Н.Золжаргал: Иргэдийн цалин нэмэгдээгүй ч худалдан авах чадвар шууд 30 хувиар нэмэгднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоог албан ёсоор нэвтрүүлэх болсноо өчигдөр зарласан. Ирэх даваа гарагаас буюу 17-ны өдрөөс эхлэн найман хувийн зээлд хамрагдах эхний иргэд 30 хувийн урьдчилгаа төлөх юм байна. Засгийн газраас урьдчилгаа төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журам гарсны дараа иргэд 30-аас доош хувийн урьдчилгаа төлөх боломжтой болох нь. Засгийн газрын журам батлагдсанаас хойш зээл авсан хэн нэг иргэн 10 хувийн урьдчилгаа төллөө гэхэд үлдсэн 20 хувийг нь төр тухайн банкинд төлөх юм байна.

Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд банкууд зээлэх гэж байгаа байрны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх урьдчилгаа мөнгийг авах аж. Засгийн газрын журам ирэх намар гарах байх гэсэн мэдээллийг төв банкны ерөнхийлөгч өгсөн. Тэгэхээр ирэх намар хүртэл найман хувинн зээлд хамрагдах хүмүүс 30 хувийн урьдчилгаа төлөхөөс аргагүйд  хүрч байна.

Төв банкнаас явуулж буй бодлогоор банкууд жилийн найман хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгосноор орон сууц худалдан авах нөхцөл нь бүрдэх юм. Гэхдээ иргэдийн дунд ямар шалгуурыг давж байж зээлд хамрагдах бол гэсэн хүлээлт байгаа. Тэгвэл Монголбанкны мэдэгдэж байгаагаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд өрхийн орлого нь сард ердөө сая төгрөг, урьдчилгаа 30 хувиа төлөх хэмжээний мөнгөтэй байхад л зээлийн шаардлагагыг хангах боломжтой юм байна

Арилжааны банкуудаас орон сууц зээлсэн иргэд өнөөдөр дунджаар 16 хувийн хүү төлж байгаа. Найман хувийн орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээр энэ хүмүүс өндөр хүү төлөх шаардлагагүй болж байна. Өөрөөр хэлбэл нэг дахин бага хүү буюу найман хувийн хүү төлөх юм. Арилжааны банкуудаас зээл авсан хүн бүр банкуудад дугаарлаж, ажил удахааргүй зохицуулалтыг Засгийн газраас хийх гэж байгаа аж. Эдгээр зээлүүдийг шууд найман хувь руу шилжүүлэх асуудал яригдаад эхэлжээ. Зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгаа гэдэг утгаар нь бага хэмжээний төлбөр төлж магадгүй байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 31 мянга гаруй иргэн дунджаар жилийн 15.1 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан гэсэн судалгааг Монголбанк гаргажээ. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид “Голомт” банкны үйл ажиллагаа чухам ямар төвшинд байна вэ гэдгийг тодруулаад амжсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч  Н.Золжаргал “Голомт банк хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төв банкнаас тавьж буй бүхий л шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилладаг. Ер нь бол дээр дурдсан ипотекийн зээлийн нийт 28 хувийг “Голомт” банк дангаараа олгосон байдаг. Тус банкныхан ипотекийн зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн байгаа” хэмээлээ.

 

Ипотекийн зээл худалдан авах чадварыг 30 хувиар нэмэгдүүлнэ

Орон сууцны шинэ хөтөлбөрийн талаар танилцуулсныхаа дараа Н.Золжаргал ерөнхийлөгч сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.  

-Орон сууцны нийлүүлэлтийг дэмжсэнээр үнийг тогтвортой байлгана гэж байгаа. Гэхдээ хэчнээн нийлүүлэлтийг нэмлээ гээд үнэ өсөхгүй байх баталгаа байна уу. Нэгэнт барилгын компаниудад дэмжлэг үзүүлж байгаа үед эргээд хариуцлага нэхэж болохгүй гэж үү?

-Зах зээл дээр нийлүүлэлт талыг нь дэмжээд  явж байгаа үед хамгийн их аюул хаана байдаг вэ гэхээр энэ хоёрынхоо балансыг алдах. Тэгэхээр бид нийлүүлэлт тал дээр л онцгой анхаарах ёстой. Нийлүүлэлт сайн байх юм бол үнэ тогтвортой байна. Түүнээс биш үнийг хатуу тогтоох нь хэзээ ч байгаа онодоггүй. Харин ч чанарыг унагадаг.

-Өндөр хүүтэй зээлийг найман хувь руу шилжүүлснээр иргэдийн худалдан авах чадварт хэрхэн нөлөөлөх вэ?

-Зээлийн хүүг ингэж бууруулснаар иргэдийн цалин нэмэгдээгүй ч худалдан авах чадвар шууд 30 хувиар нэмэгднэ гэсэн судалгаа бий.
 
-100 хувь баригдчихсан орон сууц цөөн харагдаад байгаа. Дулаан, цахилгааны асуудал бас бий. Тэгэхээр нийлүүлэлт хомсдох юм биш үү?

-Энэ том тогтолцоог эхлүүлэхэд та бүхний хэлж буй эрсдлүүд байна уу, үгүй юу гэдгийг бид шалгаж үзсэн. Засгийн газартай олон дахин уулзаж, ярилцаад байгаагийн гол шалтгаан нь тэр шүү дээ. Одоо бол энэ гайгүй, гацаагүй юм байна гэдэг итгэл үнэмшлээр л явж байна.

-Тэгэхээр энэ удаагийн хөтөлбөр яг найдвартай хэрэгжинэ гэж та хэлж чадах уу?

-Чадна. Чадахын төлөө л ажиллалаа.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
solo(180.149.78.26) 2013 оны 06 сарын 13

Bayarlalaa.saihan bainaa zeelee tuluud gar deeree zoosgui hooson ulddeg bailaa odoo ger buldee zartsuulah mungutei ulddeg bolohnee.ardchilaliin buyaniig ih hurtej bainaa.ger buleeree erunhiilugchuu demjinee.

0  |  0
Top