Наран улс өсч байхад, Хятадын удирдагчдын толгой өвдөөд эхэлчихжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Дэлхийн хөрөнгийн захууд дээрх голлох индексүүдийг харахад Америкийн үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдийг илтгэгч Dow Jones,S&P 500, Nasdaq индексүүд уналттай байгаа бол Европийн STOXX 50, FTSE 100, DAX индексүүд өсөлттэй байна. Харин Азийн Nikkei өсөлттэй, Hang Seng, S&P/ASX 200 индексүүдийн  уналттай буюу улаанаар тэмдэглэгджээ.

Ерөнхийдөө азийн тэргүүлэгч эдийн засгуудын төлөв байдлыг авч үзвэл БНХАУ-ын тухайд орон сууцны үнийн хөөрөгдөл эрх баригчдын санааг зовоосон хэвээрээ байна. Хэдийгээр шинэ удирдлагуудын зүгээс орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах талаар байр сууриуд илэрхийлж байсан ч, өнгөрөгч сард томоохон 70 хотын 68-д нь орон сууцны үнэ өссөн мэдээ гараад байгаа юм. Гуанжу, Бэйжин, Шанхай гэсэн гол төвлөрөл үүсч байгаа хотуудад орон сууцны үнэ хамгийн өндөр өсөлттэй байна. Уг нь орон сууцны үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд 2 дахь орон сууцны зээлийн хүүг өндөр болгож, урьдчилгааг нэмэгдүүлж, үнийн өсөлтөөс татвар тооцох хүртэл арга хэмжээ авч байгаа ч, бодит үр дүн нь хөрсөн дээр бууж өгөхгүй эрх баригчдын толгойг өвтгөөд байгаа аж.

Харин Япон улсын тухайд эдийн засгийн өсөлт эхний улиралд боломжийн байлаа. Шинжээчдийн таамаглаж байснаас илүү гарч, 2.7 хувь гэсэн прогнозыг гишгэн 3.5 хувийн өсөлт үзүүлэв. Ингэж өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь хэрэглээ нэмэгдсэн явдал байсан ба гадаад худалдаа сүүлийн 4 улиралд анх удаа ашигтай гарсан нь нөлөөлжээ.  Тус улсын төв банкны ээлжит хуралдаан өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Энэ өдрүүдэд бодлогын ямар нэг өөрчлөлт хийхгүй гэсэн хүлээлт бий. Төв банк нь  өнгөрөгч сарын 4-ний өдөр бондын худалдан авалтаа огцом нэмэгдүүлснээс хойш бондын зах зээл болон иений ханшийн хөдөлгөөн олны анхаарлын төвд байгаа билээ.

Тэгвэл ужгирсан өрийн хямралын улмаас хэцүүхэн байж ирсэн Европын тухайд байдал ямар байгааг харъя.  Европын холбооны удирдагчид ээлжит уулзалтаа хийж хямралыг хэрхэн хурдан давж эдийн засгаа сэргээх талаар ярилцсан янзаараа л байна. Хуралдаан энэ долоо хоногт үргэлжлэх ба гол анхаарал татаж байгаа сэдэв нь зардлаа буруулах явдал.  Тэр дундаа эрчим хүчний асуудал  ба хөрөнгө оруулалтын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх талаар ярилцах нь. Европын холбооны улсуудын эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд 0.2%-иар буурсан үзүүлэлттэй гарсан нь сүүлийн 6 дахь улиралдаа уналттай яваа нь хямралын байдал үргэлжилсээр байгаа дохио гэдгийг шинжээчид тэмдэглэж байна.

Түүнчлэн дэлхий дахины  валютын захын өнгө төрхийг харах хэрэгтэй. Гэхдээ тэр талаар өгүүлэхээсээ өмнө дотоодын валютын зах руу өнгийе.

Өнөөдөр гэхэд гадаад валютын дуудлага худалдаанд банкууд 35.1 сая ам.доллар худалдан авах, 2.4 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Харин  Монголбанк 1439.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 25 сая ам.долларыг банкуудад худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлжээ. Банкууд мөн 102.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 233.70 төгрөгийн хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлж, валютын захад юань нийлүүлсэн байна.

Ам.долларын төгрөгийн эсрэг албан ханш арилжааны ханшаас доогуур байгаа нь эндээс харагдаж байна. ХХБ-ны зүгээс өнгөрөгч долоо хоногийн валютын захын байр байдлыг авч үзэхдээ “Монголбанкны дуудлага худалдаагаар нийт 58.8 сая ам.доллар, 153.5 сая юань зах зээлд нийлүүлэгдсэн ч ханш тогтвортой хэвээр байсан нь дотоодын зах зээл дээр валютын эрэлт өндөр байгааг харуулсан гэж үзэж буй. Түүнчлэн долоо хоногийн эцэст ам.долларын арилжааны ханш 1444 төгрөг, юаний ханш 234.60 төгрөг орчим байсныг тодотгосон байгаа юм.

За харин олон улсын тухайд иений ханш үргэлжлэн сулрах нөхцөл байдлыг өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдсан Их долоогийн сангийн сайд нарын уулзалт бүрдүүлчихлээ. Учир нь тус уулзалтаар иений ханшийн огцом сулралтыг төдийлөн буруушаагаагүй нь томоохон орнууд Япон улсын мөнгөний бодлогыг хүлээн зөвшөөрч байгааг харуулав.

Тэгвэл АНУ-ын тухайд жижиглэн худалдааны борлуулалтын хэмжээ өсөлттэй гарсан нь тус улсын эдийн засаг сэргэж байгаагийн бас нэгэн илрэл болж байна. Сан-Франциско мужийн холбооны нөөцийн банкны тэргүүн энэ зунаас эхлэн мөнгөний тэлэх бодлогыг сулруулж, оны эцэс гэхэд бонд худалдан авалтыг зогсоох хэрэгтэй гэсэн мэрэгдэл хийсэн нь анхаарал татсан мэдээлэл болов.  Долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын хэрэглэгчийн итгэлцлийн индекс сүүлийн 6 жилийн хамгийн өндөр түвшинд гарсан нь тус улсын иргэд эдийн засаг сэргэнэ гэсэн итгэлтэй байгааг харуулав. Үүнтэй холбоотойгоор ам.долларын бусад валютуудын эсрэг ханшийн чангаралт үргэлжиллээ. Иений ам.долларын эсрэг ханш 103-аас дээш гарч арилжаалагдсан бол еврогийн ам.долларын эсрэг ханш 1.2795 хүртэл суларсан нь 4-р сарын эхээс хойшхи хамгийн доод түвшин болов.

Европын холбооны ДНБ-ний хэмжээ хүлээгдэж байснаас их хэмжээгээр буурсан тухай мэдээ тус холбооны төв банк мөнгөний тэлэх бодлогоо эрчимжүүлэх шаардлага байгааг харуулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор еврогийн ам.долларын эсрэг ханш суларчээ. Харин австраль долларын ханш долоо хоногийн турш суларч, сүүлийн 1 жилийн доод түвшинд ирээд байгаа. Энэ нь түүхий эдийн үнийн уналт болон мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр юм.

Тэгэхээр дэлхий дахины эдийн засагт шийдэл эрэлхийлсэн уулзалтууд үргэлжлэн явагдсаар байгааг бид харж байна. Эрх баригчид хийнэ, хэрэгжүүлнэ гэдэг ч, тэгж амар шийдчихэж чаддаггүй гэдгийг бид өмнөд хөршийнхөө нөхцөл байдлаас бас харж байгааг тодотгоё.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top