“Бид Лондонгийн хөрөнгийн биржээс ихээхэн өөрчлөлтийг хүлээж байна. Хоёр, гурван жилийн дараа “Жижиг Лондонгийн хөрөнгийн биржийг” Улаанбаатарт байгуулсан байхыг хүсч байна.” хэмээн тухайн үеийн ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган эрхэм хэлснийг “Financial times” онцолж байлаа. Тэгвэл манай эрхмүүд ийм өөдрөг үгс хэлж байснаас хойш хоёр он улирчээ. Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байгаа юм. Тэрчлэн гэрээний дагуу “Лондонгийн хөрөнгийн бирж” группээс ажиллаж буй ажилллагсдын гэрээний хугацаа дуусч байгаа тул хугацааг сунгах эсэх талаар асуудлыг манай талаас Монголын хөрөнгийн бирж, ТӨХ Лондонгийн талтай хэлэлцэж байгаа аж. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход зөвхөн ажиллагсдын хугацаа бус хоёр жилээр байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний хугацаа дуусч байх ёстой л доо.
Манай улсын Төрийн өмчийн хорооноос Лондонгийн хөрөнгийн биржтэй “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” үзэглэсний дараа дээрх ерөнхий гэрээг бодит ажил хэрэг болгох нарийвчилсан төлөвлөгөө буюу “Ажлын мастер гэрээ”-г хоёр улсын бирж байгуулсан юм. Энэ гэрээний хүрээнд их л олон өөдрөг зорилтыг тавьсан байдаг. Тухайлбал, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар үнэт цаасны арилжаа явуулах орчин үеийн цогц системийг нэвтрүүлж, эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрнэ. Түүнчлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ гэж байсан.
Монгол улсын аж ахуйн нэгж байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон, олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдэх болно гэсэн зүйлийг ярьж байлаа. Мөн олон улсын санхүүгийн томоохон төвүүдийн нэг, зах зээлийн багтаамж, арилжааны хэмжээ, нэр хүндээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтах Лондонгийн хөрөнгийн биржтэй урт хугацааны үр ашигтай түншлэлийн харилцаа тогтоосноор олон улсын тавцанд Монголын санхүүгийн зах зээлийн нэр хүнд өсөн, баталгаажина гэсэн өөдрөг байр суурийг Монголын хөрөнгийн биржийн зүгээс илэрхийлж байлаа.
Тэгвэл одоо нөхцөл байдлыг харвал цаасан дээр төлөвлөөд байсан сайхан мөрөөдлүүд хэвээрээ байна. Манай баялгаар барьцаа хийсэн гадны нөхдүүд олон улсын биржүүдээс сая саяар нь доллар босгож байгаа байх. Харин манай тухайд хөрөнгийн зах зээл гэдэг юмыг хөлд оруулах гээд барахгүй байна.
Ямартаа л хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал сая нэг ажил хэрэг болж магадгүй шинжтэй. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль чуулганаар орж байгаа юм.
Уг нь манай улс Лондон бус Хонконгийн биржтэй хамтрах талаар яригдаж байсан билээ. Тухайн үед Монгол Улс таван тэрбум долларын өртөг бүхий төмөр зам барих барилгын ажлаа санхүүжүүлэхийн тулд төрийн өмчит төмөр замынхаа хувьцааг Хонконгийн хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж буйг “Reuters” мэдээлсний дараа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны зүгээс “Монгол Улс Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэж байгаа. Гэхдээ энэ удаад Хонконгийн биржийг илүү дээр сонголт гэж үзсэн. Олон улсын зах зээлд гаргахаасаа өмнө дотооддоо IPO хийхээр төлөвлөсөн” гэх мэдээллийг өгч байсан.
