25 тэрбумын арилжаа хийгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар “Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд арилжих журам”-ыг баталсан. Тэр дагуу хоёрдогч захын ажиллагааг эхлүүлж, 25.0 тэрбум төгрөгийн арилжаа  хийгдээд байна.

Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкаар дамжуулан анхдагч зах зээлд арилжиж эхэлснээс хойш 28 удаагийн арилжаа зохион байгуулагдаж, нийт 1.01 их наяд төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн.Тэгвэл Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулж, долоо хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулж эхэлснээс хойш хүүгийн түвшин тогтмол буурч, анх 13.27 хувийн хүүтэйгээр арилжигдаж эхэлсэн Засгийн газрын ижил хугацаат үнэт цаасны хүү 9.7 хувь хүртэл буураад байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны анхдагч захын арилжаа тогтмолжиж, зах зээл дэх үнэт цаасны үлдэгдэл хангалттай хэмжээнд хүрч, улмаар хоёрдогч зах зээлийг идэвхжүүлэхэд бэлэн болсны нэг илрэл юм.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр үнэт цаасны хөрвөх чадвар сайжрахын зэрэгцээ өгөөжийн муруйг бий болгох бөгөөд энэ нь төгрөгийн эрсдэлгүй хүүгийн түвшинг тодорхойлох ач холбогдолтой. Эрсдэлгүй хүүгийн түвшин нь хөрөнгийн болон мөнгөний захын суурь хүү болж, 90 гаруй хувь нь банкны салбараас хамааралтай манай орны санхүүгийн салбарын хөгжилд ихээхэн түлхэц болох учиртай.

Хоёрдогч зах зээлийг хөгжүүлснээр Засгийн газрын үнэт цаасны хугацааг дуустал хүлээх бус хүссэн үедээ зах зээлийн ханшаар гуравдагч этгээдэд худалдах, эргүүлэн худалдан авах нөхцөлтэйгөөр арилжих боломж хөрөнгө оруулагчдад нээгдэж байна. Энэ нь тухайн үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын зардал, эрсдлийг бууруулснаар үнэт цаасны анхдагч зах дээр арилжигдаж буй үнэ, Засгийн газрын зардлыг бууруулах давуу талуудыг бий болгоно.

Хөрөнгө оруулагчдийн хувьд Засгийн газрын үнэт цаас нь хамгийн найдвартай, эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох ба үнэт цаасны хүүгийн орлогод татвар ногдуулдаггүй нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top