Нэг үеэ бодвол дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал гайгүй болж байгаа. Харин бараа таваарын зах зээлд таатай бас таагүй мэдээллүүд гарч л байна.Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ тогтворгүй байгаа ч гэсэн ОХУ болон Казакстан улсууд өөрийн алтны нөөцөө сүүлийн 7 сарын турш тасралтгүй нэмэгдүүлж байгаа гэсэн мэдээ байна. ОХУ нь алтны нөөцөөрөө дэлхийд 7-рт жагсдаг. Олон улсын валютын сангаас ОХУ 2013 онд алтны нөөцөө 8.4 тонноор нэмэгдүүлж 990 тонн, Казакстан улс алтны нөөцөө 2.6 тонноор нэмэгдүүлж 125.5 тоннд хүргэснийг мэдээлсэн байна. Хэдийгээр алтны эрэлт буурч үнэ нь 3 жилийн хамгийн бага түвшиндээ хүрсэн боловч шинжээчид олон улсын төв банкууд урт хугацаандаа алтны нөөцөө нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байгааг тэмдэглэсэн байна. Өнгөрсөн 2012 онд дэлхийн төв банкууд 534.6 тонн алтыг худалдан авч нөөцөлсөн бол 2013 онд 550 тонн орчмыг нөөцлөх төлөвтэй байна. Мөн Турк, Беларус, Грек улсууд алтны нөөцөө нэмэгдүүлсэн байна. Харин Мексик улс 12 сарын турш алтны нөөцний хэмжээгээ бууруулсан. Канад улс мөн адил дөрвөн сарын турш алтны нөөцөө бууруулсан байна.
Ханшийн тухайд долоо хоногийн эхний өдрүүдэд шар металлын ханш томоохон өөрчлөлтийг харуулаагүй нь хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн банкны хурлыг хүлээсэн байдалтай холбоотой байв. Мөн томоохон алтны арилжааны сангууд нөөцөө бууруулж байгаа талаархи мэдээ үргэлжлэн гарсаар байсан бол хөрөнгө оруулагчид алтны богино позицоо нэмэгдүүлсээр байгаа нь алтны үнэнд дарамт болж байгаа талаар шижээчид ярьж байсан юм. Долоо хоногийн дундаас шар металлын ханш бага зэргийн өсөлтийг харуулж эхэлсэн ч Холбооны нөөцийн банкны тэргүүн Бэн Бернанкегийн мэдэгдлээс үүдэн буцаж буурсан байна. Тэрээр хэлэхдээ “ Нэгдсэн улсын эдийн засгийн тоон мэдээнүүд тэр дундаа ажлын байрны мэдээнүүд цаашдаа үргэлжлүүлэн сайн гарч эхэлвэл одоогийн мөнгөний бодлогыг өөрчлөх болно” гэсэн юм. Долоо хоногийн сүүлээс алтны ханш эргээд 1.66 хувиар өсч, 1,390 ам.доллароос дээш гарч арилжаалагдсан ба хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой хэмээн шинжээчид үзэж байлаа. АНУ-ын долоо хоног тутмын шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо бууралттай гарсан ч, хөрөнгө оруулагчид Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын бууралтад илүү анхаарал хандуулж байсан юм.
Хар алтны ханшийн тухайд ойрхи дорнодын тогтвортой бус байдал нь түүхий нефтийн нийлүүлэлтэнд сөргөөр нөлөөлж байсан нь Брент түүхий нефтийн ханшийг өмнөх хаалтын ханшнаас 0.4 хувиар буюу 105.02 ам.доллар хүртэл өсөхөд түлхэц болсон. Хөрөнгө оруулагч шинжээч нар АНУ-ын 2013 оны 5-р сарын 13-20-ны түүхий нефтийн нөөц 1 сая баррелиар буурна гэж таамаглаж байсан ч түүний нөөц 338.000 баррелиар буурсан явдал нь Брент түүхийн нефтийн ханшийг долоо хоногийн дундуур 74 центээр буюу 103.17 ам.доллар хүртэл буурахад нөлөөлсөн бол баасан гаригт АНУ-ын удаан эдэлгээтэй барааны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж гарсан нь хөрөнгө оруулагчдад тус улсын төвбанк мөнгөний хумих бодлого хэрэгжүүлэх магадлал улам өндөр боллоо гэсэн хүлээлт зах зээлд хүчтэй нэмэгдсэн нь Брент түүхий нефть 102.24 ам.доллар буюу сүүлийн нэг сарын хугацаанд анх удаа долоо хоногийн нийт дүнгээр буурсан үзүүлэлттэй арилжаалагдлаа.