Тэгвэл “Financial times” Лондонгийн хөрөнгийн бирж яагаад Монголын хөрөнгийн биржтэй хамтрах болсон талаар өгүүлснээс иш татан хүргэвэл: “...Ноён Ролет Монголын Хөрөнгийн Биржтэй гэрээ байгуулахаар иржээ. 20 жилийн түүхтэй биржээ шинэчлэх ажилд Монголчуудад зөвлөгөө өгөх юм. Гэвч энэ хэлцэл нь барууны орнуудын үйл ажиллагаа нь төлөвшсөн бирж, хөгжил буурай орны бирж хоорондын байгуулдаг жирийн нэгэн гэрээ биш. Лондонгийн биржээс баг томилон МХБ-тэй 2 жил хамтран ажиллах бөгөөд тус биржийн хөгжил, хувьчлалын явцад хяналт тавьж ажиллах юм. Уул уурхай, байгалийн баялгийн нөөцдөө тулгуурлан хөрөнгө босгохоор зорьж буй Монголын зах зээлийн хөгжлийн эхэн үед ЛХБ түншлэж байгаа эдийн засагчдын бодлоор түүхий эдийн хүчирхэг урсгалыг Лондон өөр лүүгээ далласан хэрэг гэнэ.
Нью-Йорк, Хонг Конгоос илүүтэй Лондонгийн хөрөнгийн зах зээлийг сонгож, томоохон IPO хийх Монгол компаниуд байгаа гэдэгт Ноён Ролет итгэж байна. Одоогоор газрын тос, хийн хайгуулын “Петро Матад” гэх ганцхан компани ЛХБ-д бүртгэлтэй байгаа бөгөөд цаашид Монголын компаниуд Лондонгийн бирж дээр давхар бүртгэгдэх боломжтой юм.
Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дэд дарга О.Эрдэнэбулганаас яагаад үндэсний биржийнхээ удирдлагыг гадаадын хүмүүст өгөх болсон талаар тодруулахад “Нэг тааруухан жолооч шинэ Феррари машин худалдаж авсан гэж бодьё. Гэвч тэр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох билээ? Бид “Формула 1” уралдааны жолоочоор л машинаа бириулахыг хүссэн юм” гэж хариулсан. Хятад улс Монголын нүүрс, зэсийн олборлох салбарыг сонирхож эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг. Ноён О.Эрдэнэбулган: “Бид олон эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байгаа бөгөөд Улаанбаатар-Лондонгийн гарцыг ашиглан хөрөнгийн урсгалыг дотогш татах хүсэлтэй байна” гэв. Энэ нь ЛХБ-д МХБ-ийн төлөөлөгч ажиллах болсон нэг шалтгаан болов уу.
Засгийн газраас Тавантолгойг түшиглэн байгуулсан шинэ компанийн 20 хувийг Монгол улсын иргэдэд эзэмшүүлж, хувьцааг МХБ дээр арилжих нөхцөл тавьсан. Гэвч хөрөнгийн биржийн хөрвөх чадвар муу, хөгжлийн түвшин сул байна.
Монголын томоохон гадаад хөрөнгө оруулагчийн нэг “Файрбөэрд Менежмент” хөрөнгө оруулалтын сангийн захирал Жэймс Пассин хэлэхдээ “Дотоод хөрөнгийн зах зээлд хувьцааг гаргахаас урьтаж хөрөнгийн биржийн хөрвөх чадвар, үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна” гэж хэллээ хэмээн өгүүлж байв.
Тэгэхээр нэг нь хөгжил хүлээж, нөгөө нь хөгжил хүртээхээр тохиролцсон талуудын гэрээний эхний үе энэ хүрээд өндөрлөж байна. Үр дүнг нь харвал хэлж ярьж байсанчлан давшилттай зүйл алга. Хөрөнгийн бирж техник талаасаа шинэчлэгдсэн ч, бодлого талаасаа сул дорой хэвээрээ л байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 1 )
Haramsaltai n uls torchid 2012 onii tavan sard gadaadiin horongo oruulagchdiig urgeej strategiin salbart sanhuugiin zah zeeliig orulsnar budaa bolson. Deerees n tavan tolgoi birjees bolson yum shig getel uls torchid oorsdoo altan bolomjiig aldsan.