Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөний эхэнд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэлийг тавьлаа. Тэрээр илтгэлдээ “Шинэчлэлийн засгийн газраас юуны түрүүнд эрчим хүчний эх үүсвэрийг өргөтгөх, шинээр барьж байгуулахад онцгой анхаарч байна. Дарханы дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөл, Улаанбаатарын 4 дүгээр цахилгаан станцыг 100 МВт-аар өргөтгөх, Амгалангийн 348 МВт чадалтай дулааны эх үүсвэр барих ажлыг эхлээд байна. Түүнчлэн бүс нутгийн болон уул уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор Мөрөн-Тэлмэн-Улиастайн 110кВ-ын, Мандалговь-Тавантолгойн 220 кВ-ын, БНХАУ-аас Оюу толгойн уурхайг хангах 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтанд орууллаа. Улаанбаатар хотын 5 дугаар цахилгаан станцын байршлыг өөрчлөн гүйцэтгэгчийг шалгаруулах, түүний дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгүүдийг томилон ажилуулахын зэрэгцээ Улаанбаатарын 3 дугаар цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх, Таван толгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх талаар бодлогын шийдвэр гараад байна. Манай орны хувьд анхны том чадлын салхин парк болох Салхит уулын салхин станц 2013 онд ашиглалтад орох гэж байгаа нь сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих томоохон арга хэмжээний нэг болж байна” гээд “Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барихад Чингис бондоос 50 сая ам доллар зарцуулах шийдвэр гарсан. Энэ төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдан ажиллаж байна. Мөн бүс нутгуудад баруун бүсийн, Дорнодын, Багануурын, Шивээ-Овоогийн цахилгаан станцууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдахаар төлөвлөгдөж байгаа Цайдам нуур, Бөөрөлжүүт, Чандганын станцууд эдгээрийг холбосон Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт, Чойр-Сайншанд-Замын Үүдийн 220 кВ-ын, Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВ-ынцахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барих ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар, эрчим хүчний төрийн өмчит 22 компани, орон нутгийн өмчит 8 компани, Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхай, эрчим хүчний засвар, барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн 12 компанийн нийт 150 гаруй зочид төлөөлөгч оролцсон тус зөвлөгөөнөөр 2013 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгосонтой холбогдуулан салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гол гол илтгэлүүдийг сонсч хэлэлцэв.
Эрчим хүчний зохицуулах хорооны С.Отгонбаяр “Эрчим хүчний үнэ тарифын бодлого, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын одоогийн үнэ тариф, хэтийн төлөв”, ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын үр өгөөж, гарч буй зөрчил, компаниудын зардал хэмнэх боломж” зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
Эрчим хүчний салбарын удирдах ажилтны 2013 оны зөвлөгөөнөөр салбарын одоогийн байдал, хөрөнгө оруулалт түүний үр ашиг, салбарын бодлогын талаар авч хэлэлцээд шинэчлэлийн Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй уялдуулан эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлсон Зөвлөмж гаргалаа.
Сэтгэгдэл ( 0 )