Манайхан энийг нэг уншчихад зүгээр байх. Энэ бол миний орчуулж буй нэгэн номын нэг л зүйл (параграф) юм. Тодорхой шалтгааны улмаас номын нэр болон зохиогчийн нэрийг одоогоор хэлэх боломжгүй. Хэрэв “олон юм” ярьж мэдэмхийрэхгүй бол нэмж нэг параграф гаргаж болох л юм. Уншигчид энэ блогт байгаа “Мөнгө булаах арга” I болон II-ыг дахин санана гэж найдаж байна. Ямар ч гэсэн би олон удаа боломжит бүх хэлбэрээр сануулж байсан. Ингээд намайг юу хэлэх гээд байгааг ойлгоно байх…
Сүүлийн хорин жилд бидний тархийг манартал угаасан болохоор хүн амын олонхи АНУ-ыг тогтвортой байдал, амжилтын үлгэр жишээ, ингэхээр америкийн юмыг онц гэж үздэг болсон.
Либерал эдийн засагчид америкийн төрийн сайн сайхан байдал нь бусад улсуудын муу муухай байдлаас шууд хамааралтай гэдгийг яагаад ч юм огт боддоггүй юм; энэ бол хаа нэгэн газар алдагдаж байвал хаа нэгэн газар нэмэгдэж байдаг ломоносовын эрчим хүч хадгалалагдах хуультай яг адил юм.
Долларынхаа ноёрхлоос салах нь тэдний хувьд төрийн дефольт хүртэл санхүүгийн хүч чадлаа бүрэн алдана гэсэн хэрэг юм. Америкийн бүхий л эдийн засаг зөвхөн гадааддаа биш, мөн дотооддоо пирамидын зарчмаар байгуулагдсан юм. Өнөөгийн хямрал үүнийг илт баталж байна.
Энэ хямрал яг юунаас эхэлсэн бэ ? Амархан ш дээ. Орлого нь зарлагаа нөхөж чадахаа больсноос эхэлсэн.
Дундаж америк хүн өрөөр амьдарч сурсан. Тэрээр зээлээр машин авна, ипотекээр байр авна, дээд сургуульд боловсролын зээлийн дансаар сурна. Энэ бүхнийгээ хэзээ, юугаар төлөхөө америк хүн бодохгүй байхыг хичээдэг: энэ бол маргаашийн асуудал, харин одоо бол өнөөдөр болж байгаа.
Ийм маягаар эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй нь ойлгомжтой, ялангуяа ипотекийн зээлийг авч буй орон сууцных нь өртгөөс хамаагүй илүү үнээр өгч буй харгалзах юм бол энэ нь бүр ч боломжгүй. Ипотекийн дундаж хэмжээ авч буй байрны зах зээлийн үнийн 120-130 % хүрдэг.
Удаан хугацаанд энэ нь бүхэнд ашигтай байсан юм. Америкийн үл хөдлөх хөрөнгө исч байгаа юм шиг өсөв. Хоёр жилийн өмнө барьсан байр (нөхцөлт байдлаар) 100.000 доллар байснаа дараа нь 150.000 доллар болдог байв. Банкнаас 100.000 доллар аваад түүгээрээ байр авч, дараа нь түүнийгээ 150.000 доллар болоход нь банкинд 130.000 долларыг нь буцааж төлдөг ипотекийн зээл банкинд ч таатай, шинэ байранд орсон хүнд ч таатай, ер нь сайхан болдог байсан тийм үе байсан юм.
Гэхдээ банкууд ашгийн хойноос хөөцөлдөхдөө аливаа болгоомжлолоо алдсан юм. Тэд өөрийн хөрөнгөөр хариуцаж чадах хөрөнгө чинээтэй иргэдээс гадна эргэлзээтэй буюу шууд орчуулбал “найдваргүй” гэгдэх “subprime” нарт бөөн бөөнөөр нь зээл олгож эхлэв.
Зээл авахын тулд зээлийн түүх ч, анхны төлбөрийн татвар ч шаардахгүй болж, нас хэвийсэн негр байсан ч хамаагүй зөвхөн зээл авах гэсэн хүсэлт л хэрэгтэй болов.
Энэ нь банкуудыг сүйд хийсэн юм. Орон сууцны үнэ хязгааргүй өсч чадахгүй болов. Эрт орой хэзээ боловч хэт ханасан зах зээл саарах ёстой байлаа. Яг энэ нь болмогц хүмүүс байр авахаа болив. Ингээд мэдээж хэрэг үнэ унаж эхлэв.