Нүүрсний тухайд БНХАУ-ын дотоодын нүүрсний зах зээлийн тэнцвэр урьдын адил тогтворгүй төдийгүй бусад улс орноос нүүрс худалдан авах сонирхол бага хэвээр байгаа нь нүүрсний үнэнд сөрөх нөлөө үзүүлсэн хэвээр байна. Тус улсын Австрали улсаас худалдан авдаг нүүрсний үнэ нэг долоо хоногийн өмнөхөөс нэг тонн бүр нь 12 юаниар буурсан бол жилийн эхнээс 158 юаниар буурч, 881 юаньд хүрсэн байна. Ерөнхийдөө нүүрсний ханш нь нийлүүлэгч орон, чанар, харилцагч байгууллагуудаас хамаарч харилцан адилгүй байна. Цаашид барилгын салбарын идэвхижил, эдийн засгийн эерэг хүлээлт зэрэг нь тус зах зээлд эерэг нөлөөлөх бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хязгаарлалт, дотоодын үйлдвэрлэгчдийн нийлүүлэлт зэрэг хүчин зүйл сөргөөр нөлөөлөх магадлалтай байгаа аж.
Харин улаан металл буюу зэсийн үнэ долоо хоногийг өсөлттэй эхлүүлсэн. Энэ өдөр зах зээлд нөлөөлөхүйц эерэг мэдээлэл гараагүй ба ам.долларын ханш бусад валютуудын эсрэг суларсан нь ийнхүү ам.доллароор үнэлэгдэж арилжаалагддаг түүхий эдийн үнэнд эерэгээр нөлөөлсөн байна. Өсөлтийн хэмжээ долоо хоногийн дундуур нэмэгдсэн ба дэлхийн хоёр дахь том уурхайд гарсан ослын улмаас үйл ажиллагаа нь зогссон мэдээлэл гарсан нь өсөлтөнд нөлөөлжээ. Харин пүрэв гаригт зэсийн үнэ эргэн буурч эхэлсэн ба зэсийн гол хэрэглэгч, дэлхийн 2 дахь том эдийн засагтай орон болох Хятад улсын үйлдвэрлэлийн салбарт хийгдсэн судалгааны үр дүн таагүй гарсан нь зэсийн эрэлтэнд сөргөөр нөлөөлсөн байна. Хэдийгээр энэ өдөр АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо тооцоолж байснаас илүү хэмжээгээр буурсан эерэг мэдээ гарсан ч түүхий эдүүдийн үнийг өсгөж чадаагүй. Учир нь Лхагва гаригт Холбооны нөөцийн банкны тэргүүн хэрвээ ажилгүйдлийн түвшин буурсан хэвээр үргэлжлэх юм бол тус банкнаас хэрэгжүүлж буй бонд худалдан авах хөтөлбөрөө төлөвлөж байснаас эрт дуусгаж болзошгүй хэмээн мэдэгдсэн юм. Долоо хоногийн сүүлийн өдөр зэсийн үнэнд томоохон өөрчлөлт гараагүй ба АНУ болон Англи улсууд энэ өдөр амралттай байгаатай холбогдуулан гол хөрөнгийн биржүүд 3 хоног амарч байгаа тул хөрөнгө оруулагчид томоохон арилжаа наймаанаас татгалзсан байдалтай байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )