
Yu bilee dee.aan tiim uls turiin tovchoonii gishuun darga ch biluu batmunhk gesen baihaa.ene hun mongolchuudad mash ihk bolomj olgoson shuu dee.daanch 2-idehgui hooson honohgui yavj irsen mongolchuud ochuuhen ashig harj bayjih mungutei bolohiin tuld olon nandin chanaraa geej baina.
Jagaa chi ene teneguud haanaas yamar ehk survaljtaig medehuu? Sots-iin ueniin kommunist ariin haalganii. Huuhduud tuhain ueiin darga nariin erhk huuhduud bolomjiig esregeer ashiglaj baina daa.za daa ihenh n arhind orj dampuursan daa.hurgan darga nariin nariin huuhduud bujignuulj baina.haanaas haalga ch gedeg.ho ho..