Төгрөг “ноён”-ы хандыг хага дарчихвал ч...

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг сулрах байдал давамгайлж байсантай харьцуулахад нөхцөл байдал өөр байна. Валютын дуудлага худалдаануудаар арилжааны банкууд ам.доллар худалдан авах болон худалдах саналуудын аль алийг нь явуулж байсан нь эрэлт, нийлүүлэлт харьцангуй тэнцвэрэй байгааг харуулсан ба Монголбанк ч зах зээлд оролцохгүй байсан. Тэгвэл өнөөдөр төв банкны гадаад валютын дуудлага худалдаанд банкууд 1441.44 төгрөгийн дундаж ханшаар 3.6 сая ам.доллар худалдан авах, 1441.64 төгрөгийн дундаж ханшаар 16 сая ам.доллар худалдах, 234.36 төгрөгийн дундаж ханшаар 47 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бол Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн энэ өдөр Монголбанк банкуудтай валютын своп хэлцэл байгуулаагүй аж. Тэгэхээр дотоодын валютын зах нэг иймэрхүү байдалтай байгаа бол олон улсын валютын захын нөхцөл байдал ямар байгааг харъя.

АНУ-ын 1-р улирлын ДНБ-ий өсөлтийн мэдээ хүлээгдэж байснаас бага буюу 2.4 хувийн өсөлттэй гарсны дээр тус улсын долоо хоног тутмын ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо нэмэгдсэн нь эдийн засаг сэргэх болоогүй байгааг харуулсан бөгөөд ам.долларын еврогийн эсрэг ханш сүүлийн 3 долоо хоногийн доод түвшинд хүртэл суларлаа. Харин долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс сайн гарсан ба хөрөнгө оруулагчдын Холбооны нөөцийн санд худалдан авалтаа 4-р улиралд бууруулна гэсэн хүлээлт улам нэмэгдэж байлаа. Үүнтэй холбоотойгоор ам.долларын бусад валютуудын эсрэг ханш чангарсан бөгөөд голлох 6 валютын эсрэг ханшийн индекс нь 0.3 хувиар өссөн байна. Тус индекс 5-р сард нийт 1.8 хувиар өссөн нь 2-р сараас хойшхи хамгийн том өсөлт болжээ.

Арилжаанд оролцогчид эрсдэлээс зайлсхийж иенийг худалдан авч байсан нь иений ам.долларын эсрэг ханшийг бага зэрэг чангаруулсан ч сарын нийт дүгээр 3.2 хувиар суларсан ба 8 сар дарааллан нийт 30 хувиар суларсан нь 1970 оноос хойшхи анхны тохиолдол болоод байна.

Европын холбооны ажилгүйдлийн түвшин 12.2 хувь буюу тус холбоо байгуулагдсанаас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрсэн тухай мэдээ гарсны дараа еврогийн ам.долларын эсрэг ханш суларч хаагдлаа. Мөн тус холбооны 5-р сарын хэрэглээний үнийн индекс 1.4 хувийн өсөлттэй гарсан нь хүлээгдэж байснаас бага байсан ба Европын холбооны төв банк дахин бодлогын хүүгээ бууруулах боломж байгааг харууллаа.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top