Алдаж асгаж хураах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Чили Улс дэлхийн нийт зэсийн  1/3-г үйлдвэрлэдэг. Түүнчлэн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч орон юм. Тэгвэл манай улсын дэлхийд яригдсан том  ордын экспорт албан ёсоор эхлэх гэж байна. Хэдийгээр гадны хөрөнгө оруулагчдын менежмэнтийн дагуу Оюутолгой төсөл хөдлөх ч, эдийн засагт дагуулах үр шим нь ихээхэн байх ёстой. Тэрчлэн баялагтай бөгөөд баялгаасаа үр ашиг хүртэж чадаж байгаа улсуудын баялаг туршлага бидэнд хэрэгтэй. Тиймээс Чилийн туршлага анхаарал татдаг. Тус улс 2001 оноос сангийн бодлогодоо төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг оруулж ирсэн. Тэнцвэржүүлээгүй төсвөөс ялгаатай нь төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл дунд хугацааны төсөөлөл дээр тулгуурладаг бөгөөд нийт орлогоосоо зэс,молибдений үнийн болон эдийн засгийн мөчлөгийн орлогод нөлөөлөх нөлөөг хасаж тооцдог. Ингэснээр эдийн засаг өндөр өсөлттэй байх үед хадгалах, эдийн засаг уналттай байх үед зардлаа нэмэх механизм үүснэ.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ашиглаж эхлэхдээ Засгийн газар  нь ДНБ-ий 1%-тай тэнцэх хэмжээний хадгаламж үүсгэх зорилт тавьжээ. Хэдийгээр энэ нь хуулиар батлагдсан заалт биш байсан ч Чилийн Засгийн газар  зорилгодоо хүрч чадсан юм. Чилийн Сангийн яамны дүгнэж байгаагаар Төсвийн Тогтворжуулалтын сан нь эдийн засагт дараах нөлөөг үзүүлсэн байна.

-Мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх боломж олгосон;

-Эдийн засаг өндөр өсөлттэй байх үед хангалттай хадгаламж үүсгэж чадсан

-Зээлийн хүүний савалгааг бууруулсан;

-Чилийн ЗГ-ын нэр хүнд олон улсын тавцанд өсч, зээлжих зэрэглэл нэмэгдсэн;

-Эдийн засгийн гадаадын санхүүжилтээс хамаарах хамаарлыг багасгасан;

-Нийгмийн бодлогыг илүү  тогтвортой болгосон;

Энэхүү  “Эдийн засаг, нийгмийн сан”  нь 2009 оны байдлаар ДНБ-ий 18%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө хуримтлуулаад байсан ба төсвийн орлого нь 23.4%-иар буурсан 2009 оны их хямралын үед ЗГ зардлаа 15% өсгөж эдийн засагтаа дэмжлэг болж чаджээ.

Харин манай улсын хувьд гурван жилийн өмнө Төсвийн тогтвортой байдлын хуулиар ТТС-г бий болгосон боловч тэр нь уул уурхайн орлогыг тэнцвэржүүлж тооцохоор тусгасан хэдий ч уул уурхайн бус орлогыг тэнцвэржүүлээгүй байгаа нь учир дутагдалтай. Мөн уг хуулиар Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий 2%-тай тэнцэх хэмжээний алдагдалтай гарах боломжтой болгосон нь нэг талаасаа төсвийн алдагдлаа санхүүжүүлэхээр зээл авч нөгөө талаасаа ТТС-д хадгаламжаа нэмэгдүүлэх зөрчилтэй байдал үүсгэж ирснийг шинжээчид хэлж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top