“Масктай матар” цуврал: шинэ даргатай ”Эрдэнэт” үйлдвэр дахиад л далд байдлаар 10 тэрбумын татаас авах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Монгол Улсын эрчим хүчний салбар 2012 онд 66 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.Тэгвэл үүний 10.5 тэрбум нь  “Уулын баяжуулах Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гэдгийг Эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ганжуур хэлж байна. Тэрчлэн “Масктай матар” цуврал “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой эл асуудлыг хөндөж байгаа юм. Салбарын туршлагатай мэргэжилтний хэлж буйгаар “Уулын баяжуулах Эрдэнэт” үйлдвэр зэсээ Чили улстай адилхан дэлхийн зах зээлийн үнээр худалддаг. Харин үйлдвэрлэлд ашиглаж байгаа 1кВт цахилгааны үнэдээ 6-7 цент улсад төлдөг бол, Чилийн зэсийн үйлдвэр 1 кВт эрчим хүчийг 8 центээр худалдаж авдаг аж. Тэгэхээр яг адил үнээр зэсээ худалдаалдаг хоёр үйлдвэрийн эрчим хүчээ худалдаж авч байгаа үнэ нь 1-2 центийн зөрүүтэй байна.

“Эрдэнэт Үйлдвэр” 2012 онд  750 кВт цагийн цахилгаан эрчим хүч худалдаж авсан бөгөөд үүнийг 1 центээр үржүүлэхээр 10.5 тэрбум төгрөг гарч байгаа юм. Салбарын нөхдүүд бол үүнийг эрчим хүчний үйлдвэрүүд ГОК-д 10.5 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа хэрэг гэж үзэж байгаа бөгөөд энэ татаасыг хэн ч мэдэхгүй, далд байдлаар явагдаж ирсэн гэж буй юм. Түүнчлэн өнгөрөгч онд эрчим хүчний станцуудын хүлээсэн 66 тэрбумын алдагдлын 10.5 тэрбум  нь ГОК-ийн далд татаасанд явсан, мөн Бороо Гоулд, Алтандорнод Монгол, Чинхуа Мак гэхчлэн олон компани дээр ч энэ асуудал босч ирнэ гэдгийг хэлээд байгаа юм.

Ер нь бол эрчим хүчний үнийг аваад үзэхэд Сингапурт 1 кВт эрчим хүч 32 цент байдаг бол, Европын орнуудад дунджаар 24 цент байгаа аж. Ерөөс дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үний хамгийн доод хэмжээ 8 цент аж. Энэ нь нэг талаас манай тухайд мөнгөний урсгалыг  ихээр татаж байдаг уул уурхайн үйлдвэрлэл эрхлэж байгаа компаниудад эрчим хүч ашигласны зардалд харьцангуй өндөр хөнгөлөлтийг үзүүлж байгааг илтгэж байж болох юм. Түүнчлэн одоо 1 кВт эрчим хүчийг дэлхийн жишгээс 1-2 центээр доогуур үнээр авч байгаа Эрдэнэт зэрэг уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлийн хамгийн бага ханш болох 8 центээр эрчим хүчээ авдаг байхад л манай улсын эрчим хүчний салбарын нуруун дээр дараад байгаа алдагдлын хэмжээ ихээхэн буурах боломжтойг салбарынхан харж байна. Гэхдээ манай тухайд энэ асуудал улстөрчдийн эрх ашиг, үзэмжээр л шийдэгдэх магадлалтай.

51 хувийг нь Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг нь ОХУ-ын Засгийн газар эзэмшдэг, эдийн засгийн үр ашгийн хувьд өндөр, жилдээ 26 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай тус үйлдвэр өнгөрсөн жилүүдэд ихээхэн улстөржиж ирсэн. Ямартаа л Эрдэнэтийнхэн “Отгонбилэгийн үед онгирч, Дорлигжавын үед доргиж, Наранхүүгийн үед налайж, Ганзоригийн үед ганхаж явлаа” хэмээн улстөрийн томилгоо бүрийн өнгийг тодотгож байхав. Харин шинэ захирал Ц.Даваацэрэнгийн хувьд олон нийт ид харж байна. Түүнчлэн улсын ДНБ-ий 20 хувийг бүтээж ирсэн энэ компанид улсынхаа хамгийн чухал салбаруудын нэг болох эрчим хүчний салбарыг зовлонгоос гэтэлгэх боломж байгааг харж чадаж байгаа болов уу гэдгийг нь асуумаар байна. Нэг л ихийг хийж бүтээнэ гэсэн эрмэлзэлтэй байгаагаа яриад буй шинэ дарга  Ц.Даваацэрэн та энэ онд Эрдэнэт үйлдвэр дахиад л далд байдлаар 10 тэрбумын татаас авахыг дэмжиж байгаа эсэхээ шулуухан мэдэгдвэл сайн байгааг бас тодотгоё.

 “Эрдэнэт” үйлдвэр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 382 тэрбум төгрөгийн өртэй, 132 тэрбумын бараа материалын үлдэгдэлтэй байгаа юм билээ.  Өнгөрсөн сард болсон хоёр орны зөвлөлийн хурлаар өмнө батлагдсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг эргэж харах, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, компанийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, үйлдвэрийн насжилтыг уртасгах, нөөцийг өсгөх үүднээс геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна гэж үзсэнээс зарим ажлыг нь эхлээд байгаа талаараа шинэ дарга Ц.Даваацэрэн та ТӨХ-ны удирдлагад хэлсэн байна лээ. Бас

дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унах болсон нь эрсдэл дагуулж байгааг ч хэлсэн гэсэн. Нөхцөл байдлыг мэдээж ойлголгүй л яахав. Гэхдээ тэглээ гээд толгойгоо байнга илүүлнэ ч гэж юу байхав. Жишгээс гажиж удаан даврах чинь цаанаа уршиг ихтэй гэдгийг эрчим хүчний салбарын өнөөгийн өнгө төрхөөс харагдаад байна.

“Масктай матар” цуврал  “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой анхаарал татсан асуудлаар үргэлжилнэ.

Б.Итгэлт

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.42.34) 2013 оны 06 сарын 18

Эрчим хүчний үнэ тарифын тухайд зөв санал дэвшүүлжээ. тариф ялгавартай баймаар байгаа юм гэхдээ одооных шиг биш. Энд л шинэчлэл хийх хэрэгтэй байгаа юм даа

0  |  0
тайван(202.180.216.227) 2013 оны 06 сарын 18

Зөв зүйл бичжээ

0  |  0
Зочин (202.131.228.20) 2013 оны 06 сарын 18

Эрчим хүчний үнийн хувьд олон улсын хэмжээнд ажиллаж байгаа ижил түвшний үйлдвэрийн хэрэглэж байгаа цахилгааны үнийг жишээ болгон өгүүлж үүний зөрүү нь угтаа далд татаас болж байгаа юм гэсэн санааг гаргасан юм шиг байна. Оюу толгой л гэхэд Хятадаас цахилгаанаа бараг 135 төг/квт.ц үнээр авч байгаа гэдгийг л Эрдэнэт үйлдвэрийнхэн бодолцож үзэх ёстой байх.

0  |  0
mongol(202.179.7.6) 2013 оны 06 сарын 12

Amjilt husii.

0  |  0
Ajilchin(218.249.112.5) 2013 оны 06 сарын 11

27 nastai bysgyin yheld hen hariuclaga hyleesen bee

0  |  0
Top