“Петро Чайна дачин Тамсаг” гэх хятадын хөрөнгө оруулалттай компанийн тухайд Монголын хууль гууль, монголын эрх ашиг зүгээр л тоглоом. Монголын Засгийн газартай тохиролцсон гэрээлсэн гэдгээр халхавч хийн хууль зөрчиж ирсэн энэ компанийн хуудуутай асуудлуудыг “Масктай Матар” цувралаар, тодоор хүргэж байна. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх тал дээр хөшүүн хойрго явж ирсэн тус компани ажил хаялтын дараа арай зөөлөрсөн. Тэгвэл байгаль орчныг талхилж ирсэн но-той асуудлуудад нь хатуу анхаарах ёстой байна.
“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын зүгээс “Петро чайна дачин тамсаг ХХК-ийг шүүхэд өгсөн байдаг. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүх “Петро чайна дачин тамсаг ХХК-ийг хууль зөрчсөнийг тогтоосон байдаг. Харин “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мэргэнсод нь “Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 854 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй, “Петрочайна дачин тамсаг” ХХК-д холбогдох, Дорнод аймгийн Матад сумын газар нутгийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан болохыг тогтоолгох, “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу байгаль хамгаалах ажиллагаа явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг хариуцагчид даалгах, Байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр 1 356 622 460 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын төсөвт оруулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байдаг юм. Петрочайна дачин тамсаг компанийн үйл ажиллагаанд хуудуу бий гэдгийг баримттай хүргэх үүднээс Дээд шүүхийн хуралдаанаас гарсан тогтоолд хэрхэн өгүүлснийг хүргэж байна.
Нэхэмжлэгч “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, М.Ганцог, Ш.Аманкелд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Петрочайна дачин тамсаг” ХХК нь 2005 оноос хойш газрын тосны үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба сумын ард иргэд байгаль орчинд учирсан хохирлыг тус компаниас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
Хариуцагч компани газрын тосны хайгуул өрөмдлөгийн шингэн хаягдал, үйлдвэрлэлийн шингэн хаягдлын санг саармагжуулж, хоргүйжүүлэхгүйгээр шууд шороогоор булсанаас болж байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Стандартын шаардлага хангаагүй хайрган хучилттай зам олон салаа зам гарч, өрмийн зүмпүүдийн хооронд 200-300-гаад зам үүссэн. Үүний улмаас маш их хэмжээний тоосжилт үүсч, ургамлын бүтцэд нөлөөлж шарилж, зэрлэг ургамал ургах болсон. Өдөрт 30-40 машин байнга явдаг бөгөөд одоог хүртэл стандартын зам тавиагүй байгаа, салаа замыг нөхөн сэргээж байгаа гээд шон босгож хаасан болоод өнгөрч байна, ийм байдлаар байгаль орчинд учирсан хохирол шууд арилахгүй. Газрын тосны хайгуулын өрөмдлөгийн шингэн хаягдлыг булахдаа стандартын үл нэвчих материалыг дэвсээгүйгээс дэвссэн ногоон өнгийн плёнк нь урагдан цоорч шингэн хаягдал газрын хөрсөнд шингэж газрын хөрс бохирдсон. Одоо ч энэ плёнкыг дэвссээр байгаа ба хэрэглэгдэж байгаа материалыг манайх шүүхэд нотлох баримтаар өгсөн, 2012 оны 04 дүгээр сард би газар дээрээс авчирсан. Ахуйн хог хаягдал дээрээ мөн газрын тосоо асгасан байгаа. Жишээ нь хариуцагчтай яг адилхан “Доншин” гэдэг компани Цагаан элсний ордыг ашигладаг, тэр компани ордны нөхөн сэргээлтийг технологийн дагуу ус, тосыг ялгадаг хоёр нүхтэй. Ус, хатуу нефтийг ялгаад саармагжуулаад нэг сарын дотор зүмпийг булдаг. Гэтэл “Петрочайна дачин тамсаг” ХХК нөхөн сэргээлтийг технологийн дагуу биш нэг нүхэнд ус, тосыг холиод хийсэн байгаа. Ус, тос хоёрыг хольж хийсэн тохиолдолд хаягдал тосыг саармагжуулж болохгүй нь нотлогдож байна. “Петрочайна дачин тамсаг” ХХК нь нөхөн сэргээлт хийх тайландаа жилд 7.0-9.0 сая ам.долларын нөхөн сэргээлт хийсэн гэсэн. Арваад тэрбум төгрөгийн нөхөн сэргээлт хийх байтал нөхөн сэргээлтийг хангалтгүй хийсэн. Хамгийн их үйл ажиллагаа явуулсан 2011 онд шингэн хаягдлын санг булахдаа 1.1 сая долларын хөрөнгө зарсан байгаа. Мөнгөний дүн хоорондоо асар их зөрүүтэй байгаа бөгөөд 2010 оны байгаль орчныг нөхөн сэргээх тайлангаа гаргаагүй. Дүгнэлт гаргасан “Мөнх-Оргил” ХХК-ийг хохирлыг буруу гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байна. Бүгдийг тооцсон бол үүнээс ч өндөр үнэлгээ гарах байсан. Бид зөвхөн Матад сумын 19 дүгээр талбайд учирсан хохирол, зам талбайн хохирлыг тооцсоноор 1.3 тэрбум төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан.
Хариуцагч нөхөн сэргээлтийг хийсэн гэж байна. Тэгвэл газрын тосны хаягдал шингэнийг булсан газар дээр гишгэхэд яагаад бэмбэлзээд байдаг юм бэ, газрын тосны хаягдлын санг хийхдээ плёнк дэвссэн гэж байгаа боловч стандартын плёнк дэвсээгүй, технологийн дагуу нөхөн сэргээлт хийгээгүйгээс газрын хөрс бохирдсон нь СД бичлэгээр харагдана. Хариуцагч авто замыг талхлагдаж байхад нөхөн сэргээлт хийхгүй, зөвхөн гарсан замд хаалт хийсэн гэж тайлбарлаж байна. Мөн Газрын тосны газар олон салаа зам гарсан тохиолдолд биологийн нөхөн сэргээлт хийхгүй, байгалийн жамаар өөрөө сэргэнэ гэж үзээд орхидог асуудлаас болж Матад сумын ард иргэд хохирч байна, мөн малын тоо толгой багасаж байгаа. Олон салаа зам талбайд биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэж үзэж байна гэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мэндсайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харвал:
Монгол Улсад энэ асуудлыг зохицуулсан хэд хэдэн хууль байна. Монгол Улсын Засгийн газар “Петрочайна дачин тамсаг” компанитай хийсэн гэрээний үйл ажиллагаа явагдаж байгаа. Газрын тосны тухай хуульд, гэрээнд тавигдах үндсэн 6 шаардлага байгаа. 4 дүгээр зүйлд Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд эдийн засгийн өндөр үр ашигтай, хүрээлэн байгаа орчны зохист тэнцвэрийг алдагдуулахааргүй техник, технологи хэрэглэх, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.2, 2.6-д газрын хэвлий, байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, сүйтгэх, хүн амын аюулгүй байдал хангах, эд хөрөнгө газар түүний хэвлийд хохирол учруулахгүй байх, ашигласан талбайд нөхөн сэргээлт хийх гэсэн хуулиар хамгаалсан заалт байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар Байгаль орчин гэдгийг тодорхой хэмжээгээр томъёолсон байгаа. Мөн хуулийн 3.3.2 дахь хэсэгт байгаль орчин хүний амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Шим мандал, агаар мандал, усан мандлын харилцан шүтэлцээтэй газар доорх ус ургамал амьтанг юу гэж хэлэх вэ гэдгийг заасан байгаа. Өнөөдрийн энэ нэхэмжлэл байгаль орчны тодорхой хэсгийг хамаарч байгаа. Газрын хэвлийг яриагүй байгаа. Ямар сөрөг нөлөөлөл учруулсан бэ гэсэн асуудлыг хөндөж байна. Бид нар 2 жил энэ асуудлын талаар ярьж байгаа. Газрын тосны шингэн хаягдал нэг нүхэнд хаягдлаа хийж булдаг, гэтэл 1600 м2 талбайд 4 том нүхийг зохих ёсоор нөхөн сэргээлт хийгээгүй байна. Үүнийг дөрвөөр үржихэд нийт 1130 га газарт автомашинаар олон салаа зам гаргаснаар тухайн хөрс бэлчээрийн газарт хохирол учруулсан байна. Хөрсний ялзмаг илэрхий багассан. Хөрсөн дээр их хэмжээний тоосжилт, элс цөлжилт үүссэн. Энэ нь 1130 га газар буюу 11 км газар байгаа. Бид нар 19 дүгээр талбайд нийт 7600-гаад м2 орчим, 76 км х100 км орчим нийт нутаг дэвсгэрийн дөрөвний нэг дээр ярьж байна. Ялангуяа зүүн урд өнцөгт гол цооног хийгдсэн байгаа. Хайгуулын талбайн гуравны нэг нь талхлагдсан талбай 3x4 км газрыг талхалсан учраас энэ учруулсан хохирлыг нэхэмжилж байна. Байгаль орчны яамны баталсан аргачлалын дагуу учруулсан хохирол нэхэмжилж байна. Эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хөрсөнд учруулсан хохирол гаргадаг аргачлалаар гаргасны дагуу нэхэж байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр нэлээд хэдэн тоо баримт гарсан байна. Иргэний хуулийн 497.1 дэх заалтыг зөрчсөн. Байгаль орчин бол төрийн, ард түмний өмч болохоор эд хөрөнгийн хохирол нэхэмжилнэ. Энэ хохирлыг төлөөлөн нэхэмжилж болно гэсэн учраас энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Уг хохирлыг Матад сумын иргэд амсаж байгаа. Матад сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд, орон нутгийн төсөвт энэ мөнгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 510.1-д эд хөрөнгөд учруулсан хохирол арилгах гэж заасан, үндсэндээ бид байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлэх боломжтой юм. Эхний шаардлага маань нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсныг тогтоолгох, 2008 оны байгаль хамгаалал нөхөн сэргээлтийн тайлангаар 4.8 сая ам.долларыг байгаль орчныг нөхөн сэргээхэд төлөвлөсөн боловч зарцуулсан нь 3.9 сая ам.долларын нөхөн сэргээлт хийж 1.0 сая ам.долларын нөхөн сэргээлт хийгээгүй орхисон байна. Нөхөн сэргээлтийн ажлын тайланд 2008, 2009 онд машин явсан замд нөхөн сэргээлт хийх талаар тусгагдаагүй. Голцуу газрын тосны шингэн хаягдлын санд нөхөн сэргээлт хийх талаар тусгасан байна. Хариуцагч, байгаль орчныг нөхөн сэргээсэн гэж яриад байгаа. Тэгэхээр авто замаар газрын тос зөөж байгаа авто замын асуудал яригдахгүй байна. Гэтэл олон салаа зам гаргасныг сэргээх асуудал ерөөсөө яригдахгүй байгаа. Тиймээс байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй явуулсан гэдгийг тогтоолгох, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-д даалгах, байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр 1 356 622 460 төгрөгийг хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас гаргуулж Дорнод аймгийн Матад сумын төсөвт оруулахаар нэхэмжилж байна гэжээ.
