Ч.Улаан: Энэ төсөл БНХАУ- ын хувьд ч зогсоож үл болох, ашигтай төсөл

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Ази-Европыг холбосон төмөр замын шинэ гарц байгуулах, Зүүн хойд Азийн бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх 5 дахь удаагийн уулзалт манайд боллоо. Олон талт уулзалтыг Монгол Улсын талаас Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, БНХАУ-ын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн орлогч дарга Бао Жэн Ю, Жинь жөү хотын орлогч дарга Жанг Шиа Гуанг, Хулудао хотын орлогч дарга Ли Шуанг Жин, Цао фэйдянь гарамын намын дарга Ванг Шүэ Зэнг нар оролцож, Монгол Улсын Сүхбаатар аймаг, Дорнод аймаг болон БНХАУ-ын Шилийн гол аймаг, Жинг жөү хот, Хулудао хот, Цао фэйдянь гарам, Зүүн үзэмчин хошуу (цаашид талууд гэх)-ны хамтын ажиллагааг идэвхижүүлэх, бүс нутгийн харилцаа, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Ази-Европыг холбосон шинэ төмөр зам байгуулах ажилд хамтран ажиллах асуудлаар хэлэлцэв.

Уулзалтаар “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн зүгээс Монгол Улсын “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар танилцуулсан бол , БНХАУ-ын талаас Шилийн гол аймаг, Хулудао хот, Жинг жөү хот, Цао фэйдянь гарамаас Ази-Европыг холбосон төмөр замын шинэ гарцын бүтээн байгуулалттай холбоотой хийгдсэн болон хийж буй ажлаа танилцуулав. Хуралд оролцогчид төмөр замын шинэ гарцыг бий болгох шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрэв.

 УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Сангийн сайд Ч.Улаан олон талт уулзалтын ажиллагааг хааж хэлсэн үгэндээ:

      -Миний бие энэхүү 5 удаагийн уулзалтанд  тавууланд нь оролцсон.Анх тэртээ  Дорнод аймагт бүс нутгийн  хамтын ажиллагааны хүрээнд ярилцаж байсан асуудал эдүгээ Монгол Улсын  төрийн бодлого болон эрчээ авч, яригдаж байгаа нь бид бүхний хамтын ажиллагааны үр дүн юм. Энэ удаагийн уулзалт маань ч онцлог нөхцөл байдалд болж байна.Учир нь Бээжин хотод  болж буй Монгол Хятадын Засгийн газар хоорондын  хурлаар олон зарчмын шинэ асуудлыг хэлэлцэж  байна.Та бидний бүс нутгаа хөгжүүлэх бодлогоор санаачилж хөгжүүлсэн энэ төсөл Ази Европыг холбосон төмөр замыг байгуулах, бүтээн байгуулалтын том төсөл болж байна.

  Хөгжил дэвшилд хүрэх, байгалийн баялгаа зөв өгөөжтэй   ашиглах, далайд гарцтай болох их замын гарааны бодит ажил гэж энэ төслийг үзэж байна. Эдийн засгийн хөгжлийн төв нь Зүүн хойд Азид төвлөрч буй БНХАУ- ын хувьд ч энэ төсөл зогсоож үл болох, харилцан ашигтайгаар үр ашгийг нь хүртэж болох талаараа бидний зорилго нэг байгаа гэдгийг сайд анхааруулж байлаа.

  Хуралд оролцогчид төмөр замын шинэ гарцыг бий болгох шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрэв.

 1. Монголын тал Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан замналын дагуу уг бодлогод нийцүүлэн БНХАУ-ын хилийн боомт хүртэл төмөр замын суурь бүтцийг шинээр барих

2. Төмөр замыг шинээр барихдаа БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр ашиглаж байгаа шинээр барих төмөр замтай хэрхэн үр ашигтай огтолцуулах техникийн шийдлийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах;

3. БНХАУ-ын 8 аймгаас ОХУ-ын Соловёвск боомтын чиглэлээр бараа, түүхий эд экспортлох, мөн боомтоос импортлохдоо Монгол Улсад шинээр барих төмөр замын суурь бүтцийг ашиглан тээвэрлэлт хийхийг эрмэлзэх;  

4. Шинэ төмөр замын төсөл, тэр дундаа Бичигт-Хөөт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;

5. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө, зураг төсөл болон бусад бэлтгэл ажлыг 2013 онд багтаан гүйцэтгэж, бүтээн байгуулалтын ажлыг 2014 оноос эхэлж 2015 онд багтаан дуусгахаар эрмэлзэн ажиллах;

6. Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажилд БНХАУ-ын компаниудын зүгээс гаргасан хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс зарлах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцуулах;

7. Төслийн ажлыг эрчимжүүлэх олон талт уулзалтыг жил болгон тогтмол зохион байгуулж, мэргэжлийн байгууллагууд хоорондын ажил хэргийн уулзалтыг хагас жил тутам зохион байгуулах;

8. Төслийн ажлыг эрчимжүүлэх, яамд хооронд, яам-аймаг хоорондын болон бүс нутгийн хамтын ажиллагааг зохицуулах ажлын хуваарийг тодорхой болгох;

9. Монгол Улсын талаас Сүхбаатар аймаг БНХАУ-тай холбогдож ажиллахыг хариуцна. Төслийн асуудлаар ОХУ-тай холбогдож ажиллахыг Монгол Улсын Дорнод аймаг хариуцна. Монгол Улсын Засгийн газрын түвшинд төслийг Зам, тээврийн сайд шууд хариуцан зохион байгуулах бөгөөд, Бичигт-Хөөтийн чиглэлийн замын асуудлаар Сангийн сайд хяналт тавьж, төслийг дэмжиж ажиллах;

10. Ази-Европыг холбосон төмөр замын шинэ гарц байгуулах ажлыг эрчимжүүлэх олон талт 6 дахь удаагийн уулзалтыг 2014 оны эхний улиралд БНХАУ-д зохион байгуулах гэсэн олон зүйл бүхий актанд  талууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү протокол нь талуудад аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд талуудын урьдчилсан ойлголцлыг хэлбэржүүлэх акт болно хэмээн албаны нөхдүүд үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top