Ирэх 9 сарын 1-нээс эхлэн “Шилэн данс” тогтолцоог төрийн байгууллагуудад нэвтрүүлж эхлэх гэж байна. Ерөнхийлөгчийн гаргасан төрийн албыг ил тод байлгах, төсвийн ил тод байдлыг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн дагуу ийн нэвтрүүлэх гэж буй. Энэ талаар ТӨХ-ны орлогч дарга Ж.Төмөрбаатараас тодруулав.
Шилэн данс тогтолцоог хэрэгжүүлэх хамгийн гол бүтцийн байгууллагын хувьд үр дүнг нь яаж харж байна?
Товчхон хэлбэл, энэхүү тогтолцооны нэвтэрснээр авлигал, зүй бус үйлдэл, төсвийн буруу зарцуулалтыг ард түмэн хянах боломжтой болж, цаг тухай бүртнь арга хэмжээ авна гэсэн үг. 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлээд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төсвийн орлого, зарлага болон тайлангийн бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй болох юм.Өнөөгийн хуулийн дагуу улсын төсөв арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлагддаг, төсөв захирагчнь дараа жилийн нэгдүгээр улиралд багтаж тайлан гаргадаг, үүнийгнь Үндэсний аудитын газар хянаад ирэх жилийн төсвийг баталж байх үед танилцуулдаг байлаа. Энэ нь яг тухайн цаг үед нь төсвийн зарцуулалтыг иргэд хянах ямар ч боломжгүй нөхцөл байдал байлаа. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс тухайн байгууллагын дансны бүх гүйлгээ олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болно гэсэн үг.
Төрийн өмчийн аж ахуй нэгжүүдтэй холбоотой шахааны бизнесийн хэл ам багагүй байдаг. Энэ талаар та бүхэн өөрсдөө ч мэдээлж л байсан. Нэгэнт шилэн данстай болчихвол бүх гүйлгээ ил тод болж хэн нэгэн даргын компани тендерт ялж эсвэл өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн шахах явдал багасахнээ?
Тэгэлгүй яахав. Төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болно. Үр ашиггүй зардал, тендерийн маргаан, шахааны бизнес зэрэг сөрөг үр дагаваруудаас зайлсхийх чухал алхам гэж бид үзэж байгаа . Энэ тогтолцоо томоохон шинэтгэлийг авчрахаас гадна зөвхөн тендер бараа бүтээгдэхүүн худалдан авах ч биш төрийн , ард түмний мөнгийг тухайн байгууллага хэрхэн юунд зарцуулж байгааг хянаж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх боломж бүрдэж байгаа. Энэ тогтолцоонд шилжихэд мэдээж тодорхой хугацаа шаардагдах байх.ТӨХ-ны хувьд байгууллагуудынхаа санхүүгийн тайланг ил тод болгох үйл ажиллагааг эртнээс эхэлсэн байсан . Үүнийгээ дээрх зарлигийг хэрэгжүүлэх засгийн газрын тогтоол гарсны дагуу ажил хэрэг болгох тал дээр шуурхайлан ажиллах болно. Нөгөө талаас Компанийн засаглалаар үр дүнтэй зөв менежмэнттэй ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулах үүрэг хүлээсэн хамт олно хувьд одоогийн хувьцаа эзэмшигч , ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд нэг ижил түвшинд бие биедээ хяналт тавиж чаддагүй энэ тогтолцоог өөрчилж хамгийн түрүүнд хувьцаа эзэмшигчдийн хяналтыг бүрдүүлэхэд Шилэн данс том түлхэц болно гэж бид харж байгаа.
Өмнө нь яагаад энэ бүхнийг хийж болоогүйн болоо. Хэрэв ийм тогтолцоо байсан бол МИАТ-ийн дайны эрсдэлийн сан гэхчлэн хэргүүд гарахгүй байх нөхцөл байх байсан юм бишүү?
Харин ийм ноцтой үйл ажиллагаанууд явагдаад улсыг хохироогоод байгаа учраас энэ бүхнээс үүдээд дээрх санаачлага гарсан гэж ойлгож байгаа. Энэ бүхнээс хамтдаа сэргийлж хяналтаа хамтдаа тавиад явах нь иргэд төрийн бус байгууллага та бидний үүрэг болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )