Нэг талаас хэт хамаарсан түлшний хараат байдлыг задалж өгөхийн тулд багагүй ярьж, жаахныг хийдэг байдал манайд бий. Харин энэ долоо хоногт чихэнд чимэгтэй нэг мэдээлэл байсан нь манай газрын тос нутагтаа эргэн ирдэг болж байгаа тухай байв. Манай талаас өөрийн газрын тосыг бүтээгдхүүн болгон авах саналыг нэгдүгээр сард БНХАУ-ын талд тавьсан гэж байсан. Тэрчлэн Хятадын “CNPC” компанийн харъяа Хөх Хотын боловсруулах үйлдвэрээс сард 10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн авах гэрээг өнгөрөгч 4 сард хийсний дагуу ийнхүү түлш авч эхлээд байгаа юм. Гэхдээ энэ бол тулгамдсан том асуудлын жижиг хэсгийг шийдэж байгаа явдал гэдгийг тодотгох нь зөв биз. Түүнчлэн бидэн нефтийн салбараа зөв замаар замнуулахын тулд гадныхнаас сурах, суралцах зүйл ихээхэн бий. Тиймээс энэ удаад ХБНГУ-ын нефтийн салбарын талаар авч үзье.
Герман улсын тухайд нефть нь эрчим хүчний хангамж, хэрэглээний чухал болоод салшгүй хэсгийн нэг юм. 2010 онд тус улсын эрчим хүчний хэрэглээний 33 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байв. Эрчим хүчний хэрэглээнд нефтийн бүтээгдэхүүний эзлэх жин 70-аад онд тавиас илуу хувийг эзлэж байсан юм. Тухайлбал, 1970 онд 53,1 хувь, 1975 онд 52,1 байжээ. Дулааны хангамжинд байгалийн хийг ихээхэн ашиглах болсон тэр үед буюу 80-аад онд нефтийн бүтээгдэхүүний эрчим хүчний хэрэглээнд эзлэх байр суурь буурч эхэлсэн юм. 1980 он гэхэд нефтийн бүтээгдэхүүн 40,6 хувь, 1985 онд 33,9 хувь хуртэл буурчээ.
Тээврийн салбар дахь нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд маш ихээр хэлбэлзэж байна. Энэ нь нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн унийн хэлбэлзэлтэй холбоотой юм. 1990 онд 35,0 хувь, 1995 онд 39,9 хувь, 2000 онд 38,2 хувь байв.
ХБНГУ-ын нефтийн бүтээгдэхүүний борлуулалтыг авч үзвэл 2010 онд гэхэд нийт 105,7 сая тонн нефтийн бүтээгдэхүүнээс автобензин-19,6 сая тонн, дизель-32,1 сая тонн, хөнгөн түлш 21,0 сая тонн, аж үйлдвэрт хэрэглэдэг хатуу түлш 5,3 сая тонныг борлуулжээ.
Авто тээврийн салбар дахь нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ нь техникийн болон эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалан суулийн үед өсөх хандлагатай байна. Ялангуяа энэхүү тээврийн салбарт гарч буй технологийн өөрчлөлт, мөн Европын холбооны өмнө хулээсэн үүрэг зэргээс шалтгаалан Холбооны Засгийн газар био түлш, шатахууныг хэрэглээнд нэвтрүүлэх, түүний Германы нефтийн зах зээлд эзлэх хувийн жинг нэмэгдуулэх зорилтыг тавьж буй аж. Үүний зэрэгцээ шингэн хий, байгалийн хий болон цахилгаан автомашин үйлдвэрлэх санаачлагад хамаарагдаж буй улстөрөгч зэргийг түлш болгон тэдгээрийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна. Жишээлэхэд Холбооны Засгийн газар, германы аж үйлдвэрийн салбараас гаргасан хамтарсан мэдэгдлийн дагуу цахилгаан автомашины тоог 2020 онд нэг саяд, 2030 онд 6 саяд тус тус хүргэх стратегийн зорилго тавьжээ. Энэхүү цахилгаан автомашиныг худалдан авагчийг нэмэгдүүлэхэд зориулан тэдгээрт давуу эрх олгох, зарим төрлийн хөнгөлөлт эдлуулэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, цахилгаан автомашины төлбөргүй зогсоол гэх мэт арга хэмжээнүүд юм байна.
Нефтийн бүтээгдэхүүний хангамжийн тухайд арван онд 93,3 сая тонн боловсруулаагүй нефтийг импортоор худалдан авчээ. ОХУ нь германы боловсруулаагүй нефтийн зах зээлийн 36,3 хувийг эзлэн, нийт 33,9 сая тонныг нийлүүлсэн байна. Дараагийн чухал түнш нь Норвеги болон Европын холбоо юм. Эдгээрээс нийтдээ 24,5 сая тонн боловсруулаагүй нефтийг худалдан авсан байна. Энэ нь нийт боловсруулаагүй нефтийн импортын 26,3 хувийг эзлэж байна. ОПЕК-ийн гишүүн орнуудаас нийлүүлсэн боловсруулаагуй нефтийн хэмжээ 70-аад оны эхэн үетэй харьцуулахад багассан байна. 2010 онд ХБНГУ дотооддоо нийт 2,5 сая тонн боловсруулаагүй нефть олборложээ.
Германы дотоодын нефтийн бүтээгдэхүүний борлуулалт 105,7 сая тонн байсны 35,3 сая тонныг импорлосон байна.Тус улсын нефтийн холбоодын харьяа аж ахуйн нэгжүүд 2010 онд өөрсдийн түүхий нефтийн үйлдвэруудэд нийт 117,6 сая тонн бүтээгдэхүүнийг боловсруулжээ. Дэлхийн нефтийн бүтээгдэхүүний зах зээл дээрх үнийн савалгаа, тогтворгүй байдал германы дотоодын зах дээрх борлуулалт, хангамжийн аюулгүй байдалд зарим нэг доголдол, хүндрэл учруулж байгаа аж.
Нефтийн бүтээгдэхүүний нөөцийн тухайд Германы эдийн засаг дахь нефтийн бүтээгдэхүүний гадаад ертөнцөөс хамааралтай байдлыг түлш, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, мөн түүнчлэн түлш, эрчим хүчний арвилан хэмнэлт болон түлш, эрчим хүчний хангамжийн сонгодог эх сурвалжуудыг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах арга замаар хэтдээ багасгаж болно хэмээн Холбооны Эдийн засгийн яамнаас гаргасан “Түлш, эрчим хүчний үзэл баримтлал”-д тусгажээ.
Гадаадын улс орнуудаас их хэмжээгээр импортоор оруулан ирж буй нефтийн бүтээгдэхүүн, улмаар дэлхийн зах зээл дээрх хомсдол зэргийг тооцоолон, нефтийн бүтээгдэхүүний түр хугацааны хомсдлын эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь Холбооны Засгийн газрын чухал зорилтын нэг аж. Үүнтэй холбогдуулан германы нефтийн бүтээгдэхүүний нийгэмлэг болон байгууллагууд 1966 оноос эхлэн онцгой болоод бусад хомсдол, хямралын байдалд зориулан нефтийн бүтээгдэхүүний нөөц, хуримтлалыг бий болгох үүргийг хүлээх болсон. Аж үйлдвэржсэн 28 улс орон гишүүнчлэлтэй олон улсын түлш, эрчим хүчний агентлагийг байгуулсны дараа дээрх байгууллагын гишүүн орнууд болоод ХБНГУ-д нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны хямралаас урдчилан сэргийлэх тухай журмыг анхлан боловсруулж байжээ. Дээрх байгууллагын журам ёсоор гишүүн улсууд 90 хоногийн шатахууны нөөцийг бүрдүүлэх үүргийг хулээсээр ирсэн бөгөөд энэ журам Европын Холбооны гишүүн бүх орнуудад үйлчилж байгаа аж. Улс бүр дотооддоо дээрх үүргээ “Нефтийн бүтээгдэхүүний хангамжийн” тухай хуулинд тодорхой тусгасан байдаг. Германд дээрх хуулийг баталсны дараа Германы нефтийн бүтээгдэхүүний хангамжийн холбоо байгуулагджээ. Энэхүү холбоо нь хуульд заасны дагуу ХБНГУ-ын нефтийн бүтээгдэхүүний онцгой байдлын нөөцийн хангамжийн асуудлыг зохицуулах үүрэгтэй байгууллага юм. Санхүүжилтийн асуудлыг нефтийн салбарын байгууллагуудад хэрэглэгчдээс оруулсан хөрөнгөөр шийддэг юм байна. Аливаа нэгэн бэрхшээлтэй асуудал тулгарсан тохиолдолд түүнийг Холбооны Эдийн засаг, технологийн яам чиг үүргийн дагуу шийдвэрлэхээр заасан байдаг.
Шатахууны борлуулалтын тухайд Германы шатахуун түгээх станцуудад 2003 оноос эхлэн хүхэр багатай шатахуун түгээж буй бөгөөд тухайн шатахуун дахь хүхрийн агуулга нь хуульд зааснаар 10мг/кг хуртэл байх ёстой ажээ. Энэхүү стандартын шинэ шаардлагатай холбогдуулан Холбооны Засгийн газраас литр шатахуун тутамд 1,5 центийн татварын хөнгөлөлт үзүүлэх болсон. 2011 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар ХБНГУ-ын хэмжээнд хот суурин газарт 14379 ШТС, хурдны замын дагуух 350 ШТС үйл ажиллагаа явуулж байна. Шатахууны борлуулалтын 70,5 хувийг шатахуун түгээх Aral, Shell, Total, BP зэрэг үндэстэн дамнасан корпорациуд, 9 орчим хувийг Холбооны чөлөөт ШТС-дын холбоо, Холбооны нефтийн бүтээгдэхүүн түгээх жижиг дунд үйлдвэрүүдийн холбоо зэрэг, улдсэн 20,5 хувийг бусад эзлэж байна.
Берлинд төвтэй, германы нефтийн аж үйлдвэрээс хамааралгүй компаниудын нэгдэл болох Нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний гадаад худалдааны холбоо нь германы нефтийн бүтээгдэхүүний дийлэнхийг импортлох давуу эрхийг эдэлдэг. Үүнээс гадна дээрх байгууллага байгалийн хий болон цахилгааныг импортлох эрхтэй аж.
Нефтийн бүтээгдэхүүний хангамжинд тулгарах саатал, хямралыг даван туулах тал дээр:
Олон улсын түлш, эрчим хүчний хөтөлбөрийн заалтууд нь ХБНГУ-ын дотоодын Түлш, эрчим хүчний баталгааг хангах тухай хуулинд тусгагдсан байдаг. Энэхүү хуулийн дагуу үндэсний хямралын системийг байгуулсан бөгөөд шатахуун хэрэглэгчдийн үндсэн хангамжийг баталгаатай болгох, зохицуулах, мөн түүнчлэн түлш , шатахууны зах зээл дээрх тогтвортой байдлыг буй болгох зорилготой аж.
Тус улсын түлш , шатахууны хямралаас урдчилан сэргийлэх гол нэгжүүдийн чиг үүргийг авч үзвэл:
-Үндэсний онцгой байдлын алба нь хямралын үед бухий л үйл ажиллагааг удирдан зохицуулах чиг үүрэгтэй.
-Холбооны Эдийн засаг, технологийн яам уг асуудлаар улс төрийн шийдвэр гаргах бөгөөд хэрэглээний талаар зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Жишээлбэл, тодорхой тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглох, Засгийн газрын уриалга гаргах, шатахууны талон тараах гэх мэт.
-Нефтийн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоодын шинжээчид салбарын хангамжийн асуудлыг хянах зохицуулалтыг хийнэ.
-Газрын тосны нөөцийн алба хуримтлагдсан нөөцөөс зохих хэмжээгээр олгох ажлыг хийнэ.
-Холбооны эдийн засаг, экспортын хяналтын алба нь шатахуун хэрэглэгчдийн талаарх өөрийн мэдээллийн баазаас шаардлагатай мэдээллийг дээр дурдсан байгууллагуудын албан хэрэгцээнд зориулан өгөх үүрэгтэй байдаг аж.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
Saalia beldexeer savaa beld gesen ardiin zuir ug baidag manaixan yadaxdaa 6 sariin benzinii nootsiin aguulaxtai bolox xeregtei sh dee sain nootslochixson baixad genetiin une nemegdexed sandrax ymgui baix bolno shuu dee. Bidend xamgiin chuxal nx bagtaamj saitai aguulax savnuud olon baix xeregtei baina.