Банкууд алдагдлаас зайлхийхийн тулд ипотекийн зээлээр олгох хүүгээ, түүний дотор өмнө өгсөн хүүгээ өсгөж эхлэв. Ийм ачааг зээл авагчид даахгүй юм. Subprime зээлийн өртнүүдийн нийтийг хамарсан дефолт болж, энгийнээр хэлбэл хүмүүс дампуурснаа зарлаж, өрөө буцаан төлөхөөс татгалзах болов.
Тэдний хөрөнгийг хураасан боловч үнэ нь анхны зээлээсээ хамаагүй бага болсон байлаа. Ганц хоёр, тэр ч байтугай хэдэн зуун дампуурал бол яаж ийгээд аргалж болох байлаа. Гэтэл энэ тоо хэдэн зуун мянга болж, барьцаалагдагсад АНУ-ын банкны бүх системийг хамарсан байлаа. Учир нь АНУ-ын ипотекийн зах зээлийн хэмжээ аварга их хэмжээнд хүрч 2008 оны эхэн гэхэд нэгэнт 12 триллион (!) доллар хүрсэн байлаа.
Америк сандралд оров. Зээл олгож байсан банк, компаниуд ар араасаа хагарч эхлэв. Ипотекийн томоохон фонд “Фанни Мэй” (Fannie Mae), болон “Фредди Мак” (Freddie Mac) дампуурлын ирмэг дээр ирэв. (Эдгээрт ипотекийн зах зээлийн тэн хагас ногдож байсан.) Зөвхөн 2007 оны IY улиралд тэдний алдагдал 3 миллиард доллар давав. Гэхдээ энэ нь ердөө л цэцэг нь байв.
Эцэст нь энэ хоёр компанийг улсын болгов. Урьдчилсан үнэлгээгээр эдгээрийг тогтворжуулахад америкийн засаг захиргаа 25-100 миллиард доллар зарцуулахад хүрсэн байна. Америк өөрийнхөө бүхий л түүхэнд ийм зүйл ерөөсөө үзээгүй юм.
Дашрамд дурдахад “Фанни Мэй” болон “Фредди Мак”-ын удирдлага хямрал ид гаарч байхад сангийнхаа хэмжээг санаатайгаар ихэсгэж байсан нь тодорхой болсон юм, энэ нь ч гэсэн хямрал даамжрахад үүрэг гүйцэтгэсэн байна.
АНУ-ын Сангийн Яамны судалснаар эдгээр компаниуд нягтлан бодохын баримт бичгийг будлиантуулж, татвар төлөлтийг багасган мэдээлж, жилийн 10 сая хүртэл долларыг дарж, бодит байдлыг нууж, хүссэн юмаа бодит байдал мэт мэдээлдэг байсан нь тогтоогджээ.
Америк бизнес бол даган дуурайх зүйл мөн, далайн чанадад бол хулгай луйвар байхгүй, байж ч болохгүй гэж үнэн санаанаасаа итгэдэг хүмүүст бас нэг сургамж болно гэж бодож байна…
Америкийн түүх бол зүсэн зүйлийн зальтан луйварчидтай салшгүй холбоотой, ХХ зууны пирамидуудын хамгийн нэрд гарсан нь чухамхүү далайн чанадад гарсан байдаг юм.
Пирамидыг анх Италийн цагаач Чарльз Понци гэгч анх бодож олжээ. Тэр сайн эр ХХ зууны эхээр хожим өөрөө ярьснаар халаасандаа 2,5 доллартай, хүсэлдээ сая доллартай Америкт анх иржээ. Понци хот, суурингуудаар бараг 20 жил нүүдэллэж, хоол зөөгч, конторын хүн, сав угаагч хийж, хоёр ч удаа шоронд суугаад авч.
Торны цаана суух нь итали эрд таалагдсангүй, гэхдээ саяын тухай мөрөөдлөө орхисонгүй. Тэхэд Понци шуудангийн маркны үнийн ялгаанаас мөнгө олох агуу их санааг гэнэт олсон байна.
Тэр үед Дэлхийн шуудангийн 1906 оны конвенцоор дэлхийн аль ч цэгээс захидал илгээсэн хүн хариу захидлынхаа үнийг урьдчилан төлж болдог байж. Үүний тулд олон улсын купон худалдаж аваад захидалдаа хийж илгээнэ, захидлыг авсан хүн тэр купоныг нь шуудан дээр очиж шуудангийн маркаар сольж аваад хариу захиандаа нааж явуулдаг байж.
Асуудал юунд байсан гэхээр энэ конвенц гарсны дараа дэлхийн дайн дэгдэж, валютын ханш өөрчлөгдсөн байна. Харин энэ купон болохоор анх гарсан үнээрээ худалдаанд үлдэж, худалдан авсан газраасаа үл хамааран байсаар байсан аж.
Энэ бүхнийг Понци огт санамсаргүй олж мэджээ. 1919 онд тэр Испаниас купон хийсэн захидал хүлээн аваад шуудан дээр очоод түүнийгээ маркаар солиулах гэсэн чинь түүнд 6 центийн марк өгсөнд ихэд гайхжээ. Гэтэл Испанид бол тэр купон 1 центээс бага үнэтэй визави (валютад шилжүүлбэл) болох байлаа.
Тэнэг хүн биш учраас Понци эгшин зуур сэтгэж тэр дороо Бостон хотноо “Секьюрити Эксченж” нэртэй компани байгуулж, асар хурдан баяжих арга оллоо, мөнгөө авчирч өг, авчирсан доллар болгоныг 45 өдрийн дараа бүтэн хагас дахин өсгөхийг амлаж гэж эх орон нэгтнүүддээ уриалав.
Ингээд итали эр рүү доллар гол мөрөн шиг цутгах болов. Удалгүй компанийн долоо хоногийн орлого сая доллар давах болов. Купон нэг үнээр авч, өөр үнээр зарахыг тэр үед хэн ч сэтгээгүй, Понци шинэ хөрөнгө оруулагчдын мөнгөөр хуучин хөрөнгө оруулагчидтай тооцоо хийж байв. Тэр 8 сар ажиллахдаа 10 сая доллар хураажээ, 1920 оны зун гэхэд тэр алтыг таазаа тултал хураасан гэдэг.
Тэр үед чухам юу болсон нь жинхнээсээ тодорхойгүй. Нэг хувилбараар бол хэн нэгэн зээлдэг Понциг шүүхэд өгсөн гэдэг, ингээд манай “МММ”, Чара-банк шиг төлбөр төлөх нь удааширч сандрал үүсчээ. Өөр нэг хувилбараар хямралын шалтгаан нь “Бостон Пост” хэмээх орон нутгийн сонинд гарсан өгүүлэл, мөн хотын засаг захиргаа “Секьюрити Эксченж”-д албадан аудитын шалгалт хийх тухайгаа зарласан явдал гэж үздэг. Ямар ч гэсэн Понцигийн компани бүрэн дампуурсан гэдэг эргэлзээгүй дүгнэлт гарч байгаа юм.
Понци Чарльз (1882-1946)-ын тухай “New York Evening World” сонинд: “Понци хүн болгонд хурдан баяжих боломж олгож байна. Түүнд 50-иас 50 мянга хүртэл доллар зээлдүүлэгтэн. 180 өдрийн дараа тэр хоёр дахин илүүг Танд эргүүлж өгөх болно. Энэ бүх буянтай ажлыг хоёрхон өрөөтэй бяцхан оффист байгаа 12 ажилтан л хийж байна. Чарльз Понцигийн амжилтад зөвхөн Америкт л хүрч болох нь эргэлзээгүй” гэж бичиж байв. Пирамид нурахад Понци ч торны цаана суусан бөгөөд түүнийг огт өөр зүйлээр шагнасан болно.
Цаашаа таахад амархан юм. Хөрөнгө оруулагчид ном ёсоороо дампуурсан. (Энэ пирамидын нуралт орон нутгийн 5 банкыг хамт дарсан юм.) Понци шинэ ял авсан, гэхдээ суллагдах болгондоо шинэ пирамид босгохыг оролддог байв.
Нийлбэр дүнгээрээ түүнийг 5 удаа ялласан юм. Эцэстээ Понци Бразиль руу зайлж, тэнд 1949 онд ядуусын байранд нас барсан юм. ХХ зууны хамгийн алдарт луйварчин амьдралынхаа эцэст 75 доллартай байсан бөгөөд энэ нь түүнийг оршуулахад дөнгөн дангаж хүрэлцсэн гэдэг.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
Сэтгэгдэл ( 0 )