В.Якунин нарын ухаан гэж..

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

 “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч ноён В.Якунин Ерөнхий сайдтай уулзах үеэрээ шинэ төсөл дэх оролцоо, үр ашигтай холбоотой зарим асуудлыг харилцан шийдвэрлэх хэрэгтэй байгааг хэлсэн бол Н.Алтанхуяг эрхэм ОХУ-ын зүгээс Монголын төмөр замын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой хувилбарууд оруулж ирэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллахад бэлэн байгааг мэдэгдээд буцаасан. Уулзалтын үеэр яригдсан асуудлууд ерөнхийдөө бүдэг өнгөрсөн гэж хардахад болно. Бас нөгөө талаас бид өөрсдийн давуу талаа сайн дураараа тэдэнд алдсан дүр зураг ч харагдаж буй. Тухайлбал, В.Якунин ирэхээсээ өмнө Ерөнхий сайдад илгээсэн захидалд  өгүүлсэн зүйлсээс иш татвал:  

“Монголын төмөр замыг хөгжүүлэх зорилт нь ихээхэн хөрөнгө шаардаж байгаа бөгөөд үүний зохих хэсгийг одоо ихэд элэгдэж хуучраад хүчин чадлаа шавхан ажиллаж байгаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын дэд бүтцийг сайжруулахад зориулах ёстой юм.

“Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн охин компани болох “Дэд бүтцийн хөгжил” нь “Улаанбаатар төмөр зам”-д шаардагдах хөрөнгө оруулалтыг нь зээлийн санхүүжилтээр хангаж, байнгын ачаа илгээгчийн оролцоотойгоор удаан хугацааны гэрээний үндсэн дээр замаа шинэчлэх, тээвэрлэх төлөвлөгөө боловсруулсан. Төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын зээлийг арван жилийн хугацаанд нь төлж дуусгах зорилгоор эдийн засгийн хувьд үндэслэлтэй тариф тогтоох, зээлийн тооцоо хийж дуусахаас өмнө хувийн тээвэрлэгчдээс татгалзах, Улаанбаатар төмөр замын хувьд татварын одоогийн дэглэмийг хадгалах,

Монголын төмөр замын сүлжээний нэгдмэл байх, (дэд бүтцийг тохиромжтой хугацаанд шинэчлэхэд оруулсан хөрөнгийг нөхөн олгохыг харгалзан үзсэн нөхцлөөр бүх шинэ шугамыг Улаанбаатар төмөр замын газарт шилжүүлэх) зарчмыг хангах, ашиглалтын зардлыг хэмнэхийн тулд хөдлөх бүрэлдэхүүний нэгдсэн стандартыг ашиглах зэрэг Улаанбаатар төмөр замын орлогын баазыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг улсын түвшинд авах шаардлага гарч ирж байна.

Эдгээр цогц арга хэмжээг авсны дүнд л удаан хугацаатай, ихээхэн хэмжээтэй зээл авахад шаардагдах мөнгөний тогтвортой урсгал бий болох боломжтой юм. “Шинэ төмөр зам” төслийн 49 хувийн хөрөнгө оруулалтад оролцъё гэсэн “Монголын төмөр зам” төрийн өмчит компаниас саяхан хүлээн авсан саналтай холбогдуулан хэлэхэд “Оросын төмөр зам” хувьцаат компани шинэ төмөр зам барихад санал болгосон хэлбэрээр оролцохоос түдгэлзэж буйг мэдэгдэе.

Санхүүжилтийг татахын тулд санал болгож буй хэлбэр тийм ч оновчтой биш нь илт байна. Түүгээр ч барахгүй энэ санал нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Дэд бүтцийн хөгжил” компани дээр түшиглэн Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэхээр тохирсон ОХУ, Монголын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай 2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тунхаглалтай зөрчилдөж байна.

Зардлаа удаан хугацаанд төлөх далайцтай дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд, төслийн хамгийн бага хувийг олж авахад ч шууд хөрөнгө оруулагчдыг олноор татан оролцуулна гэж тооцох нь түвэгтэй.

Тийм болохоор энд хөрөнгө оруулагч нь төслийн үйл ажиллагааны болон арилжааны хэсэгт, түүний дотор бүтээн байгуулах ажиллагаа хийгээд дор хаяж зардлаа нөхөх үеийн тарифыг тогтооход хяналт тавих боломж олгохыг заавал шаарддаг юм. Стратегийн хөрөнгө оруулагчаар “Дэд бүтцийн хөгжил” оролцож болох юм.

Монголын төмөр замын сүлжээний макро эдийн засаг, санхүүгийн болон техникийн үзүүлэлтүүдийг “Оросын төмөр зам” нийгэмлэг маш гүнзгий нарийвчлан авч үзсэн бөгөөд сонирхсон талуудтай яриа хэлэлцээр хийсэн билээ. Төслийн эдгээр шаардлагыг хэрэгжүүлснээр Монголын нөөцийн болон дамжин өнгөрүүлэх чадавхи явцуу утгаараа бүрэн хэмжээгээр биеллээ олсныг итгэл төгс нотлох боломжтой болох юм.Манай орнуудын харилцан ашигтай, удаан хугацааны харилцааг таслахгүй байхын ач холбогдлыг бүрнээ ойлгож бид хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй бөгөөд Монголын төмөр замыг хөгжүүлэх боломжтой хувилбаруудыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлье.” гэсэн байгаа юм.

Уг нь энд нэр нь гараад байгаа, монголын шинэ төмөр замын төсөлд стратегийн хөрөнгө оруулагчаар оруулж ирж болох юм гээд байгаа “Дэд бүтцийн хөгжил” компанийг бид уг нь хамтарч байгуулсан юм шүү дээ.

Лавтай санаж буйгаар бол 2009 оны аравдугаар сард “Оросын Төмөр Зам” нийгэмлэг, “Дэд бүтцийн хөгжил” ХХК,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар,  БНСУ-ын Төмөр замын сүлжээний агентлаг зэрэг талууд  Улаанбаатарт Монгол улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратегийг хэлэлцэж,  хамтарч ажиллахаа цаасан дээр баталгаажуулсан юм. Тухайлбал, 2010 оны эхний улиралд багтаан Тавантолгой-Зүүнбаян  чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэх тухай  санамж бичгийг  батлаж байв. Гэсэн ч тэр нь ажил болоогүй л дээ.   

Тэгвэл өдгөө Оросын “охин” компани гэгдэж байгаа “Дэд бүтцийн хөгжил” компанийн 40 хувийг тухайн үед Монгол, Орос хувааж эзэмшээд, 60-70 хувь нь хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа гэдгийг тухайн үеийн Зам,  тээвэр, барилга,  хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат-Эрдэнэ хэлж байв. Гэтэл ТӨХ-оос өгдөг мэдээллээр бол “2009 онд Монгол улсын засгийн газар, ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тавин хувь, Монгол улсын төрийн өмчийн тавин хувийн оролцоотой хуулийн этгээд байгуулах тогтоол гаргасан. Тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нийт хувьцааны монголын талд ногдох тавин хувийг тэнцүү хэмжээгээр “Монголын Төмөр Зам” ТӨХК, “Эрдэнэс МГЛ” ХХК эзэмшиж байсан” гэдэг.

Ямартай ч өнгөрсөн оны зургадугаар сард  ТӨХ-ны тогтоолоор Монгол-Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийн Монголын талын хувь буюу “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн эзэмшиж буй 25 хувьтай тэнцэх 6315 ширхэг хувьцаа, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн эзэмшиж буй мөн тооны хувьцааг Оросын талын хувьцаа эзэмшигчид  худалдах замаар шилжүүлэх тогтоол гаргасан. Хувьцааны нэрлэсэн үнийг 100,000 төгрөгөөр тооцоолж Оросын талд шилжүүлэн өгсөн юм.

Тэгснээр  “Дэд бүтцийн хөгжил” ХХК 100 хувь Оросын компани болж, Ухаахудаг – Тавантолгой – Сайншанд чиглэлийн 225 км төмөр замын суурь бүтэц барих ажилд “барих– ашиглах – шилжүүлэх” концессын гэрээбайгуулж оролцох боломжийг атгасан түүхтэй.

Түүнчлэн өдгөө Монголын төмөр замын төсөлд том орон зайг эзлэхээр  зэхэж буй Оросууд цагтаа тал  нь биднийх явсан  “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийг өмнөө барьж байна. Тэд биднээс авсан компани л оруулж ирвэл ирэх юм гэхчлэн дарамтлаж байгаа юм.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(93.1.86.94) 2013 оны 05 сарын 26

Ene nuhur oros tulgatai uulzaad yvsan gee biz dee

0  |  0
UUUUU(202.21.113.141) 2013 оны 05 сарын 23

MCS IIN ZAHIAGAT BICHVER BNA.

0  |  0
Ãýðëýý(112.72.12.38) 2013 оны 05 сарын 23

Õºðºí㺠îðóóëñàí õºðºí㺺 íºõºæ àâàõûã áîäîõ íü ìýäýýæ.Ç¿ãýýð ºãäºã ç¿éë áàéõã¿éø äýý. Õºðºí㺺 íºõñºíèé äàðàà Ìîíãîëä òºìºð çàì íü ¿ëäýíý. Ìîíãîë óëñûã ÿàæ õºãæ¿¿ëýõã¿é áàéõ âý ãýñýí òîì õ¿÷èí áàéõ øèã ñàíàãäàíà.

0  |  0
Hunnu(122.201.18.181) 2013 оны 05 сарын 23

Ene gainuudaas yaj 1 salj amrah yum bgaa yum be!!??

0  |  0
ZOCHIN(122.201.18.13) 2013 оны 05 сарын 23

ULS TORCH EH ORONCH HUN GEJ ENE HUNIIG L HELEH BAIKH KHASHIGARCH GUIDEG HUN HEREGGUI

0  |  0
Top