Улаан металл гэгддэг зэсийн дэлхийн зах зээл дээрх эрэлт болоод ханшийн асуудал бидэнд ихээхэн хамаатай. Дэлхийн хэмжээнд яригдаад удаж байгаа Оюутолгой зэсийн баяжмалаа гаргаж эхлэх цаг ойртож байна. Манай төсвийн орлогын зэсээс хамаарах хамаарал үлэмж. Түүнчлэн эл металлтай холбоотой мэдээлэл анхаарал татдаг юм. Тэгвэл зэсийн үнийн харьцангуй тогтвортой байдал өнгөрөгч долоо хоногт мөн үргэлжиллээ. Долоо хоногийн эхний өдөр Лондонгийн хөрөнгийн бирж амралттай байсан ба Мягмар гаригийн арилжаанд зэс бага зэрэг өсөлттэй хаагдсан юм. Энэ өдрийн өсөлтөнд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох АНУ-ын 5 дугаар сарын “Хэрэглэгчийн итгэлийн индекс” 5 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрч өссөн болон орон сууцны үнэ сүүлийн 7 жилд хамгийн их хэмжээгээр өссөн эерэг мэдээнүүд нөлөөлсөн. Гэвч өсөлтийн хэмжээг ам.долларын бусад валютуудын эсрэг чангаралт болон Хятад улсын 5 дугаар сарын үйлдвэрлэлийн мэдээ сөрөг гарсан нь хязгаарлаж байсан.
БНХАУ-ын эрх баригчдын зүгээс одоогийн эдийн засгийн өсөлтөө хэвийн хэмээн үзэж, тогтвортой бага түвшнээр өсөх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Мөн томоохон эдийн засгийн судалгааны байгууллагуудаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулсан мэдээнүүд гарч байсан бөгөөд “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)”-аас дэлхийн эдийн засгийн 2013 оны өсөлтийн таамаглалаа 3.4 хувиас 3.1 хувь болгон бууруулсан бол “Олон улсын валютын сан (IMF)”-гаас Хятад улсын өсөлтийн таамаглалаа 8 хувиас 7.75 хувь болгон бууруулсан байна. Дэлхийн эдийн засгийн ерөнхий хандлага тодорхойгүй, таагүй дүр зурагтай байгаа хэдий ч Хятад улсын зүгээс бодит худалдан авалт нэмэгдэж байгаа болон Индонезийн Грасберг уурхайд 3 долоо хоног хүрэхгүй хугацаанд 2 осол гарсанаар уурхайн үйл ажиллагаа эргэн сэргэх хугацааг хойшлуулж болзошгүй нөхцөл байдал бий болсон нь зэсийн үнэнд эерэгээр нөлөөлж байсан. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид амралтын өдөр гарах Хятад улсын “Худалдан авалтын менежерүүдийн индекс”-ийн өмнө эрсдэл хийхээс зайлсхийн томоохон худалдан авалт хийгдээгүй байна. Өнгөрөгч долоо хоногт харьцангуй тогтвортой байснаар зэсийн үнэ 5 дугаар сарыг 3 орчим хувийн өсөлттэй дуусгасан бөгөөд өсөлтийн шалтгаан нь дээр дурьдсан нийлүүлэлтийн талаар сөрөг мэдээ болон Хятад улсын худалдан авалт байлаа.
Ер нь бол өнгөрөгч оны эхний улирлын зэсийн дундаж үнэ 8305,01 ам.доллар/тн байсан бол 2013 оны эхний улиралд 7927,23 ам.доллар/тн болж 4,55%-р буурсан үзүүлэлттэй байгааг тэмдэглэе. 2012 оны туршид дэлхийн зэсийн зах зээл дээр 340 000 тн орчим зэсийн хомсдол үүссэн гэж Олон Улсын Зэс Судлалын Группээс (International Copper Study Group) мэдээлсэн байна. ICSG-ын тооцоолсноор 202000 тн илүүдэлтэй байсан зэсийн зах зээл 343000тн-н хомсдолд ортлоо савласан ба энэ нь 2010 оноос хойшхи хамгийн их хэмжээний зэсийн хомсдол болсон байна. Зэсийн хомсдол үүсэхэд зэсийн боловсруулсан бүтээгдэхүүний өсөлтийн хязгаарлалт болон Хятадын зэсийн хэрэглээний өсөлт гол нөлөө үзүүлж байсан. Гэвч одоогийн зах зээл дээр үүссэн зэсийн илүүдэлд 2012 оны 10,11,12 сард боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нилээд нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа юм.
Хятадын гаалийн газрын мэдээллээс харахад энэ оны 2-р сард 681148тн зэсийн баяжмал импортлосон нь 2013 оны 1-р сарын импортын хэмжээ болох 761098 тн-той харьцуулахад 10,5%-р буурч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,6%-р нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Перу улс нь 2013 оны 2-р сард 173763 тн зэс Хятад улсад нийлүүлж энэ нь өнгөрсөн онө мөн үетэй харьцуулахад 141,09%-р нэмэгдэж топ экспортлогч орон болсон байна. 2013 оны 2-р сараас зэсийн баяжмалын үнэ буурч эхэлсэн нь Хятадын цагаан сарын баяртай холбоотой байсан бөгөөд хэрэглээ нь мөн зэрэг буурсан. Ихэнх Хятадын хайлуулах үйлдвэрүүд 2-р сарын эхээр зэсийн баяжмал нөөцлөх үйл ажиллагаагаа зогсоосон. Цагаан сарын баяр болон Хятадын коммунист намын их хурлын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж зэс болон бусад металлын үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч Хятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ хяналтын бодлого хэрэгжүүлэхээ зарласан хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулсан ба зэсийн нөөцийн хэмжээ 3 сарын 26-ны байдлаар Шанхайн бирж дээр 3%-р нэмэгдсэн бол ЛМБирж дээр 2875 тн-р нэмэгдэж 565350 тн болсон нь зэсийн эрэлт сул байсаар байгааг үзүүлж байна.Ойрын хугацаанд зэсийн үнэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Хятад улсын макро эдийн засгийн үзүүлэлт болж байна гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )