Далд эдийн засгийг цавчих уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 16

НӨАТ-ын босгыг хөдөлгөх тухай ярьж байна. Энэ талаар  өгүүлэхээсээ өмнө НӨАТ гэж юуг хэлээд байдгийг тодотгох нь зөв биз. НӨАТ буюу Нэмэгдсэн өртгийн албан татварыг 1928 онд Германы эрдэмтэд санаачилжээ. Далд эдийн засгийг илрүүлэх үндсэн зориулалттайгаар сэдсэн байдаг. НӨАТ-аар дамжуулаад хар зах зээл дээр бүртгэлгүй эргэлдэж байгаа бэлэн мөнгөний хэмжээг бодитой тодорхойлдог. Мөн тухайн улсын эдийн засаг яаж өссөн бэ гэдгийг тодорхойлох боломжтой байдаг аж. Татварыг зөв ноогдуулж, тайлангаа зөв гаргадаг байх юм бол улс орны эдийн засаг сар тутамд, улирал тутамд хэрхэн өсөлтийг үзүүлж байна вэ гэдгийг хэмжих үзүүлэлт болж өгөх учиртай аж. Ерөөс далд эдийн засаг буюу тооцоонд оролгүй үлдэх магадлалтай байгаа орлого, мөнгийг Төр дангаараа, эсвэл Татварын байгууллага хянаж чадахгүй юм байна гэдгийг дэлхий дахинд ойлгосон учраас л НӨАТ-ыг нэвтрүүлжээ. Гол нь тийм хяналтыг тавьж чадах субьект нь эцсийн хэрэглэгч иргэд өөрсдөө юм. Тиймээс л та бид нар тэрийг төлдөг. Гэхдээ төлөөд байгаагаа ойлгож мэдэх нь цөөн.

Ямартай ч манай улсын тухайд 1998 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн НӨАТ-ын тухай хуультай болж мөрдөж эхэлсэн ч, НӨАТ жинхэнэ утгаараа үр дүнгээ өгч чадахгүй ирсэн гэхэд болно. 2006 оны долоодугаар сард дахин шинэчлэн боловсруулж 2007.01.01-нээс мөрдөж байгаа НӨАТ-ын тухай хууль түүхий байна гэдэгтэй эдийн засагчид, энгийн иргэд ч санал нийлэх нь олонтаа. Өнгөрөгч онд УИХ НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр баталсан ч, хүлээлт үүсгэсэн зохицуулалтууд хийгдээгүй гэж үзэх эдийн засагчид байна.

2008 онд Татварын өршөөлийн хууль гарсаны үр дүнд Монгол улсын 2 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 4 тэрбум ам.доллар 3 мянган аж ахуй нэгжийн халааснаас гарч ирсэн тухай эрхмүүд ярьдаг. Уг нь энэ мөнгийг өршөөлийн хуулиар биш, НӨАТ-ыг авч байгаагийнхаа хэрээр, илрүүлэх ёстой аж.  Тэр ч үүднээс нь энэ татварыг нэвтрүүлсэн байх ёстой. Гэтэл манайд үндсэн үүргээсээ гажиж, хэсэг хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн хууль нь олонхийг хохироож ирсэн талаар яригдаж байна. Тиймээс НӨАТ-ын хуулиа төгөлдөржүүлэх ёстой. Тэгэхгүй бол хэдэн жилийн мөчлөгтэйгөөр өршөөл үзүүлдэг баларсан жишигтэй байж, хар зах дээрх мөнгийг илрүүлдэг байх ёстой болж байна уу гэсэн асуултыг дандаа тавих хэрэгтэй болоод байгаа юм.

НӨАТ-ын босгын тухайд эдийн засагчдын зүгээс НӨАТ төлөгчдийн 10.0 сая гэсэн босгыг доош нь 500 мянга хүртэл буулгаж, дээш нь хязгааргүй байдлаар тогтоох хэрэгтэй гэсэн санал гарч байсан бол өнгөрөгч онд Засгийн газар 50 хүртэлх сая төгрөгийн орлоготой компани, хувь хүнийг НӨАТ төлөгчөөр бүртгэх тухай санал гаргасан юм. Тэгснээр 10.0 сая ба түүнээс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн НӨАТ төлөгч байна гэж хуульчилсан заалтыг парламент өөрчлөх тухай яригдсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар НӨАТ төлөх босго 10 сая төгрөгийн борлуулалтын орлогын хэмжээг 200 сая төгрөг байхаар тусгасан хуулийн төслийг боловсруулаад байна. Аж ахуйн нэгжийн борлуулалтын жилийн орлого нь 10 сая төгрөгт хүрвэл нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байхаар хуульчилсан 2006 оны хуулийн заалт нь жижиг аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгох биш харин ч татвараас зайлсхийхэд хүргэдэг, дарамт шахалт болж байна гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилжээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Татварын ерөнхий газрын гаргасан мэдээллээр улсын хэмжээнд жилдээ 10 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 21470 аж ахуйн 82.2 тэрбум, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуйн нэгж 612.8 тэрбум, харин 200 саяас дээш төгрөгийн орлоготой 5731 аж ахуйн нэгж 24.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого төлсөн гэсэн дүн мэдээ гарсан байна. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босгыг өндөрсгөснөөр хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчдэд үзүүлэх татварын дарамтыг бууруулж, санхүүгийн хувьд хөл дээрээ босч үйл ажиллагаагаа тогтмолжуулах, цаашид тоомохон татвар төлөгчид болж өсч дэвжих боломжийг нэмэгдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Ямартай ч 10.0 сая ба түүнээс дээш борлуулалтын орлоготой талуудаас энэ татварыг авах нь НӨАТ-ын үндсэн мөн чанарыг гажуудуулж Үндсэн хуулийн үзэл баримтлал, тодорхой зүйл, заалтыг зөрчихөд хүргэсэн гэх байр суурийг  зарим эдийн засагчид илэрхийлдэг. 10.0 сая гэсэн босго нь ялгавар болж, аж ахуй нэгжүүд 10 саяын босгоны доогуур орох гэж зүтгэж байгаа нь Монголын аж ахуй нэгжийн хөгжлийг боомилсон явдал.. Мөн ижил үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн нэг нь НӨАТ төлөгч байхад, нөгөө нь биш байдаг нь асуудал байна гэсэн үг гэсэн агуулга эндээс гардаг. Гол нь нэг хэсгийг нь НӨАТ-аас чөлөөлж байгаа нь, түүнээс худалдан авалт хийж байгаа талуудыг илүү татвар төлөх ёстой болгож байдаг. НӨАТ-аас чөлөөлөгдсөн аж ахуй нэгжээс худалдан авалт хийж байгаа байгууллага хасалтгүй татвар төлөгч болж байгаа юм. Мөн иргэдийн нэрээр орж ирсэн барааны гааль дээр төлсөн НӨАТ нь улсын төсөвт шууд ордог боловч, иргэд НӨАТ төлөгч биш гэсэн ангилалд хамаарагдан НӨАТ-ын буцаан авалтын сангаас хүртэх эрхгүй байдаг.

Тухайн  иргэнээс барааг нь авч цааш дамжуулан борлуулж байгаа этгээд болон үйлдвэрлэгч нар тухайн анхны иргэд нь НӨАТ-ын падаан бичиж өгөөгүй гэдэг үндэслэлээр, өмнө нь гааль дээр төлөгдсөн НӨАТ-ын зардлыг өөрөө төлөх НӨАТ-аасаа хасаж чаддаггүй. Улмаар тухайн барааны гааль дээр төлөгдсөн НӨАТ дээр дахин НӨАТ-ын татвар нэмж, хоёр удаа давхардсан НӨАТ-тайгаар эцсийн худалдан авагчид борлуулдаг нь, иргэдийг хохироож буй явдал. Тэрчлэн 10 саяаас доош орлоготой бол аж ахуйн нэгж, хувь хүнээс НӨТ авахгүй гэдэг нь зөв биш. НӨАТ-ийг эдийн засгийн салбаруудаар ялгаатай авахгүй байгаа нь зөв биш. Магадгүй 3-5 хувийн худалдааны татварт шилжих нь зөв байж болно. НӨАТ бол манайхаас илүү хөгжингүй зах зээлд байвал зохистой хэмээн байр сууриа илэрхийлэгсэд ч бий.

Дээр өгүүлсэнчлэн НӨАТ-ыг надаас бас таниас авахдаа шууд авдаггүй.  Та дэлгүүрээс талх авлаа гэхэд, тэр талхны үнэ дээр нэмээд ногдуулчихсан байдаг юм. Харин Иргэн бид ингэж татвар төлсөнөөрөө чамгүй гавъяа байгуулж байгаа ч, тэрийгээ мэддэггүй. Тиймээс та бид буцаан олголт гэдэг юмыг шаардах эрхтэйтэйгээ ухаж ойлгодоггүй юм.  Уул  нь НӨАТ төлдөг эцсийн хэрэглэгч бүхэн бүх талоноо цуглуулж байгаад НӨАТ-аа 20, 30, 40, 50 бүр 100 хувь буцаагаад авдаг байх юм бол, далд эдийн засгийг үгүй хийх боломж бий гэдгийг эдийн засагчид хэлэхгүй биш хэлдэг. Ер нь бол  зохист хэмжээ хязгаараа бариад байж ёстой энэхүү татварыг ялгаваргүйгээр бүгдээрээ төлөе, төлсөн нь үнэн бол хуулийн дагуу буцаалт хийдэг болъё. НӨАТ-ын эрх зүйн орчныг төгөлдөржүүлье, эдийн засгаа эрүүлжүүлье. Ингэхдээ аж ахуй нэгжүүдийн, иргэдийн нуруун дээр дарамт үүсгэхгүй байхаар шийдвэрлэе, зөв гарцыг тодорхойлъё гэж яриад байгаа юм.

Буцаан олголтын тухайд тодотгон өгүүлэхэд 2010 онд НӨАТ-ын татвараас улсын төсөвт 349 тэрбум төгрөг төвлөрүүлсэний 200-гаад тэрбумыг нь буцаан олгосон гэсэн үзүүлэлт байгаа юм. Харин арваннэгэн оны эхний гуравдугаар сарын байдлаар НӨАТ-аас 100 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрч байсан бол 2012 оны тавдугаар сарын байдлаар дотоодын бараа, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвараар улсын төсөвт 275.0 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөгдсөнөөс 195.1 тэрбум төгрөг оруулж, төлөвлөгөө 79.8 тэрбум төгрөгөөр тасарчээ. НӨАТ-ын тайлангийн үзүүлэлтээс харахад 205.2 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголттой, 78.5 тэрбум төгрөгийн татварын авлагатай  гарсан байна. Татварын дутуу төлөлтийг бүрэн барагдуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын эх үүсвэр дутагдаж байгаагаас төлөвлөгөө тасарч, батлагдсан төлөвлөгөө биелүүлэхэд хүндрэлтэй гэж байсан юм.

НӨАТ-ын орлогын эх үүсвэрийг олохын тулд ТЕГ-аас хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн НӨАТ –ын падаанд суурилан том дүнтэй борлуулалт, татан авалт хийсэн аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт хийж зөрчлийг илэрүүлж байгаа боловч татвар төлөгч шат шатны шүүхэд хандаж байгаа учраас өрийг барагдуулахад цаг хугацаа алдаж байгаа талаар холбогдох байгууллагууд нь тайлбарлаж байв.

Ер нь тэгээд НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч төлдөг юм бол  30, 40, 50 хувийг нь буцаан авдаг тэр боломжийг нь хуулийн хүрээнд тодорхой болгож өгөх шаардлагатай байгаа юм. НӨАТ бол цэвэр орлогоос авдаг татвар. НӨАТ гэдэг нь орлогын тайлангаа гаргаж өгөөд эргүүлээд ав гэсэн нэг ёсны барьцаа.  Харин манайд эцсийн хэрэглэгч буцаан олголт хийж авах эрх, хуулийн хүрээнд байхгүй. Тэгэхээр эцсийн хэрэглэгчид төлж ирсэн татварыг хэнд буцаагаад өгчихдөг юм бэ гэдэг асуулт үргэлж хариулт нэхэж байх ёстойг сануулъя.

Америкт бол жилдээ 25 мянган ам.долларын татвар төлсөн байлаа гэхэд, дөрөвдүгээр сарын 1-нд орлогынхоо тайланг гаргаад өгөх юм бол 20 мянгыг нь буцааж авах бололцоо хуулийн хүрээнд Иргэнд бий аж. Төр нь буцааж олгодог механизмаа уян хатан байлгаж чадаж байгаа учраас, иргэн болгон өгч байгаа татвараа хянадаг байна. Энэ тохиолдолд далд эдийн засаг, хар зах зээл дээрх их мөнгийг хянах боломж төрд олдох юм. Харин манайд иргэн буцааж авч чадахгүй. Иргэн та НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй байвал хасалт, буцаалт олголт хийх боломж байхгүй. Хуулиндаа 10.0 саяын босго тогтоочихсон учраас шүү дээ. Уг нь бүгдээрээ төлдөг болчихвол аж ахуй нэгжийн нуруун дээр дарамт учруулахгүй татвар гэж НӨАТ-ыг эдийн засагчид сайшаагаад байдаг. Бүх шатанд шударга ноогдуулаад, эцсийн хэрэглэгчдээ тодорхой хувийг нь буцаан олгодог болчихвол татварын механизм өөрөө эрүүлжих учиртай аж. Тэгэхээр аливаа аж ахуйн нэгж энэ татварыг иргэнээсээ авчихсан мөртлөө цааш нь өгөхгүй өөрийнхөө халаасанд хийнэ гэдэг хэт даварсан дүр зураг юм. Гэтэл  бизнесийн байгууллага өөрийн худалдан авч байгаа орцны дүнд тооцогдсон татвараа буцааж авах боломжтой байдаг бол эцсийн хэрэглэгчид ийм боломж байхгүй гэж хэлэх эдийн засагчид ч бий. НӨАТ бол экспортыг дэмждэг татвар. Энэ нь улс орны эдийн засагт орох мөнгөний урсгалыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Дагаад төлбөрийн тэнцэл эерэг болдог гэхчлэн тэглэж болохооргүй давуу талуудтай аж. Тэгэхээр НӨАТ-ын эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага улстөрчдөд байна. Гэхдээ үнэндээ бол эдийн засагчдын дэмжлэгийг л авахгүй бол манай хэдэн улстөрчид бантангаа хутгачихаж мэдэхээр шүү.

 

Э.Болорхажид

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр б Everyday.mn маш сонир(49.0.169.58) 2013 оны 05 сарын 16

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа(49.0.169.58) 2013 оны 05 сарын 16

Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа

0  |  0
Top