Харин Хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: Нэхэмжлэгч нь Матад сумын газар нутгийн байгаль хамгаалах нөхөн сэргээлтийг хангалтгүй явуулсан гэх, нөхөн сэргээлт хийхийг даалгах, хохирол 1 356 622 460 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргах эрх, төлөөлөх эрх, хууль зүйн хувьд тайлбар хэлмээр байна. Энэ нэхэмжлэлийг гаргах эрх нэхэмжлэгч нарт байна уу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.1.1-д зааснаар нэхэмжилж байна. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх мөн үү. Шүүхэд нэхэмжлэлийн гурван шаардлага гаргасан, ийм нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байна уу, хуулиар олгосон уу, нөхөн сэргээлт хийхийг даалгах эрх байна уу, нөхөн сэргээлт хийх ажил гүйцэтгэхийг даалгах гэж мөн ийм нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байхгүй.
Төрийн бус байгууллага бол учруулсан хохирлыг барагдуулах талаар нэхэмжлэх эрх л байгаа. Эхний нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зүйл нь байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй хийсэн гэж байгаа бол өмнөх нөхөн сэргээлтийг хангалтгүй хийсэн үү, хангалттай хийсэн үү гэдгийг тогтоох хэрэгтэй. Одоогоос 4 жилийн өмнө буюу 2008 оны байдлаар нөхөн сэргээлт хангалтгүй явуулсныг тогтоолгох гээд байна уу, ерөнхийдөө хангалтгүй явуулсан гэдгийг тогтоох гээд байгаа юм уу, ямар стандартаар явуулах ёстой байсныг нь юуг зөрчсөн гэдгийг тогтоолгох шаардлагатай байна. 2011 оны байдлаар 11 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн, 125 цооногийн техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн. Эдгээр нөхөн сэргээлтүүдийг хангалтгүй хийсэн гэдгийг ямар нэгэн байгууллага, шинжээч тогтоогоогүй. Тэгэхээр үүнийг тогтоолгох шаардлагатай байна. Нөхөн сэргээлт хийхийг даалгах гэж, энэ нь тэртэй тэргүй хийгдэх ажил шүү дээ.
Яагаад төлөөлөх эрх яриад байна гэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагад Матад сумын төсөвт оруулах гэсэн байна. Матад сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөгчийн хурал нэхэмжлэл гаргах эрхтэй. Төсвийн тухай хуульд сумын төсөв юунаас бүрдэх вэ гэж заасан байгаа.
Төсвийн тухай хуулийн 29.9-д зааснаар байгаль орчны хохирлын тухай яригдахгүй, байгаль орчныг хамгаалах тухай хуульд энэ мөнгө хаашаа орох вэ гэсэн заалт байхгүй байгаа.
Нэхэмжлэгч Матад сумын төсөвт оруулах гэжээ, ямар хуулиар хаашаа орох нь ойлгомжгүй байна. Гэм хорын асуудал яригдаж байх шиг байна. Үнэхээр энэ асуудал яригдаж байгаа бол гэм хор учирсан этгээд аймаг байгаа. Тэр хохирлыг нэхэмжлэхийн тулд төлөөлөл хэрэгтэй байдаг. Нэхэмжлэлд Тайванжаргал, Баярмаа гэсэн байна, гүйцэтгэх захиралд төлөөлөл байна уу гэхээр дүрэмд байхгүй байна. Дүрмийн 4.5, 5-д гадаад дотоодод төлөөлөх гэсэн байна. Энэ нь хуульд нийцэж байна уу. Хуучин нөхөн сэргээлтийг хангалтгүй хийсэн гэдгийг тогтоолгох гээд байна. Газрын тосны хайгуул олборлолт ашиглалтын үйл ажиллагаанаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх техникийн ерөнхий шаардлага нь 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан. Өмнө нь газрын тосны стандарт байгаагүй болохоор хангалтгүй явуулсан гэдгийг яаж тогтоох вэ, тухайн үед шингэн хаягдлын савыг яаж хийх, плёнк ямар байх, өрмийн зүмпний плёнк ямар байх ёстой, яаж саармагжуулах гэсэн стандарт тэр үед байхгүй байсан. Тэгэхээр нөхөн сэргээлтийг хангалтгүй хийсэн гэх үндэслэл байхгүй.
Саармагжуулахгүй шууд булсан гэж байна. Бүх цооног дээр хөрсний шинжилгээ хийсэн байгаа. Тэр хөрсний шинжилгээний хариуг шүүхэд өгсөн байгаа. Чухам ямар үндэслэлээр хөрс бохирдсон гэдгийг шүүхээр тогтоолгох гээд байгааг мэдэхгүй байна. Газрын тосны хаягдал шингэнийг булахдаа хятадын стандартын дагуу булж байсан, тухайн үед стандарт гараагүй байсан. Тэгэхээр өмнөх хохирлыг одоо нэхэмжлээд байгаа бол тэр хохирол одоо байхгүй. Түүнээс хойш маш олон нөхөн сэргээх ажил хийгдсэн байгаа. Олборлолт хайгуул дууссаны дараа нөхөн сэргээлт хийдэг. 2011 онд нөхөн сэргээлт хийгдсэн энэ нөхөн сэргээлтийг хууль бус шаардлага хангаагүй гэдгийг тогтоосон баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Харин Улсын дээд шүүх хэргийг хянаад: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэлтэй тодорхойлж, маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчдын эрх зөрчигдөөгүй байна.
Шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн гэм бурууг тогтоон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий болжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих,үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэсний дагуу нэхэмжлэгч “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” төрийн бус байгууллага энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ нь дүрэмдээ зорилго, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлохдоо байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй төр, засгийн бодлого, шийдвэрт нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах гэсэн байх ба нийтийн эрх ашгийг төлөөлж хууль болон дүрэмд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үүргийг хариуцагчид ногдуулахын тулд нэхэмжлэгч болон бусдад гэм хор учирсан байх шаардлагатайгаас гадна хариуцагчийн үйлдэл, эс үйлдлээр илэрхийлэгдсэн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон байх учиртай. Уг гэм хор болон үйл ажиллагаа хоорондоо шалтгаант холбоотой байж, хариуцагч өөрийн үйлдэл эс үйлдлийн үр дагаврыг мэдсэн, эсхүл мэдэх ёстой буюу гэм буруутай байх шаардлагатай болно.
Хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК нь 2005 оноос Дорнод аймгийн Матад сумын нутаг Тосон-Уул 19 дүгээр талбайд газрын тосны олборлолтын ажиллагааг явуулахдаа газрын тосны хайгуул өрөмдлөгийн шингэн хаягдал, үйлдвэрлэлийн шингэн хаягдлын санг саармагжуулж, хоргүйжүүлэхгүйгээр шууд шороогоор булснаас болж байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн, бэлчээрийн газаргүй болгосон, мөн стандартын үл нэвчих материал дэвсээгүйгээс шингэн хаягдал газрын хөрсөнд шингэж газрын хөрсийг бохирдуулсан , түүнчлэн стандартын шаардлага хангаагүй хайрган хучилттай олон салаа зам гаргаж, зүмпүүдий-хооронд 200-300-гаад зам үүссэн, үүний улмаас маш их хэмжээний тоосжилт үүсч ургамлын бүтцэд нөлөөлсөн, хүн, мал амьтны эрүүл мэндэд хохирол учруулсан хууль зөрчсөн буруутай ажиллагаа хийжээ.
“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хууль зөрчсөн дээрх гэм буруутай ажиллагааны улмаас Дорнод аймгийн Матад сумын нутагт байгаль орчинд 1 356 622 460 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, шинжээч, гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүх хөрөнгө үнэлгээний “Мөнх-Оргил” ХХК-ийн 2010.09.20 өдөр 01/Э дугаар дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нэг үндэслэл болгожээ. Энэхүү дүгнэлтэнд дараах үндэслэлийг тусгажээ. Үүнд:
1. Хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн явуулж буй газрын тос олборлох үйл ажиллагаа нь Монгол улсын хуулийн дагуу явагдаж байна гэж үзэх үндэслэлгүй байна.
