МИАТ-ийн онгоцны нэг тонн шатахууны үнэ 237 ам.доллараар хямдарсан нь тусдаа бие даасан гурван эх үүсвэр бүрдүүлсний үр дүн гэж эрхмүүд хэлж байна. Олон жилийн турш шатахуунд өндөр зардал төлж алдагдалд ордог байсан МИАТ компани нь одооноос эхлэн өндөр зардал гаргадаг байсан зарим үйлчилгээнээс татгалзаж байгаа гэх гэгээтэй зүйлийг ярьж байна.
Ер нь бол МИАТ компанийн агаарын хөлгүүдийг сумлаж ирсэн шатахуунаар хэсэг бүлэг хүмүүс бизнес хийж ирсэн байдаг. Тус компанийн агаарын хөлгийн шатахууныг импортлох, хадгалах, түгээх худалдах, агаарын хөлгийн далавчинд сумлах ажиллагааг А-Жет, Сод Монгол гэх мэт цөөхөн хэдхэн компани монополь байдлаар хангаж ирсэн. Хэдийгээр агаарын хөлгийн шатахууны үнийг буулгах талаар тодорхой арга хэмжээг авах шаардлага тулгараад байгаа талаар өнгөрсөн хугацаанд яригдаж ирсэн ч, манайд төдийлөн үр дүнд хүрч байгаагүй.
МИАТ-ийн 1990-2003 он хүртэл шатахууны нийлүүлэлтийн байдлыг авч үзвэл экспортын борлуулалтыг ОХУ-ын Сибнефть, Юкос компаниуд, импортын нийлүүлэлт, Улаанбаатарт буулгах, хадгалах, Буянт-Ухаад тээвэрлэх ажиллагааг манай улсын НИК, Петровис, Шунхлай, Магнай трэйд компаниуд, Буянт-Ухаад шатахуун хадгалалт, агаарын хөлөгт сумлах ажиллагааг МИАТ, ИНЕГ -ын газрын үйлчилгээ, шатахууны байгууллагууд гүйцэтгэж байжээ. Ер нь бол энэ үеэс төрөөс шатахууны бодлого зохицуулалт хийх ажиллагаа алдагдаж ирсэн гэж хэлэх эрхмүүд бий.2003 онд Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын шатахуун хангалтын үйл ажиллагааг онцгой эрхийн гэрээгээр хувийн хэвшлийн А-Жет компанид шилжүүлснээр хөрөнгө оруулалт, Буянт-Ухаа дахь шатахуун хадгалах байгууламжийн хүчин чадлын давуу эрхийг эзэмшиж байгааг ашиглан монополь байдал тогтоон шатахууны үнийг хэт хөөрөгдөн өсгөсөн байдаг.
Улмаар дотооддоо үр ашиггүй хөрөнгийн өрсөлдөөн үүсч нефтийг импортолж байгаа давуу эрхээ ашиглан Сод Монгол компани Буянт-Ухаад өөрийн шатахуун хадгалах, түгээх байгууламжийг буй болгосон нь шатахууны үнийг бууруулах бус монополийн өрсөлдөөн үүссэн нь агаарын тээвэрлэгчид болон гол шатахуун хэрэглэгч МИАТ ХК-ийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж иржээ. Агаарын тээврийн МИАТ ХК шатахууны өртгийг буруулах боломжуудыг ашиглаагүй түүгээр ч барахгүй шатахуун импортлогч компаниудтай үгсэн тохиролцох байдал ч зарим тохиолдолд гарч иржээ.
1990 оноос хойш өнөөг хүртэл агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааны нийт зардлын 23-38 хувийг шатахууны зардал эзэлж байсан ба энэ хугацаанд шатахууны үнэ тонн тутамд 422 – 1800 ам. доллар болж өсжээ. Арваннэгэн онд Чингис хаан нисэх буудалд агаарын хөлгийн далавчинд сумлах шатахууны үнэ тонн нь 1530 ам.доллар байсан. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт байлаа.
Олон улсын байгууллага ИКАО-ын мэдээллээр өмнөх арван жилд тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааны нийт зардлын 12-14 хувийг шатахууны зардал эзэлж байхад МИАТ-ийн үйл ажиллагааны нийт зардлын 23 хувийг эзэлж байсан бол одоо МИАТ компани болон дотоодын агаарын тээврийн компаниудын нийт зардлын 30-35 хувийг шатахууны зардал эзэлж байна.
Дашрамд өгүүлэхэд, манай хойд хөрш ОХУ агаарын хөлгийн шатахууны үнийг буулгах талаар дотооддоо Иргэний нисэхийн байгууллага ФАС болон бусад байгууллагууд нь шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ирсэн байдаг. Гэтэл манай ИНЕГ, ТӨХ гэхчлэн үүрэг хүлээх учиртай газрууд дүлий дүмбэ царайлсан байдалд асуудалд хандаж ирсэн гэхэд хатуудсан болохгүй. Ер нь бол МИАТ-ийн шатахуун нийлүүлэлтийн асуудал дээр төрийн зүгээс хяналт тавих ёстой гэдгийг өнгөрсөн жилүүд харуулсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Gansukh said maani Mongolian airlines kompanid MIAT-iin UB-Hongkong-UB chigleliin nislegiig avch ogohoo amlasan yum baina. Ene chigleliin nislegiig MIAT-iinhan ooriin hls hucheer bii bolgoj ovoo gaigui zorchigch ursgaltai bolj eheltel said maani nogoo Ch.Khorolsurengiin baiguulsan kompanid ogohoor shiidveriig garguulahaar INEG bolon MIAT-iinhniig daramtalj eheljee. Geh metchilen arai mongo lj magadgui chigleluudiig huviin kompanid shiljuuleed baival shineer avsan ongotsniihoo uniig yaj toloh ve? Ongotsniihoo uniig tolj chadaagui tohioldold ongots golomt banknii omch bolno gesen gereeg Gansukh said hiilgesen yum bna.