2. Үйлдвэрлэлийн хаягдал болох өрөмдлөгөөс үүссэн газрын тосны шингэн хаягдлыг тус бүр нь 25.0 м урт 16.0 м өргөн, 6.0 м гүн, 2400 м.куб эзэлхүүнтэй, хөрсөнд хортой хольц нэвчихээс сэргийлж үл нэвчих хальсаар доторлосон нийт 16 ширхэг шингэн хаягдлын санд хадгалж байна. Хээрийн судалгааны ажиглалтаар шингэн хаягдлын 4 сангийн тос нэвчихээс сэргийлсэн хальс нь урагдаж цоорсон, улмаар газрын тос хөрсөнд шууд нэвчин хөрсийг маш их хэмжээгээр бохирдуулсан, шингэн хаягдлын санд техникийн болон ахуйн хог хаягдлыг их хэмжээгээр хаясан байдалтай байна. Мөн шингэн хаягдлыг санд юүлэхдээ хайхрамжгүй хандсанаас хаягдлын сангийн орчимын хөрсөнд тосны хаягдал асгарч хөрсийг нилээд хэмжээгээр бохирдуулж байна. Эдгээр сангуудыг тойруулан хашаа барьсан боловч энэ нь хангалттай биш зарим сангуудын хашаа нь нурсан, зарим нь огт хашаагүй байна. Нийт бохирлогдсон талбай нь 1600.0 м.кв байна.
3. Техникийн нөхөн сэргээлтийн тухай. Тус “Петрочайна дачин тамсаг” ХХК нь 2006-2007 онд өрөмдсөн цооногийн дэргэдэх 89 хаягдлын сан буюу 35600.0 м.кв талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн. Нөхөн сэргээлт хийсэн тухай тэмдэг тэмдэглэгээ болон хашаа, хашлага татаж, тэмдэгжүүлээгүйгээс хүн, мал унаж гэмтэж болзошгүй байдалтай байна. Нийт техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн 2000.0 м.кв талбайд хийсэн нөхөн сэргээлт нь технологийн шаардлагын дагуу хийгдээгүйгээс газрын тос нэвчин гарч ирснээр хар тосны толбууд үүсч, гишгэхэд газрын гадарга зөөлөрч бамбалзан цөмөрч магадгүй байдалтай болсон байна.
Биологийн нөхөн сэргээлтийн тухай. Биологийн нөхөн сэргээлтийг хээрийн суурингийн орчим, цооногийн талбай, дарж тэгшилсэн өрмийн шингэний хаягдлын сан, хаасан замын хэсэг гэх мэт нийт 14500.0 м.кв талбайд хийсэн боловч эдгээр нь хангалттай биш, тарьц суулгац нь борооны усны угаагдлаар ил гарч, зарим хэсэгт нь газрын тосны шингэн хаягдал дээш нэвчсэн байдалтай байна.
4. Одоогийн байдлаар шингэн хаягдлын нээлттэй байгаа сангуудаас бусад ашиглаж байсан шингэн хаягдлын сангуудад техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэсэн байна. Харин 14500.0 м.кв талбайд туршилтын журмаар тарьц суулгац тарьснаас өөр газарт биологийн нөхөн сэргээлт хийгээгүй байна.
5. Газрын тосны өрмийн цооногуудын хооронд автомашины олон салаа зам үүссэн бөгөөд өрмийн цооногийн тоо 300 гаруй байгаа бөгөөд эдгээрийн хоорондох зай нь 2-3 км зайтай бөгөөд бидний тооцоогоор нийтдээ 60.0 км-ийн радиуст олон салаа зам үүсч, газрын хөрс, бэлчээр талхлагдсан байна. Талхлагдсан нийт талбай нь 11.3 м.кв буюу 1130.0 га байна.
Дээрх хариуцагчийн үйл ажиллагаанаас болж үүссэн экологи-эдийн засгийн хохирлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдын 2010.08.27 өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг доор зааснаар тооцов.Үүнд: Автомашины олон салаа зам үүссэнээс үүдэн газрын хөрс, бэлчээрт учирсан хохирол нь эдэлбэр газарт учруулах хохирлын хэмжээ 806.1, мянган төгрөг, хөрсний хохирлын хэмжээ 1341006.0 төгрөг, газрын тосны хаягдлаар бохирдсон газрын хөрсөнд учирсан хохирол эдэлбэр газарт учруулах хохирлын хэмжээ 0.11 мянган төгрөг, хөрсний хохирлын хэмжээ 14810.25 мянган төгрөг нийт 1 356 622.46 мянган төгрөг гэж хохирлыг үнэлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан, гадны шинжээч оролцуулсан гэж маргасан нь үндэслэлгүй болно. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах” гэж зааснаар “Мөнх-Оргил” ХХК дүгнэлт гаргахдаа мэргэжлийн хүнийг гэрээгээр ажиллуулсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Мөн дээрх дүгнэлт гаргахад Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэнгийн хөрсний химич доктор М.Энхтуяа Дорнод аймгийн Матад суман дахь Тосон-Уул 19 дүгээр талбайн хөрснөөс дээж авч “Хөрсний шинжилгээний дүн”-г гаргажээ. / хавтаст хэргийн 19 дүгээр тал/Хариуцагч нь олборолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийсэн, хийж байгаа гэх боловч шинжээчийн дүгнэлтээр 19 дүгээр талбайд олборлолт хийгдсэн газрын хөрс, бэлчээрийн газрын нөхөн сэргээлт технологийн дагуу зохих ёсоор хийгдээгүй болох нь тогтоогдсон ба шинжээчийн дээрх дүгнэлт гарах хүртэл хугацаанд тэрээр 19 дүгээр талбайд хуулийн дагуу нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулаагүй байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээх ёстой байхаар тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй явдалд нэхэмжлэгч болон шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.
Гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл шалгуулах дахин шүинжээч томилуулах тухай хүсэлтийг хэргийн оролцогч гаргах эрхтэй гэж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан байхад хариуцагч дээрх тайлбарт дурдсан үйл баримтыг нотлуулахаар шүүхэд хандах бүрэн боломжтой байжээ.
Байгаль орчинд гэм хор учруулсан хариуцагчийн гэм буруутай үйлдэл хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Иймээс түүний үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг шинжээчийн тусламжтайгаар учирсан гэм хорыг арилгахад зарцуулах зардлын хэмжээг бодитоор тооцож, төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан шаардлагад нийцжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоож, байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр 1 356 622 460 төгрөгийг хариуцагч “Петрочайна дачин тамсаг” ХХК-иас гаргуулах шаардлагуудыг хангасан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна. Харин хариуцагчийн байгаль орчинд учруулсан хохирол 1 356 622 460 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаас байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь түүнийг хуулийн дагуу гүйцэтгэх ёстой үүргээс бүхэлд нь чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар “Петрочайна дачин тамсаг” /Монгол/ ХХК-ийг тодорхойлсон байна. Гэтэл тухайн компанийн албан бичиг, түүнд бичигдсэн бичвэр, тамга, тэмдэгт нь “Петрочайна дачин тамсаг” /Монгол/ ХХК гэсэн байх боловч тухайн компаниас ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Петрочайна дачин тамсаг” ХХК гэсэн бичвэр байгаа тул хоёр шатны шүүх шийдвэр, магадлалд улсын бүртгэлд тусгагдсан нэрээр нэрлэж бичсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ хэмээн шийдвэрлэсэн байгаа юм.
Тэгэхээр Монголын Засгийн газраар халхавч хийн том дуугардаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг мөнгө ашиг дагуулж байна гэж харахаасаа илүүтэй газар нутаг болоод хуулийг сэндийчиж, сэглэж байгаад нь л анхаармаар байна.
Энэ сэдвээр үргэлжлүүлэн хүргэнэ.
Сэтгэгдэл ( 0 )